Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 319/ШШ2025/00423

 

 

 

 

 

 

 

 

2025 06 18 319/ШШ2025/00423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн *******гийн *******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Уранцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч К.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... *******гийн ******* миний бие 1955 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумын Баянбулаг багт *******гийн 1 дэх охин болж төрсөн. ******* аймгийн ******* сумын 7 жилийн сургуулийн 1 дүгээр ангид 1963 онд элсэн суралцаад 1970 онд 7-р ангийг төгсч, 1970 оны 09 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийг сантехникч мэргэжлээр төгссөн. 1972 онд ******* сумын үйлдвэрийн барилгын бригадад ажиллаж байгаад 1973 онд ******* сумын иргэн С.*******тэй гэр бүл болж, замын салбарт орж ажилласан. 1986 оны 05 сарын 01 хүртэлх хугацаанд замын салбарт ажиллаж байгаад өвчний /улмаас ажлаасаа гарч группэд орсон болно. 1986 оны 05 сарын 01-ээс одоог хүртэл байнгын 70% хөдөлмөрийн чадвараа алдалтын тэтгэмж авдаг.

******* миний нэрийг тушаал болон хөдөлмөрийн дэвтэрт Хадича, *******, гэх мэт өөр өөр бичсэн байх тул миний нэрийн эхний X үсгийг К болгон залруулж, мөн ******* намайг 1973 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 01 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн Зам барилга, ашиглалтын конторт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ******* аймаг дахь Засаг даргын тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 493 дугаартай албан бичиг түүний хавсралтаар 1981 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаартай, 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай Авто замын ерөнхий газрын ******* аймгийн зам барилга ашиглалтын конторын даргын тушаалуудын архивын баталгаат хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн эх хувь зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3. Шүүхээс ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 29/549 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч К.*******гийн нэр дээрх ХААТР-1, ХААТР-21 маягтуудын баталгаат хуулбар, мөн ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29/571 дугаартай албан бичгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч К.*******гийн шүүхэд гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч К.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр К.******* намайг мөн болохыг тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

4. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч хүсэлт гаргагч К.******* мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын тухайд:

4.1 Шүүхээс ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч К.*******гийн нэр дээр ХААТР-1, ХААТР-21 маягтуудын баталгаат хуулбарыг авахад:

- ХААТР-21(A) магтад Овог-*******, эцэг/эх/ийн нэр-*******, нэр-******* гэж бичигдсэн байдал,

4.2. Мөн ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргаг К.*******гийн овог, эцэг, эхийн нэр, нэр өөрчилсөн эсэх лавлагааг авахад:

- Улсын бүртгэлийн хэлтийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29/571 дугаартай албан бичгээр Тус аймгийн иргэн К.******* нь 1955 онд ******* аймгийн ******* суманд төрсөн гэх боловч манай иргэний баримтын архивт ******* сумын 1955 оны төрөлтийн бүртгэлийн дэвтэр байхгүй тул төрсний бүртгэл гарах боломжгүй байна гэх албан бичиг ирүүлсэн байна.

4.3. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ ...К.******* миний нэрийг Авто замын ерөнхий газрын ******* аймгийн зам барилга ашиглалтын конторын даргын тушаалууд болон хөдөлмөрийн дэвтэрт Хадича, Хадиша, гэх мэт өөр өөр бичсэн... гэж тайлбарлах ба ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 29/549 дугаартай албан бичгээр ирүүлсэн К.*******гийн нэр дээрх ХААТР-1, 21 маягтууд, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29/571 дугаартай албан бичиг зэргээр Барилгын техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт К.Хадиша гэж бичигдсэн нь *******гийн ******* мөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

5. Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагын тухайд:

5.1. Хүсэлт гаргагч К.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагаа 1973 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймаг дахь Зам гүүрийн барилга конторт нормчноор, 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ******* аймаг дахь Зам гүүрийн барилга конторт цэвэрлэгчээр, 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* Зам барилга ашиглалтын конторт бетончноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодруулсан.

5.2. Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-ыг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

5.3. Хүсэлт гаргагч К.*******гийн нэр дээрх Барилгын техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт:

- 1. 1965.09.01, Баян-Өлгий аймгийн барилгын техник мэргэжлийн сургуулийн сурагчаар элсүүлэв. гэх бичвэртэй Барилгын сургуулийн захирлын 1969 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 110 тоот тушаалаар гээд Баян-Өлгий аймгийн Улсын барилгын зөвлөлийн тамга дарагдсан байдал,

- 2. 1971.07.01, барилгын техник мэргэжлийн сургуулийг төгсгөв. гэх бичвэртэй Барилгын сургуулийн 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 142-р тоот тушаалаар гээд Баян-Өлгий аймгийн Улсын барилгын зөвлөлийн тамга дарагдсан байдал,

- 1973.05.18, зам гүүрийн барилгад нормчноор авч ажиллуулав гэх бичвэртэй зам гүүрийн барилга конторын даргын 1973 оны 05 сарын 18-ны өдрийн 82 тоот тушаалаар гэж бичигдсэн байдал,

- 1980.01.30, зам гүүрийн барилга конторын нормчны ажлаас чөлөөлж цэвэрлэгчээр авч ажиллуулав гэх бичвэртэй зам гүүрийн барилга конторын даргын 1973 оны 05 сарын 18-ны өдрийн 82 тоот тушаалаар гэж бичигдэж зам гүүрийн барилга конторын даргын 1980 оны 01 сарын 30-ны 08 тоот тушаалаар гэж бичигдсэн байдал,

- 1981.07.21, Завхан аймгийн Богд чилэстэйн гүүрэнд бетончноор ажиллуулав гэх бичвэртэй ******* зам барилга ашиглалтын конторын даргын 1981 оны 07 сарын 26-ны 86 тоот тушаалаар гэж бичигдсэн байдал,

- 1986.05.01, Тахир дутуугийн группт орох болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэх бичвэртэй Зам барилга ашиглалтын конторын даргын 1986 оны 05 сарын 08-ны 44 тоот тушаалаар гэж бичигдсэн байдал,

5.4. Уг хөдөлмөрийн дэвтэр дээрх он, сар нь ажил олгогчийн гарын үсэг, тэмдгээр, ажилд томилсон нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр тус тус албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагч К.*******гийн ажилласан хугацааг тооцож, тогтоох үндсэн баримт гэж үзэв.

5.5. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хүсэлт гаргагч К.*******гийн ажилд томилсон, чөлөөлсөн бичилтийг дараах нотлох баримттай харьцуулан дүгнэлээ. Үүнд:

- Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

- Иргэн С.*******, К.******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- ******* аймгийн засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 493 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1981 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаартай албан бичгээр ирүүлсэн Авто замын ерөнхий газрын ******* аймгийн зам барилга ашиглалтын конторын даргын Ажилд авах тухай тушаал, 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай албан бичгээр ирүүлсэн Авто замын ерөнхий газрын ******* аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалуудтай цаг хугацааны хувьд тохирч байна гэж үзлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

7. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн *******г 1973 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймаг дахь Зам гүүрийн барилга конторт нормчноор, 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ******* аймаг дахь Зам гүүрийн барилга конторт цэвэрлэгчээр, 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* Зам барилга ашиглалтын конторт бетончноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1973 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймаг дахь Зам гүүрийн барилга конторт нормчноор, 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ******* аймаг дахь Зам гүүрийн барилга конторт цэвэрлэгчээр, 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* Зам барилга ашиглалтын конторт бетончноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС