Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 107

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.

                                                                        Шүүх хуралдаанд: 

      Прокурор                                                     А.Энхтуяа

      Хохирогч                                                       Н.Бөхбат

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Б.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Баттөр

      Нарийн бичгийн дарга                            Б.Намуунзул нар  оролцов.

 

     Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1., 4.2.-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд, эцгийн нэр Бөхбат, өөрийн Бумбаярт холбогдох 1731001450101 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35,36,37,38 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засвар ашиглалтын инженер мэргэжилтэй, Баянгол сумын Гал түймэр унтраах аврах 40 дүгээр ангид аврагч, гал сөнөөгч ажилтай,  Сэлэнгэ аймаг Баянгол сумын баян 2 дугаар баг хөдөөгийн 5 дугаар хэсэгт оршин суух хаягтай,  Ургийн овог Харнууд, эцгийн нэр Бөхбат, өөрийн нэр Бумбаяр, /регистерийн дугаар ДН97022218/.

 

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.Бумбаяр нь согтуугаар Сэлэнгэ аймаг Хүдэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шандын даваа” гэх нэртэй газарт 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим 30-31 УБЛ улсын дугаартай “Чезер” маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж  авто машинд зорчиж явсан Ш.Уранчимэг, Б.Мөнгөнцацал нар нас барсан, Н.Бөхбатын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.Бумбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу би өөрийн 30-31 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон аав ээж эгч хүргэн ах нарын хамт явж байхад тухайн өдөр нойтон цас ороод үзэгдэх орчин муу байсан. Шандын Даваа гэх газар өгсөөд явж байтал миний явж байсан чиглэлд цастай гулгаатай байсан тул саадыг тойрон гарч эсрэг урсгал руу ортол өөдөөс том машин гарч ирээд мөргөлдсөн. Тэгээд цааш юу болсныг би санахгүй байна гэв. 

 

2.Хохирогч Н.Бөхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 21-ний 10 цагт Сэлэнгэ аймгийн Баянхонгор сумаас гараад Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу явцгааж байсан юм. Шандын даваа өгсөж байтал тухайн замд нойтон цас ихтэй байсан. Миний хүү түүнийг тойрч гарах гэж эсрэг урсгал руу ортол өөдөөс том оврын тээврийн хэрэгсэл гарч ирээд мөргөлдсөн. Цааш юу болсныг санахгүй байна гэв.

 

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн..: Осол болоход би тухайн үед гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаагүй. 2017 оны 10 дугаар сарын 21-ний оройн 17 цагт юу болсныг дуулаад Улаанбаатар хотоос ирсэн. Тэр өдөр манай том эгч рүү осол гарсан талаар хэлэхэд эгч маань надад тодорхой хэлсэн. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шөнийн 00 цагт ирээд ээжийнхээ амь хохирсныг мэдсэн.  Дүү минь 4-5 хоногийн дараа нас барсан гэв.

 

4.Хохирогч Н.Бөхбатын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний эхнэр Уранчимэгийн төрсөн эгчийн хүүхдийн үсний найр болж байсан юм. Ингээд үсний найранд оролцохоор энэ өдрийн өглөөний 09 цаг өнгөрч байх үед Хүдэр сум руу би, эхнэр Уранчимэг, охин Мөнгөнцацал, хүргэн Тэргэл, хүү Бумбаяр нарын хамтаар 5-лаа миний хүүгийн эзэмшилийн 30-31 УБЛ улсын дугаартай Чезер маркын авто машинтай явсан. Хүдэр сум явах замд нойтон цас ороод бас шуурч байсан. Ингээд машин бөгсөө хаяаад шарвах шиг болоод эсрэг урсгалруу орсон байх шиг жоохон явж байтал өөдөөс нь том машин гараад ирсэн. Ингээд бид нар орилсон цааш юу болсныг мэдэхгүй байна...нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-24 дүгээр хуудас/

            5.Гэрч У.Ганзоригийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Түвшинбат бид 2 Дархан-Уул аймагт байдаг нефтийн агуулахаас түлш ачаад Сэлэнгэ аймаг Хүдэр сумын уурхайд буулгах гэж хамт явсан. Ингээд түлшээ Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын  уурхайд орой очиж буулгаад тухайн уурхайдаа унтаж амраад өглөө нь буюу 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед Дархан-Уул аймаг руу явахаар замд явж байсан юм. Түвшинбаяр бид хоёр Хүдэр сумын нутаг дэвсгэр “Шандын даваа” гэх нэртэй газарт замын өгсүүр хэсгээр өгсөөд даваа даваад гарч ирэхэд урдаас буюу эсрэг урсгалаас хар өнгийн суудлын жижиг тэрэг хурдтай ирж харагдсан. Жолооч Түвшинбат нь тоормозоо гишгээд жолоогоо баруун гар тийш нь шахаж зөрөөд өнгөрөх боломжийг нь бүрдүүлэх гээд замын хөвөө хэсэг рүү гарахад хар өнгийн авто машин, манай машины доогуур шургаад орчихсон. Ингээд машинаас буугаад харахад  хар өнгийн суудлын машины зорчигч талаас нэг залуу доороос гарч ирсэн. Тэгээд машиныг тойроод харахад жижиг суудлын тэрэгний жолооч болох нэг залуу бас гараад ирсэн байсан. Тухайн машинд явж байсан хүмүүсийг гаргах гэж Түвшинбат бид туслаж байхад Хүдэр сумын эмнэлгийн байгууллагын ажилтан нар ирцгээсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

            6.Гэрч Э.Тэргэлийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байсан юм энэ өдөр Баруунхараагаас өглөөний 10 цагийн үед байх хүүхдийн үсний найранд оролцохоор хадам аав Бөхбат, ээж Уранчимэг, эхнэр Мөнгөнцацал, дүү Бумбаяр, нарын хамтаар 30-31 УБЛ улсын дугаартай “Чезер” маркын машинтай Хүдэр сумруу явсан...ингэж явах замд нойтон цас орсоод цасаар шуураад манан үүссэн явж болохгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Бумбаяр машинаа жолоодож явсан...гэтэл нэг нь хүүе гээд орилоод ингээд би хартал өөдөөс том машин тулаад ороод ирсэн...ингээд юу болсоныг мэдэхгүй нэг сэрсэн машиныхаа гадна хэвтэж байсан......гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас/

            7.Шинжээчийн дүгнэлт 2017 оны 11 сарын 05-ны өдрийн №105 тоот:

            Хариулт 1. 82-77 УБП улсын дугаартай Урал маркын тээврийн хэрэгслийн жолооч Б.Түвшинбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчөөгүй байна.

            Хариулт 2. 30-31 УБЛ улсын дугаартай Чейзер маркын тээврийн хэрэгслийн жолооч Б.Бумбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А.Согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  8. Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог  байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв.

            Хариулт 3. “зам тээврийн осол” зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. Иймд уг үйлдэл нь зам тээврийн осол мөн.

            Хариулт 4.  Жолооч Бонгосүрэнгийн Түвшинбат нь 1991 оны 5 сарын 30-ны өдөр жолооч болсон. BCDE ангилалын 106788 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох хүчинтэй үнэмлэхтэй байна. Жолооч Бөхбатын Бумбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр жолооч болсон. В ангилалын 1099746 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

8.2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14047 дугаартай:

1.Н.Бөхбатын биед эрүү ясны далд хугарал, цээжний баруун талын 3,5 дугаар хавирганы сэлтэрсэн далд хугарал, хацар, эрүү, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 58 хуудас/

9.Н.Бөхбатын өвчний түүх /хавтаст хэргийн 59-69 дүгээр хуудас/

10.Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт №129 тоот:

1. Талийгаач Б.Мөнгөнцацрал нь гавал тархины битүү гэмтэл, хатуу халсан доорх цусан бүлэн, тархины эдийн дарагдал, няцралын улмаас нас баржээ....гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/

11. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт №126 тоот:

1.Талийгаач Ж.Уранчимэг нь гавал тархины битүү гэмтлийн улмаас цус алдалт, ШОК-ын хүндрэлээр нас баржээ...гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 80-81 дүгээр  хуудас/

12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №А-33 дугаартай:

1.Б.Бумбаярын биеээс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Бөхбат Бумбаяр гэж хаягласан цусанд 0.8 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/

13.Шүүгдэгч Б.Бумбаярын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байсан санагдаж байна энэ өдөр миний төрсөн ээж Уранчимэгийн төрсөн эгч Доржхандын хүү Тайванбаатарын хүүхдийн даахь үргээх баяр болсон юм. Ингээд бид нарыг уриад энэ өдрийн өглөөний 10 цагийн үед байх миний эзэмшлийн 30-31 УБЛ улсын дугаартай “Чезер” маркын машинтай Хүдэр сумруу гарсан... Хүдэр сумруу явах зам норсон явахад хүндрэлтэй байсан...Тухайн үед би машиныхаа дугуйг солиогүй зуны дугуйтай явж байсан учир машины тухайн цасан дээр гараад  халтираад замын эсрэг урсгал руу орсон учир эсрэг урсгалын хар зам хараараа цас тогтоогүй байсан. Ингээд эсрэг урсгалын хар замаар дээш өгсөөд явж байхад гэнэт өөдөөс том машин гараад  ирсэн ба би маш ихээр сандарсан өөрийгөө ямар үйлдэл хийснийг санахгүй байна...нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн .....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас/

14.Шүүгдэгч Б.Бумбаярын  2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Хүдэр сумруу явах зам норсон явахад хүндрэлтэй байсан...Тухайн үед би машиныхаа дугуйг солиогүй зуны дугуйтай явж байсан учир машины тухайн цасан дээр гараад  халтираад замын эсрэг урсгал руу орсон учир эсрэг урсгалын хар зам хараараа цас тогтоогүй байсан. Ингээд эсрэг урсгалын хар замаар дээш өгсөөд явж байхад гэнэт өөдөөс том машин гараад  ирсэн ба би маш ихээр сандарсан өөрийгөө ямар үйлдэл хийснийг санахгүй байна...нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Би өөдөөс машин гарч ирнэ гэж огт бодоогүй. Юм учир нь замд бараг машин явахгүй байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/

15.Эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл /хавтатс хэргийн 119-120 дугаар хуудас/

16.Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/

17.Шинжээчийн Т.Насанжаргалын 2018 оны 01 дүгээр саоын 24-ний  өдөр  мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Бөхбатын бумбаярын цусанд шинжилгээ хийхдээ өөрийн тусгайлан бэлтгэсэн дэвтэрт цусан шинжилгээ хийж илэрсэн согтолтын хэмжээг тусгадаг. Мөн химийн шинжилгээний бүртгэл журналд илэрсэн нөхцөл байдлын талаар тусгадаг ба уг бүртгэлүүдэд Б.Бумбаярыг 20 настай эрэгтэй гэж тэмдэглэсэн байна. Дүгнэлт гаргаж шивэх үедээ өмнөх гаргасн дүгнэлтэнд дурьдсан байсан хүний насыг өөрчлөлгүйгээр Бөхбөтын Бумбаярын нэрийг бичиж гаргасан алдаа гаргасан байна. Учир нь: гэрэл зургийн үзүүлэлтэнд хуруу шилтэй цусыг Бөхбат Бумбаяр ДН97022218, 20н/эр гэж бичиж тэмдэглэсэн байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 179 дүгээр хуудас/

Гэрч Р.Сундуйсүрэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 10 сарын 21-ний өдөр жолооч Б.Бумбаяр, Б.Түвшинбат, У.Ганзориг нарын биеэс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар дээж авсан тухай тэмдэглэлийг Хүдэр сумын эрүүл мэндийн төвд үйлдэж оролцогч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 191-192 дугаар хуудас/

Гэрч Н.Наранбаатарын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Замын зорчих хэсэг дээр цас хунгартаж тогтсон зүйл байгаагүй. Тухайн үед цас орох үед шуурч салхилаагүй учир цас хунгарлаагүй газарт буугаад доторхой хугацааны дараа хайлж ус болж байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас/

Гэрч У.Ганзоригийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өсгөн.. Доороос гарч ирэхдээ их хурдтай гарч ирсэн ба тэрхэн зуур тойрог дээр машин нь гулжигнаад шарвах шиг болоод замын эсрэг урсгал руу орж зам хальж орж ирээд доогуур орсон. Манай машины урсгалын замаар зөрөөд өнгөрөх боломжтой байсан. Учир нь замыг бүрэн чөлөөлсөн байхад өөрөө ирж хөвөөн дээр мөргөөд доогуур орчихсон. Ингээд шууд замын хувилд орж зогссон....гэх мэдүүлэг /хавтатс хэргийн 199-200 дугаар хуудас/

Гэрч Н.Даваатулгын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.. Б.Бумбаярын зорчих хэсэгт цас хунгарлаагүй цас байгаагүй тэр өдөр цас хунгарлахаар хэмжээтэй ороогүй бага зэрэг орсон, модтой сүүдэр газрын цас хэвээрээ байсан өнгөц нимгнэ цас орсон байсан. Орсон цас хайлж байсан. Гадаа дулаан цаг агаартай байсан. Асфалтан зам дээрх цас хайлж байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас/

Шинжээч С.Сүхбаатарын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... хэргийн газрын үзлэгийн фото зурагт зам дээр хунгарласан цас байгаагүй байсан тул жолооч Бумбаярыг саадыг тойрон гарсан гэж үзэхгүй. Мөн Бумбаяр нь замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр явна гэсэн заалтыг зөрчсөн. Иймд зам тээврийн осол гарах нөхцлийг Бумбаяр бүрдүүлсэн байна..гэх мэдүүлэг /хавтатс хэргийн 205-206 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтатс хэргийн 214-218 дугаар хуудас/

Шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр №08тоот:

1.Өмнөх гаргасан шинжээчийн 105 дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Урал маркийн 82-77 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Түвшинбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.

Тоёота Чейзер маркийн 30-31 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Бумбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А.Согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  8. Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог  байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна Долоо хэвтээ тэмдэглэл”-ийн 25, 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно...гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

3. Жолооч Б.Бумбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/, 8.2., 9.1., Долоо “хэвтээ тэмдэглэл”-ийн 25. Гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэв...гэх дүгнэлт /хавтатс хэргийн 222 дугаар хуудас/

Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №175 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 241-242 дугаар хуудас/

Б.Бөхбатын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн... Миний урсгалын зам дээр цас мөс тогтож халтиргаатай байсан учир би уг бэрхшээлтэй өгсүүр замыг тойрон гарах үйлдэл хийж эсрэг урсгал руу орж явсан юм. Аюулгүй байдлаа бодож халтиргаатай замаар явалгүй эсрэг урсгалын зам руу тойрон гарах үйлдэл хийж зорчиж явсан....гэх мэдүүлэг /хавтас хэргийн 249-250 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн  2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №16 тоот:

1. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б.Түвшинбатын биенээс “цусны дээж авсан тухай тэмдэглэл”-д  хар өнгийн будагч бичгийн хэрэгсэл ашиглан бичсэн Б.Түвшинбатын нэрийг штрикдэж арилгасан нэрний дээр бичсэн байна...гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 9-25 дугаар хуудас/

23. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас/

Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай /хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас/

Н.Бөхбатын өвчний түүх /хавтаст хэргийн 59-69 дүгээр хуудас/

30. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                           Шүүгдэгч Б.Бумбаярын гэм буруугийн талаар Шүүхээс өгөх дүгнэлт.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Харнууд овогтой Бөхбатын Бумбаярыг Сэлэнгэ аймаг Хүдэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шандын даваа” гэх нэртэй газарт 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим 30-31 УБЛ улсын дугаартай “Чезер” маркын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар зөрж явсан 82-77 УБП улсын дугаартай Урал маркын тээврийн хэрэгслийн жолооч Б.Түвшинбатын  жолоодож явсан тээврийн хэрэгслийн доогуур орж, зам тээврийн осол гарган 30-31 УБЛ улсын дугаартай “Чезер” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.Уранчимэг, Б.Мөнгөнцацал нарын амь насыг хохироож, Н.Бөхбатын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, 2 хүний амь нас хохироох” гэмт хэрэгтЭрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр харъяалах шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан журмын дагуу хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуулийн шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байна гэж шүүх дүгнэв.

                Учир нь:Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан Бумбаярын хуруунаас дээж авсан тэмдэглэл, 13 дугаар хуудсанд дээж авах тухай мөрдөгчийн санал зэрэг баримтуудад 2017 оны 10 дугаар сарын 22-нд Хүдэр суманд дээж авсан байтал Сүхбаатар суманд дээж авсан мэтээр үйлдсэн тэмдэглэлүүд, хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд согтуурлын зэрэг тогтоосон 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А-33 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт 46 настай Бумбаяраас 0.8 хувийн промиллийн агууламж илэрсэн, согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. Бумбаяр нь 20 настай байхад яагаад 46 настай гэж  тэмдэглэсэн нь эргэлзээ төрүүлж байна. Мөн гэрч хохирогч нарын Бумбаярыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй талаар өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд зэрэг баримтуудаас харахад  мөрдөгчийн дээрхи зөрүүтэй тэмдэглэгээнүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчиж байгаа тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

     Иймээс Бөхбатын Бумбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8- заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Харин Бөхбатын Бумбаяр нь Сэлэнгэ аймаг Хүдэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шандын даваа” гэх нэртэй газарт 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим өөрийн эзэмшлийн 30-31 УБЛ улсын дугаартай “Чезер” маркын тээврийн хэрэгслийг   жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар зөрж явсан 82-77 УБП улсын дугаартай “Урал” маркын тээврийн хэрэгслийн   доогуур орж, зам тээврийн осол гарган “Чезер” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан өөрийн төрсөн эгч Ш.Уранчимэг, төрүүлсэн эх Б.Мөнгөнцацал нарын амь насыг хохироож, эцэг Н.Бөхбатын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, 2 хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчид зэрэг хэргийн оролцогчдын шинжлэн судалж, товлон ярилцсан бичгийн нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчүүдийн болон хохирогч нарын мэдүүлгүүдээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нэг бүрчлэн бичиж тэмдэглэв.

          Эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг хангалттай тогтоож чадсан байх тул Шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж шүүх дүгнэв. 

     Нөгөөтэйгүүр шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Иймээс шүүгдэгч Бөхбатын Бумбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, 2 хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хохирогч Н.Бөхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бумбаяраас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй, шүүхээс ялгүй гаргаж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч Б.Бумбаярыг Шүүх “авто ослын” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Ял шийтгэл хүлээлгэхдээ: Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, ар гэрийн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, 2 түүнээс дээш хүний амь нас хохироох” гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял, эрүүгийн хариуцлагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Бумбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Бөхбатын Бумбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Харнууд овогтой Бөхбатын Бумбаярыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хоёр хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар Бөхбатын Бумбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бумбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр  тогтоосугай.

5. Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Ялтан Б.Бумбаярт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, Прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.НАЦАГДОРЖ