Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 331

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

хохирогч Б.Г-,

шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж.Б, Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, ________мэргэжилтэй, “__________” ХХК-нд ._________ ажилтай,  ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн _______хороо, ____________ дүгээр гудамжны ________ тоотод оршин суух бүртгэлтэй, мөн дүүргийн _________ дугаар хороо, ______ дугаар гудамжны ________тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:000000000000).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ж.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн _____дугаар хороо, ________ дүгээр гудамжинд иргэн Б.Г-ийг зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Шүүгдэгч Ж.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

2.Хохирогч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүргэн ах Н-гийн төрсөн өдөр болно гээд эхнэр А- нь намайг ирээд хоол хийгээд өгөөч гэж утсаар ярьж гэртээ дуудсан. Би хүргэн ах Н-гийн гэрт 17 цаг өнгөрч байхад очиход Ж.Б-, хүргэн ах, түүний эхнэр А- нарын хэдэн хүмүүстэй архидаж байсан. Тухайн өдөр намайг архинд хэд, хэдэн удаа явуулсан. Дараа нь дахин шөнийн 00 цаг болсон байхад архинд явуулсан. Тэгсэн дэлгүүр хаалттай байхаар нь дэлгүүр хаалттай байна гээд эргээд ороод ирсэн чинь хүргэн ах Н- “чи Б-тай хамт яваад архи аваад ир, Б- дэлгүүр мэднэ” гэсэн. Би Б-тай хамт ____.. дүгээр гудамжны өнцөг эргээд архинд явж байхад Б- гэнэт миний бөөр рүү өшиглөж намайг газар унагаасан. Би яаж байгаа юм бэ гэсэн чинь уучлаарай гээд намайг босгосон. Тэгээд “би буцлаа” гэж хэлсэн чинь Б- “за дэлгүүр тэр харагдаж байна архиа аваад хамт буцъя” гэхээр хамт цааш явж байтал дахин гудамжны булан эргээд Б- намайг заамдаж аваад “гичий чинь ганц шаалгачихгүй ямар сүртэй юм бэ” гэхээр нь би “хүн байна уу” гээд орилсон. Тэгэхэд И- ах ирээд “намайг харанхуй шөнө юу хийж явж байгаа юм бэ” гээд хүргэн ахын гэрт хүргэж өгсөн. Тэр шөнөдөө цагдаад дуудлага өгсөн. Эмчилгээнд метрогелл гэсэн тариа 5 ширхэгийг хийлгэсэн. Мөн эм авч уусан. Эдгээр нь нийт 78,000 төгрөг болсон. Б- хохирлын төлбөрт эгч Г-ийн данс руу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дамжуулж 50,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 50,000 төгрөг тус тус шилжүүлснийг авсан. Өөр мөнгө аваагүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 000000000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Б.Г-ийн хэрэг бүртгэлтэнд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай хүргэн ах Е-гийн төрсөн ах Н- ахын эхнэр А- нь миний гар утас руу залгаад маргааш 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Н- ахын чинь төрсөн өдөр болж байгаа юм аа маргааш гэрт хүрч ирээд хоол унд хийлцээд өгөөч гэж гуйсан. Маргааш нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчим гэрт нь яваад очсон чинь хүмүүс цуглачихсан манай төрсөн эгч Г-, нөхөр Е-, Б-, О эгч зэрэг бусдыг нь танихгүй хүмүүс архи уугаад сууж байсан. Би гэрт нь явж ороод хоол ундыг нь хийж өгөөд, намайг дэлгүүрээс архи аваад ирээч гэж гуйгаад архи авч ирж өгсөн юм. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад намайг яваад архи аваад ир гээд явуулахаар нь урьд нь архи авсан “Т” дэлгүүр хаачихсан буцаад гэрт нь яваад орсон чинь Б-тай хамт дэлгүүр ороод ир Б- дэлгүүр мэдэж байгаа гэхээр нь Б- гэх залуугийн хамт  явахаар болоод хамт гэрээс нь гарсан чинь Х- __ дүгээр гудамжаар яваад нэг гэрэл заагаад тэр дэлгүүр гэж хэлээд явж байгаад нилээн алхаж байгаад  нэг гудамжны булан тойроод явж байгаад намайг татаж газар унагаагаад зүүн бөөр орчим газар өшиглөөд авахаар нь яаж байна аа гэсэн чинь өө уучлаарай гэхээр нь би буцаад дагаад явж байсан чинь дахиад нэг гудамж тойроод намайг заамдаж авахаар нь хүн байна уу туслаарай гэж орилсон чинь “чи яасан сүртэй амьтан бэ нэг шаалгуулчихгүй” гээд байсан. Миний биед дахин хүрээгүй зогсож байсан чинь цаанаас И- гэх намайг таньдаг би ба зүс харж байсан ах хүрч ирээд шөнө болсон хойно юу хийж явж байгаа юм бэ Б-аа чи яаж байгаа юм бэ гээд намайг дагуулаад Н- ахын гэрт хүргэсэн. Болсон явдлын талаар хэлсэн чинь Н- ах цагдаад дуудлага өгөөд цагдаа нартай хамт Б-ын гэрт нь очсон чинь гэртээ байгаагүй. И-ийг ирэхэд нь Б- шөнө байсан, хашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон юм. Би Б- гэх залууг урьд нь танихгүй тэр өдөр л харсан. Ямар нэгэн маргалдах шалтгаан байгаагүй. Миний зүүн бөөр орчим хөхөрчихсөн байсан. Одоо эдгэрээд хэвийн болчихсон. Өөр  гэмтэл байгаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Б- гэх залуу миний эмчилгээний зардалд бэлэн мөнгө 50,000 төгрөг өгсөн одоо цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [1]

 

2.Гэрч Б.И-ийн хэрэг бүртгэлтэнд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зүс таних найз Н-гийн төрсөн өдөр нь болсон. Би өдөр нь аяга таваг тогоо гэрээсээ аваад хүргэж өгсөн. Гэрт нь жаахан сууж байгаад гарч яваад орой эхнэр хүүхэддээ хоол хийж тавьчихаад байж байхад манай эхнэр И.Г- нь З-ны эцсийн буудал дээр гараад ирээч би хоол хүнсний зүйл авчихсан явж байна гэхээр нь гарч тосох гээд Сонгинохайрхан дүүргийн Хайрхан __ дүгээр гудамж руу өгсөөд явж байсан чинь гудамжинд хоёр хүн зогсож байхаар нь яваад очсон чинь миний танил Б- зогсож байсан. Юу хийж байгаа юм бэ гэж асуусан чинь хамт явж байгаа эмэгтэй нь “ахаа энд дэлгүүр байдаг юм уу” гэж асуухаар нь “энд байхгүй, дээшээ өгсөөд гудамжаар нэвт гараад байгаа” гэж хэлсэн чинь “ахаа энэ залуу намайг худлаа ярьж дагуулж яваад байна, намайг Н- ахын гэрт нь хүргээд өгөөч” гэхээр нь би дагуулаад Н-гийн гэрт нь ирсэн чинь тухайн эмэгтэй нь нуруугаа харуулсан чинь бөөр орчим газар нь цус гараад хөх болчихсон байна гэж ярьж байсан. Тухайн эмэгтэй надтай хамт явж байхдаа Б- намайг зодсон цохисон гэж юм яриагүй. Гэхдээ Н-гийн гэрт орж ирээд тухайн эмэгтэй өөрийгөө зодуулсан гэж нуруугаахаруулаад байсан юм. ...” гэх мэдүүлэг [2],

 

3.Ж.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би гэрийн ойролцоо төв зам дагуу алхаад явж байсан. Би тухайн үедээ бага зэрэг архи уучихсан байсан юм. Тэгэхэд миний танил ах болон Н- ах таараад миний төрсөн өдөр болж байгаа чи манай гэрт оч, хамт явъя гэхээр нь би дагаад гэрт нь орохдоо 0,75 хэмжээтэй Монгол стандарт архи аваад орсон. Н- ахын эхнэр, зүс танил И- болон бусад хүмүүс төрсөн өдөрт ирчихсэн сууж байсан. Тэгээд бид нар баяр тэмдэглээд хамт архи уугаад суусан. Би анх орж ирэхдээ бага зэрэг архи уучихсан сотуу байсан. Тэгээд уугаад сууж байсан чинь намайг нэг танихгүй эмэгтэй хүнтэй хамт архинд яваад ир гэж Н- ахын эхнэр З- эгч надад хэлсэн. Би тэр эмэгтэйн хамт гарч яваад дэлгүүр хайгаад явж байгаад олохгүй байхаар нь уур хүрээд тэр эмэгтэйг газар унагааж байгаад нэг удаа цохичихсон юм. Тэгээд зогсож байсан чинь И- ах эхнэрээ тосох гээд явж байгаад надтай таарсан. Надтай хамт явж байсан эмэгтэйг дагуулаад явсан байх, би гэртээ ирээд унтсан. Тухайн үед нилээн их хэмжээгээр архи уучихсан байсан учир болсон явдлыг сайн санахгүй байна. Би Б.Г- гэх эмэгтэйг танихгүй, урьд нь харж байгаагүй. Одоо Б.Г- гэх эмэгтэйтэй хэвийн харьцаатай байгаа, болсон явдлын талаар уучлалт гуйсан. Би урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан удаа байхгүй. Зүс таних Б.Г-ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Г- нь надаас ямар нэгэн зүйл нэхэмжилсэн зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 100,000 төгрөг төлсөн. ...” гэх мэдүүлэг [3]

 

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3412 тоот  дүгнэлтийн:

 “...Хэсэг газрын үзлэгт: Бүсэлхий зүүн хажуу талд 9,5х13см хөх ягаан цус хуралттай тэмтрэхэд эмзэглэлтэй.

Дүгнэлт

1.Б.Г-ийн биед бүсэлхийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ
гэмтэл байна.

4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар
эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. /шинжээч Ц.Нандинцэцэг/...” гэсэн дүгнэлт [4],

 

5.Шүүгдэгч Ж.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [5], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [6], “_____” банкинд эзэмшидэг дансны хуулга [7], “_____” ХХК-нд _______ ажил эрхэлдэг тухай тодорхойлолт [8], Сонгинохайрхан дүүргийн _________хорооны засаг даргын Ж.Б- нь тус хороонд ам бүл 2 оршин суудаг тухай тодорхойлолт [9], хохирогч Б.Г-ийн хүсэлт [10], яллагдагч Ж.Б-ын хүсэлт [11] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.    

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул нотлох баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Ж.Б- нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байх ба прокурор түүний хүсэлтийг хүлээн авч 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 30 дугаартай тогтоол гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн санал буюу 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж, шүүхэд эрүүгийн хэргийг шилжүүлсэн байна.

Ж.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналыг, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, саналын хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Б-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж.Б- нь  гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ж.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр согтуурсан үедээ  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Х- __ дүгээр гудамжинд архинд хамт явж байсан иргэн Б.Г-ийг “чи яасан сүртэй амьтан бэ нэг шаалгуулчихгүй” гэж газар унагааж, зүүн бөөр орчим газар өшиглөж зодон биед бүсэлхийд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Б.Г-ийн хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 06-ны ...00 цаг өнгөрч байхад хүргэн ах намайг яваад архи аваад ир гээд ....Б-тай хамт дэлгүүр ороод ир, Б- дэлгүүр мэдэж байгаа гэсэн. Б- гэх залуугийн хамт  гэрээс нь гараад Х- __ дүгээр гудамжаар яваад ...нилээн алхаж байгаад  нэг гудамжны булан тойроод явж байгаад Б- намайг татаж газар унагаагаад зүүн бөөр орчим газар өшиглөөд авсан. ...дахиад нэг гудамж тойроод намайг заамдаж авахаар нь хүн байна уу туслаарай гэж орилсон чинь “чи яасан сүртэй амьтан бэ нэг шаалгуулчихгүй” гээд байсан.  ...” гэх мэдүүлэг [12],

-Гэрч Б.И-өөс хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн “...Би 2018 оны 03 дугаар сарын 07-нд ...эхнэр И.Г- нь З-ны эцсийн буудал дээр гараад ирээч ...гэхээр нь гарч тосох гээд Сонгинохайрхан дүүргийн Хайрхан __ дүгээр гудамж руу өгсөөд явж байсан чинь гудамжинд хоёр хүн зогсож байхаар нь яваад очсон чинь миний танил Б- нь зогсож байсан. ...хамт явж байгаа эмэгтэй нь ...ахаа энэ залуу намайг худлаа ярьж дагуулж яваад байна намайг Н- ахын гэрт нь хүргээд өгөөч гэхээр нь би дагуулаад гэрт нь ирсэн.  ...Н-гийн гэрт нь орж ирээд тухайн эмэгтэй өөрийгөө зодуулсан гэж нуруугаа гаргаж харуулаад байсан. ...” гэх мэдүүлэг [13]

-Ж.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр танил ах болон Н- ах таараад миний төрсөн өдөр болж байгаа чи манай гэрт оч хамт явъя гэхээр нь би дагаад гэрт нь орохдоо 0,75 хэмжээтэй Монгол стандарт архи аваад орсон. ...бид нар баяр тэмдэглээд хамт архи уугаад суусан.  ...Тэгээд уугаад сууж байсан чинь намайг нэг танихгүй эмэгтэй хүнтэй хамт архинд яваад ир гэж Н- ахын эхнэр З- эгч надад хэлсэн. ...тэр эмэгтэйн хамт гарч яваад дэлгүүр хайгаад явж байгаад олохгүй байхаар нь уур хүрээд тэр эмэгтэй газар унагааж байгаад нэг удаа цохичихсон. ...” гэх мэдүүлэг [14],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3412 тоот дүгнэлт [15] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ж.Б- нь  согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Хохирогч Б.Г- нь шүүх хуралдаанд эмчилгээний зардалд 78,000 төгрөгийг зарцуулсан гэж мэдүүлсэн ба холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Б- нь хохирлын нөхөн төлбөрт 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 50,000 төгрөг, нийт 100.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг [16],  Хаан банкны орлогын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож буй шүүгдэгч Ж.Б- нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг зөвшөөрч, мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ж.Б-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Ж.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй зэргийг, мөн хуульд зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч Ж.Б-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Ж.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг, Ж.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б-т торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулын ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

 

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Г-т төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш __ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 


[1] хавтаст хэргийн 14-17 дугаар тал.

[2] хавтаст хэргийн 21-23 дугаар тал.

[3] хавтаст хэргийн 52-54 дүгээр тал.

[4] хавтаст хэргийн 25 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[7] хавтаст хэргийн 61 дүгээр тал.

[8] хавтаст хэргийн 62 дугаар тал.

[9] хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[10] хавтаст хэргийн 58 дугаар тал.

[11] хавтаст хэргийн 59 дүгээр тал.

[12] хавтаст хэргийн 14-17 дугаар тал.

[13] хавтаст хэргийн 21-23 дугаар тал.

[14] хавтаст хэргийн 52-54 дүгээр тал.

[15] хавтаст хэргийн 25 дугаар тал.

[16] хавтаст хэргийн 14-17, 58 дугаар тал.