Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2018/0069

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.Д, гуравдагч этгээд Ж.З нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0852 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0852 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжийн Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б, Б.Н, И.Б, Э.А, И.О нарт холбогдох хэсэг, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжийн Ж.З холбгдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “Д” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжийн Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б Б.Н, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.Х, Б.О, Н.Л, И.О нарт холбогдох хэсэг, 2015 оны А/173 дугаар захирамжийн Ж.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0852 дугаар шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй тул хариуцагчийн зүгээс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 505 дугаар захирамжаар “Д” ХХК-д тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын зүүн хойд талд 20.000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Дүүргийн Засаг даргын дээрх захирамжийн дагуу “Д” ХХК-д 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, дүүргийн Газрын алба, “Д” ХХК-ийн хооронд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг хуульд заасан журмын дагуу тогтоогүй байна ...” гэж дурдсан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчид 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн газраа хууль ёсоор ашиглах эрх үүссэн байна.

Гэвч нэхэмжлэгч нь эзэмшил газар дээрээ бусад газраас заагласан хил хязгаар байгуулаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн газрын үзлэг, нэхэмжлэгч гуравдагч этгээдүүдийн тайлбараар тус тус тогтоогддог.

Мөн дээрх тогтоод “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно ...” гэж заасан байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчид энэхүү нөхцөл байдал учраагүй бөгөөд тэрээр өөрт хуулиар олгогдсон хугацаанд тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, ашиглах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... эзэмшил газартаа сувиллын газар байгуулах зорилготой төсөл хөтөлбөрт хамрагдах болсон ...” гэж дурдаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүх энэ талаар анхаарч үзээгүй.

Шүүх хариуцагчийг дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэгчийг эзэмшил газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзсэн тохиолдолд энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэртээ тусгах нь зүйтэй байсан гэж үзэж байна.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 9.6-д “... иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 9.4-т дурдсан баримтыг тухайн мэдэгдэл өгсөн албан тушаалтанд хүлээлгэн өгнө ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тогтоосон акт, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргийг дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

Гэтэл шүүх гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхацсан нь зөвхөн хариуцагчийн буруу, эзэмших эрх бүхий газрын нэгж талбар, эргэлтийн цэгийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж үзэж байгаа нь шүүх хэт нэг талд үйлчилж байна гэсэн эргэлзээг төрүүлж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Н давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “Д” ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 505 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20000 м.кв газрыг эзэмших эрх олгогдсон хугацаанаас хойш бүтэн 6 жилийн хугацаанд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй байна. Тухайлбал 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.4-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй, төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлээгүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх зэрэг үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал нь уг талбайг бусдад газар эзэмших эрх олгох үндэслэл болсон нөхцөлийг шүүх хянан хэлэлцээгүйд гомдолтой байна.

 “Д” ХХК нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлж газрын мэдээллийн санд зохих журмын дагуу бүртгүүлж улсын бүртгүүлсэн байсан бол ямар нэгэн зөрчил уг газарт үүсэхгүй, улмаар гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж зөрчигдөхгүй байсан болно.

“Д” ХХК нь дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй бөгөөд уг газарт өнгөрсөн 6 жилийн хугацаанд ямар нэгэн хил хязгаар байгуулаагүй болно. Энэ нөхцөл нь уг хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гол үндсэн нөхцөл бүрдсэн болно. Энэхүү үндэслэлийг шүүх тодруулж шийдвэрлээгүй.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 тоот захирамжаар нэр бүхий 15 иргэнд газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан эрх хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорт тус бүрд нь хуулийн дагуу 0.07 га газар олгосон асуудалд дээрх иргэд ямар нэг хууль дүрэм зөрчөөгүй, журмын дагуу газар эзэмших эрх авсан шударга эзэмшигчид байсан болно.

Иймд “Д” ХХК-ийн хуульд заасан үүргээ биелүүлээгүйн төлөө иргэд хохирох учиргүй гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн анхан шатны шүүх эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүх гуравдагч этгээдэд мэдэгдэж хуралд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэснийг анхаарч үзэхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжаар шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсч хүсэлтээ ирүүлсэн нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эдгээр иргэдийн дотор иргэн Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б, Б.Н, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.Х, Б.О, Н.Л, И.О нарт эзэмшүүлсэн газар, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжаар иргэн Ж.З-д эзэмшүүлсэн газар нь тус тус нэхэмжлэгч “Д” ХХК-ийн мөн дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 505 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын зүүн хойд талд байршилтай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн 20.000 м.кв газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 1/2070 дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч “Д” ХХК-ийн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зурагтай давхцуулсан зураг болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна.

1. Нэхэмжлэгчээс “манай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад эдгээр нэр бүхий иргэдэд манай газар дээр давхцуулан газар эзэмшүүлсэн нь хууль бус” хэмээн маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусах байсан байхад гуравдагч этгээд болох нэр бүхий иргэдэд нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр давхцуулан газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх газар давхцуулан эзэмшүүлсэн хууль бус захирамжуудын нэр бүхий иргэдэд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгч нь эзэмшил газар дээрээ бусад газраас заагласан хил хязгаар байгуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй байх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй газрыг бусдад эзэмшүүлсэн захирамжаа дээрх байдлаар зөвтгөж буй хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

2. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн нөгөө шаардлага болох газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй биш байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах талаар зааж, мөн зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ;” 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт;” 37.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт”, 37.2-т “... дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн ... дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Дээрх хуулийн заалтаар газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт болон холбогдох баримтуудыг эрх бүхий этгээд хүлээн авч, нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тодорхой хуульд заасан хугацаанд хянаж, шалгасны дараа гэрчилгээний хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байх ба энэ эрх хэмжээ нь уг маргааны тухайд хариуцагч болох Баянзүрх дүүргийн Засаг даргад олгогдсон байгаа тул анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж, шууд гэрчилгээний хугацаа сунгахыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Харин хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон нь зөв байна.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0852 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хугацаа сунгахыг...” гэснийг “...хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ