Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 302/ШШ2025/00269

 

 

 

     2025           03             26     

                        302/ШШ2025/00269

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, М хул овогт Х-ын А

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын Боловсролын газрын харьяа З техникчдийн станцад 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл жижүүр, багшаар, Ө сумын 1-10 жилийн сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.А

Гэрч Ж.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-д 2025 оны 01 дүгээр сарын 014-ны өдөр /баримт №0/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Х.А нь Б аймгийн Ө сумын Боловсролын газрын харьяа З техникчдийн станцад 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл жижүүр, багшаар, Ө сумын 1-10 жилийн сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Б аймгийн Ө сумын Боловсролын газрын харьяа Залуу техникчдийн станцад 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр жижүүр багшаар ажилд орсон ба 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдөр лаборант багшаар ажилласан ба 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн. Дараа нь Ө сумын 1-10 жилийн сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн багшаар ажилласан ба энэ талаар мөн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тушаал гарахгүй байна. Дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд орсон гарсан тушаал байхгүй гээд нийгмийн даатгал байгууллага ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн.

1.2. Иймд Б аймгийн Ө сумын Боловсролын газрын харьяа З техникчдийн станцад 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл жижүүр, багшаар, Ө сумын 1-10 жилийн сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 000000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.М, А.С, Ж.Х,Х.К нарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, фото зураг, 00000 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 00000 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, 000000 дугаартай БНМАУ улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн бат илэрхийлэх, гэрчилгээ, 00000, 00000 дугаартай оновчтой саналын үнэмлэх, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Х.А-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00/000 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.А болон түүний эхнэр, хүүхдүүд нарын ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалд хандахад надад хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тушаалын бичилт хийгдсэн боловч тушаал байхгүй тул шүүхэд хандахыг зөвлөсөн. Иймд миний Б аймгийн Ө сумын Боловсролын газрын харьяа З техникчдийн станцад 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл жижүүр, багшаар, Ө сумын 1-10 жилийн сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.  

7. Хүсэлт гаргагч Х.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 79 дугаартай “Ө сумын Боловсролын газрын харьяа З техникчдийн станц болон Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивд шилжүүлээгүй гэх боловч хүсэлт гаргагч Х.А нь Б аймгийн Ө сумын Боловсролын газрын харьяа З техникчдийн станцад 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл жижүүр, багшаар, ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

8.1. Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0000 дугаартай “Багш, ажилчид томилон ажиллуулах тухай” тушаалд “... мөн станцын жижүүр Х.А нарыг 10 дугаар сарын 16-наас тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. Х.А нарыг залуу техникчдийн станцын багшаар  10 дугаар сарын 16-ны өдрөөс томилон ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,

8.2.Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 000000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн доторх талын бичилтийг үзэхэд 4-5 дугаар хуудаст авагдсан бичилтийг үзэхэд 3 дугаарт “1987.10.24 Залуу техникчдийн станцын жижүүрээс чөлөөлөв. Б аймгийн АБХэлтсийн 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 000 тоот тушаалаар гэж, 6-7 дугаар хуудаст 4.1987.10.24 Залуу техникчдийн станцын багшаар дэвшүүлэн ажиллуулав. Аймгийн АБХэлтсийн даргын 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 167 тоот тушаалаар, 5.1992.09.08 Орон тооны цомтголд орсон тул ажлаас чөлөөлөв. Аймгийн өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0 0тоот тушаалаар” гэж бичигдсэн байдал ба энэхүү бичилт нь дээрх тушаалтай тохирч байгаа байдал,

8.3. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12/194 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х.А-ы БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР(А) маягтад “Ажилладаг байгууллага: Ө з техникчийн станц, эрхэлдэг ажил: багш, ажилд орсон он: 1987, эрхэлж эхэлсэн он: 1987” гэж, Гэрлэлтийг бүртгэх анкет №000 маягтад “он, сар, өдөр: 1987.10.14, нөхөр овогт, нэр: Х-ын А, 7.Ажиллаж байгаа газрын нэр: З тех/станц” гэж, хүсэлт гаргагчийн 1992оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү А.Н-ын ХААТР-11/А/ Төрснийг бүртгэх анкетад ...11.Эцгийн овог, нэр: Х-ын А, ажилладаг байгууллага: ЗТ станц, эрхэлдэг ажил: багш” гэж бүртгэгдсэн байдал,

8.4. Б аймгийн Ө сумын иргэн Ж.Х, Х.К нарын “Хүсэлт гаргагч Х.А нь Б аймгийн Ө сумын Боловсролын газрын харьяа З техникчдийн станцад 1987 оноос 1989 оны хооронд жижүүр, багшаар ажиллаж байсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон Ө сумын иргэн А.С-ийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг

8.5. Хүсэлт гаргагч Х.А-д 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны шинжлэх ухаан техникийн зөвлөлийн даргаас Залуу техникчдийн станцын лаборант Х.А-д БНМАУ-ын шинжлэх унааны техникийн улсын хорооны 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0/0000 дугаартай шийдвэрээр 00000 дугаартай оновчтой саналын үнэмлэх олгосон байна.

8.6. Хүсэлт гаргагч Х.А-д 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны шинжлэх ухаан техникийн зөвлөлийн даргаас Залуу техникчдийн станцын лаборант Х.А-д БНМАУ-ын шинжлэх унааны техникийн улсын хорооны 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 00/0000 дугаартай шийдвэрээр 00000 дугаартай оновчтой саналын үнэмлэх зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

8.7.Хүсэлт гаргагч Х.А-ы хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 000000 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 00000 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, 000000 дугаартай БНМАУ улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн бат илэрхийлэхэд хүсэлт гаргагч 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудад татвар төлсөн талаарх бичилт хийгдсэн, мөн түүнд 1988 оны 05 дугаар сарын 04-ний өдөр У-88 олон ажиллагаатай станок бүтээлд улсын ШБОС-88 үзэсгэлэнгийн гэрчилгээ олгосон байна.

9. Хүсэлт гаргагч Х.А нь Ө сумын 1-10 жилийн сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.1. Учир нь,  Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 00 дугаартай “Ө сумын 1-10 жилийн сургуулийн 1992 оны 88, 122 тоот тушаал, 1992-1994 онуудын тушаалуудыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй болно” гэжээ.

9.2. Б аймгийн Ө сумын Ш.М, А.С нарын “1992 оноос 1996 оны хичээлийн жилд Б аймгийн Ө хотын 0 дүгээр арван жилийн дунд сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан ” гэх боловч энэхүү үйл баримтын эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй буюу энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримаар нотлогдохгүй байна.  

9.3. Мөн 00000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дугаар хуудаст “1992.09.10 1-р 10 жилийн сургуульд зураг хөдөлмөрийн багшаар авч ажиллуулав. Б аймгийн 1-р 10 жилийн сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 000 тоот тушаалаар, 07. 1994.12.28 Орон тооны цомхотголд орсон тул уг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Б аймгийн 1-р 10 жилийн сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 122 тоот тушаалаар” гэж бичилт хийгдсэн боловч энэхүү бичилт болон тушаалуудыг архиваас шүүж үзэхэд Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас холбогдох баримтууд гаргаагүй ба бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хүсэлт гаргагчийг Ө сумын 1-10 жилийн сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.

9.4. Хүсэлт гаргагч нь ажиллаж байх үед авхуулсан гэж фото зургийг тайлбарлаж нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэхүү фото зургийг тус сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан үед авхуулсан зураг гэдэг нь эргэлзээтэй байна.

9.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Х.А нь Ө сумын 1-10 жилийн сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаартай тушаал нь хүсэлт гаргагч Х.А-д холбогдолгүй тушаал байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Х.А-ы Б аймгийн Ө сумын Боловсролын газрын харьяа З техникчдийн станцад 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл жижүүр, багшаар ажилласан байдлыг тогтоож, Ө сумын 1-10 жилийн сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М х овогт Х-ын А нь Б аймгийн Ө сумын Боловсролын газрын харьяа З техникчдийн станцад 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл жижүүр, багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.А-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН