| 2026 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 128/ШШ2026/0410 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ч.Л*******,
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба,
Нэхэмжлэлийн шаардлага:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн сонгон шалгаруулалт хүний нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референт албан тушаалын сул орон тооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх чадварыг шалгах тестийн надтай холбоотой үнэлгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, үнэн зөвөөр дахин үнэлэхийг даалгах
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ч.Л*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Б.О*******, Т.М*******.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хүслэн.
Танхимын дугаар: 2
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
-
- Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референт албан тушаалын сул орон тооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн сонгон шалгаруулалтад оролцож, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварын тестийн шалгалтад тус тус 20 оноо авахаас тус тус 11 оноо авсан. Энэ шалгаруулалтаас өмнө миний бие 2025 онд ахлах түшмэлийн сул орон тооны сонгон шалгаруулалтад 4 удаа оролцож, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварын тестийн шалгалтад дунджаар 13-14 оноо авч байсан, эдгээр шалгалтын тестийн асуултууд давтагдаж ирсэн гэтэл энэ удаа харьцангуй бага оноо буюу 11 авсан.
- Иймд үнэлгээ нь бодит бус, миний хариултад үндэслээгүй, зөв хариултыг шалгалтын системд буруу таниулсан, ямар нэг алдааны улмаас үнэлгээ үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Би энэ тухай гомдлоо 2025 оны 11 дүгээр сарын 17-нд Төрийн албаны зөвлөлд гаргасан, гомдлыг хянан шалгаж байгаа мэргэжилтэнтэй утсаа холбогдож тодруулахад асуулт, хариулт бүрийг нэг бүрчлэн шалгаж, 20 даалгаврын асуулт, зөв хариулт бүрийг таны хариулттай тулгаж, хариуг өгнө гэж хэлж байсан. Гэвч өргөдлийг шийдвэрлэх хуулийн хугацааг хэтрүүлж хариу ирүүлэхдээ үнэлгээ зөв, буруу талаар хариу өгөлгүй, өөрийн чиг үүргийн асуудлыг салбар зөвлөлд шилжүүлж, салбар зөвлөлд хандана уу гэсэн утгатай хариу өгсөн.
-
- Уг албан тушаалын шалгаруулалтад оролцохоор 4 албан хаагч анкет илгээснээс 2 хүний анкет нь баталгаажаагүйн улмаас шалгалтад ороогүй. Энэ 2 хүний 1 нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээч албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ч******* болох нь төрийн албаны шалгалтын цахим систем дэх шалгалтад бүртгүүлсэн иргэд цэс болон шүүхийн ерөнхий зөвлөлийн албан ёсны сайт дахь албан хаагчдын мэдээллээс харагддаг. Түүнийг энэ сул орон тоонд шалгаруулж, жинхэлж авах зорилготой энэ шалгаруулалтыг зохион байгуулсан болохоор гаднын байгууллагаас оролцсон миний дээрх 2 шалгалтын үнэлгээг үндэслэлгүй үнэлж, тэнцүүлэхгүйгээр шалгаруулалтыг зохион байгуулжээ гэж үзэхээс өөр аргагүй гэжээ.
Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ...дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварын тестийн шалгалтад тус тус 20 оноо авахаас... 11 оноо авсан... үнэлгээ бодит бус, миний хариултад үндэслээгүй, зөв хариултыг цахим системд буруу таниулсан, ямар нэг алдааны улмаас үнэлгээ үндэслэлгүй болсон... гэх тухайд: тус тусгай шалгалтад нэхэмжлэгч Ч.Л******* Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлого төлөвлөлт хариуцсан референтийн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгүүлэн өрсөлдсөн байна.
2.2. Шалгалтын комисс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 102 тоотод тусгай шалгалтын бүрэлдэхүүн болох сорилын шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын OPEN-EXAM цахим системээр авсан бөгөөд нэхэмжлэгч Ч.Л******* нь шалгалтын системд өөрийн бүртгэл, нууц үгийг хийж өөрийн эрхээр нэвтрэн шалгалт өгсөн. Тус сорилын шалгалт нь хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний ярианы болон бичгийн чадвар гэсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд системээр өгөгдсөн сорилд хэрхэн хариулснаар систем шууд оноог өгч дүгнэдэг бөгөөд Шалгалтын комисс ямар нэг байдлаар үнэлгээг засах, өөрчлөх боломжгүй юм.
2.3. Сорилын дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадварын дүн болох тус бүр 20 онооноос 11 онооны үнэлгээг шууд системээс өгсөн бөгөөд нэхэмжлэгч Ч.Л******* тухайн үед шууд мэдсэн мөн шалгалтын нэгдсэн дүнг баталгаажуулан гарын үсэг зурсан болно. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Уг албан тушаалын шалгаруулалтад оролцохоор 4 албан хаагч анкет илгээснээс 2-ынх нь анкет баталгаажаагүйн улмаас шалгалтад ороогүй. Энэ 2-ын 1 нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хүний нөөцийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээч албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ч*******... Түүнийг энэ сул орон тоонд шалгаруулж, жинхлэн авах зорилготой... гэх тухайд:
2.4. Тухайн сул орон тоонд бүртгүүлэн оролцох хүсэлтээ илэрхийлэн Төрийн албаны системээр дамжуулан 4 иргэн баримтаа илгээсэн бөгөөд Шалгалтын комиссын гишүүд бүртгэлийн баталгаажуулах эсэхийг хэлэлцэн Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас гэж заасны дагуу Т.Ч******* болон өөр 1 иргэний бүртгэлийг баталгаажуулаагүй буюу шалгалтад оролцуулаагүй болно.
2.5. Т.Ч******* нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад тухайн албан хаагч нь ажилдаа орсон тул чөлөөлөгдсөн болно. Иймд нэхэмжлэлд дурдагдсан асуудлууд нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасанчлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгчээс 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн сонгон шалгаруулалт хүний нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референт албан тушаалын сул орон тооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх чадварыг шалгах тестийн надтай холбоотой үнэлгээг илт хууль бус болохыг тогтоож, үнэн зөвөөр дахин үнэлэхийг даалгах гэж тодорхойлж,
4. Эцсийн байдлаар 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн сонгон шалгаруулалт хүний нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референт албан тушаалын сул орон тооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх чадварыг шалгах тестийн надтай холбоотой үнэлгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, үнэн зөвөөр дахин үнэлэхийг даалгах гэж тодруулсан бөгөөд энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.
5. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
-
- Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Шалгалтын комисс байгуулах тухай 27 дугаар тогтоол(Хавтаст хэргийн 30 дахь талд)-оор шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг томилж, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам (Хавтаст хэргийн 51-60 дахь талд)-ын дагуу Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референт албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарласан.
- Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референт албан тушаалын сонгон шалгаруулалтад 4 хүн бүртгүүлснээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасны дагуу Шүүгчийн хүний нөөцийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ч******* болон өөр 1 иргэний бүртгэлийг баталгаажуулаагүй тул 2 хүн оролцож, нэхэмжлэгч Ч.Л******* нь 58 оноо, Т.Л******* нь 54.3 оноо авсан болох нь тусгай шалгалтын үнэлгээний хуудсаар тогтоогдсон(Хавтаст хэргийн 112 дахь талд).
- Т.Ч******* нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4-т заасны дагуу дээрх албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаад тухайн албан хаагч нь эргэн ажилдаа орсон тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/171 дугаар тушаал(Хавтаст хэргийн 33 дахь талд)-аар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ч*******ийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлсөн.
- Нэхэмжлэгчээс уг дүнг эс зөвшөөрч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалттай холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба гомдлыг хариуг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Өргөдлийн хариу хүргүүлэх тухай 06/2775 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 4 дэх талд)-ээр Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам(Хавтаст хэргийн 51-60 дахь талд)-ын 6 дугаар зүйлийн 6.5.7-д бүртгэл, зохион байгуулалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх гэж заасны дагуу шалгалтын комисс холбогдох гомдлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай тул тухайн шалгалтын комисст хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн.
- Шүүхээс нэхэмжлэгчид ирсэн шалгалтын асуулт, түүнд хэрхэн хариулсан, асуултын түлхүүрийг нотлох баримтаар гаргуулахаар шаардсан ба Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/840 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 68 дахь талд)-ээр холбогдох баримтуудыг ирүүлсэн.
- Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын OPEN-EXAM тусгай шалгалтын системд нэхэмжлэгчид ирсэн шалгалтын түүхэд үзлэг хийж, тэмдэглэл, зургаар баримтжуулж, системийн талаарх тайлбарыг ахлах референт М.А*******ын зөвшөөрлийн дагуу яриаг хурааж хуулбарлан авсан.
Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
-
- Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор шалгалтын комиссыг байгуулж, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-д нийцүүлэн маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан болох нь хэрэгт авагдсан тогтоол, журам болон холбогдох баримтаар тогтоогдож байна.
- Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д төрийн жинхэнэ албанд сонгон шалгаруулалт явуулах зорилгоор мэргэшлийн шалгалт авна гэж, мөн зүйлийн 33.5-д шалгалт нь сорил, ярилцлага болон бусад хэлбэртэй байж болохыг, 33.6.2, 33.6.3-т дүн шинжилгээ хийх болон асуудал шийдвэрлэх чадварыг шалгах агуулгыг тус тус хуульчилсан байна
- Нэхэмжлэгчийн оролцсон маргаан бүхий шалгалтын бүтэц, агуулга, хэлбэр нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байгаа бөгөөд шалгалтыг зохион байгуулах эрх бүхий байгууллага нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
- Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тусгай шалгалтын сорилын хэсгийг Төрийн албаны зөвлөлийн OPEN-EXAM цахим системээр зохион байгуулсан бөгөөд шалгалтад оролцогч нь өөрийн бүртгэл, нууц үгээр нэвтэрч, асуултад хариулсан байна.
- Уг систем нь оролцогчийн өгсөн хариултыг урьдчилан боловсруулсан зөв хариултын сан буюу түлхүүртэй тулган автоматаар үнэлгээ гаргадаг, шалгалтын комисс үнэлгээнд шууд оролцох, засварлах боломжгүй болох нь хариуцагчийн тайлбар, системийн ажиллагааны талаарх тэмдэглэл, үзлэгийн баримтаар тогтоогдсон.
- Шүүхээс нэхэмжлэгчид холбогдох асуулт, түүний өгсөн хариулт, зөв хариултын түлхүүрийг гаргуулан авч, мөн Төрийн албаны зөвлөлөөс бичгээр ирүүлсэн нотлох баримтуудтай харьцуулан тулгаж үзэхэд нэхэмжлэгчийн өгсөн хариулт нь системд бүртгэгдсэн мэдээлэлтэй бүрэн нийцэж, зөв хариултын сантай тулган үнэлсэн байдалд зөрүү илрээгүй, нэхэмжлэгчийн авсан оноо нь тухайн системийн алгоритмын дагуу зөв тооцогдсон болох нь тогтоогдсон. Түүнчлэн шүүхээс OPEN-EXAM системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийг шалгалт өгөх явцад ямар нэг техникийн алдаа, доголдол гараагүй, түүний гүйцэтгэсэн даалгаврын огноо, хийсэн үйлдэл бүрийг цаг, минутын нарийвчлалтайгаар бүртгэн түүх болгон хадгалсан байдал тогтоогдсон нь үнэлгээ бодит бус, эсхүл системийн алдаанаас үүдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байх ба үнэлгээ нь хүний субъектив оролцоогүй, нэгдмэл стандартын дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
- Нэхэмжлэгч нь өмнөх шалгалтуудад илүү өндөр оноо авч байсан, мөн асуултууд давтагддаг байсан тул энэ удаагийн бага оноо нь бодит бус гэж маргасан. Гэвч тухайн шалгалтын оноо нь оролцогчийн тухайн үеийн хариултын чанар, зөв хариулсан байдлаас шууд хамаарах тул өмнөх шалгалтын үр дүн нь маргаан бүхий шалгалтын үнэлгээг буруу болсон гэж үзэх шууд нотолгоо болохгүй. Мөн систем алдаа гаргасан байж болзошгүй гэх таамаглал нь нотлох баримтаар баталгаажаагүй бөгөөд зөвхөн субъектив дүгнэлтэд тулгуурласан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Нэхэмжлэгч нь уг шалгаруулалтыг тодорхой этгээдийг томилох зорилготой зохион байгуулсан гэж маргасан боловч энэ нотлогдоогүй.
- Харин эсрэгээрээ, шалгалтад бүртгүүлсэн иргэдийн материалыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн шалгаж, шаардлага хангаагүй иргэдийг оролцуулаагүй болох нь тогтоогдож байна. Иймд шалгаруулалтыг урьдчилан төлөвлөсөн, хууль зөрчсөн байдлаар явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд тухайн захиргааны акт нь хууль бус байх, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх нь нотлогдох шаардлагатай.
- Гэтэл энэ хэрэгт хариуцагч байгууллага нь шалгалтыг хууль, журамд нийцүүлэн зохион байгуулсан, үнэлгээ нь цахим системээр оролцогчийн хариултад үндэслэн гарсан, ямар нэг алдаа, зөрчил гарсан нь нотлогдоогүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.5, 33.6.2, 33.6.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Л*******гээс Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд тус тус холбогдуулан гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн сонгон шалгаруулалт хүний нөөцийн газрын Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референт албан тушаалын сул орон тооны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх чадварыг шалгах тестийн надтай холбоотой үнэлгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, үнэн зөвөөр дахин үнэлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ