Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2026/0394

 

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2026/0394

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.А*******,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/143 дугаартай хүсэлт шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын даргын албан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны 100,511,919 төгрөгийн цалинг гаргуулах, эрүүл мэнд 2,509,868 төгрөг болон нийгмийн даатгалын 13,176,809 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Б.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г*******, М.Г*******.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хүслэн.

Танхимын дугаар: 3

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

    1. Нэхэмжлэгч Б.А******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдсон. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил албан тушаалаас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажлын зайлшгүй шаардлагаар томилогдон ажиллаж байх хугацаанд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ЦХШЗ/129а дугаар Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж гарч, үүний дагуу Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.

 

    1. Дээрх эрүүгийн хэргийг 11 сарын хугацаанд шалгасны эцэст Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Зарим яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 62 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Б.А******* надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 14-ний өдрийн 2023/Ш3/288 дугаар шүүгчийн захирамжаар албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ.

 

    1. Ингэснээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Энэ хуулийн 55.1-д заасан хугацаа өнгөрсөн, эсхүл энэ Хуулийн 55.2-т заасан нөхцөл үүссэн өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэнд тооцно гэж заасны дагуу Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар тушаалын үйлчлэл дуусгавар болж Б.А******* миний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргэсэн гэж үзэж 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Л.М******* даргад хүсэлт гаргасан боловч албан тушаалд томилох боломжгүй гэсэн хариуг өгсөн болно.

 

    1. Мөн 2025 оны 08 дугаар сарын 11, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус тус дахин өргөдөл өгсөн бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Б*******аас 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/143 дугаар албан бичгээр урьд эрхэлж байсан албан тушаалд томилон ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргасан бөгөөд гомдлыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн юм.
    2. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.9-д ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгалах-аар хуульчилсан байх тул Б.А******* миний гомдлыг хүлээн авч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б.А******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэсний... тухайд түүнийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ЦХШЗ/129а Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийн арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж гарч, үүний дагуу Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.2. Энэ нь захиргааны байгууллага түүний албан үүргийг өөрийн санаачилгаар буюу хууль зөрчиж түдгэлзүүлээгүй ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 2022/ЦХШЗ/129А дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ...гэсний дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бөгөөд энэ нь ажил олгогчийн зүгээс гаргасан буруутай шийдвэр биш юм.

2.3. Харин түүнийг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 7.1.5 дахь заалт, 7.1.6 дахь заалт, мөн Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх заалтын 2 дахь хэсэг, 22.8 дахь зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

2.4. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр тооцож шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЦХШ/129 дугаартай захирамжаар түүнийг суллаж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ТХШЗ/129А дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан, мөн шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ТХШЗ/1295 дугаартай захирамжаар 15 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, мөн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ТХШЗ/129В дугаартай захирамжаар суллаж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авчээ.

2.5. Түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/Ш3/288 дугаартай захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй,

2.6. Мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан Төр хариуцан арилгана..., 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараах эд хөрөнгийн хохирлыг нөхөх төлүүлнэ... заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөх төлүүлэх нэхэмжлэлээ холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэх боломж нь түүнд нээлттэй байна.

2.7. Түүнчлэн Б.А*******ийн хуучин ажиллаж байсан ажилдаа эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн тухайд түүнийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ЦХШ3/129а Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийн арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж гарч, үүний дагуу Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.8. Түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/Ш3/288 дугаартай захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь хэсэгт Шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай,

2.9. 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгана... гэж зааснаар шүүхийн шийдвэрийг хохирогч давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хамаарч 2023 оны 10 дугаар сард Захиргааны байгууллагад зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хүсэлт гаргах, мөн дээд шатны байгууллагад гомдол гаргах, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа түүнд байсаар байтал Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, 94.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.2, 54.3.3 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан болзол шаардлагыг эс биелүүлсэн байна.

2.10. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2024 онд хандаж 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Л.М******* даргад хүсэлт гаргасан боловч албан тушаалд томилох боломжгүй гэсэн хариуг өгсөн талаар дурдсан бөгөөд өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдсөн гэдгээ мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байтал нэхэмжлэгчээс энэ хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байна гэж үзэж байна.

2.11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгчээс 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодорхойлж,

4. Эцсийн байдлаар 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/143 дугаартай хүсэлт шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын даргын албан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны 100,511,919 төгрөгийн цалинг гаргуулах, эрүүл мэнд 2,509,868 төгрөг болон нийгмийн даатгалын 13,176,809 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодруулсан бөгөөд энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

5. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б*******гийн А*******ийг ажилд түр томилох тухай Б/10 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилж(Хавтаст хэргийн 9 дэх талд), Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б*******гийн А*******ийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох тухай Б/23 дугаар тушаалаар Б.А******* нь удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн тул Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд томилсон(Хавтаст хэргийн 10 дахь талд).
    2. Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б*******гийн А*******ийг ажилд түр томилох тухай Б/06 дугаар тушаал(Хавтаст хэргийн 99-100 дахь талд)-аар Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан ажлын зайлшгүй шаардлагаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр... томилсон.
    3. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЦХШЗ/129а дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.А*******ийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, үүний дагуу Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б*******гийн А*******ийн ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх тухай Б/07 дугаар тушаалаар 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлжээ.
    4. Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Зарим яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 62 дугаартай тогтоолоор Б.А*******д холбогдох зарим хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон(Хавтаст хэргийн 80-84 дэх талд).
    5. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЗ288 дугаартай Хязгаарлалт тогтоох, тодорхой ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.А*******д авсан Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн таслах сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосон(Хавтаст хэргийн 6-8 дахь талд).
    6. Нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандан ...Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Г.Б*******эд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өргөдөл гаргасан боловч өргөдлийн хариуг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.9-д ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий албан байгууллагаас түдгэлзүүлсэн тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгалахаар хуульчилсан байх тул Б.А******* намайг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг үргэлжлүүлэн эрхлэх нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү гэх өргөдөл(Хавтаст хэргийн 44-45 дахь талд)-ийг гаргасан.
    7. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/2163 дугаар албан бичиг(Хавтаст хэргийн 12 дахь талд)-ээр ...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж заасан тул таныг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй гэж үзэх үндэслэлтэй байна гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн.
    8. Нэхэмжлэгчээс 2025 оны 08 дугаар сарын 11(Хавтаст хэргийн 62-63 дахь талд), 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандан ...Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.9-д ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий албан байгууллагаас түдгэлзүүлсэн тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгалахаар хуульчилсан байх тул Б.А******* намайг албан үүргийг үргэлжлүүлэн эрхлэх нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү гэх өргөдөл(Хавтаст хэргийн 46-47 дахь талд)-ийг гаргасан.
    9. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/143 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг(Хавтаст хэргийн 5 дахь талд)-ээр ...Хязгаарлалт тогтоох, тодорхой ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай захирамжийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан байхад та тус байгууллагад хүсэлтээ хамгийн анх 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, энэ хуулийн 154.2.1 дэх заалтад зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор... гэсэн хуулийн хугацаа өнгөрсний дараа ирүүлсэн байх тул таныг урьд эрхэлж байсан албан тушаалд томилон ажиллуулах боломжгүй гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн.
    10. Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч Хүний эрхийн үндэсний комисст хандан гомдол гаргасан ба Хүний эрхийн үндэсний комиссоос 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/335 дугаар Гомдол шилжүүлэх тухай албан бичиг(Хавтаст хэргийн 11 дэх талд)-ээр ...эрх хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосноор Б.А*******ийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн эрх зүйн үр дагавар дуусгавар болсон байна. Иймд ажилтан ажилд орох хүсэлтээ хожим гаргасан нь түүний өмнөх албан тушаалд нь эгүүлэн томилогдох эрхийг хязгаарлах, үгүйсгэх хууль зүйн үндэслэл биш. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3 дахь хэсэгт заасны дагуу Б.А*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд иргэн Б.А*******ийн гаргасан гомдлыг шалган шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу танд шилжүүлж байна гэх хариуг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн.
    11. Шүүхээс уг гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг тодруулахад Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1029 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 86 дахь талд)-ээр Б.А*******ээс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр энэхүү асуудлаар манай байгууллагад гаргасан гомдлын хариуг тус газрын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/143 дугаартай албан бичгээр хүргүүлсэн бөгөөд утга агуулга нэг гомдол байсан тул Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу хариу хүргүүлээгүй болно гэх хариуг шүүхэд ирүүлсэн.
    12. Мөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/288 дугаартай шүүгчийн захирамжийг ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн эсэхийг Нийслэлийн прокурорын газраас тодруулахад Хил хамгаалах ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Б******* нарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасан. Тус прокурорын газраас дээрх захирамжийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлээгүй болно гэх хариуг шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Ц-2/4196 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 123 дахь талд)-ээр ирүүлсэн.

Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

    1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.А******* нь Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын тушаалаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдож, улмаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ЦХШЗ/129А дугаартай захирамжаар албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд үүний дагуу Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар түүний албан үүргийг түр түдгэлзүүлсэн болох нь тогтоогдож байна.
    2. Дараа нь Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, мөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/288 дугаартай захирамжаар түүнд авсан албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх болон бусад хязгаарлалтын арга хэмжээг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
    3. Ийнхүү албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн эрх зүйн үндэслэл арилсан нөхцөлд нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргэх боломж бүрдсэн гэж үзэх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 55.1-д Ажилтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно, 55.2-т Энэ хуулийн 55.1-д заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон бол шийдвэр гаргасан этгээд энэ тухайгаа ажил олгогчид ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ, 55.3-т Энэ хуулийн 55.1-д заасан хугацаа өнгөрсөн, эсхүл энэ хуулийн 55.2-т заасан нөхцөл үүссэн өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэнд тооцно гэж заасантай нийцсэн.
    4. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.9-д ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгалах-аар заасан нь ажилтныг хууль ёсны үндэслэлээр албан үүргээс түр чөлөөлсөн нөхцөлд түүний ажлын байрны баталгааг хадгалах зорилготой зохицуулалт бөгөөд энэ нь эцсийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүрэн дуусгавар болсон гэж үзэхгүй байх эрх зүйн үр дагаврыг бий болгодог.
    5. Гэвч дээрх зохицуулалтыг дангаар нь авч үзэх бус, тухайн албан тушаалын эрх зүйн статустай уялдуулан тайлбарлах шаардлагатай бөгөөд энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд тодорхой нөхцөлд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны үндсэн дээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно гэж заасан нь түр орлон гүйцэтгэх ажиллагаа нь үндсэн албан тушаалын эрх зүйн харилцааг дуусгавар болгох шинжгүй, харин тухайн албан хаагчийн суурь эрх зүйн байдлыг хадгалсан, зохион байгуулалтын түр шинжтэй зохицуулалт болохыг илэрхийлж байна.
    6. Нөгөө талаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө гэж заасан нь тухайн албан тушаалд томилох, чөлөөлөх эрх нь хуульд заасан тусгай субъектийн бүрэн эрхэд хамаарч, сонгон шалгаруулалтын үр дүн болон эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр үүсэх эрх зүйн үр дагавартай болохыг харуулж байна.
    7. Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зөвхөн түр орлон гүйцэтгэгчийн хэлбэрт тулгуурлан хязгаарлан үзэх боломжгүй бөгөөд түүний анх төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдсон суурь эрх зүйн байдал, дараа нь түр орлон гүйцэтгэгчээр ажилласан зохион байгуулалтын шинжтэй харилцаа, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох төрийн албаны хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаа, хөдөлмөрийн хуульд зааснаар ажлын байрыг нь хэвээр хадгалах, түүнчлэн эдгээрийн хоорондын эрх зүйн залгамж холбоог хамтад нь үнэлэх шаардлагатай байна.
    8. Мөн хэрэгт авагдсан баримтаар Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй гэж үзсэн, түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисс болон хөдөлмөрийн эрхийн харилцаатай холбоотой эрх бүхий байгууллагуудаас албан үүргийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилж, хөдөлмөрлөх эрх сэргээгдсэн гэж дүгнэсэн агуулгатай албан хариу өгсөн нь тогтоогдож байна. Энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөвхөн түдгэлзүүлэлтийн хугацаагаар хязгаарлах боломжгүй, харин хөдөлмөр эрхлэлтийн суурь харилцаа сэргээгдсэн нөхцөл байдалтай хамтад нь авч үзэх шаардлагатайг илэрхийлж байна.
    9. Гэсэн хэдий ч тухайн албан тушаалд эгүүлэн томилох эсхүл ижил түвшний албан тушаалд шилжүүлэх асуудал нь зөвхөн өмнөх харилцааны үр дагавраар шууд шийдвэрлэгдэх боломжгүй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сонгон шалгаруулалт, томилох эрх бүхий этгээдийн бүрэн эрх, Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын хүрээнд захиргааны байгууллагын шийдвэрлэх эрх хэмжээний асуудалд хамаарч байна.
    10. Түүнчлэн хэрэгт цугларсан баримтаар байгууллагын бүтэц, зохион байгуулалтад бодит өөрчлөлт орсон нь тогтоогдож байх бөгөөд тухайлбал нэхэмжлэгчийг анх томилсон Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын бүтэц татан буугдсан, харин дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь дүүргийн нийгмийн даатгалын газар болгон өөрчлөн зохион байгуулагдсан, өмнө нь Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга нэхэмжлэгчийг ажилд томилдог байсан бол уг бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга томилох эрх, үүрэгтэй болсон ба эдгээр өөрчлөлт нь өмнөх албан тушаалын эрх зүйн болон зохион байгуулалтын агуулга хэвээр хадгалагдсан эсэх, эсхүл түүнийг орлох шинжтэй шинэ албан тушаал бодитоор бий болсон эсэхийг тогтоох шаардлагыг үүсгэж байгаа бөгөөд энэ нь зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шууд шүүхээс дүгнэн нэг мөр шийдвэрлэх боломжтой асуудалд хамаарахгүй байна.
    11. Өөрөөр хэлбэл эдгээр нөхцөл байдлын үндсэн дээр нэхэмжлэгчийг аль тодорхой албан тушаалд эгүүлэн томилох эсхүл шилжүүлэн ажиллуулах эсэх, ажилгүй байсан хугацааны цалинг олгох эсэхийг шүүх шууд тогтоох боломжгүй бөгөөд энэ нь байгууллагын бүтэц, орон тоо, шинэчилсэн чиг үүрэг, сонгон шалгаруулалтын шаардлага, мөн эрх бүхий этгээдийн томилох бүрэн эрхтэй шууд холбоотой, захиргааны байгууллагын мэргэжлийн үнэлгээ шаардсан асуудал байна.
    12. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, шүүхийн шинжлэн судлах боломжийн хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл хэргийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.
    13. Хариуцагч байгууллага дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгчийн анхны төрийн жинхэнэ албан хаагчийн статус, түр орлон гүйцэтгэгчийн эрх зүйн шинж, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс болон хөдөлмөрийн эрхийн харилцаатай холбоотой байгууллагуудаас өгсөн дүгнэлт, мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан томилох бүрэн эрх, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан түр орлон гүйцэтгэх зохицуулалтын агуулга, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан хөдөлмөрлөх эрх нь сэргэсэн байдал, 60 дугаар зүйлийн 60.1.9-д заасан ажлын байрыг нь хэвээр хадгалах, түүнчлэн байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтийн бодит нөхцөл байдлыг иж бүрнээр харгалзан үзэж, хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 60 дугаар зүйлийн 60.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоохоос татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/143 дугаартай захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ