Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00501

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 103/ШШ2022/00039 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Т.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч “БЗӨБЦТС” ТӨХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 3,647,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө 04 цаг 30 минутын орчимд манай гэрийн гэрэл чийдэн хагарч, цахилгаан хэрэгсэл шатаж хиншүү утаа гарч эхэлсэн.

         Өглөөний 9 цаг 10 минутад Багануур цахилгаан түгээх сүлжээ салбарын албаны ажилчид цахилгаан хэрэгслүүдэд үзлэг, шалгалт хийсэн. Үзлэгээр Самсунг /Samsung/ брендийн 49 инчийн зурагт, бидэ суултуур, Виникс /Winix/ брендийн ус цэвэршүүлэгч, Хана /Hana/ брендийн хөлдөөгч, Хаиер /Haier/ брендийн хөргөгч, цахилгаан зуух, тэжээлийн залгуурууд, гэрэл зэргийг шатсан болохыг баталгаажуулсан.

          Оршин суугчид цахилгаан түгээх сүлжээ компанитай гэрээ байгуулж, сар бүр цахилгаан эрчим хүч хэрэглэснийхээ төлбөрийг тогтмол төлдөг. Эрчим хүчээр хангах гэрээг 2013 оноос эхэлж байгуулсан ба 2013 оноос байгуулсан гэрээгээ үрэгдүүлсэн тул 2022 онд шинээр байгуулсан гэрээг шүүхэд өгсөн.

          Энэ байрыг улсын комисс хүлээж авсан эсэх нь цахилгаан хэрэглэгч бидэнд  хамааралгүй. Манай байрны цахилгаан эрчим хүчийг Цахилгаан түгээх сүлжээ компани хариуцдаг.

          Засварын төвүүдээс засварын үйлчилгээ авч холбогдох баримтуудаа шүүхэд өгсөн. Линекс /Linex/ брендийн ус цэвэршүүлэгчийг “Үжин” засварын компаниар хавтан /плат/ солиулсан. Бидэ буюу суултуурын он хуучирсан, энэ суултуур Монголд орж ирэхээ больсон, шинэ загвар орж ирдэг болсон тул засварлах боломжгүй гэсэн тул шинийг худалдаж авсан.

          Цахилгаан зуухыг “Номин” ХХК-аас худалдаж авсан ба тухайн компанийн засварын төв нь засварлах боломжгүй гэсэн хариу өгсөн. Дээрх эд зүйлээ засуулахаар  Багануур дүүргээс Улаанбаатар хот руу автомашинаар явсан бензиний зардлыг гаргуулна.

          Иймд хариуцагч байгууллагаас эд хөрөнгөд учирсан хохиролд 3,647,490 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны айлуудаас цахилгаан хэрэгсэл шатсан дуудлагыг “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Багануур цахилгаан түгээх сүлжээ салбарт 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 цаг 40 минутад дуудлага өгснөөр тус салбарын шуурхай үйлчилгээний монтёр Д.А үзлэг хэмжилт хийхэд уг орон сууцны 0.4 кв-ын ерөнхий щитээс тоолуур нэгтгэсэн щит хоорондын холболтын далд кабел шугамын 0 фазын утас тасарснаас хүчдэл ихэссэн нь тогтоогдсон.

          Улмаар Багануур цахилгаан түгээх сүлжээ салбарын гэрээний мэргэжилтэн П.Ц , байцаагч монтёр П.Н , дуудлагын монтёр Д.Д , Б.Б нарын бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 78 дугаар байрны айл өрхүүдэд үзлэг, шалгалт хийхэд уг байрны 28 айлаас 7 айл эзгүй, 9 айлын цахилгааны хэрэгсэл хэвийн, 12 айлын цахилгаан хэрэгсэл их, бага хэмжээгээр гэмтсэн байдалтай байсан.

           Багануур цахилгаан түгээх сүлжээ салбарт 78 дугаар байрны 8 айлаас төлбөр барагдуулах өргөдөл ирүүлснийг тус салбарын техникийн комисс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21/07 дугаартай хурлаар гомдол гаргасан нэр бүхий айлуудад учирсан хохирлыг тус компаниас төлж барагдуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.

         Учир нь  78 дугаар байрыг 2012 онд улсын комисс ашиглалтад авахдаа тус компанийн төлөөллийг улсын комисст оролцуулаагүй, уг орон сууцны эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг шилжүүлж өгөөгүй. Дэд станц, шугам тоноглол нь чанарын шаардлага хангаж мэдэгдсэн, хүлээлгэж өгөх ёстой. Тус компани тухайн орон сууцны цахилгааны тоног төхөөрөмжүүдийг мэдэхгүй, хаана нь ямар гэмтэл гарахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан.

         Хэрвээ цахилгаан эрчим хүчний дэд станц, шугам тоноглол, кабель, шугамыг хүлээлгэж өгсөн бол тус компанийн зүгээс цахилгаан эрчим хүчтэй холбоотой хохиролд хариуцлага хүлээнэ.

         Манайхаас айл өрхийн журмаар цахилгаанаа үргэлжлүүлэн авъя гэдэг хүсэлтийг “С” ХХК-аас тавихад уг байрыг улсын комисс хүлээж аваагүй тул айл өрхийн журмаар цахилгаан эрчим хүчээр хангах боломжгүй гэсэн хариуг өгсөн.

         Гэтэл оршин суугчид цахилгаан эрчим хүчгүй гэх асуудал дүүргийн хэмжээнд яригдаж дүүргийн Засаг даргын төлөөлөл, манай компанийн төлөөлөл, “С ” ХХК-ийн төлөөлөл гээд гурван талаас уулзалт хийгээд айл өрхүүд хохирч байх тул тог цахилгаанаар хангахаар болсон ба дээрх байдлаар тохиролцохдоо аливаа цахилгааны хохирлыг манайх хариуцахгүй гэж хэлсэн бөгөөд хариуцлага хүлээх ёстой байгууллага нь “С” ХХК юм. Иймд манай байгууллага учирсан хохирлыг хариуцан төлж барагдуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Нэхэмжлэгч Т.Э-ын нэхэмжилсэн 3,647,490 төгрөгийг “БЗӨБЦТС” ТӨХК-аас гаргуулах нь зөв гэжээ.

 

          4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч “БЗӨБЦТС” ТӨХК-иас 3,647,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э т олгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БЗӨБЦТС” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 73,310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э т олгож шийдвэрлэжээ.

 

          5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

          5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрчим хүчээр хангах гэрээнд “БЗӨБЦТС” ТӨХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу компанийн гүйцэтгэх захирал, салбарын даргын аль аль нь гарын үсэг зурж, компанийн тамга, тэмдгийг дарж баталгаажуулаагүй.

          Гүйцэтгэх захирлаас Багануур цахилгаан түгээх сүлжээ салбарын даргад хэрэглэгчтэй гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр олгосон нотлох баримт хэрэгт байхгүй байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус гэрээг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн.

          Мөн шийдвэрийн үндэслэх хэсэг дэх эрчим хүчээр хангах гэрээ нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хангагч, хэрэглэгч хоёрын хооронд үүссэн харилцааг зохицуулсан эрчим хүчээр хангах гэрээ бус 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш зохигчдын хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулахаар заасан байхад уг хүчин төгөлдөр бус гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

          Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрчим хүчээр хангах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус буюу талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт “Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг буюу хариуцагчийг, хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг буюу нэхэмжлэгчийг тодорхойлжээ” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

          Мөн хэрэгт авагдсан нотлох баримтад “БЗӨБЦТС” ТӨХК болон тухайн барилгыг ашиглалтад оруулсан хуулийн этгээдийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасан заалт нь хэрэглэгч буюу Т.Э т хамааралгүй, тухайн барилгыг ашиглалтад оруулсан хуулийн этгээдэд хамаарах заалт” гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

          5.2. Хариуцагчийн зүгээс хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасан үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчид уг барилгын эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг хүлээлгэж өгөөгүй тул тухайн кабель шугамд гарсан эвдрэл, гэмтлээс шалтгаалсан хохирлыг хариуцахгүй болохыг нотлох зорилгоор улсын комиссын актыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба эрчим хүчний хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэгчийн хувьд хуульд тусгайлан заасан эрх хэмжээний хүрээнд улсын комисст ажилласан болохоос эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэг хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төлөөллийг хэрэгжүүлэх субъект биш байхад тус комисст тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөллийг хэрэгжүүлсэнтэй адилтган үзэж хуулийг буруу тайлбарлаж, шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

          Иймд Т.Э т учирсан эд хөрөнгийн хохирол нь цахилгаан эрчим хүчний нөлөөллөөс шалтгаалан эвдэрсэн болон дахин засварлах боломжгүй гэдгийг нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчид учирсан хохирол нотлох баримтаар бүрэн, хангалттай нотлогдоогүй ба анхан шатны шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

          6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          1.Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянасан болно.

 

          2.Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч “БЗӨБЦТС” ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 3,647,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

          2.1. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 78 дугаар байранд цахилгааны гэмтэл гарсан ба  “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Багануур цахилгаан түгээх сүлжээ салбарын хангах хэсгээс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн хяналт шалгалт хийж тайлан гаргасан ба уг тайлангаар “тус байрны 0.4 кв оруулгын кабелын 0 тасарч ерөнхий щитэд хүчдэл ихэссэний улмаас тухайн байрны 12 оршин суугчдын цахилгаан хэрэгсэл гэмтэж шатсан” гэх үйл баримт тогтоогдсон байна.                      /хх-6, 34-47, 58-60/

 

          2.2. Т.Э  уг 78 дугаар байрны 03 тоот орон сууцны өмчлөгч болох нь 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-2208003937 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

 

          Нэхэмжлэгч Т.Э нь дээр дурдсан цахилгааны гэмтлийн улмаас өөр учирсан эд хөрөнгийн хохирлыг  3,647,490 төгрөгөөр тодорхойлжээ.

 

          2.3. Хариуцагч байгууллага нь 78 дугаар байрыг эрчим хүчээр хангах, эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг хариуцах үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүйгээс бусдад буюу нэхэмжлэгч Т.Э т учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирлыг хариуцах үндэстэй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна. 

 

          Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж зааснаар хариуцагч байгууллага нь гэм буруугүй болохоо нотлоогүй байх ба хариуцагчийн тайлбар дараах байдлаар үгүйсгэгдэж байна. 

 

           “БЗӨБЦТС” ТӨХК, Т.Э нарын хооронд 2012 оноос хойш цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний харилцаа үүссэн нь хариуцагч нэхэмжлэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж байсан, нэхэмжлэгч цахилгаан эрчим хүчээр хангуулсны төлбөрөө төлж байсан байдлаар тогтоогдсон.  

 

          Хариуцагч байгууллага нь “уг 78 дугаар байрыг 2012 онд улсын комисс ашиглалтад авахдаа тус компанийн төлөөллийг улсын комисст оролцуулаагүй, уг орон сууцны эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг шилжүүлж өгөөгүй. Тус компани тухайн орон сууцны цахилгааны тоног төхөөрөмжүүдийг мэдэхгүй, хаана нь ямар гэмтэл гарахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан” гэж татгалзлаа тайлбарласан боловч улсын комисс бүрдүүлэх, бүрэлдэхүүнд орох этгээдийг томилох асуудал иргэнд хамаарахгүйгээс гадна уг тайлбар нь гэм хор учруулснаас үүсэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын уг тайлбар нь маргаанд хамааралгүй байна.

 

          Мөн хариуцагч байгууллага нь “78 дугаар байрны оршин суугчид цахилгаан эрчим хүчгүй гэх асуудал дүүргийн хэмжээнд яригдаж дүүргийн Засаг даргын төлөөлөл, манай компанийн төлөөлөл, “С ” ХХК-ийн төлөөлөл гээд гурван талаас уулзалт хийж айл өрхүүд хохирч байх тул тог цахилгаанаар хангахаар болсон ба дээрх байдлаар тохиролцохдоо аливаа цахилгааны хохирлыг манайх хариуцахгүй, хариуцлага хүлээх ёстой байгууллага нь “С” ХХК” юм” гэх агуулгаар гаргасан татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Дээрх байрыг барьж ашиглалтад оруулсан “Суман тэрх” ХХК нь тус байрны эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг “БЗӨБЦТС” ТӨХК-д хүлээлгэн өгөөгүй гэх үйл баримтыг нэхэмжлэгч нотлох үүрэггүй болно. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “Нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан зохицуулалт нь цахилгаан эрчим хүч хэрэглэгч буюу Т.Э т хамааралгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Уг байрны эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолын аюулгүй байдал, гэмтлийг мэргэжлийн байгууллагын хувьд хэрэглэгчийн өмнө “БЗӨБЦТС” ТӨХК хариуцах үүрэгтэй.

 

          3. Эрчим хүчээр хангах гэрээг бичгээр байгуулах үүргийг хэрэглэгчид хуваарилахгүй. Хэрэглэгч нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөлтэй гэрээнд нэгдэх буюу нөхцлийг хүлээн зөвшөөрч орох тул гэрээ бичгээр байгуулаагүй байдал, аж ахуй эрхлэгч болох “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтаныг мөн эсэхийг шалгах үүргийг ногдуулахгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр эсэх байдал нь хариуцагч байгууллагыг гэм хорын хохирол нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.  Иймд энэ талаар гаргасан хариуцагч байгууллагын холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй. 

 

          4. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч С.Б оролцож,  “нэхэмжлэгч Т.Э-ын нэхэмжилсэн 3,647,490 төгрөгийг “БЗӨБЦТС” ТӨХК-аас гаргуулах нь зөв” гэсэн дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтийн агуулга нь хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан буруутай гэдгийг тодорхойлсон байна гэж агуулгыг тайлбарлах нь зүйтэй байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзаж үзжээ.

           

          5. Нэхэмжлэгч Т.Э нь өөрт учирсан хохирлоо 3,647,490 төгрөгөөр тодорхойлсон ба тэрээр уг хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар өөрөө нотлох үүрэгтэй байна.

 

           “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Багануур цахилгаан түгээх сүлжээ салбарын хангах хэсгээс 78 дугаар байранд хийсэн хяналт шалгалтын тайланд уг байрны айлуудын цахилгаан хэрэгсэл гэмтсэн талаар нэрлэн заасан эд хөрөнгийн жагсаалт гаргасан байх ба уг жагсаалтад 78-3 тоот, код-1500660 Т.Э-ын Эппл /Apple/ брендийн суултуур, Виникс /Winix/ брендийн ус цэвэршүүлэгч, Хаиер /Haier/ брендийн хөлдөөгч, Хана /Hana/ брендийн хөргөгч, Эл Жи /LG/ брендийн цахилгаан зуух, Самсунг /Samsung/ брендийн зурагт, Юнивишн /Univision/ төхөөрөмж, нэг өрөөний гэрлийн бүрхүүл зэрэг эд хөрөнгө шатсан талаар  дурджээ.

 

               Анхан шатны шүүх дээрх эд хөрөнгөөс засварлах боломжтой эд хөрөнгийг засварын үйлчилгээний хөлсний хэмжээгээр, засварлах боломжгүй эд хөрөнгийг дахин худалдан авсан үнээр тооцож,  “Номин тав трейд” ХХК-аас цахилгаан зуух худалдан авсан гэх баримтыг үндэслэн 399,990 төгрөг, “Нью Динамик” ХХК-ийн зурагт засварын үйлчилгээний төлбөрт заасан 1,762,500 төгрөг, “Дрэвал брэнд” ХХК-аас хавтан /плат/ худалдан авсан гэх баримтын дагуу 180,000 төгрөг, “Авад баяжих” ХХК-ийн “Анд сервис” засварын газрын үйлчилгээний төлбөрт заасан 560,000 төгрөг, тэжээлийн залгуур худалдан авсан 15,000 төгрөг, гэмтэж эвдэрсэн эд хөрөнгийг засварлахтай холбоотойгоор гарсан түлшний үнэ 70,000 төгрөг, нийт 2,987,490 төгрөгийг “БЗӨБЦТС” ТӨХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Т.Э т олгож шийдвэрлэхдээ “Өмний их тал” ХХК-аас бидэ суултуур худалдан авсан гэх 660,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь бидэ суултуурыг засварлах боломжгүй гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч уг 660,000 төгрөгийг хариуцагчаас хохиролд шаардах эрхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 103/ШШ2022/00039 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3,647,490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Э т олгосугай.” гэснийг “2,987,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э т олгож, нэхэмжлэлээс 660,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,  

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “73,310 төгрөг” гэснийг “62,750 төгрөг” гэж тус тус өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                          Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ