Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Б.Баярхүү, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Фарз овогт Бямбадоржийн Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526030941 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Фарз овогт Б.Т

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 22 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соронз” пабд үйлчлүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Этай маргалдан түүний толгойн тус газар нь пивоны шилэн бакалаар цохиж бие махбодид нь зүүн зулай, чамархай ясны хугарал, зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Т: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид хохирлоо төлж барагдуулсан, хохирогч БНХАУ-д ажил хийхээр явсан байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:

 

Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Соронз бааранд ажлын хамт олонтой Э, Батзаяа, Амгаланбаатар, Цэрэндэжид, Нарангэрэл нарын хамт сууж 0.5 литрын архи гурвыг уугаад сууж байсан. ...Би жаахан сууж байгаад 00 ороод гараад ирсэн чинь Амгаланбаатар ах Ттэй маргалдаад зогсож байсан. Би салгах гээд очиход хэн нь мэдэхгүй, хэн нэгэн миний толгой руу шилээр цохих шиг болсон...” /1-р хх-ийн 32/ гэсэн,

 

Ж.Амгаланбаатар мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...Манай жолооч байсан Мөнх-Эрдэнэ гэх залуу ариун цэврийн өрөө орох үедээ Т гэх залуутай тааралдаад өмнө нь таньдаг байсан болж таараад танилцаад Тг дагуулан манай ширээн дээр ирж суусан. Ингээд хамт архи уугаад сууж байгаад Мөнх-Эрдэнэ гэх залууг Т авч явах гээд байхаар нь бид нар явуулахгүй гээд тэрнээс болж маргаан болсон бид ч бараг тарах гэж байсан. Тэгсэн бүжгийн ая явсан, бид нар гараад бүжиглэж байгаад би Т гэх залууг хамт бүжиглэе гээд ширээн дээр нь очсон чинь завгүй байна гээд өөдөөс босоод ирсэн. Ингээд Т бид хоёр барьцалдаад авсан чинь тооцоо хийж байсан, хамт явсан хоёр эмэгтэй Дэжээ, Гэрлээ хоёр ирж салгаад буцаад ширээн дээрээ ирээд утас, түлхүүрээ аваад эргэх гэтэл Цэдэвдорж гэх цагаан куртиктэй залуу пивоны бакал аваад над руу шидсэн. ...Эыг цохихыг би хараагүй ширээ рүү буцаад явж байх хооронд Т гэх залуу пивоны бакалаар толгой руу нь цохьсон гэж Батзаяа харсан байсан...” /1-р хх-ийн 33-34/ гэсэн,

 

Хохирогч Ш.Э н хууль ёсны төлөөлөгч Ч.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Баримтаар байгаа нь 2.331.000 төгрөг болсон, дээр нь баримтгүй зөндөө мөнгө төгрөг гарч байна. Мөн Э ажил төрөл хийх боломжгүй байгаа тул миний бие тухайн зодсон этгээдүүдээс нийт 15 сая төгрөг нэхэмжилж байна. ...Эмчилгээний мөнгө гэж өнөөдөр /2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр/-ийн байдлаар 1.100.000 төгрөг бэлнээр Б.Т, Г.Цэдэвдорж нарын ээжээс нь 2015 оны 10 дугаар сард хагалгаанд орсны дараа авсан. Түүнээс хойш дахин ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. ...Ш.Э 2016 оны 02 дугаар сарын 17-нд 50 хувьтай хөдөлмөрийн чадвараа алдсан гээд группт орсон...” /1хх-ийн 37-38, 2хх-ийн 189-190/ гэсэн,

 

Гэрч Б.Батзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 10 дугаар сарын 03-ны орой 19 цагийн орчим Соронз бааранд Амгаланбаатар, Мөнх-Эрдэнэ, Э, Цэрэндэжид, Нарангэрэл бид нар 0.5 литрын шилтэй архи гурвыг уусан. Хажуу ширээнд гурван залуу сууж байсан. ...Би гараад цаг орчим болоод эргээд ороод ирсэн чинь нөгөө ширээний гурван залуугийн нэг нь явсан, үлдсэн хоёр залуу нь манай ажлын хүмүүстэй маргалдаад зодолдож байсан. Намайг ороод ирсэн чинь хар малгайтай Т гээд байгаа залуу нь миний араас боогоод тавихгүй байсан чинь нөгөө цагаан цамцтай залуу болох Цэдэвдорж гээд байгаа залуу нь наад хүн чинь хамаагүй ээ, тэр их зэвүүн пизда байгаа юм гээд Э руу заасан чинь халзан толгойтой намайг боож байсан Т гэх залуу намайг тавиад гартаа барьж байсан пивоны бакалаар Эын толгой руу нь нэг удаа цохьсон. Тэгсэн Э хана налаад хойшоо унасан, цохьсон пивоны бакал нь хагараад бутраад унасан. Ингээд цагаан цамцтай залуу Цэдэвдорж Амгаланбаатарын нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон. Би гарах гэтэл хаалга нь цоожтой цагдаа нар ирсэн. ...Эыг пивоны бакалаар толгойн тус газар нь цохьсон хүн нь 4 гэж дугаарласан Б.Т гэх залуу. Би яг өөрийн нүдээр хажууд нь зогсож байгаад харсан. ...Миний харснаар ...бакалын бариулнаас нь барьж байгаад Эын толгойн зүүн талын хэсэгт хагартал нь цохисон...” /1-р хх-ийн 39-40, 76-77, 3-р хх-ийн 69-70/ гэсэн,

 

Гэрч М.Аззаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Амгаланбаатар гэх өндөр залуу хамт орж ирсэн шар үстэй хүүхэнтэй маргалдсан. ...Өндөр залуу архины шил авч заалны гол руу шидээд агсам тавиад байсан. Хамт байсан хүмүүс нь тайвшруулах гээд байсан. ...Намайг заал руу орж ирэх үед Г.Цэдэвдоржийг Б.Мөнх-Эрдэнэ, Ж.Амгаланбаатар, Б.Батзаяа, Э нар нийлээд зодож байсан. ...Т гэх залуу гаднаас орж ирээд найздаа туслах гээд очиход Амгаланбаатар Т гэх залууг боогоод дээр нь гараад суусан байсан. Тэр үед нөгөө хүмүүс зодолдож байсан. ...Э гээд байгаа гэмтсэн залуу Цэдэвдорж гэх хүний толгой руу архины шилээр цохьсон. Цэдэвдорж газар унаад босож ирээд ширээн дээр байсан пивоны бакалыг аваад зөрүүлээд Эын толгой руу цохьсон. ...Маргааш нь манай ажил дээр нөгөө хоёр эмэгтэй Б.Батзаяа түрүүлж явсан залуу дөрөв ирээд хагалсан цонх, бакалаа төлөөд харин Т, Цэдэвдорж нар ширээ янзалж өгсөн, бид нар хоорондоо харилцан гомдол саналгүй болсон гээд ирсэн. Ингээд манай хохирлыг барагдуулж өгсөн. Түүнээс хойш зодоонд оролцоогүй залуу Тэмүүлэн ирээд нөгөө талын нэг хүний бие муудаад хагалгаанд орох гэж байгаа гэхээр нь мэдсэн...” /1хх-ийн 41-42/ гэсэн,

 

Гэрч Т.Болорцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Амгаланбаатар гэх өндөр залуу нь хамт орж ирсэн шар үстэй хүүхэнтэй маргалдаж эхэлсэн. Шар үстэй хүүхэн гараад явсан чинь араас нь бас нэг залуу гараад явсан. Тэр өндөр залуу архины шил авч заал руу шидээд агсам тавиад байсан. Хамт байсан хүмүүс нь тайвшруулах гээд  байсан. Хажуу талын буюу эсрэг талын ширээн дээр сууж байсан халзан толгойтой залуу болох Т гэх залуу тэд нарын ширээн дээр очоод Мөнх-Эрдэнэ гэх залуутай уулзаад бид нар найзууд, авч үлдэнэ гэсэн чинь үлдсэн хоёр эмэгтэй нь явуулахгүй байсан. Т гэх залуу буцаад ширээн дээрээ суусан чинь өмнө агсам тавиад байсан өндөр залуу буюу Амгаланбаатар гэх залуу Тг шууд нүүрэнд нь гараараа цохьсон. Ттэй хамт явж байсан гэх Тэмүүлэн гэх залуу ухасхийгээд босоод ирэхээр нь би урдуур нь ороод болиулсан. ...Гэтэл зааланд Ттэй хамт явж байсан Цэдэвдорж гэдэг залууг бөөнөөр зодож байсан. Би салгах гээд дундуур нь ороод дийлдэхгүй болохоор нь цагдаа дуудах гээд хойд талын вип өрөөндөө ороод цагдаад дуудлага өгсөн. ...Зодолдож байсан залуучууд арай тайвширцгаасан. Харин Цэдэвдорж гэх залуу орилоод дийлдэхгүй, бакал, шил зэрэг гартаа тааралдсан болгоныг шидээд байсан. Эсрэг талын олон залуучуудтай сууж байсан хоёр хүүхэн  Цэдэвдоржийг тайвшируулсан. Эвдэрсэн ширээ сандал засаж өгсөн. Мөн хагарсан бакал зэргийн мөнгийг төлсөн. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манайх хохирлын мөнгөөр тооцож гаргаагүй. ...Хоёр ширээний хөл хугарсан, хэдэн бакал хагалсан байсан. ...Хоёр ширээний хөлийг Т янзалж хэвийн ажиллагаанд нь оруулж өгсөн. ...Пивоны бакалийн мөнгө гэж  20,000 төгрөг зодолдсон хүмүүсээс авсан. ...Үүдний хаалганы шил хагарсан байсныг маргааш нь Т, Цэдэвдорж хоёр эсрэг талын хүмүүүс нь янзалж бүрэн бүтэн болгож өгсөн. ...Манай бааранд одоо учирсан хохирол байхгүй...” /1-р хх-ийн 43-44, 67, 2-р хх-ийн 157-158, 3-р хх-ийн 65-66/ гэсэн,

 

Гэрч Г.Нарангэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Т гэх залуу би үүнийг танина авч явна гээд байхаар нь чи яв, өөрийн ширээн дээрээ оч гээд хөөгөөд явуулсан чинь Б.Т босохдооо Амгаланбаатар руу гараараа заагаад энэ их зэвүүн залуу байгаа юм гэж хэлээд ширээ рүүгээ явсан. ...Г.Цэдэвдорж гэх залуу ширээн дээр байсан шилэн аяга болон пивоны бакал, архины шил зэргийг хана руу шидээд хагалаад бутлаад байсан. Г.Цэдэвдорж босож ирээд Эыг чи яасан зэвүүн залуу вэ гээд чичрээд дайраад байсан...” /1-р хх-ийн 45-46, 2-р хх-ийн 159-160/ гэсэн,

 

 Гэрч Г.Тэмүүлэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Т би чамтай бүжиглэхгүй гэсэн чинь нөгөө залуу Тг түрүүлээд цохьсон тэр үед Т намайг хүн дууд гэхээр нь би хүн дуудах гээд байр луугаа гараад гүйсэн. Ингээд би гүйгээд орсон чинь Цэдэвдоржийн тархи нь хагарсан цус гоожсон. Т хоолойгоо боолгосон хүзүү нь улайсан манарсан байдалтай байсан...” /1-р хх-ийн 47-48, 2-р хх-ийн 132-133/ гэсэн,

 

Гэрч Ж.Цэрэндэжид мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Э Г.Цэдэвдорж гэх залуутай маргалдаж байсан. Түүнээс хэн Эыг цохисоныг хараагүй. ...Э эхлээд зодолдох үед цохиулсан байсан. Хэн цохисоныг хараагүй. ...Э өмнө нь цохиулсан бид нарын сууж байсан ширээний хажууд цохиулсан шалан дээр доошоо хараад дөрөв хөлөлсөн байж байхаар нь хэн нэгэн босгосон. ...Батзаяа ах гадаа байж байгаад Амгаланбаатар, Т хоёр маргалдаад зодолдох үед гаднаас орж ирсэн. Ингээд л зодоон салгаад явж байсан. Батзаяа ах бараг л уугаагүй байсан. Гадаа байсан болохоор хэн нэгэнтэй маргалдаагүй, гаднаас орж ирээд л зодооныг салгасан. ...” /1хх- ийн 51-52, 68-70/ гэсэн,

 

Гэрч  Л.Орхонтамир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Э гэх залуу нь Цэдэвдорж, Т гээд байгаа залуучуудтай хэрүүл маргаан, зодоон хийгээд байсан. Миний харснаар эхлээд Цэдэвдорж гэдэг залууг өөрөө архины шилээр цохиж авахад нөгөө залуу нь зөрүүлээд шилэн бакалаар цохьсон. Дараа нь бужигнаад зодоон болж байхад хэн хэнийгээ цохиод байгаа нь мэдэгдэхгүй бужигнаад байхад Э газар унасан  байхад Т толгой хэсэгт нь өшиглөж харагдсан. Э гэдэг хүнийг Т яг цохиж байхыг нь хараагүй. Яагаад гэвэл тухайн зодооны үед баарны хаалгыг хаах гээд тэдгээр хүмүүсийг гээд зогсож байхад Батзаяа гэх залуу гаднаас орж ирсэн байхад Т заамдаад авсан. Тэгэхэд ...Цэдэвдорж наадах чинь биш, тэр их зэвүүн пизда байгаа юм гээд Эыг гараараа зааж байсан. Тэгэхэд Батзаяатай маргалдаж зодолдоогүй. Батзаяаг тавиад эргээд явж харагдсан. Тэд нар гарах гээд үүд рүү дайраад байхаар нь гаргахгүй гээд хамт явсан хүмүүс цагдаа дуудсан гээд зогсож байгаад харсан чинь Э зүгээр явж байсан хүн хоёр цонхны дунд хэсэг суучихсан ямар ч хөдөлгөөнгүй болсон, толгойгоо гудайлгасан, хажууд нь хамт явж байсан хоёр хүүхэн зогсож байсан. Т Эыг газар унасан байхад нь нүүр толгой хэсэгт нь хоёр удаа өшиглөж байгаа харагдсан...” /1-р хх-ийн 64-66, 78/ гэсэн,

 

Шинжээч М.Золжаргал мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “...Уг гэмтлийг 1 болон түүнээс дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хатуу мохоо зүйлд ир үзүүртэй зүйлээс бусад зүйлийг хамааруулж болно. Үүнд мод, чулуу, тоосго, шил гэх мэт зүйлийг үзэж болно. Дээрх гэмтлийг авсан даруйд үйл хөдөлгөөн хийх боломжтой. Идэвхтэй хөдөлгөөн нь ярих, босох, явах зэрэг хөдөлгөөн хийдэг...” /2-р хх-ийн 4-5/ гэсэн,

 

Шинжээч М.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ш.Эын биед учирсан зүүн зулай, чамархай ясны хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл учирсан байсан. ...Дээрх гэмтэл нь зүүн зулай, чамархай хэсэгт хүч үйлчилснээс үүснэ. Араас, урдаас аль ч талаас цохисон үүсэх боломжтой. Хэрэв араас цохивол зүүн гараар, урдаас цохивол баруун гараар цохисон цохилтоос үүсэх магадлалтай. Энэ гэмтэл нь дан гараар үүсгэгдэхгүй, гартаа барьсан хатуу зүйлээр цохиход үүсэх боломжтой гэмтлүүд. ...Дээрх гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” /3-р хх-ийн 28-29/,

 

Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн гэмт хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” /1хх-ийн 100-101, 107, 119, 3-р хх-ийн 27, 133-134/ гэсэн,

 

Г.Цэдэвдорж мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Амгаланбаатар гэх залуу хамт сууж байсан эмэгтэйтэй муудалцаад ууж байсан пивоны бакалаа аваад шидсэн. Хамт явж байсан хүмүүстэйгээ маргалдаад ална шүү та нарыг гээд байсан. Тэгж байгаад Амгаланбаатар явлаа гээд ганцаараа гараад явсан. Удалгүй эргэж орж ирээд манай ширээн дээр ирээд Т бид хоёрыг сууж байхаар нь бүжиглэе гээд байхад Т бүжиглэхгүй,  завгүй байна гэхэд Амгаланбаатар гэх залуу Тгийн шанаа руу цохьсон. Т босож ирээд Амгаланбаатартай барьцалдаад авсан. Би хажууд сууж байгаад салгах гээд очиход Амгаланбаатар дахин над руу дайраад миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Би зөрүүлээд нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон. Гэтэл Э араас ирээд намайг татахаар нь бид хоёр барьцалдаж аваад газар унасан. ...Би Эыг хэн цохьсоныг хараагүй. Намайг Амгаланбаатартай зодолдож байх үед гэмтсэн юм шиг байна лээ. Хэн яаж гэмтээснийг мэдэхгүй байна. ...Би Амгаланбаатар гэх залууг гараараа нүүрэнд нь 1-2 удаа цохьсон. Би өөр хүнд гар хүрээгүй. ...Би тухайн үед согтуу, бусадтай Т бид хоёр маргалдаад ууртай байсан болохоор пивоны бакал, шил авч шидэж, савсан нь үнэн. Гэхдээ миний шидсэн пивоны шил, бакал хэн нэг хүнийг оноогүй. Би газар болон хана руу шидсэн. ...Миний толгой руу цохиход би Эыг барьж зууралдаад хамт баарны шалан дээр унасан. Тэгэхэд Эыг хурдан хугацаанд хүн татсан уу, яасан босчихсон. ...Би Ш.Эыг ерөөсөө цохиж зодоогүй, цохих завдал ч надад гараагүй...” /1-р хх-ийн 102-103, 104, 109-110, 121, 3-р хх-ийн 25-26/ гэсэн,

 

Ж.Амгаланбаатар мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Т ширээнээс босох үед Э бид хоёрыг занаад энэ зэвүүн пизда гээд явсан. ...Т Цэдэвдорж нарын ширээнд бүжиглэе, учир зүгээ ольё гээд очтол хэл үгээ ололцохгүй Т бид хоёр барьцалдаад авсан. Цэрэндэжид болон бусад хүмүүс ирээд салгасан. Би ширээн дээрээ очоод түлхүүр, утсаа аваад эргэтэл Цэдэвдорж миний нүүрэнд пивоны шил шидэж цохьсон. ...Маргаан гарсан шалтгаан гэх юм бол манай ажилд жолоочоор ажилд орсон Мөнх-Эрдэнэ гэх залууг авч явах гэхээр нь явуулахгүй гэдэг байдлаар маргалдсан. Үүнээс болоод Т гэх залуутай барлалдаж, зууралдаад газар унаад салаад явах гэтэл Цэдэвдорж нь миний нүүрэнд пивоны бакал шидээд хагарсан. Өөр намайг зодсон зүйл байхгүй...” /1-р хх-ийн 112-114, 117, 2-р хх-ийн 136-137/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №14305 тоот акт, дүгнэлтэд:  “...Дүгнэлт 1.Ш.Э-н биед зүүн зулай, чамархайн ясны хугарал, зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” /1-р хх-ийн 80/ гэсэн,

- Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №1141 дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ш.Э нь зодуулахаасаа өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. Тухайн үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдах хянах чадвартай байсан байна. Болсон үйл явдлыг зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадваргүй байна.

2. Ш.Э нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаггүй байна.

3. Ш.Э нь одоо Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Ш.Эад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Ш.Эын Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж сэтгэцийн эмгэг нь тархины хүнд гэмтэл авсантай холбоотойгоор үүссэн байна.

5. Ш.Эын дээрх эмгэг нь хэдий хугацаанд эмчлэгдэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна...” /1хх-ийн 82-83/ гэсэн,

-Шүүх сэтгэц гэм судлалын №870 дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.Ш.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.

2.Ш.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна.

3.Ш.Э нь F 07.8 Тархины гэмтлийн шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэгтэй, хэсэгчилсэн ухаан сулралтай байна...” /2-р хх-ийн 1-3/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №697 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ш.Эын биед учирсан зүүн зулай, чамархай ясны хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дарагдал гэмтэл нь зүүн, зулай чамархайн хэсэгт хүч үйлчилснээс үүснэ.

2. Зүүн зулай, чамархай ясны хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дарагдал гэмтэл нь араас нь зүүн зулай, чамархай хэсэгт цохиход үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтлийг баруун, зүүн гарын алинд ч шил атгаж цохисноор үүсгэж болох ба урдаас цохисон бол баруун гараар, араас цохисон бол зүүн гараар шил атган барьж цохисон байх илүү магадлалтай...” /2-р хх-ийн 198/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Гэрч Б.Батзаяа, М.Аззаяа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 70-71/,

- Гэрч Б.Батзаяа, Л.Орхонтамир нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 72-75/,

- Сэжигтэн таньж олуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 23-24/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 25-28/,

- Тодорхойлолт /1-р хх-ийн 124, 130/,

- Б.Тгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 122/,

- Б.Тгийн хувийн байдалтай холбоотой гэрч З.Эрдэнэцэцэг /1-р хх-ийн 55/, Н.Жалъяндулмаа /1-р хх-ийн 56/ нарын мэдүүлэг, бусад баримтууд /1-р хх-ийн 125-126, 229/,

- Ш.Эын өвчний түүх, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1-р хх-ийн 148-155, 159/,

- Зарим яллагдагчид холбогох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 120-125/,

- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 161-181/,  

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 140/,

- Мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 202-203/,

- Хохирол төлсөн тухай баримт /3-р хх-ийн 162-163/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2015 оны 10 дугаар сарын 03-ны орой 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соронз” пабаар найз Г.Цэдэвдорж, Г.Тэмүүлэн нарын хамт үйлчлүүлэхээр орж, нийтийн зааланд ширээнд суусан, тэдний хажуугийн ширээнд Ж.Амгаланбаатар, Б.Батзаяа, Т.Дамдин-Очир, Ш.Э, Г.Нарангэрэл, Ж.Цэрэндэжид, Г.Нарангэрэл, Б.Мөнх-Эрдэнэ нар мөн пабаар үйлчлүүлж, хэн аль нь архи, пиво захиалан согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байхдаа буюу шөнө 22 цаг 30 минутын үед Ж.Амгаланбаатар нь хамт явж байсан хүмүүстэйгээ маргалдсан, мөн хажуугийн ширээнд үйлчлүүлж байсан Б.Т, Г.Цэдэвдорж нар дээр очиж хамт бүжиглэх санал тавихад бүжиглэхгүй гэж Б.Т, Ж.Амгаланбаатар нарын хооронд маргаан болж нэг нэгийгээ гараараа болон шилээр цохиж, зодолдоход тэдэнтэй хамт явж байсан Г.Цэдэвдорж, Ш.Э нар уг маргаан, зодоонд оролцсон байна.

Энэ үед шүүгдэгч Б.Т Ш.Эыг пивоны шилэн аягаар толгойд нь цохиж түүний биед “зүүн зулай, чамархайн ясны хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ш.Эын хууль ёсны төлөөлөгч Ч.Солонгын “...Баримтаар байгаа нь 2.331.000 төгрөг болсон байгаа дээр нь баримтгүй зөндөө мөнгө төгрөг гарч байна. Мөн Э ажил төрөл хийх боломжгүй байгаа тул миний бие тухайн зодсон этгээдүүдээс нийт 15 сая төгрөг нэхэмжилж байна. ...Эмчилгээний мөнгө гэж өнөөдөр /2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр/-ийн байдлаар 1.100.000 төгрөг бэлнээр Б.Т, Г.Цэдэвдорж нарын ээжээс нь 2015 оны 10 дугаар сард хагалгаанд орсны дараа авсан. Түүнээс хойш дахин ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. ...Ш.Э 2016 оны 02 дугаар сарын 17-нд 50 хувьтай хөдөлмөрийн чадвараа алдсан гээд группт орсон...” /1-р хх-ийн 37-38, 2-р хх-ийн 189-190/ гэсэн,

Гэрч Б.Батзаяагийн “...2015 оны 10 дугаар сарын 03-ны орой 19 цагийн орчим Соронз бааранд Амгаланбаатар, Мөнх-Эрдэнэ, Э, Цэрэндэжид, Нарангэрэл бид нар Улаанбаатар нэртэй 0.5 грамм шилтэй архи гурван ширхэгийг уусан. Хажуу ширээнд гурван залуу сууж байсан. ...Би цаг орчим гадаа байж байгаад ороод ирсэн чинь нөгөө ширээний гурван залуугийн нэг нь явсан, үлдсэн хоёр залуу нь манай ажлын хүмүүстэй маргалдаад зодолдож байсан. Намайг ороод ирсэн чинь хар малгайтай Т гээд байгаа залуу нь миний араас боогоод тавихгүй байсан чинь нөгөө цагаан цамцтай залуу болох Цэдэвдорж гээд байгаа залуу нь наад хүн чинь хамаагүй ээ, тэр их зэвүүн пизда байгаа юм гээд Э руу заасан чинь халзан толгойтой намайг боож байсан Т гэх залуу намайг тавиад гартаа барьж байсан пивоны бакалаар Эын толгой руу нь нэг удаа цохьсон. Тэгсэн Э хана налаад хойшоо унасан, цохьсон пивоны бакал нь хагараад бутраад унасан. Ингээд цагаан цамцтай залуу Цэдэвдорж Амгаланбаатарын нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон. Би гарах гэтэл хаалга нь цоожтой цагдаа нар ирсэн. ...Эыг пивоны бакалаар толгойн тус газар нь цохьсон хүн нь 4 гэж дугаарласан Б.Т гэх залуу. Би яг өөрийн нүдээр хажууд нь зогсож байгаад харсан. ...Миний харснаар ...бакалын сэнж буюу бариулаас нь барьж байгаад Эын толгойн зүүн талын хэсэгт хагартал нь цохисон. ...Э толгойдоо гэмтэл авсан...” /1-р хх-ийн 39-40, 76-77, 3-р хх-ийн 69-70/ гэсэн,

Гэрч Ж.Цэрэндэжидийн “...Эыг хэн цохисныг хараагүй. ...Э зодолдох үед цохиулсан байсан, хэн цохисоныг хараагүй. ...Э өмнө нь бид нарын сууж байсан ширээний хажууд цохиулсан шалан дээр доошоо хараад 4 хөлөлсөн байж байхаар нь хэн нэгэн босгосон. ...Батзаяа ах гадаа байж байгаад Амгаланбаатар, Т хоёр маргалдаад зодолдох үед гаднаас орж ирээд зодооныг салгасан. Батзаяа ах бараг л уугаагүй байсан. Гадаа байсан болохоор хэн нэгэнтэй маргалдаагүй, гаднаас орж ирээд л зодооныг салгасан. ...” /1-р хх-ийн 51-52, 68-70/ гэсэн,

Шинжээч М.Золжаргалын “...Уг гэмтлийг 1 болон түүнээс дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хатуу мохоо зүйлд ир үзүүртэй зүйлээс бусад зүйлийг хамааруулж болно. Үүнд мод чулуу, тоосго, шил гэх мэт зүйлийг үзэж болно. Дээрх гэмтлийг авсан даруйд үйл хөдөлгөөн хийх боломжтой. Идэвхтэй хөдөлгөөн нь ярих, босох, явах зэрэг хөдөлгөөн хийдэг...” /2-р хх-ийн 4-5/ гэсэн,

Шинжээч М.Энхбаярын “...Ш.Эын биед учирсан зүүн зулай, чамархай ясны хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл учирсан байсан. ...Дээрх гэмтэл нь зүүн зулай, чамархай хэсэгт хүч үйлчилснээс үүснэ. Араас, урдаас аль ч талаас цохисон үүсэх боломжтой. Хэрэв араас цохивол зүүн гараар, урдаас цохивол баруун гараар цохисон цохилтоос үүсэх магадлалтай. Энэ гэмтэл нь дан гараар үүсгэгдэхгүй, гартаа барьсан хатуу зүйлээр цохиход үүсэх боломжтой гэмтэлүүд юм. ...Дээрх гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” /3-р хх-ийн 28-29/,

Шүүгдэгч Б.Т яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн гэмт хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” /3-р хх-ийн 133-134/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны №14305 тоот акт, дүгнэлтэд:  “...Дүгнэлт 1.Ш.Э-н биед зүүн зулай, чамархайн ясны хугарал, зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 80/ гэсэн,

- Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны №1141 дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ш.Э нь зодуулахаасаа өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. Тухайн үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдах хянах чадвартай байсан байна. Болсон үйл явдлыг зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадваргүй байна.

2. Ш.Э нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаггүй байна.

3. Ш.Э нь одоо Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Ш.Эад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Ш.Эын Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж сэтгэцийн эмгэг нь тархины хүнд гэмтэл авсантай холбоотойгоор үүссэн байна.

5. Ш.Эын дээрх эмгэг нь хэдий хугацаанд эмчлэгдэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна...” /1-р хх-ийн 82-83/ гэсэн,

-Шүүх сэтгэц гэм судлалын №870 дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.Ш.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.

2.Ш.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна.

3.Ш.Э нь F 07.8 Тархины гэмтлийн шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэгтэй, хэсэгчилсэн ухаан сулралтай байна...” /2-р хх-ийн 1-3/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны №697 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ш.Эын биед учирсан зүүн зулай, чамархай ясны хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дарагдал гэмтэл нь зүүн, зулай чамархайн хэсэгт хүч үйлчилснээс үүснэ.

2. Зүүн зулай, чамархай ясны хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дарагдал гэмтэл нь араас нь зүүн зулай, чамархай хэсэгт цохиход үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтлийг баруун, зүүн гарын алинд ч шил атгаж цохисноор үүсгэж болох ба урдаас цохисон бол баруун гараар, араас цохисон бол зүүн гараар шил атган барьж цохисон байх илүү магадлалтай...” /2-р хх-ийн 198/ гэсэн дүгнэлтүүд, гэрч Б.Батзаяа, М.Аззаяа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 70-71/, гэрч Б.Батзаяа, Л.Орхонтамир нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 72-75/, сэжигтэн таньж олуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 23-24/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 25-28/, Ш.Эын өвчний түүх, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1-р хх-ийн 148-155, 159/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 140/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Тгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Эын биед зүүн зулай, чамархайн ясны хугарал, зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал бүхий хүнд хохирол учирсан шүүгдэгч мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй /3-р хх-ийн 162-163 / гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх, шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ажил эрхлэлт, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгуулын ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 201526030941 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хүрхээ” гэсэн бичигтэй 500 граммын бакал 1 ширхэг,  “Хараа” бичигтэй 50 граммын хундага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, КТГ-н зураг 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-д буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Фарз овогт Б.Т-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 11,000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 11,000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д нь торгох ялыг 03 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хүрхээ” гэсэн бичигтэй 500 граммын бакал 1 ширхэг,  “Хараа” бичигтэй 50 граммын хундага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, КТГ-н зураг 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-д буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн 201526030941 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР