Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00498

 

Н.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02981 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Н.М-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Ч-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

орон сууцыг бусдад дамжуулан хөлслөн олсон орлого, эд хөрөнгө эвдсэн болон ашиглалтын зардалд 2,503,941 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн болон сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбарын агуулга: Н.М нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр А.Ч-той зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээлсэн. Зээлийн гэрээний 3.3-д Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, Дандарбаатарын гудамж, 11 байр, 31 тоот 40 м.кв Ү-2204040244 дугаартай 2 өрөө орон сууцанд зээлийн хүүд тооцон хөлслөхөөр харилцан тохиролцсон.

                 Зээлийн гэрээний 3.4-д зээл олгох хэлбэр, хугацааг тохиролцсоны дагуу бэлнээр 230,000 төгрөг, дансаар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11,700,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. А.Ч нь үндсэн зээлийг төлөхгүй, мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн.

                 Иймд хариуцагчаас үндсэн зээл 12 000 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

                 Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 157,000 төгрөг, цахилгааны үлдэгдэл төлбөр 73,841 төгрөг, кабелийн төлбөр 39,500 төгрөг, нийт 270,341 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зурагтны удирдлаганы 15,000 төгрөг, хаалганы цоож сольсон 18,600 төгрөг, Н.М нь 2021 оны 03 сараас 07 сар хүртэл 4 сар байрыг хүлээлгэн өгөөгүй тул 4 сарын түрээсийн төлбөр 2,200,000 төгрөг, нийт 2,233,600 төгрөгийг Н.М гаас гаргуулж өгнө үү.

                 Учир нь А.Ч нь байраа хугацаандаа буцааж авсан бол дараагийн хүнд түрээслүүлэх боломжтой байсан гэж байна. Хариуцагч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, хугацаа хэтрүүлснээс болоод 2 жилийн хугацаатай гэрээ нэлээд хойшлогдсон.

                 Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 270,341 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2,233,600 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

          2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Н.М тай зээлийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, Дандарбаатарын гудамж, 11 байр, 31 тоот 2 өрөө орон сууцанд зээлийн хүүд тооцон амьдруулахаар харилцан тохиролцсон.

                 Н.М тай 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлсэн ба 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон. Орон сууцаа суллаж, авах талаар Н.М д хандсан боловч утас нь холбогдохгүй, орон сууцанд очиж үзэхэд А.Э гэх хүнд давхар түрээслүүлсэн байна.

                 Орон сууцыг зөвшөөрөлгүйгээр дамжуулан түрээслүүлсэн байх тул 4 сарын түрээсийн төлбөрт 2,200,000 төгрөг, төлөөгүй ашиглалтын зардал болох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 157,000 төгрөг, цахилгааны үлдэгдэл төлбөр 73,841 төгрөг, кабелийн төлбөр 39,500 төгрөг, зурагтны удирдлага 15,000 төгрөг, хаалганы цоож сольсон 18,600 төгрөг, нийт 2,503,941 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.Ч оос 15,529,660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.М д олгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 55,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 193,474 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

          4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэн зохих шийдвэрийг гаргасан боловч хэрэгт авагдсан баримтыг үнэлж дүгнэлгүйгээр хариуцагчаас алданги болох 6 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

          Хариуцагчаас гэрээнд заасан 2 жилийн хугацаа дууссан өдөр нэхэмжлэгчид зээлсэн мөнгийг буцааж өгөхөөр очиход утас нь холбогдохгүй байсан. Н.М утсаа авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан тул А.Ч нь орон сууцыг суллах зорилгоор шинэ түрээслэгчийг орон сууцнаас албадан гаргуулахаар шүүхэд хандсан талаар баримтууд хангалттай, нэхэмжлэгч уг баримтуудыг үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан учраас тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          1. Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянасан болно.

 

          2. Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч А.Ч-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцыг бусдад дамжуулан хөлслөн олсон орлого, эд хөрөнгө эвдсэн болон ашиглалтын зардалд 2,503,941 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

         

          Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “зээлийн гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Н.М нь А.Ч-т 12,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай  зээлдүүлэх, зээлийн хүүг тохирохдоо 2 жилийн хугацаанд А.Ч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг Н.М д хөлслөхөөр тохиролцсон байна.

 

          Н.М нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг А.Ч-т шилжүүлэн өгч, түүний орон сууцыг эзэмшилдээ хүлээн авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байх бөгөөд энэ талаар зохигчдын хэн аль нь маргахгүй байна.

 

          3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог шинжийг агуулсан тул холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээгээр тайлбарлавал тэдгээрийн хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

          Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон боловч хариуцагч А.Ч нь нэхэмжлэгч Н.М гаас зээлсэн 12,000,000 төгрөгийг буцаан төлөөгүй тул нэхэмжлэгч Н.М нь хариуцагч А.Ч оос Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж зөв дүгнэж анхан шатны шүүх хариуцагч А.Ч оос зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.М д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

         

          4. Талууд зээлийн гэрээний 3.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тохиролцсон ба уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн боловч нэхэмжлэгч нь алданги шаардах эрхээ алджээ. Учир нь зээлийн гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болоход нэхэмжлэгч Н.М нь хариуцагч А.Ч-т орон сууцыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар буцаан өгөөгүй. Түүнчлэн, Н.М уг орон сууцыг мөн хуулийн 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан хөлсөлсөн нь талуудын тайлбараар тогтоогджээ. Дээрх 2 зөрчил гаргасан үүрэг гүйцэтгүүлэгч Н.М г хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор алданги авах эрхээ алдсан гэж дүгнэж, алдангид 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

 

          Хариуцагч нь “гэрээнд заасан 2 жилийн хугацаа дууссан өдөр нэхэмжлэгчид зээлсэн мөнгийг буцааж өгөхөөр очиход утас нь холбогдохгүй байсан” тул үүргийг хугацаандаа гүйцэтгэсэн гэж дүгнэхгүй юм.

 

          5. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс 2,470,341 төгрөгийг хангаж, үлдэх 33,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар зохигч гомдол гаргаагүй болно.

 

          6. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хоорондох мөнгөн хөрөнгийн үүргийг харилцан тооцож болох тул үндсэн нэхэмжлэлээс зээлийн үүрэгт хангасан 12,000,000 төгрөгөөс сөрөг нэхэмжлэлээс хангасан 2,470,341 төгрөгийг хасч тооцвол 9,529,659 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй, үлдэх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

          Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02981 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 493 дугаар зүйлийн 493.1, 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Ч оос 9,529,659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.М д олгож, нэхэмжлэлээс 6,000,000 төгрөг болон сөрөг нэхэмжлэлээс 33,600 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “193,474 төгрөг” гэснийг “167,425 төгрөг” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                          Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ