Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1080

 

                                                        ***т холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/604 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн ***т холбогдох 2405000000272 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

*** овгийн ***ын ***, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт *** дүүргийн*** дугаар хороо, ****** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/,

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн *** дугаар гудамж, *** тоотод *** оны *** дугаар сарын ***-ны өдөр өөрийн төрсөн дүү ***гийн хэвлий рүү нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чамархай, хэвлийн арын гялтанг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

*** дүүргийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бор өнгийн бариултай нийт урт 26 см, ажлын хэсэг нь 12 см урттай, бариул хэсэг нь 11 см урттай, хэрэглээний хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*** миний бие өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Миний бие анх удаагаа ийм хэрэгт холбогдож байгаа бөгөөд гэм буруугаас үүссэн хохирлоо барагдуулсан. Хойшид хөгшин настай, бие муутай аав болон хохирогч, өөрийн төрсөн дүү *** нартаа эрүүл мэндэд нь анхаарч тус дэм болж явах чин хүсэлтэй байгаа тул миний ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн зүйлийн 3-д “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ. 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэж тус тус хуульчлан заасан. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн шинж, хууль зүйн үндэслэл, хуулийн хэрэглээнээс дүгнэж үзэхэд миний үйлчлүүлэгч ***ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна. Хэрэгт хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд миний үйлчлүүлэгч ***ын үйлдэл эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 1.4-т заасан үндэслэл бүрэн тооцогдож байна. Үүнд: 1. Хохирогч ***ын мэдүүлэг “...ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/, 2. Яллагдагч ***ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг “...нэг удаа унтаад сэрсэн чинь *** надад хутгалуулсан юм шиг байна лээ, шалан дээр дээшээ харсан байдалтай гэдсээ гараараа дарсан *** ах түргэн тусламж 103 дугаарт залгаад манай гэрт хүн хутгалуулсан байна гэж дуудлага өгсөн... би өөрийнхөө гэм буруутай маргахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89 дэх тал/, 3. Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, 4. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Шүүгдэгчийн гэр бүлийн байдлын хувьд дүгнэлт хийхэд өндөр настай аавын хамт амьдардаг бөгөөд энэрэнгүй ёсны зарчмыг баримталж, гэмт буруу дээрээ маргахгүй, хохирогчийн биеийн байдал бүрэн эдгэсэн, хохирол нөхөн төлбөрийг сайн дураараа барагдуулсан зэргийг харгалзаж хамгийн бага ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт, /анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 6 дахь тал/, 5. *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШТЦ/604 тоот шийтгэх тогтоолд тусгагдсан “энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд уг гэмтэлтэй холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. ...***ыг энэ тогтоолоор бусад төлбөргүй гэж үзэв” гэх тэмдэглэл, /анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь тал/, 6. Урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэх Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл лавлагааны хуудас /ял шийтгэгдэж байгаагүй/. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд миний үйлчлүүлэгч *** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхний үе шатаас шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн хохирогч /төрсөн дүү/ ***д гэмтэл учруулсны дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчилгээнд шаардагдах зардлыг сайн дураараа төлж барагдуулсан зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувийн байдал нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэгт холбогдох үедээ ажил хөдөлмөр эрхэлж байсан, өндөр настай аавын хамт амьдардаг зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдлууд хангалттай, бүрэн тогтоогдсон гэж өмгөөлөгч дүгнэж байгаа болно. Дээрх хуульд заасан шаардлага, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул мөн зүйлийн 1.4-д заасан хэм хэмжээг хэрэглэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч *** нь *** оны *** дугаар сарын ***-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн *** дугаар хороо, Зүүннарангийн *** дугаар гудамж, *** тоотод өөрийн төрсөн дүү ***гийн хэвлий рүү нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч ***гийн “...Гэртээ төрсөн ах ***ын *** бид хоёр үлдээд би 15:00 цагийн үед ганцаараа гараад хажуу талд байдаг нэрийн санахгүй дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.5 литрийн архи аваад гэртээ ирээд ахтай цуг тэнцүү шахуу хувааж уугаад би дахиж 18:00 цагийн үед ганцаараа гараад нөгөө дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.5 литрийн архи аваад гэртээ ирээд ах бид хоёр хувааж уусан. Тэгээд маргалдсан зүйл байхгүй байж байсан чинь манай ах *** нь гэрийн модон гар иштэй хутгийг гартаа бариад явж байсан. Би буйдан дээр суугаад зурагт үзээд байж байсан чинь миний хэвлий хэсэг рүү гартаа байсан хутгаараа нэг удаа хутгалахаар нь би түргэн тусламж дуудаад түргэн тусламж ирээд намайг авч яваад ах гэртээ ганцаараа үлдсэн. ...Ямар нэгэн гомдол санал байхгүй байна. ...” /хх 21/,

гэрч ***ын “...*** оны *** дугаар сарын ***-ний өглөө унтаж байсан чинь миний дугаар луу нэг дугаар залгахаар нь авсан чинь танай хүү *** нь хүнд хутгалуулсан байна. Хагалгаанд орох гэж байсан, яаралтай тантай холбогдох гээд залгасан чинь утсаа авсангүй гэж эрэгтэй хүн холбогдож хэлсэн. ...миний гадарлаж байгаагаар бол ***, *** нар архи хувааж ууж байгаад хоорондоо маргалддаг. ...” /хх 23/,

шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...нэг сэрсэн чинь ***  нь надад хутгалуулсан юм шиг байна лээ, шалан дээрээ дээшээ харсан байдалтай гэдсээ гараараа дарсан *** ах түргэн тусламж дуудаарай гэсэн. Тэр үед би ухаан ороод түргэн тусламжийн 103 дугаарт залгаад манай гэрт хүн хутгалуулсан байна гэж дуудлага өгсөн. Бид хоёр уухаараа жоохон таарамж муутай байдаг. ...” /хх 89/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6, 8-13/,

шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...***гийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, хэвлийн арын гялтанг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэсэн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3072 дугаартай дүгнэлт /хх 50-51/,

шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн ***, *** нарын биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2024 оны 1364 дугаартай дүгнэлтэд тусгасан бор өнгийн бариултай хутга дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой ***гийн ДНХ-ийн тогтоц тохирч байна. ...” гэсэн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2032 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, хохирогч нар төрсөн ах дүү нар байх бөгөөд хэрэг учрал гарсан өдөр гэртээ хамт архи уусан, улмаар шүүгдэгч *** согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ хянах чадваргүй болсны улмаас ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хутга авч, хохирогч ***г хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, хэвлийн арын гялтанг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа талуудын гаргасан ялын санал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан хуульд зааснаар 5 жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байна.

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нараас “хувийн байдлыг минь харгалзан, шүүхээс оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хүлээн зөвшөөрч оролцсон байх ба давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгээр хохирол, хор уршигт тооцон 2 сая төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан, хохирогч гомдол, саналгүй болсон зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Иймд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч ***ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/604 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 (тав) жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***т 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын *** оны *** дугаар сарын ***-ний өдрөөс *** оны *** дүгээр сарын ***-ний өдрийг хүртэл нийт 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Г.ГАНБААТАР

 

                        ШҮҮГЧ                                                                  С.БОЛОРТУЯА