Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1140

 

 

 

 

   2024          10              10                                        2024/ДШМ/1140

 

                                                У.А-т холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогч Л.Ч-гийн өмгөөлөгч Н.Жамъяндорж,

шүүгдэгч У.А-, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/698 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, У.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2209013140165 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

А-,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон;

 

Шүүгдэгч У.А- нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ч-г гүйцэтгэх захирлаас хасах, гэрчилгээг дахин гаргуулан авах талаар эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт болох 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22/01 дугаартай “Хувьцаа эзэмшигчийн тогтоол” албан бичгийг бусдаар хуурамчаар үйлдүүлсэн, уг бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж Улсын бүртгэлийн ерөнхий газарт гарган өгч “***” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөхөд ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатарын дүүргийн прокурорын газраас: У.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч А-ыг эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч У.А- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч У.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх тогтоолын 7 дугаартай нүүрэнд “...хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч У.А- нь ... 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр У.А-ыг тус тус гүйцэтгэх захирлаар томилж хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна” гэж дүгнээд дүгнэлтийнхээ үндэслэлийг “шүүгдэгч У.А-ын урьд мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэг нь сонсгох ажиллагаанд бичгээр ирүүлсэн тайлбар, /шүүгдэгчийн мэдүүлгийг өөрийнх нь гэм бурууг нотлох байдлаар ашигласан/, хуучин тамга тэмдгийг хураалган, гэрчилгээ тамга тэмдгийн үнийг цахим систем ашиглан төлсөн зэргээр компанийн баримт бичгийг өөрчлөх, тамга тэмдгийг шинэчлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг өөрийн биеэр гүйцэтгэж явсан,  1хх 32 дугаар талд байгаа “хураалгасан тамга, тэмдгийн тодорхойлолт”, 34, 35 дугаар талд байгаа 2022 оны 02 сарын 15-ны өдрийн “хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл”-ийн маягт дээр У.А-ын гэсний урд зурагдсан гарын үсэг У.А-ын гарын үсгийн загвартай тохироогүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүгдэгчийг хуурамч баримт бичиг ашигласан гэж шүүх буруу дүгнэсэн.

1хх 31 дүгээр талд байгаа” Гэрэгэ системс” ХХК-ийн төлбөрийн баримтыг “гэрчилгээ тамга, тэмдгийн үнийг цахим систем ашиглан төлсөн” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Энэхүү баримтыг дурын хүн бусдын болон өөрийн регистрийн дугаарыг нийтийн хэрэгцээний төхөөрөмжид оруулаад гаргаж болдог баримт тул У.А- цахим систем ашиглан төлсөн гэж үзэх боломжгүй юм. Хохирогчийн мэдүүлгээр тухайн үед компанийн тамга тэмдэг шүүгдэгчид өөрт нь хадгалагдаж байсан болох нь тогтоогдсон.

Хэрэгт авагдсан “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Л.Ч-г хасаж, У.А-ыг томилох, тамга тэмдгийн өнгө загварыг өөрчлөх агуулгатай 1 огноо дугаар бүхий 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 22/01 “Хувьцаа эзэмшигчийн тогтоол”-уудад зурагдсан У.А-, Л.Ч- нарын гарын үсгийг шинжилсэн...гарын үсэг нь туршилтын загваруудтай тохирохгүй, галиглал таарахгүй, ерөнхий хэлбэр зэрэг бүтцийг илэрхийлэх шинж тэмдгүүдээрээ өөр байна гэх дүгнэлт гарснаар тухайн баримт бичиг хуурамч болох нь тогтоогдсон. Дээрх эрх олгосон үүргээс чөлөөлсөн хуурамч баримт бичгийг бусдаар үйлдүүлж, түүнийгээ хуурамч болохыг мэдсээр байж “***” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлүүлэхээр ашигласан үйлдэл нь ... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзнэ. Учир нь бусдаар үйлдүүлэх гэдэг гэмт хэрэг Эрүүгийн хуульд байхгүй, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь баримтаар хангалттай нотлогдоогүй. Тухайлбал, бүртгэлийн газарт У.А- 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22/01 “Хувьцаа эзэмшигчийн тогтоол”-ыг хүргэж өгсөн, өөрчлөлтийг бүртгэсэн шинэ гэрчилгээг хүлээн авсан нь баримтаар нотлогдож байж “ашигласан” үйлдэл тогтоогдох ёстой.

Хэрэгт авагдсан 1хх 53 дугаар талд байгаа гэрч Э.М-гийн материалыг хэзээ хэнээс хүлээн авснаа санаж байна уу гэсэн асуултад “би одоо санахгүй байна” гэж хариулсан мөртлөө “би А- гэдэг хүнийг өөрөө өгсөн гэж бодож байна, би санахгүй байна. Манайх хуулийн этгээдийн материалыг хүлээж авахдаа итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан эсвэл итгэмжлэл олгогдсон этгээдээс тухайн байгууллагын бүрдүүлсэн баримт бичгийг авдаг” гэж мэдүүлснээс үзвэл энэхүү гэрч А-аас хүлээн авсан эсэхдээ эргэлзэж байгаа нь харагддаг бөгөөд өөрийн өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрддөг хууль тогтоомж, журмыг сайтар мэддэг болох нь тодорхой харагддаг. Гэрчийн мэдүүлгийг яллахад ашиглахад эргэлзээ төрүүлж байгааг өмгөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ тодорхой дурдсан. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.5-д “...улсын бүртгэлийн гэрчилгээг олгоход тэмдэглэл үйлдэж, хүлээн авсан этгээдээр гарын үсэг зуруулна” гэж зааснаар бол У.А-т улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон талаар тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгч хуурамч баримт бичгийн дагуу хийгдсэн өөрчлөлтийн бүртгэлтэй гэрчилгээг авсан гэж дүгнэх боломжгүй юм.

Эцэст нь У.А- хуурамч баримт бичгийг мэдсээр байж бүртгэлийн газарт хүргэж өгч ашигласан бол улсын бүртгэгчийн үйлддэг “хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл”-ийн маягт дээр өөрөө гарын үсэг зурах ёстой бөгөөд энэ гарын үсэг шүүдэгчийн гарын үсгийн загвартай тохирохгүй байгаа тухай шинжээчийн дүгнэлт байсаар байхад түүнийг “ашигласан” гэм буруутай гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1 дүгээр хавтас хэргийн 34-35 дугаар хуудсанд улсын бүртгэлийн маягт байгаа. Энэ маягт улсын бүртгэгч ширээний ард суугаад хүнээс баримт хүлээж авахдаа үйлддэг баримт. Тухайн баримтад материалыг өгсөн хүн гарын үсэг зурах ёстой бөгөөд тухайн баримтад зурсан гарын үсэг У.А-ын гарын үсэг биш. У.А- материалыг өгсөн бол гарын үсэг зурна. Хавтас хэргийн 90 дүгээр талд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “***” ХХК-ийн 6 талт тамгыг сольдог. Өөрөөр хэлбэл, гэрчилгээг сольж байгаа үйл баримтаас 2 хоногийн дараа энэ тамгыг сольсон. Гэтэл 02 дугаар сарын 17-ны өдөр дугуй болж солигдсон тамга 02 дугаар сарын 17-ны өдрийн улсын бүртгэгчийн маягт дээр дарагдсан. Хуучин тамга нь 6 талтай, 02 дугаар сарын 17-ны өдөр хураагдсан. Хураагдаж солигдсон дугуй тамга 02 дугаар сарын 15-ны өдрийн баримт дээр гарч ирээд байгаа юм. Хоёрдугаарт “ГЭРЭГЭ” систем ашиглаад төлбөр төлсөн 3 баримт байдаг. Энэ 3 баримтын тамга сольж байгаа, хяналтын дугаар авч байгаа баримт нь мөн 02 дугаар сарын 17-ны өдрийнх байгаа. Тэгэхээр тухайн компанийн тамга 02 дугаар сарын 17-ны өдөр солигдсон байхад үүнээс 2 хоногийн өмнөх хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт буюу гэрчилгээ солигдоход 02 дугаар сарын 17-ны өдөр солигдсон тамга дарагдах боломжгүй. Үүнээс харвал 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн байх боломжгүй байна. У.А- хуурамч гэдгийг нь мэдсээр байж улсын бүртгэлийн газарт өгч байгаа үйл явдал баримтаар тогтоогдохгүй байгаа учраас гэрчийн мэдүүлэг, улсын бүртгэгчийн мэдүүлэг эргэлзээтэй. Алга болсон гээд байгаа гэрчилгээ солигдоод гарч ирвэл хүлээж авч байгаа хүн нь мөн гарын үсэг зурж хүлээж авдаг. Үүнийг журамласан байдаг юм байна. Гэрчилгээг У.А-т хүлээлгэж өгч байгаа бол бүртгэлийн дэвтэр дээр У.А-аар гарын үсэг зуруулах ёстой. Ийм баримт хэрэгт авагдаагүй. Тэгэхээр миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

Хохирогч Л.Ч-гийн өмгөөлөгч Н.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг. Тухайн гэмт хэргийг үйлдэх ашиг сонирхол ганцхан У.А-т байгаа. Хэрэгт авагдсан У.А-ын улсын бүртгэлийн газарт өгсөн тайлбар, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нь нэг утга бүхий мэдүүлэг байдаг. Хэрэгт авагдсан баримтаар У.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...У.А-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хяналт тавих явцад “***” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Л.Ч-д өөрт нь мэдэгдэлгүйгээр холбогдох бичиг баримтыг улсын бүртгэлийн газарт үл таних эмэгтэйд өгч хийлгүүлсэн талаарх нөхцөл байдлууд тогтоогдсон. “***” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Л.Ч-тэй холбогдох хууль ёсны дагуу шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал тэдний дунд үүссэн байсан учраас үүнээс улбаалаад холбогдох баримтуудыг бусдад төлбөр төлж хийлгэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд У.А- би тийм юм хийлгээгүй, хүнд мөнгө өгөөгүй гэдэг асуудал ярьдаг боловч мөрдөн байцаалтын шатанд болон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаас өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газарт иргэн Л.Ч-гийн гаргасан гомдлын дагуу өгсөн тайлбар гэх гар бичмэл зүйлүүдээр энэ нөхцөл байдал хангалттай нотлогдсон. Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтүүдийг шүүх хэрэгт авагдсан баримт, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Мөн гомдолд дурдсан үндэслэлүүд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бөгөөд энэ асуудалд өөрөөр үгүйсгэх ямар нэгэн баримт байхгүй, цагаатгах ямар нэгэн нотлох баримт байхгүй, хэрэгт авагдсан баримтуудыг үгүйсгэх баримтыг өмгөөлөгч болон шүүгдэгч гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар У.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч У.А- нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ч-г гүйцэтгэх захирлаас хасах, гэрчилгээг дахин гаргуулан авах талаар эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт болох 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22/01 дугаартай “Хувьцаа эзэмшигчийн тогтоол” албан бичгийг бусдаар хуурамчаар үйлдүүлэн уг бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж Улсын бүртгэлийн ерөнхий газарт гарган өгч “***” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөхөд ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Ч-гийн “...2022 оны 02 дугаар сард У.А- гүйцэтгэх захирал болоод би ерөнхий захирал болж хувирсан байсан. Уг нь бол би гүйцэтгэх захирал, А- ерөнхий захирал байсан. А- нь хуурамчаар хурлын тэмдэглэл үйлдэж, миний гарын үсгийг дуурайлган зурж, хурлын тэмдэглэл дээрээ “***” ХХК-ийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж тусгаад Улсын бүртгэлд үзүүлээд шинэ гэрчилгээ авсан. …А- нь АНУ явах гэж надаас тамга тэмдгийг 2021 оны 11 дүгээр сард авсан. ...Тэрнээс хойш би тамга тэмдэг хараагүй. ...гэрчилгээ тусгай зөвшөөрөл нь надад одоо хүртэл байгаа. ...” /1хх 43-44, 46, 3хх 91/

            гэрч Э.М-гийн “...“өөрийгөө тухайн компанийн хувьцаа эзэмшигч У.А-” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хуулийн этгээдийн улсын бүртгэлийн программ дээр шүүж үзэхэд захирал болон хувьцаа эзэмшигчийн нэр дээр гарч ирнэ тэгээд харахад У.А- гэж байхаар нь бүрдүүлж өгсөн материалыг хүлээж авсан. ...Би А- гэдэг хүнийг өөрөө өгсөн гэж бодож байна. ...Мэдээлэлд өөрчлөлт оруулах, дахин гэрчилгээ авах, үйл ажиллагааны чиглэл өөрчлөх, гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгүүлэхээр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хүлээн авах цонхоор хандсан. ...” /1хх 52-54/,

гэрч Т.З-ын “...2022 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд авагдсан нотлох баримтуудад зурагдсан тус компанийн хувьцаа эзэмшигч Ч-гийн гарыг үсэг зөрүүтэй байсан. ...У.А-тай биечлэн уулзаж сонсох ажиллагаа хийхэд “миний бие А- 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “***” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг сольсон бөгөөд тамга тэмдэг хийдэг гэх 40 орчим насны эмэгтэй хүнтэй тохиролцож тамга тэмдэг болон компанийн бичиг баримтаа өгөөд гүйцэтгэх захирлыг солихоор материал бүрдүүлсэн, уг бүртгэлийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй” гэж мэдүүлсэн. ...У.А- нь хуурамч баримт бичиг бүрдүүлж бусдаар үйлдүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлд авагдсан нотлох баримт, иргэн Ч-, А- нарын мэдүүлгээр тогтоогдсон. ...“***” ХХК-н 50 хувийн хувьцаа эзэмшигч Ч-д үнэт цаасны **** дугаартай дээрх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа хадгалагдаж байхад У.А- нь гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн гэж худал мэдүүлсэн болох нь Ч-д хадгалагдаж байсан гэрчилгээний эх хувиар тогтоогдсон. ...” /1хх 56-58/,

            гэрч Д.Г-ийн “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “***” ХХК-н 50 хувийн хувьцаа эзэмшигч У.А-аас хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах материалыг манай Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэдтэй үйлчлэх үйлчилгээний цонхонд хүлээлгэж өгсөн. ...М- “***” ХХК-ийн материалыг хүлээж аваад улсын ахлах бүртгэгч программ дээр хүлээн авсан материалыг хуваарилж над дээр ирүүлсэн . ...” /1хх 60/,

У.А-ын яллагдагчаар өгсөн “...би Ч-г хайхад олдоогүй 02 дугаар сарын эхэн үеэр арга бараад Улсын бүртгэлийн газар эхнэр Д-ы хамт очсон. Тухайн үед улсын бүртгэлийн гадаа 10 гаруй хүн компани байгуулан бичиг баримт бүрдүүлнэ гээд байж байсан. Тэгтэл 40 гаруй насны өндөр бор царайтай эмэгтэй хүнд “би нэг хүнтэй хамтран ажилладаг, тэгтэл тэр хүн ахтайгаа нийлээд компани болон бичиг баримт, тоног төхөөрөмжийг аваад зугтчихлаа” гэхэд тэр эмэгтэй “захирлаа сольчиход болно, чи үүсгэн байгуулагч юм байна. Ч-гийн утасны дугаарыг өгчих Улсын бүртгэлээс дуудаад уулзчихдаг юм” гэж надад ойлгуулсан. Тэгээд би “***” ХХК-ийн лавлагаа, өөрийн иргэний үнэмлэх холбогдох баримт бичгүүдийг тэр эмэгтэйд өгөөд төлбөр гээд бэлнээр 600.000 төгрөгийг өгсөн. Хэд хоногийн дараа Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газраас очиж аваарай гэж хэлэхээр нь би тэр хүнд итгээд явсан. Хэд хоногийн дараа Улсын бүртгэл дээр очиж “***”ХХК-ийн гэрчилгээг очиж авснаас хойш ямар нэгэн байдлаар гэрээ, хэлэлцээр хийгээгүй, ашиглаагүй. Тэгээд байж байхад 2 сарын дараа Улсын бүртгэлийн хяналт шалгалтын хэлтсээс над руу яриад “ирж уулз, сонсгол хийе” гэж хэлсэн. Очиход Ч- нь Улсын бүртгэлд гомдол гаргасан “Ч-гийн гарын үсэг биш байна гэж хэлсэн, энэ талаар мэдэх юм байна уу” гэхээр нь улсын байцаагчид болсон зүйлийг бүгдийн үнэн зөвөөр ярьсан. Тэгээд “наад зүйл чинь буруу юм бол засаж залруулаарай, би сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед буруу шийдвэрийг цуцлаад хэвийн болгосон Улсын бүртгэлийн газрын ажилтан М- гэх хүн намайг гүтгэсэн байна. …” /1хх 7-11/ гэсэн мэдүүлгүүд,

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2666 дугаар “бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлт /1хх 66-68/,

“...УБЕГ-ын Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын архивт хадгалагдаж байх 5650062 регистрийн дугаартай “***” ХХК-ийн хувийн хэргийн 72 гэж дугаарласан хуудсанд байх 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн огноотой "Хувьцаа эзэмшигчийн тогтоол, 70-67 гэж дугаарласан хуудсанд байх "***, Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм" гэсэн баримтуудын "Л.Ч-" гэсэн нэрийн урд зурагдсан байх гарын үсгүүд нь шинжилгээнд ирүүлсэн Л.Ч-гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2978 дугаар дүгнэлт /2хх 2/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч У.А- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч У.А-ын Улсын бүртгэлийн ерөнхий газарт “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ч-г гүйцэтгэх захирлаас хасах, гэрчилгээг дахин гаргуулан авах талаар эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт болох 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22/01 дугаартай “Хувьцаа эзэмшигчийн тогтоол” албан бичгийг бусдаар хуурамчаар үйлдүүлэн уг бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж Улсын бүртгэлийн ерөнхий газарт гарган өгч “***” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөхөд ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.А-ыг эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч У.А- “...хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь баримтаар хангалттай нотлогдоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хуурамчаар үйлдсэн гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг...эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг дуурайлган хийх, жинхэнэ баримт бичигт засвар, өөрчлөлт хийснийг, харин хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж эдгээр баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, үүргээс чөлөөлөх,... эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулан зорилгоор хэрэглэхийг тус тус ойлгоно.

  

Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг.

 

Шүүгдэгч У.А- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ “...2022 оны 2 сард улсын бүртгэлийн газарт эхнэр Д-ы хамт очиж, тэнд байсан 40 гаруй насны өндөр бор царайтай эмэгтэй хүнд компанийн гүйцэтгэх захирлыг солиулахаар холбогдох бичиг баримтууд болон 600.000 төгрөгийг бэлнээр өгсөн, хэд хоногийн дараа улсын бүртгэлийн газраас “***” ХХК-н гэрчилгээг очиж авсан” талаар тодорхой мэдүүлж байсан байх ба яллагдагчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу явуулсан сонсох ажиллагаанд У.А-аас бичгээр ирүүлсэн тайлбартаа ч дээрх асуудлыг дурдан бүртгэлийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй болохоо мэдэгдсэн, хуучин тамга тэмдгийг хураалган, гэрчилгээ тамга тэмдгийн үнийг цахим системээр төлсөн зэргээр компанийн баримт бичгийг өөрчлөх, тамга тэмдгийг шинэчлэхтэй холбоотой үйл ажиллагааг өөрөө гүйцэтгэж явсан ба хохирогчийн мэдүүлгээр тухайн үед компанийн тамга тэмдэг шүүгдэгчид өөрт нь хадгалагдаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч У.А-ын давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/698 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН