Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/49

 

2024 оны 9 сарын 25-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/49                           Өвөрхангай аймаг

 

Ж.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                      Прокурор Ц.Эрдэнэбат /цахимаар/

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/

      Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/98 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Ж.Ж-д холбогдох эрүүгийн 2427000000091 тоот хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

урьд:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 сар 27 хоногийн хорих ял,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн суулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгэгдэж байсан, Ж.Ж

Ж.Ж нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн .... сумын ... багийн нутаг ... гэх газар байрлах А.А-ийн эзэмшлийн малаас 1 хонь, 1 ямаа хулгайлж 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Ж.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос шүүгдэгч Ж.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2427000000091 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Монгол овгийн Ж.Ж-г цагаатган, шүүгдэгч Ж.Ж  нь 22 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж г цагаатгасан тул цагдан хоригдож байгаа шүүгдэгч Ж.Ж г шүүх хуралдааны танхимаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ж.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Ж.Ж  нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-д холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Ж.Ж-д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Ж.Ж-д холбогдох хэргийг хэргийг хянан хэлэлцээд 2024/ШЦТ/98 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Ж.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Ж г цагаатгаж шийдвэрлэсэн. Цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Ж.Ж  нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ... сумын .... багийн нутаг .... гэх газар оршин суух А.А-ийн эзэмшлийн малаас 1 хонь, 1 ямаа хулгайлж 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Анхан шатны шүүхээс Ж.Ж  нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр А.А-ийн эзэмшлийн малаас 1 хонь, 1 ямаа хулгайлсан үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Б.Ц, А.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Харин хохирогч А.А-ийн “Ж-гийн ээж нь миний төрсөн дүү, ээж нь нас бараад миний хань Ж-оор овоглосон. Миний хань 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан. Тэгээд Ж-г хүүхдүүд маань хань болоод байж байг гээд хамт өвөлжсөн. Хамт байж байгаад бүтэхгүй болохоор нь ерөөсөө явуулъя гэж бодож байтал өөрөө ч явсан, би ч явуулсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ж.Ж гийн “А.А  гэх хүнийг би эмээ гэж дууддаг. Би А.А  гэх хүний нөхөр Ж гэдэг хүнээр овоглож явдаг” гэх мэдүүлэг, иргэний оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр хохирогчтой гэр бүлийн харилцаатай болох нь тогтоогддог.

Улмаар хэрэгт авагдсан баримтаар хохирогч А.А-ийн мэдүүлэг, гэрч Б.Б, О нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэргээр А.А-ийн малд Ж.Ж гийн мал байдаг эсэх зөрүүтэй нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй. Мөн Ж.Ж-д мал хулгайлах санаа зорилго, сэдэлт тогтоогдохгүй, мал хулгайлах гэмт хэргийн шинж субьектив шинж тогтоогдохгүй гэж тус тус дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилж иргэний аливаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх эрхтэйг зааж, тэрхүү эрхэд халдсан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож өмчлөгчийн эрхийг хуулиар баталгаажуулсан байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор нууцаар авч байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдэхгүй гэсэн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцааны нэгдэл байдаг. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгдэх бөгөөд субьектив нэг гол шинж нь гэм буруутай этгээд өөрийн хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдагт оршдог. Түүнчлэн гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өөрт авахын тулд өмчлөгчийн өөрийн хөрөнгөд тогтоосон хяналт, хамгаалалтыг хэрхэн няцаан алдагдуулж буй байдал нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тодорхой төрлөөр зүйлчлэхэд гол нөлөө үзүүлж байдаг хүчин зүйл нь юм.

Ж.Ж  нь малын эзний зөвшөөрөлгүйгээр малын хашаанаас 1 хонь, 1 ямааг авч машинд ачсан байна. Тэрхүү үйлдлийг Ж.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэгтээ малын эзэн хараагүй буюу гэртээ байсан байх, хаана байсныг нь мэдэхгүй байна гэж тайлбарлах бөгөөд бусад гэрч нар гэрээс түрүүлж гарч машинд сууцгаасан байсан гэж тайлбарлана. Өөрөөр хэлбэл малын эзнийг харж байсан эсэхийг мэдээгүй бөгөөд малын эзэн нь мал авч байхад хараагүй гэж ойлгож авсан байна. Мөн хохирогчоос “би айгаад гэрээ түгжээд үхрийн саравчны завсраас харж байсан, миний малыг хулгайлсан” гэх бөгөөд хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгийн энэ хэсгийг шүүх үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй байна.

Мөн шүүгдэгч банкны зээл төлөх болчихсон тул надаас хонь ав гэж Б.Ц-тай тохиролцож, урьдчилаад мөнгийг авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох бөгөөд Б.Ц-ын үхрийг тарих гэж хамт явахдаа А.А  гэх айлаас мал авах талаар урьдчилж хэлэлгүй цуг явж буцах замдаа А.А  гэх айлаар орж хонь авах талаар хэлдэг боловч малын эзний зөвшөөрөлгүйгээр 1 хонь, нэмж 1 ямааг авч явсан үйл баримт нь түүний мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх болсон санаа сэдэлт, зорилгыг тодорхой харуулна.

Шүүгдэгч нь хохирогчийн нөхөр талийгаач Ж-оор овоглодог нь түүний гэм буруутай үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал биш юм. Харин гэр бүлийн таарамжгүй харилцаа байдаг болохыг хохирогч тодорхой мэдүүлдэг. Хохирогчийн хүүхдүүд ээжтэй нь ханьтай байг гэх үүднээс Ж-г гуйж хамт өвөлжсөн. Улмаар эд хөрөнгө эвдэж сүйтгэх, хэрэгт удаа дараа холбогдох, өөрөө бүтэхгүй болохоор ерөөсөө больё гэж байтал өөрөө ч явсан гэж хохирогч тодорхой мэдүүлдэг. 29 настай, насанд хүрсэн хүн гэр бүлийн харилцаатай гэж өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг авах нь өөрөө гэм буруутай үйлдэл юм.

Шүүх мэдүүлгийн нотлох баримтуудаас цагаатгах үндэслэл болсон хэсгээ дурдаж тайлбарласан байна. Харин дээр дурдсан шүүгдэгчийн гэм бурууг нотлох чиг үүрэг бүхий мэдүүлгийн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл мэдүүлгийн нотлох баримт хэрэгт ач холбогдол бүхий хэсгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар:

Хохирогч А.А-ийн “Би тэд нарын араас гэрээсээ гараад үүдээ цоожлоод гэрийнхээ баруун талаар тойроод үхрийн байранд орж байрны завсраар харахад Ж.Ж  ганцаараа малын байрны хашаанаас шар халзан эр хонь барьж аваад машиныхаа ард багажид хийсэн. Ямааг малын хашаанд байх бага гэр дотроос авч явсан. Би айсандаа үхрийн байр дотроос харж байсан, айгаад очиж чадаагүй. Надад хонь ямаа авч явсан талаараа юу ч хэлээгүй шууд авч явсан” гэх,

Гэрч Б.Ц-ын ...хонь ямар үнэтэй байгаа бол хонь авч идэх юм сан гэхэд надаас хонь ав банкны зээл төлөх болчихсон гэсэн. Би Ж-гаас хонь авахаар болоод 180,000 төгрөг бэлнээр өгсөн. Би Ж-г машинд хонь ачих үед нь эмээ чинь зөвшөөрсөн юм уу гэхэд зөвшөөрсөн, аваад яв гэж надад хэлсэн гэж байсан. А.А  гэх айлаас хонь авна гэдгийг мэдээгүй. Хонио хаанаас авах талаар надад юм хэлээгүй... гэх,

Гэрч Б.Б-ны 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн ...Ж надад хонь байгаа биз дээ 1 хонь өгчих гэхэд эмээ нь аваад яв гэсэн. Бид гурав гэрээс түрүүлж гараад машинд сууж байтал Ж хашаанд байсан хониноос 1 хонь авч ирээд машинд хийсэн. Хашааны гадна нэг ямаа хэвтэж байсныг авч ирээд машины арын суудал дунд хийсэн. гэх,

Гэрч Б.Б-ны дахин өгсөн ...Ж эмээдээ хандаж малаа зарах гэж байгаа юм уу, надад хэдэн юм өгөх юм байгаа биз дээ гэхэд эмээ нь чамд өгөх юм байхгүй гэсэн” гэх

Гэрч А.О-ын ...Ж.Ж  надаас хонь ав, банкны мөнгө төлөх болчихсон гэсэн. Манай нөхөр Цэрэннадмид Ж.Ж д 180,000 төгрөг бэлнээр өгсөн. ...Удалгүй Ж.Ж  гэрээс гарч ирээд малын хашаанаас 1 хонь авч ирээд машинд ачсан. Бас энд муудсан ямаа байна гээд малын хашааны гаднаас 1 ямаа авч ирээд машинд хийсэн” гэх,

Гэрч Т.М, С.М, Г.О нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Малын А дансны бүртгэл зэрэг бичгийн нотлох баримтууд нотлох баримтууд цугларсан байна.

Шүүх хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтаас хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Б, Г.О нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийн зарим хэсгийг үнэлсэн байна.

Цагаатгах тогтоолд заасан агуулгаас дүгнэхэд гэрч Б.Ц, А.О нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийн зарим хэсэг болох гэм буруутайг нотлох чиг үүрэг бүхий хэсгийг яагаад үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй. Хэрэгт шүүгдэгч болон түүний эхнэр Б.Б нар л хохирогч мал ав гэсэн гэж мэдүүлдэг. Гэрч Б.Ц-аас эмээ чинь зөвшөөрсөн юм уу гэхэд Ж.Ж  зөвшөөрсөн гэж хэлж байгаа байдал нь бусад 3-н гэрчийг байхад А.А  хонь авч явах талаар зөвшөөрөөгүйг харуулж байгаа. Учир нь Б.Б “Ц бид гурав гэрээс гарч явсан” гэж хэлдэг. Хэрэв гэрч Б.Б-ны “мал ав гэсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн "хохирогч мал ав гэсэн” гэх үнэхээр мэдүүлсэн бол гэрч Б.Ц гадаа дахин эмээ чинь зөвшөөрсөн юм уу гэж асуух ямар ч шаардлагагүй юм. Зөвхөн энэ мэдүүлгээр А.Б-ны мэдүүлэг үгүйсгэгддэг. Харин Б.Ц-ын мэдүүлэг гэрч А.О, хохирогч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй байдаг.

Гэрч А.О-ын мэдүүлэг тухайн цаг хугацаанд хохирогчоос Ж.Ж д хонь авах зөвшөөрлийг өгсөн талаар мэдүүлээгүй, харин эсрэгээрээ Ж.Ж  архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тодорхой мэдүүлдэг.

Гэрч Г.О багийн засаг даргын хувьд Ж.Ж д хэрхэн малын А данс хөтөлж бүртгэж өгснөө туйлын тодорхой мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл түүний хэлснээр очиж өгсөн гэдэг. Бодит байдалд Багийн засаг даргадаа малын тоог хэлж бичүүлж авсан мал тооллогын бүртгэлээр Ж.Ж  нь адуу 5, үхэр 6, хонь 85, ямаа 44 гэж, мал тооллогын комиссын А.А ийнд очиж нүд үзэж тоолсон мал тооллогын бүртгэлээр А.А  нь адуу 5, үхэр 25, хонь 130, ямаа 130 тоолуулсан байна. Эндээс үзэхэд А.А ийн малын 50 гаруй хувь нь Ж.Ж гийн хэлснээр түүний мал байхаар бодит байдалд нийцэхгүй үйл баримт буюу малын А данс зэрэг нь хэрэгт авагдсан байдаг. Үнэхээр Ж.Ж гийн эзэмшлийн мал хохирогчид байдаг бол яагаад өнөөдрийг хүртэл өөрийн өмчийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах талаар нэг ч удаа шүүхэд хандаагүй, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь анхаарал татна. Гэтэл хохирогчоос 10 гаруй мал байсан ээж нь амьд ахуйдаа хэрэглээд дууссан. Одоо энэ хүний нэг ч мал байхгүй гэдэг. Ж.Ж  ч өөрөө мал байгаа гэх боловч хэдэн тооны ямар мал байгааг өнөөдрийг хүртэл тодорхой хариулж чаддаггүй. Эсрэгээрээ манай мал байх ёстой л гээд байдаг. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, мал тооллого хэрхэн явуулсан, хохирогч хэдэн тооны мал тоолуулсан, Ж.Ж д багийн засаг дарга нь хэрхэн малын А данс бүртгэсэн зэрэг нь Ж.Ж гийн өмчлөл, эзэмшлийн мал А.А.А ийнд байдаггүй болохыг нотолж цагаатгах тогтоолын үндэслэл үгүйсгэгдэнэ.

Мөн тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолоор Ж.Ж  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар ял шийтгэгдэж, улмаар торгох ялыг хорих ялаар солих шийдвэр гарч байсан нь түүний өөрийн өмчийн эд хөрөнгөтэй эсэхэд дүгнэлт хийхэд хүргэж байна.

Дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй шүүхээс түүнийг цагаатгасан нь шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй” гэж заасны дагуу А.А.А  нь өөрийн хөрөнгийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрх нь ноцтойгоор зөрчигдөх үр дагавартай байна. Ж.Ж гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх боломжгүй юм. Учир нь дээрх үйл баримт бол иргэд хоорондын хэлцэл, түүнтэй холбоотой үүргийн харилцаа, гэм хор учруулсантай холбоотой шаардах эрхийн аль аль нь биш тул иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхэд хандаж шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/98 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын гол үндэслэл нь гэм буруугийн субьектив шинж тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг сонирхлоор нууцаар авч байгаа үйлдэл байдаг. Энэ үйлдлийг буруутай этгээд өөрөө хэнд ч мэдэгдээгүй буюу А.А-т мэдэгдээгүй гэсэн сэтгэхүй нь энэ гэмт хэргийг зүйлчлэх гол үндэслэл юм. Хэрэгт авагдсан мэдүүлэг, нотлох баримтуудаар А.А  үнэхээр харж байсан эсэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Ж  өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэгтээ малын эзнийг хаана байсан эсэх гэдэг агуулга дээр чи боль, чамд өгөхгүй гэж хэлж гарч ирээд тухайн үед хориглох нөхцөл байдал тогтоогдох юм бол өөрөө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн өөр зүйлээр зүйлчлэх тохиолдол байгаа юм. Хулгайлах гэмт хэргийн гол шинжид дүгнэлт хийж байгаа юм. Хохирогч А.А гэх хүнийг би эмээ гэж дууддаг гэдэг. А.А  миний нөхөр н.Ж  гэдэг хүнээр овоглодоггүй гэдэг агуулгыг анхан шатны шүүхээс дүгнэдэг. Тэгэхээр хэрэгт дээрх нөхцөл байдал авагдсан хэдий ч түүний овоглож байгаа асуудал нь гэм буруутай үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал биш юм. Хэрэгт авагдсан баримтаар тухайн хүмүүс ах дүү, хамаатан садангийн харилцаатай хүмүүс мөн. Харин өөрийн дураар ирж бусдын өмчлөлийн мал хөрөнгөөс зөвшөөрөлгүй авч явах эрх бүхий этгээд биш гэдэг нь хэрэгт тодорхой байна. Дээр нь түүний мал А.А-ийнд байдаг юм уу, үгүй юм уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан. Өөрөөр хэлбэл Ж.Ж  гэдэг хүн малын А данстай байдаг. А дансыг үзэхээр малын тоо ч бүртгэсэн юм уу?, эсвэл багийн Засаг даргад хэл өгөхөөр нь банкны зээл авхуулчхаад бичүүлсэн юм уу? гэдэг нь харагдана. Бичүүлсэн малын дансанд дурдагдаад байгаа Ж.Ж  гэдэг хүний мал А.А гэдэг хүний мал тоолуулсан малын дансны тоотой харьцуулахад бараг 50 гаруй хувийг нь эзэлж байна. А.А гэдэг хүн бусдын малыг хөлсөөр хариулсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Ж.Ж  гэдэг хүн бусдын малыг хөлсөөр, өөрийнхөө малыг бусдад хөлсөөр хариулж байсныхаа хөлсөнд цалин, хөлс, урамшуулал авдаг гэдэг нөхцөл байдал тогтоогддог. Энэ нь бусад мэдүүлгийн нотлох баримтуудаар надад хонь өгнө биз дээ гэсэн байдаг. Энэ нөхцөл байдлыг хохирогчоос тайлбарлахдаа ах дүү, хамаатан садангийн харилцаатай учраас зүгээр байхгүй гэдэг агуулгыг тайлбарласан байдаг. Малын эзнээс өгөхгүй гэдэг агуулгыг тайлбарладаг. Нэг хонь авч явсан, нэмж яагаад ямааг аваад явсан нь энэ хэргийн сэдэлт, санаа зорилгыг маш тодорхой харуулж байна. Цуг явсан Ц гэдэг хүнээс урьдчилж банкны зээл төлөх болсон гэж 180.000 төгрөг авч байгаа нь өөрөө тухайн гэмт хэргийн сэдэл, санаа зорилгыг харуулж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад Ж.Ж гийн эхнэр Б хонь авч явсан гэдэг. Энэ талаарх мэдүүлэг хэрэгт авагдсан баримтад байхгүй. Тэгэхээр хэрэгт авагдсан Б-ны дахин өгсөн мэдүүлэгт эсрэгээрээ мал авч явахыг зөвшөөрөөгүй гэж тайлбарладаг. Тухайн хэрэгт авагдсан үйл баримтад дүгнэлт хийхэд хууль зүйн зүйлчлэлд нөлөөлөх л асуудал байгаа. Түүнээс энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй бол биш. Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэн шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийг бүхэлд нь хянаж үзээд гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоож шударгаар ял шийтгэхийн тулд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн эрхийг сэргээх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангах тул эсэргүүцлээ дэмжиж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/98 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг. Тухайн хавтаст хэргийн материалд авагдсан мэдүүлгүүд болон бусад баримтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр нууцаар далд аргаар үнэ төлбөргүй авч байгаа шинжийг агуулдаг. Энэ хэрэгт нууц далд аргаар өмчлөгчид мэдэгдэхгүйгээр авсан зүйл огт байхгүй. Ж , Ж.Ж  гэдэг 2 хүн холбоотой хүмүүс байгаа. А.А гэдэг айлд нөхөр Ж  гэдэг хүнээр овоглож үрчлэгдээд насанд хүрсэн залуу байгаа юм. 2002 оноос хойш өөрийнх нь өмчлөлийн нэлээн хэдэн тооны мал үлдсэн гэж өөрөө ярьдаг. Олон жилийн өмчлөлийн, өв залгамжлалын хэрүүл маргаантай явж байсан болох нь хэрэгт авагдсан мэдүүлгийн баримтуудаар нотлогддог. Мөн гэрчүүдийн мэдүүлэгт эмээгийндээ очиж надад ганц хонь өгнө биз дээ, миний юм байгаа биз дээ гэдэг байдлаар хэрүүл маргаан үүсдэг. Энэ гэмт хэргийн субъектив талын шинжийг хангахгүй байна. Нэг хонь авч явахыг зөвшөөрсөн юм бол яагаад нэмээд нэг ямаа аваад явчихсан юм бэ? гэдэг асуудлыг гэрчүүд ч мэдүүлдэг. Шүүгдэгч нэг ямаа саравчных нь үүдэнд байхаар нь хамт аваад явчихсан гээд тэр ямааг нь сүүлд нь яасан гэхээр цагдаагийнхан үзлэг хийхдээ нохойд хаяад өгчихсөн байсан гэж ярьдаг. А.А гуай ч гэсэн тэр ямааг зүгээр ямаа байсан гэж хэлээгүй. Үхэх гэж байгаа муудчихсан ямаа байсан, тэрийг аваад явсан гээд л хэлж байсан. Өв залгамжлалын маргааныхаа байдлыг нотлоод эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч мөн эсэхээ нотлож Иргэний хуульд зааснаар өвлөх эрхийн маргаанаа шийдвэрлүүлэх шаардлага үүснэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байх тул үүнийг үндэслэж хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ

Анхан шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос шүүгдэгч Ж.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2427000000091 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, цагаатгах тогтоолд заасан үндэслэл, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй байна давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/98 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/98 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.НЯМДОРЖ

           

                 ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА                

                                                                                                                                   

                                                                            Б.ЦЭРЭНПҮРЭВ