| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0434/Э |
| Дугаар | 447 |
| Огноо | 2018-05-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 447
2018 05 29 447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
хохирогч М.М-,
шүүгдэгч Д.Ж-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ж-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808010860379 дүгээр хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Д-н Ж- /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Д.Ж- нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн орчимд иргэн М.М-ы гээсэн 3.589.800 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өглөө ээжийг тосох гээд Драгон явсан. 08 цагийн үед резинээр боочихсон мөнгө олоод машиндаа суусан. Тоолж үзэхэд 1234000 төгрөг байсан. Тэгээд өгөх гэж хадгалж байгаад цагдаа дуудахаар нь үлдсэн байсан 380000 төгрөгийг хохирогчид буцааж өгсөн. Өөр мөнгө байгаагүй. Дараа нь 854000 төгрөгийг өгч хохирлоо төлсөн. Хууль сайн мэдэхгүйгээс ийм юм болсонд харамсаж байна. Ажлаа хийгээд хохирлоо төлнө” гэв.
Хохирогч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 22-нд 22-ын товчоонд ажил гүйцэтгэж хоносон. Тухайн өдрийн тайлан бусад бичигтэй 3589800 төгрөг тохирч байгаа. Пиджакны халаасандаа боогоод хийсэн мөнгөө тушаах гэхэд байхгүй байсан. Тэгээд камер шүүхэд бичлэг олдсон. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Үлдэгдэл хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808010860379 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч М.М-ы: “Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “22-ын товчоо” буюу Дархан салдаг замд тээвэр зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж хоноод маргааш нь буюу 23-ны өглөөний 08 цагт ээлжээ хүлээлгэж өгөөд, хоногийн орлого болох 3.589.800 төгрөгийг багцалж халаасандаа хийгээд машиндаа суугаад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төв дээр ирээд Автовокзалын баруун урд талд машинаа байрлуулж дотогш орж 00-ын өрөөнд нүүр гараа угаачихаад, няравтаа орлогоо өгөх гэтэл миний гадуур хувцасны зүүн талын халаасанд байсан мөнгө алга болчихсон байсан. Тэгэхээр нь “Драгон” дотор байдаг хяналтын камерийг шүүлгэж үзсэн чинь надтай ойрхон явсан хүн байгаагүй. Гадна талдаа камергүй байсан. “22-ын товчоо”-ны тэнд байдаг “Макс” дэлгүүрийн хяналтын камерийг шүүж үзэхэд надтай ойрхон хүн явж харагдаагүй. Би мөнгөө халааснаасаа унагаагүй байсан. ...Би мөнгөө хулгайд алдсан, хаясан эсэхээ сайн мэдэхгүй байна. “22-ын товчоо” дээрээс өөрийн автомашинтайгаа төв замаар явсаар 5 шарын уулзвараар хойш эргэж “Шунхлай” ШТС руу орж “Драгон” төв дээр машинаа байрлуулаад орсон. Машинаас буухдаа унагаасан байж магадгүй, эсхүл “Драгон” төв рүү орох үед хүн хулгайлсан байж магадгүй гэж бодоод байна. ...Компьютер дээр шивээд шууд тайлангаар наашаа мөнгөн дүн нь ирдэг. Би өглөө ажлаасаа буухаасаа өмнө мөнгөө бүгдийг нь багцалсан байсан. Тэнд 20.000 төгрөгийн дэвсгэрт 102 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 105 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 87 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 59 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 11 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг байсан. Нэлээн зузаан боолттой мөнгө байсан.
...мөнгийг олсон гэх хүнээс 2018.03.07-ны өдөр 380.000 төгрөгийг хүлээн авсан. Би анх мөнгөө алдахдаа 3.589.800 төгрөг алдсан бөгөөд үүнийг баримтаар нотолсон. Тэгтэл уг хүн миний машины хажуугаас 1.334.300 төгрөгийг олсон гэж хэлээд байгаа. ...Дүүдээ 500.000 орчим төгрөг өгсөн, мөн машиндаа сэлбэг авсан, эхнэртээ эмнэлэгт хэвтэж байхад нь юм авч өгсөн гэх зүйлс яригдсан. Хохирлыг барагдуулж өгөөч гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-30-31, 32/,
Гэрч Ц.Э-ын: “...Тухайн өдөр гэртээ байхад нөхөр Ж- өглөө 09 цагийн үед гэртээ ирсэн. Мөнгө олсон гэж хэлсэн. “Драгон” дээр хадам ээжийг тосохоор явахдаа олсон гэсэн. Резинээр ороосон 10.000, 5.000, 1.000, 100-тын дэвсгэртээр нийт 1.230.000 орчим төгрөг байсан. Тэгээд мөнгийг цагдаагаас дуудвал өгье гэж бодоод 7 хоног хадгалсан. Тэр үеэр хүү Д-лын хамт эмнэлэгт хэвтсэн, нөхөр мөнгөгүй байсан тул уг мөнгөнөөс хэрэглэсэн гэж сүүлд надад хэлсэн. 380.000 төгрөг үлдсэн байсныг мөнгөө алдсан хүнд өгсөн. Тухайн мөнгөнөөс хүнд зээлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-33/,
Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэлд: “...Шунхлай ШТС-ын гадна талын камер хохирогчийн машин уруу тусах боломжтой байх тул ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах ONTV төвийн 1 давхарт байрлах нэгдсэн хяналтын төв дээр очиж бичлэгийг үзэхэд 08:44 минутад хохирогчийн автомашины хажуугаар зөрж байгаа хүн гэнэт зогсож газраас юм авч байгаа бичлэг байх бөгөөд уг этгээдийн өмсөж явсан хувцас, гадна дүр төрх харагдах боломжгүй бүдэг байв. 08:49 минутад бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн хойшоогоо нэг эргэж хараад баруун зүг рүү явж байгаад буцаж эргээд Драгон төв рүү алхаж байгаад саарал өнгийн Верна машиныг асаагаад хойд зүг рүү явж байгаа бичлэг байв. Улсын дугаар харагдахгүй байсан бөгөөд сэжигтэй этгээд Шунхлай ШТС-аас шатахуун аваад буцаад Драгон төвийн баруун талд 4 минут орчим зогсож байгаад хөдлөөд явж байгаа бичлэг байв” гэжээ /хх-12/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг бичлэгийг үзэхэд 08 цаг 47 минутад бараан өнгийн хувцастай эрэгтэй уг зогсоолд байсан саарал өнгийн суудлын машины дэргэд очоод машинд суулгүйгээр машинаас холдон зөрж яваад худалдааны төвийн урдуур гарч баруун тийш яваад эргээд 08 цаг 48 минутад зогсоолд байх саарал өнгийн машинд суугаад явж байгаа байв.
...Худалдааны төвийн зүүн талын ШТС уруу туссан камерийн бичлэгт 08 цаг 51 минутад саарал өнгийн 77-80 ТӨВ улсын дугаартай суудлын машин уг худалдааны төвийн зүүн хойд талын хашааны дэргэд очиж зогсож байгаа бичлэг авагдсан байсныг хураан авав” гэжээ /хх-42/,
Шүүгдэгч Д.Ж-ын яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр ээжийг тосох гэж өглөө 8 цаг өнгөрч байхад “Драгон” төв дээр очсон. Би өөрийн 77-80 ТӨВ улсын дугаартай “Ньюндай верна аксент” маркийн автомашинаа “Драгон” төвийн баруун талын гар утас худалдааны төвийн зүүн талд замын хажуугийн шороон дээр тавьсан байсан. “Драгон” төвийн баруун талд байх манаачийн байрны хойд талд буюу “Драгон” барилгын талаас газарт резинэн боодолтой мөнгө хэвтэж байхаар нь аваад халаасандаа хийгээд машиндаа суулгүй зөрж яваад эргэж машиндаа суугаад явсан. Тэгээд би “Драгон” төвийн хажуугийн клонкоос өөрийн мөнгөөр 21000 төгрөгөнд бензин авсан. ...Гэртээ ирээд эхнэр Энхбатад мөнгө олсон талаар хэлээд тоолж үзэхэд 1.234.300 төгрөг байсан. Уг мөнгө нь 10000, 5000, 1000, 500, 100-тын дэвсгэртээр байсан. ...Эхнэр хүүхэд хоёр эмнэлэгт хэвтэхээр нь нөгөө мөнгөнөөс хэрэглэсэн. Машиндаа сэлбэг авч, хоол хүнс зэрэг зүйлсэд мөнгө зарцуулаад 380.000 төгрөг үлдсэн байсан. 2018.03.10-ны үеэр над уруу утсаар яриад “цагдаагаас ярьж байна, та мөнгө олсон уу” гэхээр нь би “тэгсэн” гэхэд “цагдаагийн хэлтэс дээр ир” гэсэн. Байцаалт өгөхөд нөгөө хүн нь 3 сая гаруй төгрөг алдсан гэж хэлсэн. Би 3 сая гаруй төгрөг олоогүй. Олсон мөнгөө барагдуулна. Тэр ах мөнгөө алдахдаа цаасанд боосон авч явж байгаад хаясан гэж хэлээд байгаа ...би газраас мөнгө олохдоо резинээр боосон задгай боодолгүй мөнгө олсон” гэх мэдүүлэг /хх-40-41/,
Хохирогчийн өргөдөл /хх-3/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-13/, тооцооны хуудасны тайлан /хх-14/, тооцооны хуудас /хх-15-25/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-42/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал /хх-38/, гэрч Г.З-лын мэдүүлэг /хх-44-45/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-58/, “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-69-71/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72/, тооцооны хуудасны тайлан /хх-75-81/, хохирол төлсөн баримт /хх-87/, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн албан бичиг /хх-92/, Сум дундын 2 дугаар шүүхийн 2015.01.23-ны өдрийн 010 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-93-103/, хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн тооцооны хуудасны байгууллагын санхүүгийн дардастай хувиуд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Д.Ж- нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн орчимд иргэн М.М-ы гээсэн 3.589.800 төгрөгийг олж авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч М.М-ы “...23-ны өглөө 08 цагт ээлжээ хүлээлгэж өгөөд, хоногийн орлого 3.589.800 төгрөгийг багцалж халаасандаа хийгээд машиндаа суугаад “Драгон” төв дээр ирээд ...няравтаа орлогоо өгөх гэтэл мөнгө алга болчихсон байсан. ...Би мөнгөө бүгдийг багцласан байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31, 32/, гэрч Ц.Э-ын “...манай нөхөр Ж- маань өглөө 09 цагийн үед гэртээ ирсэн. “Драгон” дээрээс олсон гэсэн. Мөнгийг тоолохоор үзэхэд резинээр ороосон 10.000, 5.000, 1.000, 100-тын дэвсгэртээр нийт 1.230.000 орчим төгрөг байсан. Би яг нийт дүнг нь мартчихсан байна...” гэх мэдүүлэг /хх-33/, шүүгдэгч Д.Ж-ын яллагдагчаар өгсөн “...“Драгон” барилгын талаас газарт резинэн боодолтой мөнгө хэвтэж байхаар нь аваад халаасандаа хийгээд машиндаа суулгүй зөрж яваад эргэж машиндаа суугаад явсан. ...гэртээ ирээд эхнэр Э-д мөнгө олсон талаар хэлээд тоолж үзэхэд 1.234.300 төгрөг байсан. Уг мөнгө нь 10000, 5000, 1000, 500, 100-тын дэвсгэртээр байсан ...яг хэд хэдээр байсныг санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-40-41/, камерийн бичлэгт үзлэг хийсэн “...08:47 минутад бараан өнгийн хувцастай эрэгтэй уг зогсоолд байсан саарал өнгийн суудлын машины дэргэд очоод суулгүйгээр машинаас холдон зөрж яваад худалдааны төвийн урдуур гарч баруун тийш яваад эргээд 08:48 минутад зогсоолд байх саарал ангийн суудлын машинд суугаад явсан. 08:51 минутад саарал өнгийн 77-80 ТӨВ улсын дугаартай машин худалдааны төвийн зүүн хойд талд хашааны дэргэд очиж зогсож байгаа бичлэг авагдсан байсан” гэх тэмдэглэл /хх-42/, мөрдөгчийн “...08:44 минутад хохирогчийн автомашины хажуугаар зөрж байгаа хүн гэнэт зогсож газраас юм авч байгаа... 08:49 минутад бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн хойшоо нэг удаа хараад баруун зүг рүү явж буцаж эргээд “Драгон” төв рүү алхаж байгаад саарал өнгийн Верна аксент машиныг асаагаад хойд зүг рүү явж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-12/ болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хохирогч М.М-ы хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон эд хөрөнгө буюу резинээр боосон 3.589.800 төгрөгийг олж авч, ашиглан завшсан шүүгдэгч Д.Ж-ын шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.М-д 3.589.800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч 1.234.000 төгрөг /хх-32, 87/ төлсөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогч М.М-ы хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл /халаасандаа хийсэн мөнгөө гээсэн, хулгайд алдсанаа мэдээгүй гэх/ нөлөөлсөн байх тул шүүгдэгчийн хариуцах хохирлын хэмжээг хохирогчийн сарын үндсэн цалин болох 750.000 төгрөг /хх-57/-ийн 50 хувь болох 375.000 төгрөгөөр багасгахаар шийдвэрлэв.
Иймд үлдэгдэл хохирол 1.980.800 /нэг сая есөн зуун наян мянга найман зуу/ төгрөгийг шүүгдэгч Д.Ж-аас 3 /гурав/ сарын хугацаанд гаргуулж хохирогч М.М- /Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 9 дүгээр гудамж, 33 тоотод оршин суух, РД-ЧЛ67042211/-д олгохоор шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “Хохирогчийн хохирол бүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлан эсхүл санхүүгийн тодорхой баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлээд байгаа мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэв. Гэвч хэрэгт авагдсан Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд М.М-аас “014 кассын орлого гэх гүйлгээний утга бүхий 3.589.800 төгрөг тушаасан” бэлэн мөнгөний орлогын баримт /хх-13/, тооцооны хуудасны тайлан /хх-80/, Улаанбаатар хот дахь Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн 2018.05.16-ны өдрийн 21 дүгээр албан бичиг /хх-92/, мөн хохирогчоос шүүх хуралдаанд гаргаж өгсөн тооцооны хуудсуудаар болон хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-3/, шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Бүх мөнгөө бөөнд нь багцлаад резинээр ороосон байсан. 20000-тын дэвсгэрт 102 ширхэг, 10000-тын дэвсгэрт 105 ширхэг, 5000-тын дэвсгэрт 87 ширхэг, 1000-тын дэвсгэрт 59 ширхэг, 500-тын дэвсгэрт 3 ширхэг, нийлээд 3.589.800 төгрөг байсан” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбар няцаагдаж байна гэж шүүх дүгнэсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч хохирол дээр маргасан тул торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын заримыг төлсөн, тогтмол орлого олдог нь тогтоогдож /хх-69-71/ байх тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэж,
хохирогч “Миний алдаа байгааг зөвшөөрч байна, ялыг аль болох багаар нь шийдэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг/-ыг харгалзан шүүгдэгч Д.Ж-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө /тээврийн хэрэгсэл бүртгэлтэй хх-63/, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ж- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д-гийн Ж-ыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-ыг 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ж- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ж- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Ж-аас 1.980.800 /нэг сая есөн зуун наян мянга найман зуу/ төгрөг гаргуулж хохирогч М.М- /Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 9 дүгээр гудамж, 33 тоотод оршин суух, РД-ЧЛ67042211/-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР