| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00151/И |
| Дугаар | 302/ШШ2025/00165 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 302/ШШ2025/00165
| 2025 02 24 | 302/ШШ2025/00165 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг,0 дүгээр хороо, 0 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах, Т ББСБ ХХК
Хариуцагч: Б аймгийн У сумын 0 дугаар багт оршин суух, С б овогт Е-ын А
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,207,926 /зургаан сая хоёр зуун долоон мянга есөн зуун хорин зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Е.А-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 6,207,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Е.А нь “Т ББСБ” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр МА-000000 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 00000000 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.
1.2. Зээлдэгч Е.А нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 307,658.67 төгрөгийг, хүүний төлбөрт 736,890.83 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,854.50 төгрөгийг, нийт 1,076,404 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Е.А нь 2025 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар 318 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 4,692,341.33 төгрөг, зээлийн хүү 1,458,617.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 36,967.90 төгрөг, нийт 6,187,926.68 төгрөг байна.
1.3. Т ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Е.А зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Е.А нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3 болон, Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд талуудын хооронд байгуулсан МА-00000 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 00000000 дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,692,341.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,458,617.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 36,967.90 төгрөг, нотариатын зардалд 20,000.00 төгрөг, бүгд 6,207,926.68 төгрөгийн, зээлийн төлбөрийг хариуцагч Е.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Е.А хариу тайлбартаа “Миний бие Е.А нь зээлийн үндсэн төлбөрт 4,692,341.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,458,617.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 36,967.90 төгрөг, нотариатын зардалд 20,000.00 төгрөг, бүгд 6,207,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Е.А-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,207,926 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Е.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 6,207,926 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,277 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000 дугаартай данснаас 57,138 төгрөг, мөн хариуцагч Е.А-аас 57,138 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ТББСБ ХХК -д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С б овогт Е-ын А нь зээлийн гэрээний үүрэгт 6,207,926 /зургаан сая хоёр зуун долоон мянга есөн зуун хорин зургаан/ төгрөгийг нэхэмжлэгч ТББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000 дугаартай данснаас 57,138 төгрөг, мөн хариуцагч Е.А-аас 57,138 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН