Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00519

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00519

 

 

 

 

С.О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 12 дугаар сарын 15ы өдрийн 181/ШШ2021/02548 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О ХХК-ийн хариуцагч Г.Бт холбогдуулан гаргасан 193,069,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч С.О ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2018 оны 05 сарын 25-ны өдөр иргэн Г.Бтой 002-18/32 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Худалдан авагч нь гэрээгээр 2018 оны 08 сарын 16-ны өдөр 41,375,600 төгрөгийн 21110 литр, 2018 оны 08 сарын 20-ны өдөр 41,375,600 төгрөгийн 21110 литр, 2018 оны 08 сарын 22-ны өдөр 45,962,000 төгрөгийн 23450 литр нийт 128,713,200 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авсан.

Төлбөрийг 2018 оны 08 сарын 30-ны өдрийн дотор хийх байсан боловч өнөөдрийн байдлаар ямар ч төлбөр хийгээгүй. Худалдан авагч нь гэрээний 3.6 дахь хэсэгт заасны дагуу төлбөрөө төлөөгүй хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр худалдагчтай тохиролцсон. 2018 оны 08 сарын 30-ны өдрөөс хойш 2019 оны 11 сарын 21-ний өдөр хүртэл нийт 450 хоног өнгөрсөнИргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангид 64,356,600 төгрөгийг, үндсэн төлбөрийн хамт шаардаж байна.

Хариуцагч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад төлсөн 15,000,000 төгрөгийг алдангиас хасч тооцож, гэрээний үндсэн төлбөрт 128,713,200 төгрөг, алдангид 49,356,600 төгрөгийг нэхэмжилж байна. Г.Бт зээлээр худалдан авсан дизель түлшний төлбөр төлөх үүрэг үүссэн. Хэрэв үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхээр бол талууд тохиролцоонд оролцох ёстой. Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, иргэн Х.Барамсай нарын хооронд хийгдсэн 3 талт тохиролцоо байхгүй гэжээ.

 2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: С.О ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдах авах 002-18\32 тоот гэрээ байгуулж газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдаж авсан. Энэхүү гэрээний үүргээ бүрэн биелүүлж тохиролцсон хугацаанд төлбөр мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 78,253,500 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 72,833,600 төгрөг нийт 151,087,100 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн НӨАТ-ын баримтаар нотлогдоно. 20,000,000 төгрөгөөс дээш НӨАТ бичиж өгөхгүй гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн НӨАТ-ын баримтыг хувааж гаргасан. Гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулж гэрээ дуусгавар болсон тул гэрээний үүсэх аливаа харилцаа мөн дуусгавар болж гэрээнээс үүсэх шаардах эрх мөн дуусгавар болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 128,713,200 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагч аваагүй харин Орхон Тамир Туул ХХК-ийн захирал Б.Барамсай авсан болох нь С.О ХХК-ийн ерөнхий захирал Ц.Элбэгзаяа Б.Барамсай нар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 128,713,200 төгрөгийн төлбөрийг төлөх хувиар гаргаж байсан баримтаар нотлогдоно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчлүүд арилаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнтэй дизель түлшийг хариуцагч хүлээн авсан, хариуцагчийн хүсэл зоригийн дагуу компаниас ачигдсан талаар хангалттай нотлох баримт цуглаагүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Боос нийт 88,439,000 /наян найман сая дөрвөн зуун гучин есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О ХХК-д олгож, үлдсэн 89,639,800 /наян есөн сая зургаан зуун гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,123,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос улсын тэмдэгтийн хураамжид 600,145 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4а. Хариуцагч барьцааны гэрээ байгуулах болсон шалтгаан нь С.О ХХК болон Б.Барамсай нарын хооронд байгуулагсдан түлшний төлбөр төлөх графикийн баталгаа болгосон байдаг. Гэтэл шүүх хариуцагч нь өөрийн авсан түлшний төлбөр төлөх зорилгоор барьцааны гэрээ байгуулсан мэт дүгнэсэн нь үндэслэлгүй.

4б. Хариуцагч нь 2018 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд Архангай аймгийн Ширтийн уурхайд ажиллаж байхдаа С.О ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу түлш авдаг байсан бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр уг уурхайд ажиллаж байсан техник хэрэгсэл тоног төхөөрөмжийг өөрийн Энхбилгүүн ХХК-ийн нэрээр Б.Барамсай захиралтай Орхон тамир туул ХХК-д түрээслэсэн. Уг түрээсийн гэрээний 3.1.2-т шатахууны зардлыг түрээслэгч тал бүрэн хариуцахаар тохиролцсон. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128,713,200 төгрөгийг 2 хувийн хүүтэй төлөх гэрээний дагуу Б.Барамсай нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Б.Барамсай нь 2018 оны 08 дугаар сарын 16, 20, 22-ны өдрүүдэд С.О ХХК-аас гэрээгүйгээр 128,713,200 төгрөгийн түлшийг авч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Барамсай, С.О ХХК нь гэрээ байгуулсан байхад шүүхээс дүгнэлт хийгээгүй.

4в. Гэрч С.Гантөмөр, Б.Барамсай, С.Дагвадорж нарын мэдүүлгээр хариуцагчийн захиалгын дагуу С.О ХХК-аас 2018 оны 08 дугаар сарын 16, 20-ны өдрүүдэд түлш тээвэрлээгүй, тээврийн хөлсийг Г.Б төлөөгүй талаарх мэдүүлгүүдийг тээвэрлэлт хийсэн жолооч нар мэдүүлсэн байхад шүүхээс Г.Бийн захиалгын дагуу түлш тээвэрлэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд нь засвартай баримтууд байдаг.

4г. Магадлалд заасан зөрчлүүд бүрэн арилаагүй. Учир нь гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй хэвээр байгаад бөгөөд Б.Барамсайг маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн эсэх талаар ажиллагаа хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг харилцан зөрүүтэй байдаг. Анхан шатны шүүх хэргийг буцааснаас хойш эргэлзээтэй мэдүүлэг 4 гэрчийг хамтад нь нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан. Гэрчүүдийн мэдүүлгээс нэг хөдөлбөргүй үйл баримт тогтоогддог. Тухайн үйл баримт нь нэр дурдагдаад байгаа н.Барамсай гэдэг этгээд нь тухайн газрын тосны бүтээгдэхүүнийг Г.Боор дамжуулж авч байсан талаар ярьдаг. Худалдагч тал худалдан авагчийн тээврийн хэрэгсэл газрын тосны бүтээгдэхүүнийг бүрэн ачуулж дуусмагц чанар, тоо хэмжээ худалдан авагчийн төлөөлөгч буюу тээврийн хэрэгслийн жолооч, худалдагчийн төлөөлөгч, агуулахын нярав нар хамтран нэн даруй нарийвчлан шалган тогтоож агуулгаас ачуулсан баримт, харилцагч гарын үсэг зурснаар газрын тосны бүтээгдэхүүн худалдан авагчийн өмчлөлд шилжсэнд тооцно. Хариуцагчийн явуулсан автомашинд нь гэрээний зүйлийг ачиж өгснөөр худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн тооцогдоно. Гэтэл авсан газрын тосны бүтээгдэхүүнээ уурхай руу зөөсөн, зөөгөөгүй өөр хүн буюу н.Барамсай гэх этгээдэд дамжуулан өгсөн гэдэг үйл баримтын талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа нь илтэд үндэслэлгүй. 2018 оны 8 дугаар сарын 16, 20, 22-ны өдрийн тээвэрлэлтээр авсан шатахууны үнийг бүрэн төлж барагдуулаагүй. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасны дагуу энэ эрх, үүрэг н.Барамсайд шилжсэн гэдэг асуудлыг яриад байна. Гэтэл н.Барамсай С.О ХХК-ийн хооронд ямар нэгэн эрх, үүрэг үүсээгүй. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу С.О ХХК болон Г.Б нарын хооронд эрх үүрэг үүссэн. Гэтэл Г.Б энэхүү үүргээ гуравдагч этгээд буюу н.Барамсайд шилжүүлэх талаар С.О ХХК-д хандаж гурван талаас харилцан тохиролцсон байдлаар гэрээ байгуулах оролдлого хийсэн байдаг. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ 15,000,000 төгрөгийг Г.Бийг төлсөн гэж үзэж нийт үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Гэтэл хариуцагч шүүх хуралдаанд болон давж заалдах шаны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо 15,000,000 төгрөгийг би төлөөгүй, н.Барамсай төлсөн гэх тайлбарыг гаргадаг учраас энэ нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан шаардлагатай холбоотой асуудлаар 15,000,000 төгрөг нэмэгдэх үү, үгүй юу гэдэг асуудал байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.      Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

2.      Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч С.О ХХК нь хариуцагч Г.Бт холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 178,069,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.      Хариуцагч нь нэхэмжлэгч компанитай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгаар газрын тосны бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлэх, хариуцагч төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна. Уг гэрээний хавсралт №2-ыг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, худалдагч нь 45,962,000 төгрөгийн үнэ бүхий 23,450 литр түлш нийлүүлэх, худалдан авагч нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх 12-20/ 

 

Талууд дээрх гэрээний үнэд хүү төлөх талаар тохиролцоогүй тул уг гэрээнд зээлээр худалдах, худалдан авах гэрээний нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болно.

 

4.   Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 41,375,600 төгрөгийн 21,110 литр түлш, 08 дугаар сарын 20-ны өдөр 41,375,600 төгрөгийн 21,110 литр түлш, 08 дугаар сарын 22-ны өдөр 45,962,000 төгрөгийн 23,450 литр түлш нийлүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч няцааж, уг өдрүүдэд түлш аваагүй гэж тайлбар гаргажээ.

 

4.а. Хэрэгт авагдсан зарлагын №1954 дугаар падаан, Г.Боос авах авлагын тооцоо гэх бичгийн баримт, гэрч нэхэмжлэгч компанийн борлуулалтын менежер С.Гантөмөрийн ... Г.Б 2 удаа шатахуун аваад төлбөрөө төлсөн, 3 дахь удаа буюу 2018 онд шатахуун авсан боловч төлбөрөө төлөөгүй гэх, гэрч 8140 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгчлийн жолооч Ч.Даваацэрэнгийн ...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр түлш ачсан, падаанд гарын үсэг зурсан гэх мэдүүлэг, гэрч 37-89 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Дагвадоржийн ... Орхон туул тамир ХХК-ийн ачааг 2 удаа ачсан, Батзоригийн тээвэрлэлтийг хийгээгүй, С.О ХХК-аас түлш авахад Орхон туул тамир ХХК-тай холбоотойгоор падаанд гарын үсэг зурсан гэх мэдүүлэг, гэрч Б.Барамсайгийн ... С.О ХХК-д өглөгтэй, 2018 онд 5-6 удаа зээлээр түлш авсан. Төлбөрийг төлөөгүй. Архангайн Ширтийн уурхайд очсон шатахууныг би авсан, Г.Боор дамжуулан түлш авсан. Түлшний үнийг С.О ХХК-д төлнө гэх мэдүүлгийг гэрээний хавсралт гэх 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хариуцагч Г.Бийн гарын үсэг бүхий баримттай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 45,962,000 төгрөгийн үнэ бүхий 23,450 литр түлшийг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч нь түлшний үнийг төлөөгүй гэж үзэхээр байна. /1хх 22, 122-128, 154-156, 2хх 126/

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлйн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нийлүүлсэн 23,450 литр газрын тосны үнэд нийт 45,962,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

4.б. Хэрэгт авагдсан 2018 оны 08 дугаар сарын 16-ны болон 20-ны өдрийн ШТМ зарлагын падаанд хүлээн авах НБ, ШТС-ын нэр хэсэгт Орхон тамир туул ХХК гэж бичсэн байхаас гадна дээрх байдлаар өгсөн гэрчийн мэдүүлгүүдийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь дээрх өдрүүдэд хариуцагчид шатахуун нийлүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 41,375,600 төгрөгийн 21,110 литр түлш, мөн сарын 20-ны өдөр 41,375,600 төгрөгийн 21,110 литр түлшийг тус тус хариуцагчид нийлүүлсэн болохоо буюу нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлож чадаагүй.

 

5.      Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6-д зааснаар хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнийн 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. Хариуцагч нь гэрээгээр хүлээн авсан түлшний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөх үүрэгтэй. Хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нийлүүлсэн түлшний үнийг 08 дугаар сарын 30-ны өдөр төлөх үүргээ одоог хүртэл гүйцэтгээгүй тул гэрээний дээрх заалтын дагуу алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна. Иймд хариуцагчаас алдангид 22,981,000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

6.      Хариуцагч нь нэхэмжлэгчид түлшний үнийг төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 15,000,000 төгрөг төлөөгүй, уг мөнгийг Г.Барамсай төлсөн гэх агуулгатай тайлбар гаргасан. Иймд хариуцагчийг түлшний үнэд 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн төлбөр гэж үзэх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 12 дугаар сарын 15ы өдрийн 181/ШШ2021/02548 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 88,439,000 /наян найман сая дөрвөн зуун гучин есөн мянга/ гэснийг 68,943,000 гэж, 89,639,800 /наян есөн сая зургаан зуун гучин есөн мянга найман зуу гэснийг 109,126,800 гэж, дахь заалтын 600,145 гэснийг 502,665 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 600,145 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ