Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 373

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Н.Онон,

Шүүгдэгч Э.Б,

Хохирогч Ц.Онарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ЭБт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805008720288 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1960 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 57 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Тэмүүлэл-10 СӨХ-ны гүйцэтгэх ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхоны 102-67 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ЭБ /РД: /

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 2 дугаар сарын 02-нд орой 23 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүлэл хотхоны гадна автомашины зогсоолоос болж хохирогч Ц.Одбаяртай марган улмаар нүүрэн тус газарт нь цохиж, маажиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Би Сонгинохайрхан дүүргийн Орчлон хороололд ээж байдаг ба ээжийнд байж байхад харуул залгаад машинаа тавья гэхээр нь гарахад харуул хохирогчийг өөр хүний зогсоол дээр машинаа тавиулсан байсан. Тэгээд зогсоолд тавих машин 23 тоот зогсоолд машинаа орхиод зогсоол суллаад дуудаарай гэсэн юм билээ. Тэгтэл нөгөө машинаа холдуулаач гэж хохирогчид хэлээд гарч ирээгүй. Манайд ямарч харьер машин байхгүй ба нөхөр машин байхгүй. Би машинаа тавьж байхад харуул энэ залуу машинаа гаргахгүй байна гэхэд чи машинаа гаргачих гэхэд гаргахгүй согтуу байна гэхээр нь би гаргаад өгье гэхэд үгүй гээд нэлээд маргалдсан. Тэгэхээр нь ачуулна шүү гэхэд түлхүүр байхгүй гээд гаргахгүй гээд байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байсан. Нүүр ам руу нулимаад түлхэхээр нь би арагш унахдаа нүүрийг нь маажсан. Намайг түлхэх үед цагдаагийн машин ирсэн ба өөр хүмүүс байсан. Дараа нь манай харуулыг даргыгаа согтуу байсан гэж хэл гээд дарамталсан гэсэн. Дараа нь 104 тоот байрны эзэн Баатар гэж залуу би дүүгээ орхичихсон чинь бүтэхгүй залуу гэж байсан. Би 823 өрх хариуцсан орон сууцны СӨХ-ийн ажил хариуцдаг. Дараа нь би зургийг нь харахад нүүрийг нь маажсан байна лээ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Омэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр найз Мөнгөнзулын гэрт ирсэн. Тухайн үед энд тавьчих гэхээр нь байрны доор зогсоолд машинаа орхиод дээш гэрт нь орсон. Тэгтэл зогсоолоос машинаа гарга гэхээр нь би гарахад зогсоолын эзэн байхгүй тул манаачтай тохиролцоод машинаа байлгах талаар ярилцаад байж байхад гаднаас нэг харьер орж ирээд араас нь 2 халамцуу хүн орж ирсэн. Тэгээд шүүгдэгч машинаа гарга гээд хэл амаар дайрч доромжлоод нүүр маажсан” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Омэдүүлэхдээ:  “2018 оны 2 дугаар сарын 02-ны орой Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхонд найз Мөнгөнзулын гэрт 22 цагийн үед орсон. Байрны гадна машины зогсоол байхгүй байсан болохоор дулаан граж дотор оруулаад машинаа тавиад, утасны дугаараа тавьсан байсан. Тэгтэл шөнийн 01 цагийн үед машинаа гарга гээд 1 хүн ярьсан. Би за одоохон гаргалаа гээд гарах гэтэл дахиад тэр утаснаас залгаад 5 минутын дотор ирэхгүй бол 4 дугуйны чинь хийг гарган шүү гэсэн. Би хувцасаа хальт өмсөөд гражруу очиход машины зогсоолын эзэн байхгүй байсан. би манаачтай яриад машины зогсоолын эзэн байхгүй байна, хажуу тийш шахаад машинаа тавьчих уу гээд яриад байж байхад гаднаас хар өнгийн харьер машинтай хүн орж ирээд зогсоол руу ороод зогссон. Тэр харьер машины араас 2 халамцуу ах бууж ирсэн. Нөгөө 2 ах манаач бид хоёрын яриаг сонсчихоод наад машинаа гарга зайлуул гэсэн. Гэтэл машины урд жолооны араас настай эгч бууж ирээд наад гуйлгачин чинь юу гээд байгаан, би хариуцдаг, ямар машин байлгах үгүйгээ би мэднэ гээд янз бүрийн үг хэлээд доромжилсон. Тэгтэл тэр эгч намайг эхлээд өшиглөсөн би тухайн үед тэр эгчийн урдаас дайраагүй, та нас намбандаа бай олон хүмүүс нийлээд надруу битгий дайраад бай гэж хэлсэн бид хэд бол нилээн хэрэлдсэн тэр эгч намайг түлхээд байсан. би ээж шигээ хүнтэй юм ярихгүй гээд цааш түлхсэн, тэгтэл миний нүүрийг майжсан. Тэр орчинд байсан хүмүүс цагдаа дуудсан...

Намайг тэр хүүхэн барьж авах гээд цамцнаас зуурч 3 ширхэг товч тасрах үед би тэр хүүхний гарыг тавиулах гээд өөрөөсөө холдуулах гээд түлхсэн. Миний товч тасарсан тэр хүүхэн надаас зуурах гэж байхдаа маажиж хуруунд нь байсан бөгж нь миний нэг шүдийг цохисон. Шүдний сулрал нь тухайн үед үүссэн гэмтэл юм...” гэжээ. /хх 13, 14 хуу/

 

Гэрч Д.Амарбаясгалан мэдүүлэхдээ: “...орой 23 цаг өнгөрч 00 цаг болж байхад УБЕ 7511 улсын дугаартай приус машин дулаан зогсоолд орсон. Ахынхаа зогсоолд машинаа тавина гэсэн тэр зогсоолын эзэн нь ирэхэд би 7511 машины жолооч руу залгаад машинаа гарга гэж хэлсэн тэр залуу удаагүй ирсэн. Тэгээд би хэлсэн чинь машинаа гаргахгүй байсан. Би согтуу байна машин барихгүй гээд гаргахгүй байсан. Та хамт явсан эмэгтэй хүнээ дуудаад машинаа гаргачих гэхэд түлхүүр алга гэсэн, би тэгээд СӨХ-н захирал Б даргыг дуудсан. Б дарга ирээд тэр залууг машинаа гарга гэж хэлэхэд түлхүүр байхгүй гээд байсан. тэр залуу Б даргатай маргах үед би хажууд нь байгаагүй би грашаа цоожлоод ирэх үед тэр залуу хяддаг газар алуулмаар байна уу гээд дарга руу орилоод байсан. Тэр залуу даргаруу 2 удаад нулимаад тэгээд түлхсэн дарга хойш унах гэж байхдаа тэр залуугийн нүүрийг маажсан байх дараа нь тэр согтуу залуу ирээд надтай уулзаад намайг алуулана дүү нартаа хэлнэ гээд занаад явсан...” гэжээ. /хх 26 хуу/

 

Гэрч Д.Дорждаваа мэдүүлэхдээ: “...4525 цагаан приус 20 машинтайгаа дулаан грашд ороод зогсоход нэг согтуу залуу граш дотор байсан. Бийн ажил өөрийн ажил болохоор шөнө болгон дуудагдаж явдаг. Хүн амны хэрэг гарсан ч Бийг дууддаг юм. Тийм болохоор би шууд гэртээ ороод Б тэр согтуу залуутай яриад үлдсэн. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Сүүлд эхнэр цагдаа дээр очоод ирлээ гээд өглөө орж ирсэн. Би Бийг ажлаа хийгээд явсан гэж бодоод юм бодоогүй. Бийн хэлж байгаа нь унахдаа барих гэж байгаад гараараа маажсан гэж байсан....” гэжээ. /хх 27 хуу/

 

Гэрч Т.Мөнхзул мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын  02-ны орой Одбаяр бид хоёр манай гэрт цуг ирсэн. Байрны гадаа машинаа тавих гэхэд машины зогсоол байхгүй байсан байрны граш онгорхой байхаар нь машинаа тавьсан. Тэгээд машин дээр нь миний утасны дугаарыг тавьсан. Одбаяр манайд хонох байсан юм. 00 цаг хүртэл миний утас нээлттэй байж байгаад унтах гээд утсаа унтраасан. Тэгснээ машин дээрээ утасны дугаараа тавьсан болохоор Одбаяр намайг утсаа асаа гэсэн. Тэгээд утсаа нээхэд нэг хүн залгаад машинаа хурдан гарга гэж байна гээд Одбаяр оймсоо өмсөлгүй гараад явсан. Одбаяр гэрт орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь гарахад Одбаяр нүүрээ маажуулсан байсан...” гэжээ. /хх 25 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2200 дугаартай дүгнэлт: “1. Ц.Одбаярын биед хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булан, хоёр хацар, амны зүүн буланд зулгаралт, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 31 хуу/

 

Хохирлын баримтууд /хх 16 -24 хуу/

Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51, 52/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 2 дугаар сарын 02-нд орой 23 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүлэл хотхоны гадна автомашины зогсоолоос болж хохирогч Ц.Одбаяртай марган улмаар нүүрэн тус газарт нь цохиж, маажиж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчийн нүүрийг маажсанаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.О/хх 13, 14/, гэрч Д.Амарбаясгалан /хх 26/, Д.Дорждаваа /хх 27/, Б.Мөнхзул /хх 28-29/ нарын мэдүүлэг, хохирогчийн хохирлын баримтууд /хх 16-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2200 дугаартай дүгнэлт /хх 31/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51,52/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн “бусдын өмчилсөн зогсоолд дураараа машинаа байрлуулсан, машинаа гарга гэх шаардлагыг хүлээн авахгүй, бусдыг хэл амаар доромжилсон” зэрэг хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хохирогч Ц.Онь нүүрэнд учирсан зулгаралт гэмтлээ эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд нийт төлбөр нь 1.450.000 төгрөг, сорвины тосны үнэ 28.000 төгрөг, унааны зардал 105.800 төгрөг, шүдний эмчилгээний зардал 600.000 төгрөг зэрэг нийт 2.183.800 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогчийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

 

            Учир нь: хохирогч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр учирсан гэх гэмтлийг хаана үзүүлж ямар эмчилгээ хийлгэх болон хийлгэсэн талаар баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй.

 

            Түүнчлэн шүдний эмчилгээний 600.000 төгрөгийн зарлагын баримт хэрэгт өгсөн гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт “уг эмчилгээг хийлгээгүй” гэж мэдүүлснээс гадна уг зарлагын баримтын тамга нь Дархан уул аймгийн аж ахуйн нэгжийн өөр нэртэй дардас дарагдсан байгаа нь ойлгомжгүй байна.

 

            Мөн энэ хэргийн улмаас шатахуун болон таксины үйлчилгээ авсан гэх боловч уг баримт нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэйгээс гадна өдөрт 25-28 км газар хаагуур яах гэж явсан болох нь тодорхойгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

 

            Хохирогч Ц.Онь 28.000 төгрөгийн үнэтэй тос авч хэрэглэсэн гэх боловч уг тосыг хэрэглэх болсон шалтгаан тодорхойгүй ба Family гоо сайхны салоноор сорив арилгах эмчилгээ хийлгэсний төлбөр 1.450,000 төгрөг гэх боловч уг гоо сайхны салон ийм төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөлтэй эсэх, хохирогчийн нүүрэнд эмчилгээ үйлчилгээг хийсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.  

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ЭБийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ЭБийг 450  нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Боржигон овогт Ц. О нэхэмжилсэн нэхэмжлэлээс унааны зардал 105800 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, шүдний эмчилгээний зардал 600,000 төгрөг, тосны үнэ 28000 төгрөг, салоны гоо сайханы эмчилгээний төлбөр 1.450.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч уг гэмтэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ