Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 348

 

 “А б” ХХК-ийн гомдолтой,

М б-ны Хянан шалгах газрын Хянан

 шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г-д

 холбогдох зөрчлийн хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                        Л.Атарцэцэг

                                              Б.Мөнхтуяа

                                              Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: "...М б-ны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0050013 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0377 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0418 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0377 дугаар шийдвэрээр: Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.1, Төв банкны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “А б” ХХК-иас М б-ны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г-д холбогдуулан гаргасан М б-ны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0050013 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6  дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0418 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0377 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасныг баримтлан “А б” ХХК-ийн “М б-ны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0050013 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,  3 дахь заалтын “хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай” гэснийг “хэвээр үлдээсүгэй” гэж, 2 дахь заалтыг хүчингүй болгон, 3, 4 дэх заалтыг 2, 3 гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй  орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “А б” ХХК-иас Монгол банкны улсын ахлах байцаагч Б.Г-д холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0050013 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0377 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0418 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс ...банкны төлөөлөн удирдах зөвлөл нь банкны зохион байгуулалтын бүтэцтэй холбоотой өөрчлөлт оруулах өөрийн бүрэн эрхээ гүйцэтгэх удирдлагаар хэрэгжүүлсэн нь нарийвчилсан зохицуулалт агуулсан Банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн ...гэжээ. “А б” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь банкны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх, үүрэг, хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.

4. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөл банкны бүтэц, төсвийг батлах эрхийг өгсөн бөгөөд энэхүү эрхээ хэрхэн, ямар арга замаар хэрэгжүүлэхийг нарийвчлан заагаагүй. Хэрхэн хэрэгжүүлэх нь банкны дотоод асуудал юм. Энэхүү үйл явдлаас шалтгаалан харилцагч нарт хохирол учрах эрсдэл байхгүй. Төлөөлөн удирдах зөвлөл нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.3-д зааснаар гүйцэтгэх удирдлагын эрх, хариуцлагыг тогтоож өгөх эрхтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд өмнө ажиллаж байсан захирал Д.Т-д, захирлыг түр орлон гүйцэтгэгч Р.Н нартай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа банкны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах эрхийг өгсөн, банкны өдөр тутмын үйл ажиллагааг цомхон чадварлаг багаар бүрдүүлж, харилцагч, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалан ашиг орлого олоход чиглүүлэн зохион байгуулахыг гүйцэтгэх удирдлага үүрэгжүүлж байна.

5. Төлөөлөн удирдах зөвлөл нь 2017 онд хэрэгжүүлсэн гүйцэтгэх удирдлагын тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх, жил бүрийн төсвийг батлахдаа банкны бүтцийг хэлэлцэн санхүүжилтийг баталж ирсэн. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 02 дугаар тогтоолоор гүйцэтгэх захиралд бүтцийг сайжруулж батлахыг үүрэг болгосон. Энэ нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл биш.  Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар баталгааг зөрчиж Монгол банкны улсын ахлах байцаагч Б.Г нь “А б” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын эрх, үүргээ бие даан хэрэгжүүлэх бүрэн эрхэд халдаж байна. Банкны төлөөлөн удирдах зөвлөл нь банкинд хамааралгүй иргэн, хуулийн этгээд, Монгол банк, улсын байцаагчид банкны бүтцийг батлах эрхийг олгосон зүйлгүй болно. Анхан шатны шүүх гүйцэтгэх удирдлагыг дур мэдэн, банкны бүтцэд өөрчлөлт оруулсан гэж, давж заалдах шатны шүүх төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагаар дамжуулан банкны бүтцийг өөрчилсөн нь хууль зөрчсөн гэж  тус тус дүгнэсэн.

6. Улсын ахлах байцаагч нь гүйцэтгэх удирдлага нь эрх мэдлээ хэтрүүлэн Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасан зөрчил гаргасан  гэж дүгнэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд улсын байцаагч шийтгэл ногдуулахдаа хэн, ямар хуулийг зөрчсөн болохыг тогтоох ёстой, энэ талаар байцаагч тайлбарлаж чадахгүй байхад шууд өөрсдийн дүгнэлтийг байцаагч хийсэн мэтээр тайлбарлаж шийдвэр гаргасан. Банкинд шийтгэл оногдуулж байгаа бол Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй банкны хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө, төрийн өмчит банкны хувьд Засгийн газар, түүнээс эрх олгосон этгээд тус тус хэрэгжүүлнэ”  гэж заасны дагуу хувьцаа эзэмшигч нарт ч шийтгэл ногдуулж буй гэсэн үг юм. Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх шударга ёсыг тогтооход оршдог.

7. Энэхүү шийтгэл нь шударга ёсыг хэрхэн тогтоож байна гэхээр банкны удирдлага өөрийн бүтэц дотроо зохицуулалт хийж эрхээ хэрэгжүүлж байхад Монгол банкны байцаагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гүйцэтгэх удирдлага эрх мэдлээ хэтрүүлсэн гэж шийтгэл ногдуулсан. Улсын байцаагч Б.Г нь шүүхийн шийдвэр гарсны дараа дахин энэ асуудлаар шийтгэл ногдуулсан. Дээрх хууль бус үйлдлийг зогсоож Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0377 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0413 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-ийн дагуу Монголбанкны үйл ажиллагааны нэг чиглэл нь “банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих” бөгөөд энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэгч нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д зааснаар “банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийх” бүрэн эрх бүхий улсын байцаагчийн эрхтэй Монголбанкны хянан шалгагч юм.

10. Монголбанкны хянан шалгагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д “Энэ зүйлийн ... дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” эрхтэй байна.

11. Энэхүү бүрэн эрхийн хүрээнд хариуцагчаас зохих журмын дагуу хийсэн хяналт шалгалтын үеэр “А б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар тушаалаар банкны бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулсан шийдвэр гаргасан нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн “банкны…зохион байгуулалтын бүтэц, ...-ийг батлах” бүрэн эрхийг зөрчсөн үйлдэл болох нь тогтоогдсон тул маргаан бүхий актаар тус банкинд шийтгэл ногдуулжээ. Ийнхүү шийтгэл ногдуулсныг банкинд бус банкны хувьцаа эзэмшигч нарт шийтгэл хүлээлгэсэн гэж үзэхгүй /Тодорхойлох хэсгийн 6/.

12. “Банк” нь бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэгээрээ бусад ашгийн төлөө аж ахуйн нэгж, байгууллагаас ялгарах “онцгой хариуцлага бүхий” хуулийн этгээд учир түүний эрх зүйн байдал буюу эрхлэх үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоо, чиг үүрэг, эрх хэмжээ, хариуцлага зэргийг Банкны тухай хуулиар тусгайлсан зохицуулсан, аливаа банк нь энэхүү хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй, түүнд нь Монголбанкны хянан шалгагч хяналт тавих эрхтэй.

13. Нэг үгээр хэлбэл, нэгэнт Банкны тухай хуулиар /31 дүгээр зүйлийн 31.3.1-ээр/ Төлөөлөн удирдах зөвлөлд банкны бүтэц, зохион байгуулалтыг батлах эрхийг олгосон тул “уг эрхийг гүйцэтгэх захиралд шилжүүлэх, эсхүл энэ нь банкны дотоод асуудал” гэж үзэх боломжгүй, иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-5-д заасан “Төлөөлөн удирдах зөвлөл хууль зөрчөөгүй, хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх захиралд бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах эрх өгсөн, хариуцагч банкны бүрэн эрхэд халдсан...” гэсэн утгатай гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

14. Мөн хэрэгт авагдсан баримтаар “А б” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь дээр дурдсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон учир Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулсан маргаан бүхий акт хууль ёсны тул “улсын байцаагч шийтгэл ногдуулахдаа байцаагч хэн, ямар хуулийг зөрчсөн болохыг тайлбарлаж чадахгүй байхад шүүхүүд шууд өөрсдийн дүгнэлтийг хийж, хуулийг буруу тайлбарласан” гэсэн утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан хяналтын гомдол үндэслэлгүй.

15. Тодорхойлох хэсгийн 7-д заасан “улсын байцаагч дахин шийтгэл оногдуулсан” асуудал нь энэхүү хэрэгт хамааралгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн шийдвэрт маргах эрх нь нээлттэй гэдгийг дурдах нь зүйтэй.

16. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа маргаан бүхий актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу бөгөөд энэ нь процессын шинжтэй алдаанд тооцогдох үндэслэлтэй байх тул хэдийгээр давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцсэн /хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй/ ч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэсэнтэй нийцсэн гэж үзлээ.

17. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0418 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

          ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ