Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1079

 

 

***т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Д.Ууганцэцэг,

яллагдагч ***ын өмгөөлөгч Т.Мөнхбадрах,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/1852 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай эсэргүүцэлд үндэслэн ***т холбогдох эрүүгийн 2408017600992 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

*** овгийн ***ын ***, *** оны ***дүгээр сарын ***-ний өдөр ***хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, хувиараа авто засвар ажиллуулдаг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дугаар байр *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, /РД:***/,

С.*** нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамжны *** тоотод иргэн ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар руу нь чулуу шидсэний улмаас унаж эрүүл мэндэд нь “баруун атгаал ясны дотор булуу зөрүүгүй далд хугарал, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долоодугаар бүлэгт заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Гэтэл мөрдөгчөөс прокурорын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг яллагдагч ***т 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр танилцуулж, улмаар тус өдрийн 16 цаг 35 минутад мэдүүлэг авахад тэрээр “...Прокурорын тогтоолтой санал нийлэхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулж байж мэдүүлэг өгье...” хэмээн мэдүүлжээ. Яллагдагчийн зүгээс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухайгаа илэрхийлсэн байхад мөрдөгчөөс түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангалгүй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “шүүхэд шилжүүлэх санал” гаргаж прокурорын хяналтад хүргүүлсэн, прокуророос 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “797” дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн үйл баримт бий болжээ. Яллагдагчийн өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул дараах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд: 1. ***аас яллагдагчаар мэдүүлэг авахдаа түүний сонгосон өмгөөлөгчийг оролцуулах, 2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5802 дугаартай дүгнэлтийн “Дүгнэлт” хэсэгт хохирогчийн нэрийг *** гэж зөрүүтэй бичсэн тул шинжээчээс мэдүүлэг авч энэ байдлыг залруулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэх үндэслэлээр яллагдагч ***т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд яллагдагч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон бөгөөд хэрэг бүртгэлтийн явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, мөрдөгч 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр танилцуулж, мэдүүлэг авахад “...Прокурорын тогтоолтой санал нийлэхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулж байж мэдүүлэг өгье...” гэж мэдүүлсэн тул өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангасан боловч яллагдагч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын хугацаанд өмгөөлөгчөө сонгоогүй тул мөрдөгчөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гарган, прокурорт ирүүлснийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 797 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллах дүгнэлтийн хувийг гардуулан өгч, хэргийг шүүхэд шилжүүлсэн болно. Яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн гэрээ байгуулсан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авах байдлаар эрхийг нь хангах буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Яллагдагч ***ын өмгөөлөгч Т.Мөнхбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...***ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нар өмгөөлөгчөөр хангаж өгөх үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадаагүй гэх асуудал байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт дээр нотлох баримтыг *** гэх нэрийг Оюунчимэг болгож бичсэн ноцтой алдаа гаргасан. Хэргийг буцаах үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ***т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж тус тус хуульчилсан.

***т 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2408017600992 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр танилцуулж, улмаар тус өдрийн 16 цаг 35 минутад яллагдагчаар мэдүүлэг авахад “...Прокурорын тогтоолтой санал нийлэхгүй байна, хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулж байж мэдүүлэг өгье...” гэж мэдүүлсэн /хх 63-64/ байх бөгөөд хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн байхад түүний мэдүүлэг өгөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаагүй байна.

Яллагдагчийн эрхийг зөрчсөн дээрх зөрчлийг прокурорын эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан “…яллагдагч С.*** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын хугацаанд өмгөөлөгч сонгоогүй тул мөрдөгчөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гаргасан, ...яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн гэрээ байгуулсан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авах байдлаар эрхийг нь хангах буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа. …” гэсэн дүгнэлтээр зөвтгөх боломжгүй.

Учир нь, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд хэргийн оролцогчийн эрхийг хангаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж дүгнэх, шат шатандаа эрх зүйн зохицуулалтыг тэгш, шударгаар хэрэгжүүлэхээр зааснаас бус нэг нь нөгөөгөө нөхөхөөр заагдаагүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмаар тодорхойлогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үе шат бүрээр нь тодорхойлж, яллагдагчийн эрхийг хангах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “…өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх…” гэсэн Монгол Улсын иргэний үндсэн эрхтэй нь шууд холбоотой.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг С.***т 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр танилцуулж, яллагдагч хэргийн үйл баримтын талаар өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсэн байхад уг ажиллагааг хийхгүйгээр маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэргийн материал танилцуулж, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан /хх 60, 64, 67, 69 тал/ ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан, яллагдагчийн эрхийг мөрдөн шалгах ажиллагаанд хангасан гэж үзэхгүй. 

Түүнчлэн, хэрэгт *** гэх хүнийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах ажиллагаа явагдсан байх боловч Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5802 дугаартай дүгнэлтийн “дүгнэлт” хэсэгт ***ийн биед баруун атгаал ясны дотор булуу зөрүүгүй далд хугарал духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон /хх 27 тал/ гэсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Э.Эрхэмбаяраас мэдүүлэг авахад мөн *** гэх хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаар мэдүүлсэн /хх 33 тал/ байгаа нь мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцэхгүй байна.  

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/1852 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/1852 дугаар “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА