Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2026/0372

 

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2026/0372

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: К.С*******

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга, Хүний нөөцийн хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/320 К.С*******ыг гаалийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 дугаар татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, Ө.Т*******.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуул.

Танхимын дугаар: 5

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

    1. Нэхэмжлэгч К.С*******аас шүүхэд анх бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие төрийн албанд 2008 онд орсон бөгөөд төрийн албанд нийт 17 жил ажилласан. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт 2020 онд мэргэжлийн хяналтын газраас Засгийн газрын тогтоолоор шилжиж ирсэн. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ өгч Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Б/226 К.С*******д хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалын дагуу 1 жилийн хугацаатай чөлөө авсан юм. Хүүхэд маань хүнд өвчтэй, гадаадад байнгын эмчилгээнд байлгасан буюу байнгын асаргаа шаарддаг, эхнэр маань ганцаараа энэ ажлыг дийлэхгүй учир хүүхэд асрах чөлөө маань дуусахаас өмнө энэ бүх нөхцөл байдлаа тайлбарлаж дахин хүсэлт гаргасан. Үүний дагуу амаар сунгагдсан гэж мэдэгдсэн.
    2. Гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гадаадаас ажилдаа буцаад ирэхэд Гаалийн Ерөнхий Газрын Даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар Б/320 тоот К.С*******ыг гаалийн албанаас халах тухай тушаалыг гардуулсан буюу тэр өдөр ажлаас халагдсанаа мэдсэн. Мөн өмнө дахин хүүхэд асрах чөлөө авахаар гаргасан хүсэлтийг маань хэлэлцээгүйг олж мэдсэн. Маргаан бүхий захиргааны актаар намайг Хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан хэдий ч ажилдаа эргэж оролгүй ажлын 60 хоног тасалсан гэсэн байна. Гэтэл бодит байдал дээр дээр дурдсанчлан гадаадад хүүхдээ эмчлүүлж, хүүхдээ асарч байсан, энэ тухай бүх баримтаа гаргаж, хүсэлтээ өгсөн байхад авч хэлэлцээгүй, энэ тухай надад огт мэдэгдээгүй байна.
    3. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 тоот албан бичгээр танай эхнэр 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүүхэд асрах чөлөө авчээ, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу торгууль ногдуулсан учир чөлөө олгох боломжгүй гэдэг хариуг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр халагдсан тушаалаа авахад хамт авч мэдсэн. Хүүхэд асрах чөлөө олгохоос татгалзсан үндэслэл нь илт үндэслэл муутай байна.
    4. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу торгууль ногдуулсан нь надад хамаарал бүхий зүйл биш болно. Хуулийн тус хэсэгт Нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтлөөгүй, тайланг буруу гаргасан хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно тухай зохицуулжээ.
    5. Энэ нь ажил олгогчийн үүрэг буюу нягтлан бодох бүртгэлийг буруу, зөв хөтлөх нь миний үүрэг биш, үүнээс болж торгуулах нь чөлөө олгох, олгохгүйтэй огт хамааралгүй асуудал. Мөн эхнэр, нөхрийн аль нэг нь чөлөө авах ёстой мэт зохицуулалт хуульд огт байхгүй. Төрийн албаны тухай хуульд хүүхэд асрах чөлөө-ний тухай зохицуулаагүй учир Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэх бөгөөд мөн хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсэгт Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална: жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй гэж тус тус заасны дагуу Хүүхэд асрах чөлөөтэй тохиолдолд миний ажлын байр хэвээр хадгалагдах ёстой бөгөөд дахин хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргасан бол сунгагдах тухай зохицуулсан байна.
    6. Дээрхээс үзвэл миний хүүхэд асрах чөлөөг олгохоос татгалзсан нь илт хууль бус учир хүүхэд асрах чөлөөтэй байхад ажил тасалсан гэж үзсэн нь мөн хууль бус болно. Иймд Гаалийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 Хариу хүргүүлэх тухай тоот албан тоот, Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар Б/320 тоот К.С*******ыг гаалийн албанаас халах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж өгнө үү.
    7. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлд хандсан хэдий ч хариу өгсөнгүй. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 8.2-т заасны дагуу эргэж орохгүйгээр халсан тохиолдолд шууд шүүхэд хандахаар заасан учир ийнхүү шүүхэд хандаж байна гэжээ.

 

Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: К.С*******ы нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын дарга, тус газрын Хүний нөөцийн хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/320 тушаалыг хүчингүй болгуулах, Хүний нөөцийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн Б/32 тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2.2. Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын Хяналт, бүрдүүлэлт хорио цээрийн албаны эрүүл ахуй, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч К.С*******ыг Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/226 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж заасны дагуу өөрийнх нь хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө олгосон.

2.3. Уг хуулийн 139.2-т Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд... гэж заасан хугацаа 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Гэвч нэхэмжлэгч К.С******* нь хүүхэд асрах чөлөөний хугацаа нь дууссан хэдий ажилдаа эргэж оролгүй ажлын 60 хоног ажил тасалсан.

2.4. Тодруулбал К.С*******ы хүүхэд асрах чөлөөний хугацаа 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан байтал 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр чөлөө хүссэн, 2024 онд хүүхэд асрах чөлөө авахдаа гэр бүлийн хүнтэй чөлөө давхцуулж авснаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэл илүү төлөгдсөн нь Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын нягтлан Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдсан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж онлайн сугалаат худалдаа зохион байгуулсан, гаалийн байгууллагын үйл ажиллагааг сошиал орчинд илт басамжилсан, эргэн ороогүй, тасралт үүсгэж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нь Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/172 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдсон.

2.5. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Энэ хуулийн 60.1.3, 60.1.7-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш ажлын 15 өдрийн дотор ажилтан ажилдаа ороогүй, эсхүл уг хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлт гаргаагүй бол ажлын байрыг нь хадгалах ажил олгогчийн үүрэг дуусгавар болно, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5-т төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.5-т гаалийн албанаас халах гэж тус тус заасны дагуу Сахилгын хорооны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн төрийн албаңд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр гаалийн албанаас халсан.

2.6. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй гэж заасан тул маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/320 тушаал нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд тус тус нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.7. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын дарга Р.О*******ын нэр дээр уг албан хаагч нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр "хүүхэд асрах чөлөөг сунгаж өгнө үү" гэсэн хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг хянан шийдвэрлэхийн тулд Баян-Өлгий аймаг дахь гаалийн газраас санал авахад К.С*******д Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны А/226 дугаар тушаалаар мөн оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө олгосон.

2.8. Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэг гэр бүлийн хоёр хүнд зэрэг хүүхэд асрах чөлөө давхардуулан олгож, улмаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14 , 7 дугаар зүйлийн 7.4.5 дахь заалтад эх, эсхүл эцгийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөгдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийг сар бүр төлнө гэж заасныг зөрчсөн болохыг шалгалтаар тогтоогдсон болохыг мэдэгдээд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9-д заасны дагуу нягтлан бодогчид торгууль оногдуулсан.

2.9. Мөн К.С*******ы эхнэр Б.А******* нь Өлгий сумын 3 дугаар цэцэрлэгийн багшаар ажилладаг бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жил 3 сарын хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан тодорхойлолтыг хавсаргасан байсан. Иймд манай хүний нөөцийн хэлтсээс уг албан хаагчид хүүхэд асрах чөлөөг сунгаж олгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14 дэх хэсэг, Хөдөлмөрийн хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2, Захиргааны ерөнхий 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.2 дахь заалтад зааснаар хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасны дагуу түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах ажил олгогчийн үүргээ хэрэгжүүлж, Захиргааны үйл ажиллагааны шуурхай, тасралтгүй байх зарчмыг баримтлан 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 албан бичгээр хариуг өгсөн.

2.10. Гаалийн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тус гаалийн газарт үүсээд байсан ажлын ачаалал, хүн хүчний хүрэлцээгүй /уг гаалийн газарт Хорио цээрийн хяналтын чиг үүргийг 1 ахлах байцаагч 2 байцаагчийг удирдан хэрэгжүүлдэг/ нөхцөл байдлыг мөн харгалзан үзсэн. Ингэснээр гаалийн байгууллага, албан хаагчдын хувьд Төрийн албаны тухай хуульд заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино гэсэн эрхэм зорилго, төрийн албаны ард түмэндээ үйлчлэх, мэргэшсэн, тогтвортой байх зарчим, хуулийн зорилт хангагдана гэж үзсэн болно.

2.11. Нэхэмжлэгчийн маргаж буй болон дээр дурдагдсан Хүний нөөцийн хэлтсийн албан бичиг нь Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/226 дугаар тушаалаар батлагдсан Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам-аар зохицуулагддаг харилцааны нэг хэсэг бөгөөд гаалийн улсын байцаагч К.С*******д ямар нэгэн эрх эрх зүйн үр дагавар үүсгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулаагүй дотогшоо чиглэж байгаа тул түүнийг үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхэд саад учруулаагүй байна.

2.12. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/320 К.С*******ыг гаалийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 дугаар татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлж,

4. Эцсийн байдлаар 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/320 К.С*******ыг гаалийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 дугаар татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах гэж өөрчилсөн бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцсэн болно.

5. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. Нэхэмжлэгч К.С*******д Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн К.С*******д хүүхэд асрах чөлөө олгох тухай Б/226 дугаар тушаалаар ...Келдекийн С******* нь хүүхэд асрах чөлөө хүссэний дагуу 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөөг олгосон(Хавтаст хэргийн 47 дахь талд).
    2. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас(Хавтаст хэргийн 48 дахь талд)-аар ...Зөрчлийн гомдол мэдээлэлд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дуусталх хугацаанд үйлдэгдсэн нь нийгмийн даатгалын мэдээллийн сан, санхүүгийн баримт болон холбогдогчоос авсан мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Гаалийн газар нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14 дэх заалтыг зөрчсөн нь нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9-т заасан шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг мэдэгдэж байна гэх мэдэгдэх хуудсыг Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт хүргүүлсэн.
    3. Баян-Өлгий аймгийн Гаалийн газар 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/69 дугаар албан бичиг(Хавтаст хэргийн 34 дэх талд)-ээр К.С*******ы эхнэр, багш Б******* овогтой А******* нь 2024, 2025 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн дагуу хүүхэд асрах чөлөө авсан эсэх асуудлаар лавлагаа гаргаж өгнө үү гэж Өлгий сумын сургуулийн өмнөх боловсролын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид хүргүүлж, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 33 дахь талд)-ээр ...Б.А******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл гаргасан тул 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө авсан гэх тодорхойлолтыг буцаан хүргүүлсэн.
    4. Нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ...2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд маань одоо 1 нас 3 сартай ба 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хүүхэд асрах чөлөөг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг Гаалийн ерөнхий газрын даргад гаргасан.
    5. Гаалийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг(Хавтаст хэргийн 49 дэх талд)-ээр Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/226 дугаартай тушаалаар танд энэ оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон. Гэтэл танай эхнэр Б.А******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө авчээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14 дэх заалтыг зөрчсөн нь холбогдох бичиг баримтаар нотлогдсон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9-т заасны дагуу торгууль ногдуулжээ. Иймд танд хүүхэд асрах чөлөөг олгох боломжгүй байна гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлж, гаалийн улсын байцаагч Ө.Т*******гээс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 09 минутад ******* дугаартай утас руу ******* дугаарын утаснаас холбогдож хүргүүлсэн талаар мэдэгдсэн(Хавтаст хэргийн 50 дахь талд).
    6. Нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ...2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд маань одоо 1 нас 3 сартай ба 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хүүхэд асрах чөлөөг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг Гаалийн ерөнхий газрын даргад дахин гаргасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/1.1/1878 дугаар албан бичиг(Хавтаст хэргийн 75 дахь талд)-ээр Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэст таны асуудал шалгагдаж байгаа тул тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүүхэд асрах чөлөөний хүсэлтийг шийдвэрлүүлэх боломжгүй... гэж мэдэгдсэн.
    7. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газраас 2025 оны 03 дугаар сарын 27, 2025 оны 04 дүгээр сарын 09, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус танилцуулга(Хавтаст хэргийн 51-54 дэх талд)-ыг Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэст гаргаж, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 01/171 тоот Санал хүргүүлэх тухай албан бичиг(Хавтаст хэргийн 55-56 дахь талд)-ээр ...К.С******* нь ... 2024 онд хүүхэд асрах чөлөө авахдаа гэр бүлийн хүнтэй чөлөө давхцуулж авснаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэл илүү төлөгдөж, үүнтэй холбоотойгоор тус гаалийн газрын нягтлан бодогч Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээнд өртсөн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж онлайн сугалаат худалдаа зохион байгуулсан, гаалийн байгууллагын үйл ажиллагааг сошиал орчинд илт басамжилж муулсан, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох ёстой тухай Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийг сануулж хэлсэн боловч ирэхгүй байж байгаад 38 хоногийн дараа хүүхэд асрах чөлөө хүссэн зэрэг ноцтой зөрчлүүд гаргасан гэж Гаалийн ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо, сахилгын хороогоор авч хэлэлцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэх албан бичгийг Дотоод хяналт аюулгүй байдлын хэлтсийн даргад хүргүүлсэн.
    8. 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс К.С*******тай холбогдож, Сахилгын хорооны хуралд таны асуудлыг хэлэлцэх тул хүрэлцэн ирэх талаар мэдэгдэж(Хавтаст хэргийн 57, 61 дэх талд), 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Сахилгын хорооны хуралдаан(Хавтаст хэргийн 58-60 дахь талд)-аар нэхэмжлэгч К.С*******д Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.1.5 дахь заалтад заасны дагуу гаалийн албанаас халах, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5 дахь заалтад заасны дагуу төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргаж, шийдвэрийн төсөл танилцуулах хуудсаар нэхэмжлэгчид 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн дугаартай вайбэр/viber/ чатаар мэдэгдэж, Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/320 дугаартай тушаал(Хавтаст хэргийн 63 дахь талд)-аар ...Хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан хэдий ч ажилдаа эргэж оролгүй ажлын 60 хоног ажил тасалсан нь тогтоогдсон ... 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр гаалийн албанаас халсугай гэж шийдвэрлэсэн.
    9. Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/2111 тоот Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг(Хавтаст хэргийн 23-26 дэх талд)-ээр ...Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/320 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5 дахь заалтыг үндэслэн танд төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарахгүй тул гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандана уу гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн.
    10. Шүүхээс маргаан бүхий тушаалын үндэслэлтэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд асрах чөлөөг авах боломжтой эсэх талаар тодруулахад 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04/576 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 113 дахь талд)-ээр ...гурав хүртэлх насны хүүхэд асрах чөлөөтэй эцгийн эсхүл эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн эцгийн эсхүл эхийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч нь давхардуулахгүйгээр төлж байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

    1. Шүүх нэхэмжлэгч К.С*******, хариуцагч Гаалийн ерөнхий газар болон түүний холбогдох албан тушаалтнуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан үнэлж үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/320 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хүний нөөцийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 дугаар татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах тухай шаардлагууд болон түүнийг дэмжин гаргасан үндэслэлүүд нь дараах байдлаар няцаагдаж байна.
    2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчид 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө олгогдож, уг хугацаа 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч уг хугацаа дуусахаас өмнө чөлөөг сунгуулах хүсэлт гаргасан боловч ажил олгогчоос уг хүсэлтийг хангаагүй, харин маргаан бүхий албан бичгээр сунгах боломжгүй тухай татгалзсан хариуг хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан тул чөлөө сунгагдсан, амаар сунгасан гэх тайлбар нь хөдөлмөрийн болон төрийн албаны харилцаанд чөлөө олгох, сунгах асуудал заавал эрх бүхий этгээдийн бичгээр гаргасан шийдвэрээр хэрэгжих ёстой гэсэн эрх зүйн шаардлагад нийцэхгүй тул үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл бичгээр гарсан захиргааны актгүй нөхцөлд чөлөө сунгагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд харин татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр байсан нь тогтоогдож байна.
    3. Нэхэмжлэгч нь татгалзсан шийдвэрийг хууль бус гэж маргахдаа эхнэр, нөхөр хоёул зэрэг хүүхэд асрах чөлөө авахыг хориглосон зохицуулалт хуульд байхгүй, мөн нийгмийн даатгалын зөрчилтэй холбоотой торгууль нь өөрт нь хамааралгүй гэж тайлбарласан боловч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14-т эх, эсхүл эцгийн гэж заасан нь нэг хүүхдийн хувьд тухайн цаг хугацаанд эцэг, эхийн аль нэг нь хүүхэд асрах чөлөө эдлэх, түүнтэй холбоотой нийгмийн даатгалын баталгааг нэг этгээдэд олгох агуулгатай болох нь хуулийн зорилго, системчилсэн тайлбараар тодорхой байна.
    4. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалтын зорилго нь нэг хүүхдийн асаргаа, халамжийг тухайн цаг хугацаанд эцэг, эхийн аль нэг нь хүүхдийн нас, эрүүл мэнд, нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй байнгын анхаарал, асаргаа, халамж шаардлагатай байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Энэ хүрээнд төр болон ажил олгогчоос хүүхэд асрах чөлөө олгож, түүнтэй холбоотой нийгмийн баталгааг хангаж байгаа бөгөөд эцэг, эх хоёул нэгэн зэрэг ижил төрлийн чөлөө авч, холбогдох баталгааг эдлэх зорилго, агуулгатай зохицуулалт биш байна. Иймд нэхэмжлэгчийн эхнэр тухайн хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан нөхцөлд нэхэмжлэгчид дахин чөлөө олгохоос татгалзсан нь хуулийн зорилго, агуулгад нийцсэн төдийгүй нийгмийн даатгалын шимтгэлийг давхардуулахгүй байх зарчимтай нийцэж байна.
    5. Нөгөө талаас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулахыг заасан бөгөөд энэ нь төрийн албаны харилцаанд хөдөлмөрийн ерөнхий хуулийг нөхөн хэрэглэж болох эрх зүйн үндсийг тогтоож байна. Иймд хүүхэд асрах чөлөөтэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1, 139.2-т заасны дагуу тайлбарлан хэрэглэх нь зүйтэй.
    6. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж заасан нь ажилтан хүсэлт гаргасан нөхцөлд хүүхэд асрах чөлөөг анх олгох ажил олгогчийн үүргийг тодорхойлсон зохицуулалт юм. Харин мөн зүйлийн 139.2-т Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна гэж заасан нь чөлөө дууссаны дараа ажилтны хөдөлмөр эрхлэх эрхийг баталгаажуулж, ажлын байрыг нь хадгалах, эсхүл адил чанарын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг ажил олгогчид үүрэг болгосон зохицуулалт болно.
    7. Эдгээр заалтыг системтэйгээр тайлбарлавал 139.1-д заасан зохицуулалт нь хүүхэд асрах чөлөөг анх олгохтой холбоотой, харин 139.2 нь тухайн чөлөөний дараах хөдөлмөрийн харилцааг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэх баталгааг тогтоосон агуулгатай бөгөөд аль аль нь чөлөөг заавал сунгах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл ажилтан дахин хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн хүсэлтийг шууд хангах үүрэгтэй бус, харин холбогдох бусад хууль тогтоомж, бодит нөхцөл байдал, тухайлбал нийгмийн даатгалын эрх зүйн зохицуулалттай уялдуулан шийдвэрлэх боломжтой байна.
    8. Иймд нэхэмжлэгчийн хувьд чөлөө сунгагдаагүй нөхцөлд ажилдаа эргэн орох замаар хөдөлмөрийн харилцаагаа үргэлжлүүлэх үүрэг үүссэн байна. Гэтэл нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш удаан хугацаанд буюу 60 хоног ажил тасалсан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар ажилтан чөлөөний хугацаа дууссаны дараа 15 хоногийн дотор ажилдаа ороогүй тохиолдолд ажил олгогчийн ажлын байрыг хадгалах үүрэг дуусгавар болдог тул нэхэмжлэгчийн ажлын байр хадгалагдах ёстой байсан гэж үзэх боломжгүй байна.
    9. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.5-д төрийн албан гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах боломжтой бөгөөд мөн хуулийн 48.3-т Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардлагагүй гэж заасан. Үүнтэй уялдуулан Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлд гаалийн байгууллагын албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтыг дараах байдлаар тусгасан байна. Тодруулбал, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд дараахь сахилгын шийтгэлийг ногдуулна гэж заагаад уг зүйлийн 284.1.5-д гаалийн албанаас халах гэж зохицуулсан байна.
    10. Эдгээр зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал гаалийн байгууллагын албан хаагч нь хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, албаны сахилга, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж чанар, ноцтой байдлаас хамааран сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд түүний дотор хамгийн хүнд хэлбэрийн арга хэмжээ болох гаалийн албанаас халах шийтгэлийг хэрэглэх эрхийг ажил олгогчид олгосон байна. Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэл, зорчигчид хяналт тавих замаар улсын эдийн засгийн аюулгүй байдал, гаалийн хяналтын дэг журмыг хангах онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага тул түүний үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нь онцгой ач холбогдолтой байна. Ийм байгууллагад ажиллаж буй албан хаагчийн ажил таслалт нь зөвхөн хөдөлмөрийн сахилгын зөрчилд хязгаарлагдахгүйгээр байгууллагын үндсэн чиг үүргийг доголдуулах, улмаар төрийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэх үндэслэлтэй.
    11. Нэхэмжлэгчийн хувьд чөлөөний хугацаа дууссаны дараа ажилдаа эргэн ороогүй, 60 хоног тасралтгүй ажил тасалсан нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд бодит саад учруулсан, үргэлжилсэн шинжтэй ноцтой зөрчилд хамаарах тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэн түүнийг гаалийн албанаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
    12. Нэхэмжлэгч өөрийн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг шалтгаан болгон тайлбарласан боловч уг нөхцөл байдлыг ажил олгогчид хуульд заасан журмын дагуу тухай бүр нотлох баримтаар мэдэгдэж, шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй, зөвхөн шүүхийн шатанд баримт гаргаж ирүүлсэн, хариуцагчийн зүгээс мэдээгүй үйл баримтыг нь үндэслэн гаргасан шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй. Мөн чөлөө сунгах боломжгүй тухай албан ёсны хариу авсны дараа ажилдаа эргэн орох, эсхүл хүүхдээ зайлшгүй эмнэлэгт харах талаараа ажил олгогчдоо мэдэгдээгүй, хөдөлмөрийн харилцаагаа өөрөөр зохицуулах талаар идэвхтэй үйлдэл гаргаагүй нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдэлд хамаарахаар байна.
    13. Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан чөлөө сунгагдсан, татгалзсан шийдвэр хууль бус, эхнэртэйгээ давхар чөлөө авах боломжтой, ажил таслаагүй, ажлын байр хадгалагдах ёстой, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх зэрэг бүх үндэслэлүүд нь тус бүрдээ хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох хууль тогтоомжийн агуулга, зорилго, системчилсэн тайлбараар няцаагдаж байна. Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/320 дугаар тушаал, Хүний нөөцийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 дугаар шийдвэрүүдийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.5, Гаалийн тухай хуулийн 284.1, 284.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1, 139.2, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.С*******аас Гаалийн ерөнхий газрын дарга, Хүний нөөцийн хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/320 К.С*******ыг гаалийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 дугаар татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ