Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/48

 

2024 оны 9 сарын 25-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ48                             Өвөрхангай аймаг

 

 

Д.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                       Прокурор Л.Галбадрах,

       Хохирогч Ц.М ,

       Хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн,

       Шүүгдэгч Д.У  /цахимаар/,

                                                       Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр /цахимаар/,

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг    оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдлоор Д.У-т холбогдох эрүүгийн 2426001660159 тоот хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.У нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн .... сумын ... дугаар багийн нутаг ..... гэх газарт хохирогч Ц.М-ыг өшиглөж эрүүл мэндэд нь давсагны урагдал /хагарал/, чацархай болон бага аарцгийн өөхөн эдийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Дагвын Уламбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.У-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.У-т мэдэгдэн, шүүгдэгч Д.У  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.М ад 6723510 төгрөгийг төлсөн, хохирогч Ц.М  нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-аас хохирогч Ц.М-ын сэтгэцэд учирсан хор уршгийг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9240000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.М  нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.У-т 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.У  нь архидан согтуурсан үедээ хохирогч Ц.М ын биед халдаж эрүүл мэндэд нь шинжээчийн эмч М.Одгэрэлийн 2024 оны 04-р сарын 17-ны өдрийн 288 дугаар дүгнэлтээр “хүнд гэмтэл” учруулсанаас шалтгаалж, хэрэг учрал болсон 2024 оны 04 дүгээр сараас хойш эрүүл мэнд нь хэвийн болтол эдгэрч тэнхрээгүй байнгын эмчилгээ сувилгаатай, эрүүл мэнд, сэтгэл санааны ихээхэн хохиролтой байхад анхан шатны шүүх шүүгдэгч Д.У-т ёс төдий хөнгөн ял шийтгэл оногдуулж хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг хамгийн багаар тооцсон нь хохирогчийн эрхийг үл хүндэтгэж байна.

Шинжээч эмч Ц.М-ын хөдөлмөрийн чадвар алдалтын байдал, авсан шархны эдгэрэлтээс шалтгаална гэж дүгнэсэн. Гэтэл Ц.М ын энэ дөрвөн сарын хугацаанд хэвийн ажиллаж амьдрах чадваргүй байна. Хохирогч Ц.М-ын сэтгэцэд учирсан хохирлыг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан шинжээчдийн багийн дүгнэлтээр 3 дугаар зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт бодит байдал буюу хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан гэм хортой нийцэхгүй байна. Хохирогч Ц.М  нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй ч, сэтгэл санааны хохирлоо дахин нэхэмжлэх эрх зүйн боломжгүй болж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь хохирогчийн эрхийг ноцтой зөрчиж хүний сэтгэл санааны хохиролд ёс төдий хандаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн бага буюу 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хохирол гаргуулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохироогүй. Учир нь хэрэг учрал болох үед шүүгдэгч Д.У  нь согтуугаар хүний эрх чөлөөнд халдаж, хэрэлдэж, маргалдаж эмзэг эрхтнийг нь хэд хэдэн удаа давтан үйлдлээр цохиж хүнд гэмтэл учруулсан. Энэ гэмтлээсээ болоод хохирогчийн биед учирсан хор уршиг хоног ирэх тусам нэмэгдэж байна. Энэ хэрэг учрал болсноос хойш хохирогчийн эхнэр 2 хүүхэдтэйгээ гурвуулаа хохирогчийг өргөх газар нь өргөж, хөтлөж, сугадаж явдаг болсон. Хохирогч группид орохоос өөр аргагүй болсон. Хохирогч ямар ч хөдөлмөрийн чадваргүй болсон. Энэ хэрэг 2024 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр болсон, үүнээс хойш 6-н сарын хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа юм. Гэтэл энэ хугацаанд эрүүл мэнд нь сайжраагүй байгаа. Энэ гэмтэл хохирогчийн сэтгэхүйд ихээр нөлөөлсөн. Хохирогч өөрийгөө хянах болон болж байгаа үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөх ямар ч боломжгүй болсон. Хохирогч гомдолгүй гэж хэлээгүй. Учир байдлыг ойлгохгүй тийм л гэж хэлсэн.

Мөн сэтгэл санааны хохирлын хувьд 3 дугаар зэрэглэлд хамаарч байна гэх дүгнэлт гарсан. Хохирогч өөрийгөө хянах чадваргүй, ямар нэгэн тогтоох, ойлгох, ахуй амьдралаа авч явах ямар ч чадваргүй болсон. Эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр Улаанбаатар хотод сэтгэц мэдрэлийн эмнэлэгт очиж удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай байгаа. Ийм нөхцөл байдалтай байхад анхан шатны шүүх хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирлыг зохих ёсоор үнэлж дүгнэлт хийгээгүй. Шүүх шинжилгээний хүрээлэн ч гэсэн энэ хүнд буруу дүгнэлт хийсэн. Хохирогчийг дахин шинжилгээнд оруулах гэтэл боломжгүй байна гэж үзэж шүүх хуралдаан хийсэн. Сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлийн дээд хэмжээгээр тооцож гаргаж болох байсан. Хэдийгээр шүүгдэгч Д.У  нь би гэм буруугаа хүлээж, хохирогчид учирсан хохирлыг төлнө гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан хэдэн баримтыг үндэслэж мөнгийг өгсөн. Гэтэл хохирогч эмчилгээнийхээ бүх зардлыг хавтаст хэрэгт бүрдүүлж өгч чадаагүй. Яагаад гэвэл хохирогчийн бие муу байсан болохоор баримт гаргаж өгч чадаагүй байдаг. Харин байгаа хэдэн баримтаа хэргийн материалд хавсаргасан. Хохирогч эмчилгээгээ хийлгэхийн тулд өндөр үнэтэй байр хүртэл хөлсөлж амьдарч байсан. Хохирогч хэдэн мал маллаж амьдардаг хүн байсан. Одоо нэг малчин гуйж хэдэн малаа маллуулж байгаа. Гэр бүлийн хүн нь байнга хохирогчийг асарч, бие засахад нь хүртэл чи одоо бие засах болж байгаа шүү гэж хэлдэг болсон. Ийм хэцүү болсон байхад анхан шатны шүүх шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн нь нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй хохирогчийн эрхийг ноцтой зөрчиж, сэтгэл санааны хохиролд ёс төдий хандаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн бага 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирол гаргуулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн агуулгаар гомдлыг гаргасан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Хохирогчийн гаргаж өгсөн баримтаар 3,686,110 төгрөгийн хохирлыг хохирогч нэхэмжилсэн. Шүүгдэгчийн зүгээс 6,723,510 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж барагдуулсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байдаг. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан. Үүнээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа талаар Өвөрхангай аймаг дахь шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Нарантуяа, Туул нарын 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа нь тогтоогддог. Энэ 3 дугаар зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 хувь байхаар тогтоосон. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүгдэгчээс гаргуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 14 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн. Тухайн гэмт хэрэгт гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь хэрэгт цугларсан гэрч Батцэрэн, Сосорбарам нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогддог.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн хэмжээг шүүх тогтоохдоо шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн байдал зэргийг харгалзан үзсэн. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг төлсөн, хор уршгийн зэрэглэлийг төлөхөө мөн илэрхийлсэн. Эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө ч бас илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирлын тухайд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хавтаст хэргийн хэмжээнд хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн.  Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь малын бэлчээрийн асуудал буюу хохирогчийн буруутай үйлдлээс болж тухайн гэмт хэрэг гарсан байдаг. Гэмтлийн зэргийн тухайд хохирогч тухайн үед гарсан гэмтлийг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Д.У  тухайн учруулсан хохирлоо бүрэн хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Д.У ын учруулсан гэмтэл нь хохирогчийн бодит байдалтай нийцэж байна уу, үгүй юу гэдгийг нарийн шалгуулах байсан болов уу гэж бодож байна.

Хохирогч өмнө нь осолд орж байсан юм билээ. Бид энэ асуудлыг огт ярьдаггүй. Хохирогч хүнд гэмтэл авснаас өнөөдөр ийм байдалтай байна, цаашид эмчлүүлнэ гэдэг асуудлыг хохирогч талаас яриад байна. Хавтаст хэргийн хүрээнд цуглуулсан нотлох баримт болох өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтаар 3,800,000 төгрөгийн баримт байдаг. Шүүгдэгчийн зүгээс 6,723,510 төгрөгийг бэлнээр өгсөн. Хохирогчийг эмнэлгээс гараад гэртээ байхад нь шүүгдэгч Д.У  хохирогчтой уулзахаар очиход гэрийнхэн нь уулзуулахгүй, ямар нэгэн мөнгөний асуудал ярьж дарамт үүсгэж байсан учраас дахин энэ талаар ярьж хэлэлцээгүй.

Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн буудалд байрласан мөнгө, хүнсний дэлгүүрээс идэж уух зүйл авч хэрэглэсэн гэж байгаа бүх мөнгийг бүгдийг нь төлж барагдуулсан. Цаашид шүүгдэгчийн учруулсан хохирлоос болж эмчилгээ хийлгээд баримтаа аваад ирвэл түүнийг хуулийн дагуу нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн. Иймд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Сэтгэцэд учирсан хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хохирогч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Үүний хэмжээг хэдэн хувиар тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас шүүхээс тогтоосон 9,240,000 төгрөгийг төлнө.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.У  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн өмгөөлөгчийн гомдолтой холбогдуулж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс давж заалдах шатны шүүхэд ...шүүгдэгчид оногдуулсан торгох ял нь түүний гэм бурууд тохироогүй, хохирогчийн эрхийг ноцтой зөрчин хүний сэтгэл санааны хохиролд ёс төдий хандаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн бага буюу 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирол тооцож гаргуулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Д.У нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний орой 18-н цагийн орчимд Өвөрхангай аймгийн .... сумын ... дугаар багийн нутаг .... гэх газарт хохирогч Ц.М-ыг өшиглөж эрүүл мэндэд нь давсагны урагдал /хагарал/, чацархай болон бага аарцгийн өөхөн эдийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Саахалт айлын хүн болох Д.Б-ийн гэр лүү Д-ийн машинаар С, Д.У , Б.П бид хэд очсон. Д.Б-ийн гэрт ороход Д.Б шүүгээнээсээ 1 том шилтэй архи гаргаж ирээд бид нарт хундагалж тойруулсан. Би орны өмнө газар сууж байтал Д.У  намайг чи дэрсээ харамладаг, тэмээ хөөдөг гэхээр нь би юм дуугараагүй. Гэнэт Д.У  босож ирээд гэдэс рүү өшиглөсөн. Намайг газарт унахад дээрээс дэвссэн. Тэгээд миний ухаан балартаад цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. Б.П намайг машинд суулгаад гэрт хүргэж өгсөн. Тэгээд Хайрхандулаан сумын эмнэлэг рүү Д манай эхнэр Б.У-ын хамт явсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2024 оны 04 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн .... сумын ... дугаар багийн нутаг .... гэх газар манай гэрт Б.П, Ц.М , Д.У , С, жолооч гэх танихгүй залуу нийт таван хүн орж ирсэн. Хүүхэдтэй хүүхэн нь манайд орж ирээгүй. Гадаа машиндаа сууж байсан. Тэд нар надтай мэнд ус мэдэлцээд бурханд мөргөж золгоод цай ууж, тавагтай идээ амссан. Би цагаан сараас үлдсэн задалсан тал архийг зочдод аягалж өгсөн. Тэр архийг дуусахаар нь 1 том пиво байсныг хүмүүст аягалж өгсөн. Би тэр архи, пивоноос уугаагүй. Ц.М , Д.У  хоёр манай байшингийн буйдангийн өмнө зэрэгцээд сууж байсан. Гэнэт Ц.М  Д.У-ын нүүр лүү гараараа алгадаад авсан. Д.У  зөрүүлээд Ц.М ыг 3-н удаа өшиглөсөн. Би Д.У ыг хүүе та яаж байгаа юм бэ гэсэн чинь Д.У  гэрээс гараад явсан. Удалгүй Д.У  буцаж орж ирээд юу болсон бэ гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2024 оны 04 дүгээр сарын 01-ний Б гэх айлд мал хайж яваад буусан. Тэр айлд С, Г, Го, Б нар байсан. Дараа нь Д.У ганцаараа тэмээгээ харчихаад явна гэж орж ирсэн. Удалгүй дүү Б.У над руу залгаад намайг тэмээ заагаад бариад өг. Манайх тэмээгээ хүнд зарж байгаа юм гэхээр нь би Г-той сундлаад, С, Д.У-тай сундлаад бид дөрөв Өвөрхангай аймгийн .... сумын ... дугаар багийн нутаг ... гэх газар байх Ц.М ын гэрт очсон. Ц.М ын гэрт очиход манай дүү Б.У, түүний нөхөр Ц.М , зүс таних Д гэж дууддаг залуу эхнэр хүүхдийн хамт ирсэн. Бас тэмээ нядлах гэж байгаа гэх Богд сумын танихгүй залуу ирсэн. Бид нарыг ороход том пиво уугаад дуусч байсан. Манай дүү хүүхэн Б.У надад 1 пиво өгсөн. Бид хэд тэр пивоо ууж дуусахад Д машинаасаа 0.5 литрийн Агар нэртэй архи авч ирсэн. Орой 18-н цагийн орчимд цаг орой болчихлоо. Маргааш тэмээгээ нядалъя гэж хэлсэн. Сосорбарам ах Ц.М ын саахалт айл А.Б рүү утсаар яриад бид нарыг А.Б хүрээд ир гэж байна. Хэдүүлээ тэднийд очъё гээд Д-гийн машинаар Д-гийн эхнэр хүүхэд, Д.У , Ц.М , С нар А.Б-гийн гэр лүү явсан. А.Б-гийн байшинд бид нар ороод цай уугаад сууж байтал А.Б гаднаас шилтэй архи оруулж ирээд бид нарт хундагалж өгсөн. Тэрийг нь ууж дуусаад байж байтал А.Б пиво гаргаж ирсэн. Тэр пивыг ууж байтал Ц.М , Д.У  хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би яг юу ярьсан талаар мэдээгүй. Тэр хоёроос хол суусан байсан. Ц.М ыг босоод ирсэн чинь Д.У  чи ядарсан өвгөнийг дээрэлхлээ гээд орон дээрээс босоод Ц.М ын гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Ц.М  газар унахад дээрээс нь 1 удаа дэвссэн. С-ыг Д.У  1 удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр салцгаасан. Д.У Ц.М ыг чи алуурчин, тэр хадмаараа намайг алуулах юм байгаа биз гэж хэлээд гэрээс гараад явсан. Ц.М  байшингаас гараад гадаа гэдсээ дараад хэвтээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Гэрч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.П  бид хоёр Д.Б гэх айлд сууж байтал Д.У орж ирсэн. Удалгүй Б.П-гийн утсанд дуудлага ирсэн. Б.П  утсаар ярьж дуусаад дүү Б.У залгаж байна. Тэмээ авах хүн ирсэн намайг тэмээ заагаад өг гэж байна. Бүгдээрээ цуг явцгаая гээд би Д.У тай сундлаад, Б.П  Г-той сундлаад Ц.М ынд очиход тэмээ худалдаж авах гэж байгаа айлд очсон. Д эхнэр хүүхэдтэйгээ, Богдоос тэмээ нядлах гэж ирсэн танихгүй залуу, Ц.М , Б.У нар байсан. 1 том пиво талд нь оруулаад байж байсан. Д гаднаас 0.5 литрийн Агар нэртэй архи авч ирээд Б.П-д өгсөн. Тэр шил архийг нь бид нар хувааж уучихаад байж байтал Б.У 1 том пиво гаргаж ирсэн. Тэр пивоо ууж дуусгачихаад би Д.Б-тэй утсаар ярихад та хэд хүрээд ирэхгүй юу гэхээр нь Д-гийн машинаар Ц.М , Б.П, Д.У , Д-гийн эхнэр хүүхэдтэй бид нар Д.Б-гийнд очсон. Айлд ороод мэнд мэдэлцэж бурханд нь мөргөөд Д.Б бид хоёр золгоод, цай уугаад, тавагтай идээ амсаад сууж байтал Д.Б тал шил архи гаргаж ирээд бид нарт тойруулсан. Тэр архийг ууж дуусаад Д.Б 1 том пиво задлаад ууж байтал Д.У , Ц.М  хоёр маргалдаад байсан. Яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдээгүй. Ц.М  Д.У ын нүүр рүү гараараа алгадаад авсан. Д.У  Ц.М ыг газар унахад дээрээс нь дэвссэн. Тэгээд тэр хоёр салсан. Дахиж зодоон болоогүй. Д.У  миний хөл рүү зөөлөн өшиглөчихөөд гэрээс гараад явсан. Ц.М  газар хэвтээд байсан. Удалгүй бид нар айл хүндрүүлчихлээ гээд явцгаасан. Д.У  ямар ч байсан Ц.М ыг газар унасан байхад нь дээрээс дэвсэх шиг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 288 дугаартай ... Ц.М ын биед давсагны урагдал /хагарал/, чацархай болон бага аарцгийн өөхөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 22-24-р хуудас/, шүүгдэгч Д.У ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.У-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохироогүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаарх гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д үндэслэн шүүгдэгчээс 9240000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М ад олгохоор шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ЭНХМАА

                               ШҮҮГЧИД                               Л.НЯМДОРЖ                

                                                                                       Б.ЦЭРЭНПҮРЭВ