Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1081

 

***холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор М.Нямжав /томилолтоор/,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж хийсэн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/834 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Нямжавын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаар эсэргүүцэлд үндэслэн ***холбогдох эрүүгийн 2406000000250 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

*** овгийн ***ын ***, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр***аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/,

***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** оны *** дүгээр сарын ***-ны орой *** дүүргийн *** дугаар хороо *** зочид буудалд иргэн ***маргалдаж, нүүрэн тус газар архины шилээр цохин, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

*** дүүргийн прокурорын газраас: ***үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: *** дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *** овогт ***ын *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406000000250 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч ***нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Нямжав бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь бүхэлдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, цагаатгах тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хэргийн бодит байдлын талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт цагаатгагдсан этгээдийн цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль зүйн ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасан байна. Хэргийн материалд хуульд заасан үндэслэл журмын дагуу дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч ***“... 2024 оны 01 дүгээр сарын 13-ны орой гэртээ амарч байхдаа 20:00 цагийн орчимд урьд нь хамт нэг газар ажиллаж байсан найз болох *** залгаад байхаар нь утсаа авсан чинь “найз нь *** дээр *** гээд зочид буудалд найз *** уугаад сууж байна. Хүрээд ирээч” гээд байхаар нь очтол нэг эмэгтэй найз *** сууж байсан. *** намайг суугаад ганц татаач гээд хундагалаад өгөхөөр би уусан. Тэгээд би хажууд нь суугаад юм яриад сууж байтал гэнэт *** “чи намайг өмнө нь хамгаалж байгаагүй” гэж над руу уурласан. Тэгэхээр нь “Юу яриад байгаа юм. Би чамайг зөндөө хамгаалж байсан шүү дээ” гэх мэтээр маргалдсан. Тэгээд би маргалдаж байгаад “Тэгж ярих юм бол чи намайг эхнэртэйгээ хүртэл харддаг байсан биз дээ” гэж хэлээд гэр рүүгээ явах гээд бостол ***ууж байсан архины шилээрээ толгойны зүүн хэсэг рүү цохисон. Би тэр үед манараад ***дээр дараад авсан. Тэгээд удалгүй буудлын ресейпшн орж ирээд түргэн дуудсан. Түргэний эмч нар орж ирээд намайг дагуулаад гэмтэл авч явсан…” гэсэн мэдүүлэг, гэрч ***“...***, ***нар архиа задалж уугаад юм ярьж байгаад маргалдсан, ...*** *** 1 билүү 2 удаа цохисон. Тэгтэл ******орон дээр хоолойг нь боож, ямар ч барьцгүй болгоод дарж унасан.” гэсэн мэдүүлгүүдээр хэрэг гарсан тухайн цаг хугацаанд шүүгдэгч ***нь түрүүлж хохирогч ***биед халдаж довтолж цохиход хохирогч хариу довтолгоон хийж, улмаар зодоон болсон үйл баримт нотлогдон тогтоогдсон, хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй, тэдний мэдүүлэг нь тогтвортой байна. Гэтэл шүүх хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр үнэлээгүй, үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн гэрч ***мэдүүлгийн аль хэсгийг хэрхэн үнэлж шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчийн болон хохирогчийн гаргасан санал хүсэлт, дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэх үндэслэлийг тусгаагүй, нотлох баримтыг цогц байдлаар нь үнэлэхгүйгээр зөвхөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс зарим хэсгийг нь буюу хэргийн төгсгөл хэсгийн талаар мэдүүлсэн “...***нь шүүгдэгч ***ор руу дарж унагааж, хоолойг нь боосон” гэх мэдүүлгийг үнэлж улмаар цагаатгах тогтоолд “...Тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хохирогч ***нь шүүгдэгч ***хоолойг нь хүчтэй боогоод болихгүй болохоор нь хохирогчийг цохиж гэмтэл учруулсан...” гэсэн хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч ***нь орон дээр зүгээр хэвтэж байхад хохирогч ***ямар нэгэн шалтгаангүйгээр түүний хоолойг хүчтэй боосон асуудлаас улбаалан *** цохисон мэтээр хэргийн бодит байдалтай нийцээгүй илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн, мөн хохирогч ***нь шүүгдэгч ***хоолойг “хүчтэй боосон” хүчтэй боогоод болихгүй байсан” гэдгийг шүүх хэрхэн ямар баримтад үндсэн тогтоосон нь ойлгомжгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.”, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт цагаатгагдсан этгээдийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэсэн шаардлагыг тус тус хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд, мөн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анзаарч үзээгүй орхигдуулсан буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэлд тус тус хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хийсэн хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүний үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг зайлшгүй үнэлж, хууль зүйн дүгнэлт хийх зүйтэй юм. Харин хэргийн баримтыг сэргээн дүрсэлбэл яллагдагч ***нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой *** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй зочид буудалд хохирогч ***, гэрч ***нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хохирогч *** өдөөн хатгаж, “чи намайг өмнө хамгаалж байгаагүй” гэх мэтээр маргалдсан, эхэлж хохирогчийн толгой хэсэг рүү цохиж хохирогчийн эсрэг санаатай өдөөн хатгалт хийж, улмаар харилцан зодолдох явцдаа хохирогч ***эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад шүүхээс шүүгдэгч ***үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт”-ын шинжтэй гэх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШТЦ/834 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан буюу шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос ***согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой *** дүүргийн 2 дугаар хороо “***” зочид буудалд иргэн ***маргалдаж, нүүрэн тус газар нь архины шилээр цохин, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх ***үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, хохирогч ***хэрэг гарсан өдөр өгсөн мэдүүлэгтээ “...гэнэт *** “чи намайг өмнө нь хамгаалж байгаагүй” гэж над руу уурласан. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм. Би чамайг зөндөө хамгаалж байсан, хамтдаа ажилладаг байхдаа чамайг хамгаалдаг байсан шүү дээ” гэх мэтээр маргалдсан. Би маргалдаж байгаад “тэгж ярих юм бол чи намайг эхнэртэйгээ харддаг байсан биз дээ” гэж хэлээд гэр рүүгээ явах гээд бостол *** ууж байсан архины шилээрээ толгойны зүүн талын хэсэг рүү цохисон. Би тэр үед манараад *** дээр дараад авсан. ...” /хх 7 тал/ гэж, мөн дахин өгсөн мэдүүлэгтээ “...Миний зүүн шанаанд архины шилээр нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. ...Толгойдоо ГССҮТ-д очиж 14 оёдол тавиулсан. Тэрнээс хойш дүүгийн эмнэлгээр боолт шарлага хийлгэж байна...” /хх 9 тал/ гэж, анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Чи дандаа зодоон болохоор зугтдаг, надтай хамт зодолдох ёстой байсан” гээд тэр асуудлаас болж маргаан үүссэн. Чи намайг нэрийг нь мэдэхгүй, зүсийг нь харж байсан эхнэртэйгээ хардаж байсан биз дээ гээд тиймэрхүү маргаан болоод байхаар нь “болио, чи ийм зүйл ярих гэж намайг дуудсан бол чамтай маргалдах шаардлага байхгүй, буцаад явлаа” гээд гараад явах гэж байсан чинь намайг шилээр цохисон. Тэгээд би дээр нь дараад унасан байсан. ...Би ***д цохиулсныхаа дараа дээрээс нь дарж унасан. Боолгоод унасан хүний гар хаа байсан ширээ дээр байгаа архинд гар нь хүрч байдаг тийм урт гартай хүн гэж байдаг ч юм уу мэдэхгүй байна. Хойшоо дараад унасан байсан...” /хх 122, 126 тал/ гэж,

цагаадсан этгээд ***мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ “...архийг ***орж ирэх үед задлаад хамт уусан. Тэгээд 2 дахь удаагаа аягалах үед *** яриа нийлэхгүй болохоор за больё гэж *** хэлээд хойшоо орон дээр налаад хэвтсэн чинь ***намайг хоолой боогоод багалзуурдсан. Тэгэхээр нь би больчих байх гэж бодоод биеэ сулласан чинь улам чанга бөгөөд байхаар нь бие сонин болоод *** цохичихсон. Тэгээд гэнэт босоод харсан ***толгойг архины шилээр цохиод хагалчихсан...” /хх 13 тал/ гэж, яллагдагчаар мэдүүлэхдээ “...Надад санал хүсэлт байхгүй, Хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл байхгүй. Би ***холбогдож эмчилгээний чинь зардлыг төлье гэж хэлэх гээд залгахаар огт утсаа авахгүй байгаа. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” /хх 24-25 тал/ гэж, яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ “...***над руу хандаад чи намайг эхнэртэйгээ харддаг биз дээ танай эхнэр чинь тийм энгэр сул юм уу гэхээр нь би тухайн үед миний байгаа газрыг ***манай эхнэрт хэлчихдэг байсан, тэгээд би чиний тэгж эхнэрт хэлдэг нь зөв миний эхнэр чам руу утсаар яриад байдаг нь ч буруу гэх утгатай юм хэлээд чи миний эхнэрийг доромжлох эрхгүй, хоёулаа яриа нийлэхгүй юм байна гэж хэлээд хойшоо орон дээр налаад хэвтсэн чинь босож ирээд чи намайг хүндлэхгүй байна гээд намайг багалзуурдаад хоёр гараараа миний хоолойн дээр ирээд дараад тэр үед би ухаан балартсан байсан. *** архитай шилээр цохисон гэдгээ мэдээгүй, ухаан ороод харахад цохисон байна гэдгээ ойлгосон. ...” /хх 70-72 тал/ гэж,

гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд “...Орой 19:00 цагийн орчим утсаар ярьж байсан найз нь хүрч ирсэн бөгөөд ***тай хамт нэг шил архи хувааж уугаад юм ярьж сууж байгаад*** эхнэрийг энгэр султай, явдалтай гээд доромжлоод ***тай муудалцаж эхэлсэн бөгөөд ***ор луу унагааж дээр нь гараад хоолойг нь боож нүүрэн тус газар нь цохиод байсан. ...” /хх 11 тал/ гэж, анхан шатны шүүх хуралдаанд “...***, ***нар архиа задалж уугаад юм ярьж байгаад маргалдсан. ***ы эхнэрийг муулсан. Юу гэж муулсан болохыг мэдэхгүй байна. Тэгээд эхнэрээ өмөөрөөд барилцаж авсан. *** *** 1 бил үү 2 удаа цохисон. Тэгтэл ******орон дээр хоолойг нь боож, ямар ч барьцгүй болгоод дарж унасан. Тэгээд *** өөрийгөө хамгаалж чадахгүй тэмтэрч байгаад ойрхон ширээн дээр байсан архины шилээр толгой руу цохиж гарыг нь тавиулсан. ...*** босож ирээд эхнэр доромжиллоо гэсэн. Би салгах гэхэд намайг хойшоо бай гээд ***түлхсэн. Тэгээд барилцаж аваад орон дээр дарж унагаасан. *** эхлээд 2 цохисон. ***хоолойг нь боогоод орон дээр хэвтүүлээд дээр нь дарчихсан. *** тэмтэрч байгаад хажууд нь байсан архины шилээрээ цохисон. Би гялс ресейпшн бас нэг ах хоёрыг дуудсан...” /хх 123-124 тал/ гэж тус тус мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч, цагаатгагдсан этгээд, гэрч нар хэргийн үйл баримтын талаар өөр өөр мэдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийн мэдүүлгийн аль хэсгийг үнэн зөв гэж үнэлж дүгнэсэн, тэр нь хэргийн бусад нотлох баримтуудтай хэрхэн нийцэж байгаа, тухайн нотлох баримтуудаар ямар хэргийн үйл баримт сэргээн тогтоогдож буй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. 

Мөн анхан шатны шүүх “...хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэлэхээс илүүтэйгээр гэрч ***мэдүүлгийг ...үнэлсэн” гэсэн байх боловч түүний хэргийн үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөр өөрөөр мэдүүлсэн зөрүүтэй мэдүүлгийн аль хэсгийг ямар үндэслэлээр үнэн зөв гэж үнэлсэн болох нь тодорхойгүй байхаас гадна яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй буюу цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байна.

Иймд, анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгана гэж заасныг, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул *** дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Нямжавын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/834 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Нямжавын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/834 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. ***урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                 Г.ГАНБААТАР

 

                        ШҮҮГЧ                                                                 С.БОЛОРТУЯА