Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1139

 

 

 

 

   2024          10              10                                        2024/ДШМ/1139

 

                                                Ц.Э-т холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Т.Ганзориг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/936 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Т.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Э-т холбогдох 2408014360876 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 9 сар 22 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 жил 3 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Шүүгдэгч Ц.Э- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 30-ны 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” караокены үүдэнд хамтран амьдрагч Э.У-ыг бусадтай хардаж, нүүр, толгой хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 11 хоногийг хорих ялыг нэмж нэгтэн, биечлэн эдлэх ялыг 03 /гурав/ жил 05 /тав/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Э- давж заалдах гомдолдоо: “...миний бие өөрт холбогдох хэргийн гэм буруу дээрээ маргасан зүйл огт байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны эхлэн бүх шатанд гэм буруугийн хувьд маргаагүй, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.

Би хамтран амьдрагч болох Э.У-ыг санаатай цохиж зодсон зүйл  огт байхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаас чулуу авч шидсэн нь үнэн. Харин Э.У-ыг чулуугаар оноё гэж огт бодоогүй. Миний бие уран дархны ажил хөдөлмөр эрхэлж өндөр насны тэтгэвэрт байгаа эцэг, эх хоёроо асарч хамгаалдаг. Цаашид настай эцэг, эхээ хамгаалах маш их хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 3 жил 05 сар 11 хоногийн хорих ялаас багасгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Т.Ганзориг давж заалдах гомдолдоо: “...Ц.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлбөргүй, хохирогч гомдол саналгүй тул үйлдсэн хэргийн шинж чанар. хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж энэрэнгүй ёсны болон ялыг ялгамжтай оногдуулах зарчмыг үндэслэн түүнд оногдуулсан ялыг торгох ялаар сольж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хуулийг ойлгомжтой байдлаар тайлбарлаж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ц.Э-ын хувьд хугацааны өмнө тэнсэн суллагдсан үедээ дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар ялыг нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Т.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” караокены үүдэнд хамтран амьдрагч Э.У-ыг бусадтай хардаж нүүр, толгой хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “духны гадна ялтасны хугарал, духанд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.У-ын “...Караокед байхад үл таних нэг эрэгтэй Ц.Э- бид хоёртой танилцсан. Ц.Э- архи уусан үедээ намайг зодоод байдаг болохоор танилцсан танихгүй эрэгтэйг хамт яваад “намайг гэрт хүргээд өгөөч” гэж гуйсан. Караокены үүднээс такси бариад арын суудлын голд танихгүй эрэгтэй суугаад хоёр захад нь Ц.Э- бид хоёр суусан. Караокеноос гарч ирэхдээ Ц.Э- бид хоёр хэрэлдэж муудалцсан байсан. ...Тэгсэн Ц.Э- гартаа нэг юм атгачихсан тэр зүйлээрээ миний нүүр, толгой руу цохиод толгой хагарсан. Шууд ГССҮТ руу явж гадаа нь очиход Ц.Э- зугтсан. Караокед танилцсан танихгүй эрэгтэй надтай хамт ГССҮТ-д оёдол тавиулж дуустал хамт байсан. ...” /хх 8-10/,

Ц.Э-ын яллагдагчаар өгсөн “...бид хоёр хэсэг маргалдсан. ...Миний уур хүрээд газарт байсан чулуу аваад толгой руу нь шидсэн. ...” /хх 28/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Э.У-ын биед духны гадна ялтасны хугарал, духанд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4921 дүгээр дүгнэлт /хх 17-18/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Э- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Э-ын хамтран амьдрагч Э.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, тухайн зүйлд зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 11 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”, 4 дэх хэсэгт “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Т.Ганзориг нарын “... хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ц.Э-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 50 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/936 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Т.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 50 /тавь/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНэ

 

                        ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН