| 2026 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 128/ШШ2026/0381 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ч.Н******* нарын нэр бүхий 19 иргэн,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,
Гуравдагч этгээд: А******* ХХК.
Нэхэмжлэлийн шаардлага:
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1265 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг газрыг анхны зориулалтаар буюу хоккейн талбай зориулалтаар нийтийн эзэмшлийн талбай болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч П.А*******, Р.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Мө*******.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Тэргэл.
Танхимын дугаар: 1
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
-
- Нэхэмжлэгч нараас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Бидний оршин суудаг байрууд болох Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 7, 22, 25, 30 дугаар байр, Гаалийн байрны дунд социализмын үед Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тохижуулж өгсөн Мөсөн гулгуурын талбай, хоккейн талбай байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын хотын төвд газар олголт хийгдэхгүй гэж амлаж байсан цаг хугацаанд буюу 2024 онд А/1265 дугаар захирамжаараа энэ газарт Үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 2638 м.кв газрыг олгож, 16 давхар барилга барихаар дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байх тул газрын гэрчилгээ, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын дарга М.Ү******* 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05-02/6824 албан бичгээрээ ...хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий хариу өгсөн байна гэж дүгнэсэн тул дараахь агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
-
- Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1265 дугаар захирамжаар олгогдсон Үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 2638 м.кв газар дээр Хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ. Ердөө хэдхэн сарын дотор хотын төвд газар нь олгогдоод, архитектур төлөвлөлтийн даалгавар нь батлагдаад, гэрлийн хурдаар гарч байгаа Захиргааны байгууллагын шийдвэр нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасныг зөрчихөд хүрээд байна.
-
- Бидний оршин суудаг байрууд бол төв замтай нийлэх ердөө ганцхан орц, гарцтай, зүүн талдаа нийт 3500 гаруй сурагчтай Нийслэлийн ерөнхий боловсролын 30 дугаар сургууль байрладаг. Хичээл эхлэх, дуусах цагаар, оргил ачааллын цагаар ганцхан орц гарцаар чөлөөтэй нэвтрэх боломжгүй, явган хүний зам хүрэлцээгүй, анх энэ хэсгийг төлөвлөхдөө машины зогсоол төлөвлөгдөөгүй газар юм. Тийм учраас бид маргаан бүхий энэ газарт 16 давхар барилга бариулахгүй, харин нийтийн эзэмшилд үлдээж, Мөсөн гулгуурын талбай, хоккейн талбай байсан тэр чигээр нь байлгаж, хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжоор хангаж өгөхийг хүсэж байгаа юм.
-
- Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж байгаа үйл ажиллагаа бол төлөвлөлтийн нэг хэсэг, захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэг, 79 дүгээр зүйлүүдэд иргэд болон төлөвлөгөөнд оролцогчдын саналыг авах тухай, эсрэг санал гарсан бүх оролцогчдод урьдчилан мэдэгдсэнээр хэлэлцүүлэг зохион байгуулах тухай, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй тухай зохицуулжээ.
-
- Гэтэл дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа уг газарт иргэдийг төлөвлөлтийн ажилд татан оролцуулалгүй архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан нь хуульд нийцээгүй байхад Хот байгуулалт, хотын стандартын газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Б нь 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 05/58 тоот албан бичгээр уг газарт барилга байгууламж барих захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийг татан оролцуулах шаардлагагүй гэсэн хууль бус тайлбар өгсөн байдаг. Мөн түүнчлэн Архитектур төлөвлөлтийн даалгаврын олгохдоо Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт /БНбД 30-01-04/ барилгын норм дүрмийг мөрдсөн эсэх талаар хариу тайлбар өгөөгүй болно.
-
- Хот байгуулалт хотын стандартын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Дийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/220 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай албан бичигт ...Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2025 оны 10 дугаар хурлаар хэлэлцүүлэхэд хурлын гишүүдийн олонхын саналаар Зөвшөөрсөн санал гарч, 2025 оны 03 дугаар сарыг 18-ны өдөр загвар зураг батлагдсан гэж олонхын саналаар дэмжсэн гэдэг агуулгатай хариу тайлбар өгсөн. Гэтэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа оршин суугчдаас санал аваагүй, орон зай болон орчны төлөвлөлтийн хээрийн судалгааны ажил хийгдээгүй байхад архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон.
-
- Дашрамд дурдахад Хот төлөвлөлт, хотын стандартын газрын дарга нар хариу тайлбар өгөхдөө маргаан бүхий асуудалтай холбоотой ямар ч баримт материал гаргаж өгөөгүй. Барилга барихаар хашаалсан газраас Ерөнхий төлөвлөгөө гэсэн цаас наасан байсныг зургийг дарж хавсаргав. Энэ төлөвлөгөөнөөс харахад ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 60 хувьд ногоон байгууламж зам талбай авто зогсоол төлөвлөсөн гээд байгаа газар бол бидний гарааш зориулалтаар ашиглаж байсан газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаар Газар албадан чөлөөлөх тухай захирамжаар буулгасан.
-
- Бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэхүү захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0070 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/80 захирамжаар хүчингүй болгуулсан газар юм. Хэдийгээр захирамж хүчингүй болсон боловч бид тэр газраа гараашны зориулалтаар биш хүүхдийн тоглоомын талбайн зориулалттай болгохыг дэмжиж гараашаа буулгуулсны төлөө ямар ч хохирол, нөхөн төлбөр нэхэмжлээгүй болохоос ямар нэг аж ахуй нэгжид 16 давхар байшин бариулахын төлөө гараашны зориулалтын газраа чөлөөлж өгөөгүй юм.
-
- Эндээс бидний дүгнэлт бол анхнаасаа зохион байгуулалттайгаар бидний гарааш зориулалтаар ашиглаж байсан 2 га газрыг хүчээр чөлөөлж, чөлөөлсөн энэ газрыг оролцуулан ерөнхий төлөвлөгөө батлуулжээ гэж хардахад хүргэж байна. Энэ төлөвлөгөөг Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн олонхын саналаар шийдсэн байхад та нар яах юм гэсэн байдлаар хандаж, олонх дарга дэмжсэн байхад оршин суугчдын санал хэрэггүй гэх хууль бус тайлбаруудтай нүүр тулж байна.
- Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1265 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Отгонтэнгэр Их сургуулийн баруун хойд талд байршилтай Үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын дугаартай 2638 м.кв талбай бүхий газрын гэрчилгээ, Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
- Нэхэмжлэгч нараас шүүхэд бичгээр гаргасан тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Жгийн 1997 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3/433 тоот албан бичгээр маргаан бүхий газарт байршилтай хоккейн талбайг сэргээн босгож, газрын баталгаат хэмжилт хийлгэж, уг талбайг жил бүрийн 10, 11, 12, 1, 2, 3, 4 саруудад хоккейн зориулалтаар, 5, 6, 7, 8, 9 сард автомашины ил зогсоолын зориулалтаар ашиглуулахаар зөвшөөрөл олгож, энэ баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг Даргын 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/176 тоот захирамжаар А ХХК-д 4 жилийн хугацаатай уг газрыг ашиглуулжээ.
-
- Газрын хэмжээ нь одоо байгаа сагсны талбай болон хүүхдийн тоглоомын талбайг оролцуулан 3000 м.кв байсан ба хоккейн талбай, үзэгчдийн задгай суудал, хоккей тоглох хүмүүсийн хувцас солих байр бүхий хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байсан байна. Гэтэл энэ хугацаанд оршин суугчдаас санал авалгүйгээр хот байгуулалт, газар зохион байгуулалт хийж, уг газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууц гэж өөрчлөн, газрын эрхийг эзэмших эрхтэй болгож улмаар 16 давхар орон сууцны барилга барих гэж байгаад гомдолтой байна.
- Иймд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Отгонтэнгэр Их сургуулийн баруун хойд талд байршилтай Үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын дугаартай, 2638 м.кв талбай бүхий Газар эзэмших эрх олгох тухай Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1265 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг газрыг анхны зориулалтаар буюу хоккейн талбай зориулалтаар нийтийн эзэмшлийн талбай болгохыг Нийслэлийн Засаг Даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
-
- Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд: Хот байгуулалт, хотын стандартын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Дийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/220 дугаартай албан бичигт ...Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2025 оны 10 дугаар хурлаар хэлэлцүүлэхэд хурлын гишүүдийн олонхын саналаар зөвшөөрсөн санал гарч, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр загвар зураг батлагдсан гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно гэж, энэ зүйлийн 73.1.2-д хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийхэд иргэдийн саналыг хянан үзэх тухай хуульчилсан.
-
- Гэтэл нийтийн эзэмшлийн талбай бөгөөд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан ашиглуулсан газрын зориулалт, газрын эрхийг өөрчлөн өндөр төвөгшил бүхий 16 давхар орон сууц бариулахаар Архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан нь хууль зөрчсөн. Мөн түүнчлэн 60 хувьд ногоон байгууламж зам талбай, авто зогсоол төлөвлөсөн гэх боловч бодит байдал дээр оршин суугчдын гарааш зориулалтаар 30 жилийн турш ашиглаж байсан 93 иргэний гарааш байршиж байсан газрыг төлөвлөлтдөө тусгасан.
-
- Энэ байршилд байсан 93 иргэний гараашийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаар Газар албадан чөлөөлөх тухай захирамжаар буулгасан. Бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэхүү захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0070 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/80 захирамжаар хүчингүй болгуулсан газар юм.
-
- Бид энэ газарт гараашаа буцаан барих боломжтой байсан боловч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн МЗХ/2022/09-041 дугаар Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга гэх Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж, тухайн 2823.5 м.кв талбайд байрлаж байсан гараашны оронд газар доорх 2 давхар авто зогсоолын барилга барихаар төлөвлөж, энэ авто зогсоол баригдахыг хүлээж байгаа билээ. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр оршин суугчдыг хууран мэхэлж, гуравдагч этгээдэд өндөр барилга барих боломж олгожээ гэж дүгнэж байна.
-
- Иймд Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.2-д тус тус заасныг үндэслэн оршин суугчдаас санал аваагүй, орон зай болон орчны төлөвлөлтийн хээрийн судалгааны ажил хийгдээгүй баталсан тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1265 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А******* ХХК-д 2638 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
2.2. Тус шийдвэрийг гаргахдаа А******* ХХК, С******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн хүсэлт болон холбогдох материалуудыг үндэслэн тухайн жилийн газар зохион байгуулалтын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн байна.
2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан.
2.4. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодорхой хуульчилсан байна. Үүнээс үзвэл Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1265 дугаар захирамж нь дээр дурдсан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзана гэж заасан.
2.5. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны №30 дугаар тогтоолд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэснийг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны үйл ажиллагаа нь тухайн этгээдэд чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой бол уг этгээдийн тухайн асуудлаар маргах эрэхгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ,
2.6. Мөн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тохиолдолд болон бусад объектив эрх зүйн маргааны хувьд нэхэмжлэгч этгээд нь хуульд заасан тусгай шалгуур нөхцөлийг хангасан байх шаардлага үүснэ. Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1265 дугаар захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
2.7. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1265 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Отгонтэнгэр их сургуулийн баруун хойд талд байршуулан үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар А******* ХХК-д эзэмшүүлсэн нэгж талбарын дугаартай 0.26 га газрыг үндэслэн 2024 оны дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2025 оны Загвар зураг батлуулж, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.
2.8. Барилгын загвар зургийг батлахдаа дараах хууль тогтоомж, норм ба дүрмийг мөрдлөг болгосон. Үүнд: Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3 дахь заалт (төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-оос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-оос доошгүй хувь нь авто зогсоол байх) болон 12.8 дахь хэсэг (барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй байна)-ийг баримтлан эзэмшил газрын 32 хувьд барилга байгууламж, 68 хувьд ногоон байгууламж, зам талбай, авто зогсоол төлөвлөсөн.
2.9. Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.1 дэх заалт (гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх)-ыг баримтлан явган алхах, унадаг дугуй болон авто тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг саадгүй байхаар төлөвлөсөн.
2.10. Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад заасан Барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай (6-15 метр) нормативыг мөрдсөн. Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 12 дугаар хүснэгтэд заасан Орон сууцны барилга хоорондын байршлын зайн хэмжээ (барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 20 метр) төлөвлөх шаардлагыг баримтлан Орон сууцны 7 дугаар байрнаас 24 метр, Орон сууцны 22 дугаар байрнаас 23 метр зайтай төлөвлөсөн.
2.11. Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 14 дүгээр хавсралт, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт, БНбД 31-01-10-ын 13 дугаар хүснэгтэд заасан авто зогсоолын нормыг хангуулан 140 авто зогсоолыг төлөвлөсөн. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна,
2.12. Түүнчлэн Иргэний хуулийн 134.1 дэх хэсэг Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ, 135 дугаар зүйлийг 135.3 дахь хэсэг Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж заасан буюу тухайн төлөвлөсөн барилгын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч болон хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс санал авна гэж заасан бөгөөд Барилга, байгууламжийн зориулалтыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг-ийн Хот төлөвлөлтийн бүсчлэл-д нийцүүлэн төлөвлөсөн.
2.13. Захиргааны ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэг, 79 дүгээр зүйлд заасанчлан биднээс санал аваагүй гэж дурдсан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан төлөвлөлт нь Нисэх онгоцны буудал болон түүний дагалдах байгууламж, төмөр зам, авто зам, усны барилга байгууламж, хог хаягдлын цэг, нийтийн эзэмшлийн зам талбай, цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалт, хот байгуулалт, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн үед хийгдэх төлөвлөгөөний тухай ойлголт бөгөөд барилга барихтай холбоотой зохицуулалт биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гурав. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2006 оны 126 дугаар захирамжаар М.Э*******д газар эзэмших эрх олгогдож, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар С******* ХХК-д газрыг шилжүүлэн эзэмшүүлж, удаа дараагийн захирамжаар газрын эрхийг сунгаснаар маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1265 дугаар захирамжаар А******* ХХК эзэмшиж, ашиглаж байна. Бид энэ хугацаанд газрын төлбөрт 2025 оны 12 дугаар сарын 31- ний байдлаар 30,787,018 төгрөгийг бүрэн төлж, газар эзэмшүүлэх гэрээгээ зохих ёсоор дүгнүүлсэн байна.
3.2. Нэхэмжлэгч нар тухайн газрыг нийтийн эдэлбэр байсан мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргасан байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 20 гаруй жил манай компанийн /өмнөх эзэмшигчдийг оруулан/ эзэмшил, ашиглалтад байсан болох нь тогтоогджээ. Нэхэмжлэгч нар тус газрыг нэг давхар тоосгон гарааш байсан, Нийслэлийн Засаг даргын захирамжаар буулгаж, нийтийн эдэлбэр газар болгосон, хүүхдийн тоглоомын талбай, хоккейн талбай зэргээр ор үндэслэлгүй, худал тайлбар бичжээ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зорчих хэсэг, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талбай байх ёстой гэж нэхэмжлэгч нар өөрсдийн зөрчигдсөн гэх субьектив эрхийг тодорхойлжээ.
3.3. Сансрын түүхчилсэн зургаас харахад манай эзэмшил газар нь хэзээ ч нийтийн эдэлбэр газар байгаагүй бөгөөд газар эзэмшигчид эргэлтийн цэг, солбицлын дагуу газраа хашаалж эзэмшиж, зориулалтын дагуу ашиглаж байсан нь тогтоогдоно. Манай компани газар эзэмших эрхээ шилжүүлэн авснаас хойш Э-2204055452 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №18660 гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн барилгын батлагдсан загвар зураг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №084/2025 дулааны техникийн нөхцөл, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №D-U2025/187 дугаар мэдээлэл холбооны техникийн нөхцөл,
3.4. 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №273/25 усны техникийн нөхцөл, 2025 оны 05 дүгээр сарын 09-ний өдрийн №01/0167/25 цахилгааны техникийн нөхцөл, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №04/180-56 Онцгой байдлын ерөнхий газрын галын дүгнэлт, 2025.05.14-ний өдрийн №2663 барилга буулгах зөвшөөрлийн гэрчилгээ, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №10-13-02/24/1181 эрүүл ахуйн дүгнэлт; 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Барилгын хөгжлийн төвийн №1123/2025 магадлалын дүгнэлт, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №3421 барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр үйл ажиллагаа явуулж байна.
3.5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор Хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан 143 байршлыг тогтоосон. Үүнд манай газар хамаардаггүй. Иймд нэхэмжлэгч нарын авто зам, явган хүний зам талбай, хүүхдийн тоглоомын талбай хүрэлцээгүй, нийтийн эдэлбэр газраар ашиглах ёстой, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн зэрэг гомдол нь үндэслэлгүй.
3.6. Манай газар дээр нэг давхар тоосгон гараашууд байсныг Нийслэлийн Засаг даргын захирамжаар буулгасан талаар нэхэмжлэлд дурдагдсан нь худал. Ү-2204008253 дугаар 990 м.кв үйлчилгээний барилга байсан, энэхүү өмчлөлийн объектоо Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №2663 барилга буулгах зөвшөөрлийн дагуу буулгаж, одоогийн төслийн талбайгаа чөлөөлсөн. Харин манай эзэмшил газрын ард 2 га, хөндлөн байрлалд тодорхой тооны гараашууд байсан, 2022 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлсөн болох нь сансрын зургаас харагдаж байна. Ард байсан гараашуудыг манай газартай хамаатуулан, гарааш буулгасан газраа А******* ХХК-д шинээр эзэмшүүлсэн мэтээр худал нэхэмжлэл гаргажээ.
3.7. Гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар, хэрэгжүүлж буй төсөл нь нэхэмжлэгч 19 иргэний эрхийг зөрчөөгүй, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгчээс 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1265 дугаар захирамж, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлж,
5. Эцсийн байдлаар 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1265 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг газрыг анхны зориулалтаар буюу хоккейн талбай зориулалтаар нийтийн эзэмшлийн талбай болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох гэж тодруулсан бөгөөд энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.
6. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
-
- Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, нэгж талбарын дугаартай газарт Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/176 дугаар захирамж(Хавтаст хэрэг 2-ын 10-14 дэх талд)-аар А ХХК-д хоккейн талбайн зориулалтаар 4 жилийн хугацаатай ашиглуулахаар олгож, 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3000 м.кв талбайтай, 37,500,000 төгрөгийн үнэ бүхий хоккейн талбайн өмчлөх эрхийн гэрчилгээ(Хавтаст хэрэг 2-ын 79 дэх талд)-г олгож, 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ(Хавтаст хэрэг 2-ын 116 дахь талд)-ээр Э******* ХХК-д хоккейн талбайн өмчлөх эрхийг шилжүүлж, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ү-2204008253 дугаарт бүртгэж гэрчилгээ(Хавтаст хэрэг 2-ын 122 дахь талд) олгосон.
- 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг С******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр хүсэлт(Хавтаст хэрэг 2-ын 134 дэх талд) гаргаж, 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 000083180 дугаар гэрчилгээ(Хавтаст хэрэг 2-ын 147 дахь талд)-г олгож, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар орон сууц үйлчилгээний зориулалттайгаар 5 жилийн хугацаатайгаар 2640 м.кв газрыг эзэмшүүлсэн(Хавтаст хэрэг 1-ийн 80-83 дахь талд).
- 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А******* ХХК нь С******* ХХК-аас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах дугаар бүхий 2638 м.кв газар дээр буй Ү-2204008253 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий үйлчилгээний 990 м.кв барилга байгууламж, 1650 м.кв авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ(Хавтаст хэрэг 2-ын 149 дэх талд)-г байгуулж, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 001290745 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ(Хавтаст хэрэг 2-ын 174 дэх талд)-г олгосон.
- 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан ...эзэмшиж буй тус компаниас үл хөдлөх хөрөнгийг худалдан авч буй тул уг нэгж талбарын газрыг манай компанийн эзэмшилд хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан(Хавтаст хэрэг 1-ийн 54 дэх талд).
- Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр А/1265 тоот захирамжаар А******* ХХК-д Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд байрлалтай, Орон сууц, үйлчилгээ-ний зориулалттай 2638 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж(Хавтаст хэрэг 1-ийн 98-105 дахь талд), Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ(Хавтаст хэрэг 1-ийн 160-163 дахь талд)-г 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулж, Хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар(Хавтаст хэрэг 1-ийн 142-144 дэх талд)-ыг олгосон.
- Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны иргэдээс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хот байгуулалт, хотын стандартын газарт хандан ...оршин суугчдаас санал аваагүй, орон зай болон орчны төлөвлөлтийн хээрийн судалгааны ажил хийгдээгүй байхад архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон байх тул архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргасан ба уг гомдлын хариуд 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/220 тоот Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 130-131 дэх талд)-ээр холбогдох хууль тогтоомж, норм ба дүрэмд заасантай нийцсэн гэх хариуг буцаан хүргүүлсэн.
- Мөн иргэдээс 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан ба гомдлыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 05-02/6382 тоот албан бичгээр Хот байгуулалт, хотын стандартын газарт гомдлыг шилжүүлсэн. Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1185 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 135 дахь талд)-ээр ...2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/220 дугаартай албан бичгээр холбогдох тайлбар, мэдээллийг иргэдэд хүргүүлсэн болно гэх хариуг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрын хойд талд байрлах авто зогсоолын талбайд Нийслэлийн Засаг даргын захиалгаар Дээрээ тохижилт бүхий, газар доорх авто зогсоолын барилга-ын зориулалттайгаар МЗХ2022/09-041 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар(Хавтаст хэрэг 2-ын 4-6 дахь талд)-ыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан болох нь тогтоогдсон.
- Шүүхээс дээрх 2 архитектур төлөвлөлтийн даалгавар нь хоорондоо давхцаж байгаа эсэхийг тодруулахад давхцалгүй болох нь Хот байгуулалт, хотын стандартын газрын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/628 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 2-ын 48-49 дэх талд)-т хавсаргасан зургаас тогтоогдсон.
Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
-
- Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, нэгж талбарын дугаартай газар нь анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/176 дугаар захирамжаар тодорхой хуулийн этгээдэд ашиглуулахаар олгогдсон бөгөөд тухайн газарт баригдсан үл хөдлөх эд хөрөнгө нь газар дээр бэхлэгдсэн, салгаж үл болох шинжтэй эд хөрөнгөд хамаарч, өмчлөх эрх нь дараагийн этгээдүүдэд хуульд заасан журмын дагуу шилжин ирсэн байна. Тодруулбал, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2006 онд иргэн М.Э*******д, 2009 онд Э******* ХХК-д, улмаар С******* ХХК-д шилжүүлж, эцэст нь 2024 онд А******* ХХК-д худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болсон нь тогтоогдож байна. Иймд гуравдагч этгээд А******* ХХК нь маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг байна.
- Дээрх нөхцөл байдалтай уялдуулан гуравдагч этгээдээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн байршилд холбогдох газрыг эзэмших хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэн маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1265 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд байрлалтай, 2638 м.кв газрыг орон сууц, үйлчилгээ-ний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
- Ийнхүү шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21 дүгээр зүйлийн 21.2.4-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг олгосон бөгөөд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэж заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргахаар заасан тул маргаан бүхий захирамж нь эрх бүхий этгээдээс гарсан байна. Түүнчлэн тухайн газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл хууль ёсоор шилжсэн нөхцөлд уг эд хөрөнгийг ашиглахад шаардагдах газрыг эзэмшүүлэх нь газрын харилцааны эрх зүйн зохицуулалттай нийцэж байх бөгөөд энэ нөхцөл байдлыг харгалзан шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна.
- Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг анх хоккейн талбайн зориулалттай байсан, нийтийн эзэмшлийн талбай байсан, зориулалтыг үндэслэлгүй өөрчилсөн гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн газар нь анхнаасаа тодорхой этгээдэд ашиглуулах байдлаар олгогдож, улмаар тухайн газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь хувийн өмчлөлд шилжиж ирсэн байх тул Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг гэж заасан нийтийн эдэлбэр газрын шинжийг агуулаагүй байна. Түүнчлэн тухайн газрыг анх олгохдоо орон сууц, үйлчилгээний зориулалттайгаар хот төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан бөгөөд газрын зориулалтыг үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалттай уялдуулан өөрчилсөн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
- Хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгосон дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын тухайд: Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 32.1.7-т барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах, 32.1.8-т барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлах гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн Гурав. Инженер хайгуулын судалгааны ажил гэсэн хэсгийн 3.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна,
- 3.3-д Энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрийг гаргахад аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна, барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхийг дүгнэсэн, барилга байгууламжийн хэмжээ, өндөр, давхрын тооны, тухайн барилга байгууламжийн зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээний, хүрээлэн байгаа орчин, тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх ажлын хэмжээ, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замын, инженерийн хангамжийн сүлжээнд холбогдох боломж, техникийн нөхцөлийн, нарны тусгал, ээвэрлэлтийн шаардлагыг хангуулах, нүүр тал буюу фасадны зонхилох өнгө, дээвэр, тагтны хашлага, хаалт, материалын, инженерийн хангамжийн шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тус тус тусгасныг тус дүрмийн 3.4-т Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална гэж заажээ.
- Дээрх зохицуулалтаас үзвэл захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулах, хариуцагчаас дээр дурдсан тодорхой асуудлыг тусгасан архитектор төлөвлөлтийн даалгавар боловсруулж, түүнийг батлахаар байна.
- Хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн газар баталгаажилтын хувийн хэрэг бусад нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээд нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар хууль ёсны дагуу газар эзэмших эрхтэй, газрын хувьд нэхэмжлэгч нарын эзэмших, ашиглах эрх бүхий газартай давхцаагүй болох нь тогтоогддог.
- Үүнээс үзэхэд газар эзэмших эрх нь хууль ёсны байгаа этгээд өөрийн газраа зориулалтын дагуу ашиглах үүднээс хариуцагчаас Архитектур төлөвлөлтийн даалгавар авах эрхтэй, хариуцагчаас баталж олгосон нь хуулиар баталсан журамд үндэслэсэн байхад хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
- Нэхэмжлэгчээс иргэдийн саналыг аваагүй, орчны төлөвлөлтөд сөргөөр нөлөөлнө, орц гарцын нөхцөл байдал хүндрэх, оршин суугчдын орчныг хамгаалах зайлшгүй шаардлага үүссэн гэх үндэслэлүүдийг дурдсан боловч эдгээр нь нэхэмжлэл гаргасан иргэдийн шууд, бодит субьектив эрх зөрчигдсөн гэхээс илүүтэй нийтийн ашиг сонирхлын шинжтэй ерөнхий тайлбар, болзошгүй нөхцөл байдлыг дурдаж байгаа тул энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
- Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын гараашаар ашиглаж байсан гэх талбайд хариуцагчийн зүгээс тусдаа архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан асуудлыг шалгахад уг даалгавар нь гуравдагч этгээдийн батлуулсан дугаар архитектур төлөвлөлтийн даалгавартай байршлын хувьд давхцаагүй, хоорондын зай хэмжээ зөрчөөгүй болох нь эрх бүхий байгууллагын албан бичиг, хавсаргасан зураглалаар нотлогдсон бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт гэж тайлбарлан маргасан боловч уг зүйлд заасан илт хууль бус акт гэдэгт эрх бүхий бус этгээдээс гаргасан, хуульд огт нийцэхгүй, эсхүл илтэд хууль зөрчсөн, эрх зүйн үр дагавар үүсгэх боломжгүй актыг ойлгох бөгөөд дээр дурдсанчлан маргаан бүхий захирамж, архитектур төлөвлөлтийн даалгавар нь эрх бүхий этгээдээс гарсан, холбогдох хууль тогтоомжид нийцсэн, бодит нөхцөл байдалд тулгуурласан байх тул уг актыг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
- Нөгөө талаар нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн талбай болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага гаргасан боловч захиргааны хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан акт, үйл ажиллагааны хууль ёсны байдлыг хянах чиг үүрэгтэй бөгөөд тодорхой агуулгатай шинэ шийдвэр гаргахыг захиргааны байгууллагад шууд даалгах боломжгүй, ялангуяа нийтийн эдэлбэр газрын ангилалд хамааруулах эсэх нь тухайн эрх бүхий байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал байх тул уг шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
- Иймд дээрх нөхцөл байдал, нотлох баримт, хууль зүйн зохицуулалтыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1265 дугаар захирамж, Хот байгуулалт, хотын стандартын газрын дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны актууд байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлүүд нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1265 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг газрыг анхны зориулалтаар буюу хоккейн талбай зориулалтаар нийтийн эзэмшлийн талбай болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ