Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/50

 

2024 оны 9 сарын 25-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/50                           Өвөрхангай аймаг

 

Н.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                      Прокурор Д.Алимаа /цахимаар/

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/

      Шүүгдэгч Н.Б   

      Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Г.Гандөш нарын гомдлоор Н.Б-д холбогдох эрүүгийн 2427000430083  тоот хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Б нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ... сумын ... дугаар багийн нутагт авто зам дээр П 20 загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.3-т заасан “Замын хөдөлгөөн оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, замын зорчих хэсэгт хэвтэж байсан хохирогч Я.Д-ыг дайрч амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 09 (ес) жилийн хугацаагаар хасаж, 04 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ы цагдан хоригдсон 25 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 09 (ес) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дугаар зүйлийн 511.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-аас оршуулгын зардалд 8,538,958 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, нөхөн төлбөрт 69,300,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Дашзэвэгт олгохоор, хэрэгт бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардпаа шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 8 сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9-н жилийн хугацаагаар хасаж, 4-н жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие энэ хорих ялын хэмжээг багасгуулах гэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний хувьд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн санамсар болгоомжгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн буруутай нөхцөл байдлын улмаас авто ослын хэрэг үйлдэж, эрдэнэт хүний тэр дундаа олон жил айл саахалт явсан ах Я.Д-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн. Миний бие хэрэг үйлдсэнээс хойш цагдаагийн байгууллагад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр болсон үйл явдлыг хэлж өгч, хэргийн газрын үзлэг хийлгэх, мэдүүлэг шалгах ажиллагааг хийлгэсэн ба осол болсон даруйд хохирогчийг эмнэлэгт аваачиж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Мөн өөрөө эмнэлэг цагдаа дээр байсан тул өөрийн төрсөн ахыг явуулж ар гэрт нь буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д-т осол болсон тухай хэлүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татах тогтоол гарсны дараа болон шүүхийн шатанд хэрэг шилжсэний дараа ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн ар гэрийнхэн болон бусад хүмүүсээс дахин дахин уучлалт гуйж, гэмшиж, амь хохирогчийг Б сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт эмчлэгдэж байх хугацаанд хамт сахиураар дүү Н.О-ийг явуулж /өөрөө цагдаагийн байгууллага дээр байсан болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан/, бүх эмчилгээ үйлчилгээний зардлыг тухай бүр гаргаж байсан. Мөн үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, хор уршиг үр дагаврыг арилгахын төлөө санаачилгатай, сэтгэл гарган хандаж, талийгаачийг гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад өдөр бүр бие нь сайжирч, хөл дээрээ босоод ирээсэй гэж залбирч, тухай бүр гарч байгаа хохирлуудыг төлж байсан.

Хэдийгээр миний хэргийн хувьд хохирогч өөрөө замын уулзвар дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай тасраад унтаж байсан буруутай боловч өөрийн хайхрамжгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан буруутай нөхцөл байдлаас гэмт хэрэг гарсан гэж боддог. Миний бие талийгаачийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эмчилгээний болон нөхөн сэргээх тоног төхөөрөмжийн зардал, өвчтөн тээвэрлэх зардал, сахиурын зардал, бусад зардалд 8,945,000 төгрөгийн зардлыг гаргасан байдаг ба баримтуудыг хэрэгт хавсаргуулан өгсөн. Талийгаачийг нас барсны дараа оршуулгын болон бусад зан үйлийн зардалд зориулж 4,200,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д-т боломжоороо гаргаж өгсөн.

2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж намайг гэм буруутайд тооцон хохирлын хэмжээг анхан шатны шүүхээс 77,838,958 төгрөг гэж тогтоон, хохирол төлөх 5 хоногийн завсарлага авах эсэх талаар шүүгч надаас асуухад 5 хоногийн дотор хохирлын 77,833,958 төгрөгийг гүйцээж төлж арай амжихгүй, цалин орлогын байдал, эд хөрөнгөө зарж борлуулж байж хохирлын мөнгөө болох талаараа хэлж, ойрын хугацаанд ар гэр, ах дүүсээсээ санхүүгийн тусламж нэмж авч хохирлыг бүрэн төлөх тухайгаа, завсарлага авах юм бол өндөр настай Я.Д гуайг нааш цааш дахин явуулах асуудал гарна гэдэг асуудлыг хэлж. завсарлага авахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан юм.

Гэтэл надад анхан шатны шүүхээс хохирол бүрэн төлөгдөөгүй үндэслэлээр  4-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь миний ар гэр амьдрал ажил төрөл бүх зүйл хүнд байдалд орж байгааг шүүхээс харгалзан үзэх байх гэж бодож гомдол гаргаж байна. Мөн шүүхээс ял шийтгүүлсний дараа буюу 2024 оны 8 сарын 27-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д-т 20,000,000 /хорин сая/ төгрөгийн хохирол төлбөр, сэтгэл санааны хохиролд тооцуулан гаргаж өгч цаашид ч боломжоороо тусалж дэмжиж байхаа илэрхийлж ар гэрийнхнийгээ уулзуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д эгч ч анхан шатны шүүх хуралдаан дээр намайг багаас нь мэддэг, айл аймаг олон жил болж байгаа хүмүүс тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэлт гаргаж байсанд үнэхээр их баярлаж байгаа. Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэснээс хойш дээрх үлдэгдэл хохирлын мөнгийг авсны дараа цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар сэтгэл санааны хохирол барагдуулсан цаашид сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д эгч хүсэлт гаргаж өгсөнд маш их баярлаж, бас гэмшиж байна.

Миний хувьд .... тоотод эхнэр, 4 хүүхдийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг, хувиараа барилгын ажил хийж амьдарлаа залгуулдаг. Гэхдээ тогтмол орлогогүй ч гэсэн өөрийн боломжоор хохирлыг төлж явсаар өнөөдрийг хүрлээ, ах дүү гэр бүл маань ч хохирол төлөхөд маш их сэтгэл гаргасан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Мөн миний хувьд архи согтууруулах ундаа тэр бүр хэрэглээд байдаггүй ба тухайн үед цагаан сарын баяр болж байсан тул архи согтууруулах ундаа ууж улмаар хэтрүүлэн хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодож явж энэхүү ослыг гарган Я.Д ахынхаа амь насыг хохироосондоо өдөр бүр харамсаж байна.

Өмгөөлөгчийн зүгээс миний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн ”, 1.4-т заасан “хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн”, 1.5 “өөрийгөө илчилсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад хамаардаг гэж хэлсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял авах боломжтой талаар хэлж өгч байсан. Хуульд заасан боломжийг надад итгэн 1 удаа олгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг багасгаж өгөхийг хүсэж байна. Надад итгэн боломж олговол дахин хэзээ ч архи ууж асуудал тарихгүй ар гэр амьдралынхаа төлөө зүтгэнэ гэдгээ амлаж байна.

Иймд надад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон багасгаж, хохирол төлбөрийн заалтыг хүчингүй болгох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Н.Б-д Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 8 сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9-н жилийн хугацаагаар хасаж, 4-н жилийн хугацаагаар хорих ял ногдуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж айна. Учир нь гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдлын тухайд: Шүүгдэгч Н.Б-ы хувьд анх 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр авто ослын хэрэг үйлдсэн даруйдаа Цагдаагийн байгууллагад өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр болсон үйл баримтыг дүрслэн хэлж өгч, хэргийн газрын үзлэг хийлгэн, хохирогчийг эмнэлэгт аваачиж эмнэлгийн тусламж үзүүлсэн.

Мөн өөрөө эмнэлэг цагдаа дээр байсан тул өөрийн төрсөн ахыг явуулж ар гэрт нь буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д-т осол болсон тухай хэлүүлж, эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татах тогтоол гарсны дараа болон шүүхийн шатанд шилжсэний дараа ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн ар гэрийнхэн болон бусад хүмүүсээс дахин дахин уучлалт гуйж, гэмшиж, амь хохирогчийг Бат-Өлзий сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт эмчлэгдэж байх хугацаанд хамт сахиураар дүү Н.О-гийг явуулж /өөрөө цагдаагийн байгууллага дээр байсан болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан/, бүх эмчилгээ үйлчилгээний зардлыг тухай бүр гаргаж /нийт 8 945,000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргуулсан/ байсан. Мөн үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, хор уршиг үр дагаврыг арилгахын төлөө санаачилгатай, сэтгэл гарган хандаж байсан. Н.Б нь мөрдөн байцаалтын үед надтай уулзахдаа хүртэл энэ тухайгаа хэлж талийгаачийг гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад өдөр бүр бие нь сайжраасай, хөл дээрээ бодоод ирээсэй гэж залбирч байгаа тухай хэлж байсан.

Хохирол төлбөр, хор уршгийг арилгасан тухайд: Н.Б-ы хувьд талийгаачийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эмчилгээний болон нөхөн сэргээх тоног төхөөрөмжийн зардал, сахиурын зардал, бусад зардалд 8,945,000 төгрөгийн зардлыг гаргасан байдаг ба баримтуудыг хэрэгт хавсаргуулан өгсөн. Мөн талийгаачийг нас барсны дараа оршуулгын болон бусад зан үйлийн зардалд зориулж 4,200,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Дашзэвэгт өгсөн байдаг. 2024 оны 8 сарын 13-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж Н.Б-ыг гэм буруутайд тооцон хохирлын хэмжээг анхан шатны шүүхээс 77,838,958 төгрөг гэж тогтоон, хохирол төлөх 5 хоногийн завсарлага авах эсэх талаар шүүгчээс асуухад “... 5 хоногийн дотор хохирлын 77,838,958 төгрөгийг гүйцээж төлж арай амжихгүй талаараа хэлж, гэхдээ ойрын хугацаанд ар гэр, ах дүүсээсээ санхүүгийн тусламж авч хохирлыг бүрэн төлнө, завсарлага авах юм бол настай хүнийг дахиад нааш цааш явуулах асуудал гарна ...” гэдэг асуудлыг хэлж, завсарлага авахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс хохирол бүрэн төлөгдөөгүй үндэслэлээр 4 жилийн хорих ял оногдуулсан байдаг. Шүүхээс ял шийтгүүлсний дараа буюу 2024 оны 8 сарын 27-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д-т 20,000 000 /хорин сая/ төгрөгийг хохирол төлбөр, сэтгэл санааны хохиролд тооцуулан гаргаж өгч цаашид ч боломжоороо тусалж дэмжиж байхаа илэрхийлж ар гэрийнхнийгээ уулзуулсан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д нь ч анхан шатны шүүх хуралдаан дээр Н.Б-д багаас нь мэддэг, айл аймаг олон жил болж байгаа хүмүүс тул хөнгөн шийтгэл оногдуулж өгөөч хэмээн хүсэж сэтгэл санааны байдлаа илэрхийлж байсан

Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэснээс хойш дээрх үлдэгдэл хохирлын мөнгийг авсны дараа цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар сэтгэл санааны хохирол барагдуулсан цаашид сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр хүсэлт гаргаж өгснийг энэхүү давж заалдах гомдолд хавсаргаж байна.

Шүүгдэгч Н.Б ы хувийн байдлын хувьд .... тоотод эхнэр 4 хүүхдийн хамт ам бүл 6-уул оршин суудаг, хувиараа барилгын ажил хийж амьдарлаа залгуулдаг, ажлын төлөө гэр бүлийнхээ төлөө ямар ч ажлыг голохгүй хийж өдийг хүрсэн хүн байдаг. Мөн Н.Б ы хувьд архи согтууруулах ундаа тэр бүр хэрэглээд байдаггүй ба хэрэг учрал болсон тухайн хугацаанд цагаан сарын баяр болж байсан тул архи согтууруулах ундаа ууж, улмаар хэтрүүлэн хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодож явж энэхүү ослыг гарган, эрдэнэт хүний амь насыг хохироосон нөхцөл байдал харагддаг.

Н.Б ы үйлдсэн гэмт хэрэгтээ үнэн зөвөөр хүлээж, хэргийн үйл баримтыг тодорхой дүрсэлж мэдүүлэг өгч, хэргийн газрын үзлэг, мэдүүлэг шалгах ажиллагааг шуурхай хийлгэж, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ зөрчихгүй байх болон хохирол төлөх асуудал бусад асуудалд санаачилгатай хандсан нь хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал хангалттай харагддаг.

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан ‘тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн ”, 1.4-т заасан хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн ” 1.5 “өөрийгөө илчилсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа болох нь гэрч хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, камерын бичлэг бусад баримтуудаар бүрэн нотлогддог.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: 1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж заасан байдаг.

Шүүгдэгч Н.Б ы хувьд дээрх хуулийн шаардлагад заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирол хор уршгийг нөхөн төлөх, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 8 сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

мөн 6 дахь заалт буюу хохирол төлбөр гаргуулах заалтыг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол гаргасан тайлбартаа: Я.Д миний бие Н.Б-д холбогдох хэрэгт амь хохирогч Я.Д-ын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Н.Б  хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөрт Н.Б ы зүгээс 20,000,000 төгрөгийг хүлээж авсан тул цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй учир хөнгөн ял шийтгэх оногдуулж өгнө үү. Н.Б  бид нар олон жил нэг нутаг усанд айл саахалт амьдарсан болохоор Н.Б-дхөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Н.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ийм хэрэг хийсэндээ үнэхээр харамсаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д эгч миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүссэнд их баярлаж байгаа. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосондоо их гэмшиж, харамсаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн хугацаанаас хойш Н.Б-ы хувьд анх цагдаагийн байгууллагад ирж үнэн зөвөөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаа болон бусад ажиллагаануудыг шуурхай хийлгэж, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал хэргээс харагддаг. Гэм буруугийн байдлаа хүлээсэн болон хохирол төлсөн асуудалд маргаан байхгүй. Шүүхээс сэтгэл санааны хохирлыг шийдвэрлэсний дараа 5 хоногийн завсарлага авах асуудал яригдахад хууль ёсны төлөөлөгч Я.Д гуайг настай хүн дахин дахин нааш цааш нь явуулаад яах вэ? гээд хэргээ шийдвэрлүүлсэн. Мөн өмнө нь өмгөөлөгчөөс шалтгаалж шүүх хуралдаан хойшилсон байдаг. Мөн 77,000,000 төгрөгийг 25 хоногийн дотор шүүгдэгч бүрдүүлж өгөх ямар ч боломжгүй байсан. Шүүгдэгч Н.Б нь ах дүү, хамаатан садан, найз нөхөд бүх хүмүүсээсээ тусламж дэмжлэг авч мөнгийг бүрдүүлж өгч чадаагүй. Өмнө нь хохирогчийг гэмтлийн эмнэлэгт болон аймгийн эмнэлэгт байх хугацаанд нь зардал чирэгдэл бүгдийг нь зээл авч ах, дүү нараасаа зээлж хохирлыг нь төлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг. Хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан түүнд хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс доошгүй бага ял оногдуулах боломжтой. Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Н.Б өөрийн гаргасан алдаа дутагдлаа маш сайн ухамсарлаж ойлгож байгаа. Цагдан хорих байранд байх хугацаандаа хүний амь насыг хохироосон их муухай юм хийсэн болохоор энд суухгүй гээд яах вэ гэдэг байдлаар хандсан.  Түүнд амьдралынх нь хэсэг цаг хугацаанд ч гэсэн шүүхээс нэг удаа боломж олгож өгнө үү гэж хүсэж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг багасгаж өгнө үү гэв.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Н.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 9-н жилийн хугацаагаар хасаж, 4-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоол нь эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Г.Гандөш нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Н.Б нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Б сумын .... дугаар багийн нутагт авто зам дээр П 20 загварын ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.3-т заасан “Замын хөдөлгөөн оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, замын зорчих хэсэгт хэвтэж байсан хохирогч Я.Д-ыг дайрч амь насыг хохироосон болох нь гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед Н.Б  манайд өөрийн эзэмшлийн ....улсын дугаартай П 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа ирсэн. би машинд суугаад ганц шил архи авахаар доод өргөн чөлөө орсон дэлгүүрүүд хаалттай байхаар нь гэртээ хүргүүлэхээр сумын төв замаас хойшоо салаад МТ шатахуун түгээх станцыг хажуугаар нь ороод явахад шороон замын голд хүн харагдах шиг болсон би Н.Б-д хандаж юм дайрчихлаа гэхэд Н.Б мэдэхгүй гэж надад хэлээд цааш үргэлжлүүлэн явахад Хурд ШТС дээр очиж зогсож байхад машины хажууд жолоочийн талын хойд дугуйны хажууд хүн хэвтэж байхаар нь татаж гаргаад түгээгчийг цагдаад дуудлага өг гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/

Гэрч Н.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... П 20 загварын машин урдаас чиглэн баруун талаас тойрч ирээд бензины түгээгүүр дээр Машинаас Б.Э гэх залуу бууж ирэхэд чиний машины дугуйнд том юм чирэгдсэн байна гэж хэлсэн. Тэгэхэд Б.Э машин тойрч хараад надад хандаж хүн байна гэж хэлсэн. Би худлаа яриад гэсэн тэгээд харахад зам дээр цусаар зам татуулаад ирсэн байхаар нь ажлын байр руугаа орж нөхөр М-ыг сэрээгээд М гарч хараад цагдаад дуудлага өгсөн. Дараа нь эмнэлэг дуудсан. ...тухайн машины жолооч ухарч зогсоод өөрөө чирч ирсэн хүнээ машин доороосоо гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 176-р тал/

Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... хэсэг хугацаанд би унтаж байсан чинь гаднаас эхнэр болох Л машин хүн чирээд ирлээ гэж орж ирсэн. Би босоод гараад хартал цустайгаа холилдсон хүн машины хажууд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. ...Хөдөлгөөнгүй толгой нь нил цус болчихсон байсан. Би хөдөлгөөгүй хараад шууд цагдаа эмнэлэг дуудсан. Жолоочоос архи үнэртэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

Техникийн шинжээчийн 45 дугаартай: “1.Тоёота Приүс-20 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: МУ-ын ЗХД-ийн 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.МУ-ын ЗХД-ийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, З.МУ-ын ЗХД-ийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Эдгээр заалтуудыг зөрчсөн үйлдлүүд нь осол гарахад шууд нөлөө үзүүлсэн байна” гэх дүгнэлт /хх-ийн 76-80-р тал/,

Шүүгдэгч Н.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...тухайн осол болсон өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өглөө нь би эхнэрийн хамтаар бие нь тааруу байгаа ээж дээрээ очихоор хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь өгчхөөд 10 цагийн үед Б сумын ... дугаар багийн нутаг Цехийн хороонд ээжийнд очсон. Тэндээ байж байгаад эхнэр бид хоёр 13-14 цагийн үед эргээд гэртээ харьсан. Гэртээ байж байхад манай найз Т над руу залгаад гэрт хүрээд ир жоохон буу халж сууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртээ хэлсэн чинь эхнэр лай лай би очихгүй гэж хэлээд хэвтээд өгсөн тэр үед машины түлхүүр ширээн дээр байхаар нь би босож түлхүүр авч гараад машинаа асаагаад Т-ийн гэрт очсон. Намайг очиход Ө, Э, Б, Т нар байсан ба бид нар нийтдээ 4 ширхэг 2,5 литрийн пиво 1 шил 0,75 литрийн архи хувааж ууцгаасан. Архи, пивоо ууж дуусахад 20 цаг болж байсан ба би ч түрүүлээд гэртээ харилаа гээд гараад явсан. Машинаа унаад гэртээ харих замдаа төрсөн дүүгийн маань нөхөр Э-гийн гэрээр орсноо бүдэг бадаг санаж байгаа түүнээс хойш хэнтэй хамт, хаагуур хаагуур явснаа санахгүй, нэг мэдсэн чинь колонк дээр зогсчихсон, колонкийн түгээгч хашхирахаар нь машинаасаа буугаад хартал жолооч талын хойд дугуйны урд талд буюу хойд талын хаалганы харалдаа дор дээлтэй хүн хэвтэж байсан. Бүсэлхийгээс доош хөл хэсэг нь ил гарсан, цээж толгой хэсэг нь машины дор орсон байдалтай тонгойгоод харсан чинь дээлнийх нь бүс урд дугуйны орчимд төмрөөс гогдогдчихсон, түүгээрээ чирэгдээд явсан юм шиг байсан. Тэгэхээр нь би дээлнийх нь бүсийг суллаад татаж гаргаж ирээд Энхтүвшинд хандаад эмнэлэг цагдаа яаралтай дуудаа, эсхүл эмнэлэг рүү аваад явья гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд, араас нь эмнэлэг ирээд тухайн хүнийг аваад явсан, цагдаа нар ч намайг цагдаа руу аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 127-р тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1294 дугаартай дүгнэлт /хх-ийн 185-194-р тал/ Согтуурлыг багажаар шалгасан тухай “...Н.Б ...2,46 хувь тоон үзүүлэлт илэрч гэх тэмдэглэл /хх-ийн 27-28-р тал/, Петровис шатахуун түгээх станц, Хурд шатахуун түгээх станцын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 18-24-р тал/,  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3731 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-70-р тал/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Н.Б аас ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшөөс ...шүүгдэгч Н.Б  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг багасгаж өгнө үү.... гэх агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.Б-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоос 20,000,000 төгрөг төлсөн, эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Б-ы анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 43 хоногийг түүний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д-т 20,000,000 төгрөгийн хохирлыг давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх шатанд төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д-гийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдсон тул магадлалд хохирол төлсөн талаар дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

           2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 09 (ес) жилийн хугацаагаар хасаж, 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ы анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 43 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  2. Шүүгдэгч Н.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Д-т 20,000,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.НЯМДОРЖ

                      ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА                                                                       

                                                                     Б.ЦЭРЭНПҮРЭВ