Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл,

хохирогч Л.Б-,

шүүгдэгч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт М-гийн М-д холбогдох эрүүгийн 1810007920290 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ховд амйгийн Мөст суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэр ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “...” ХК-нд технологич ажилтай, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт М-гийн М- /РД:......./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.М- нь 2018 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт ........ тоот буюу оршин суух гэртээ хамтран амьдрагч Л.Б-г хардалтын улмаас зодож, заазуураар гуянд нь зүсэж гуянд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой ажлынхантайгаа караокед орсон. Шөнө 01 цагийн орчимд ирээд цонхоор түлхүүр авах гэтэл М.М- нүүр рүү түлхүүр шидсэн. Тэгэхээр нь гэрт ороод хэрүүл болох байх гэж бодоод өөрийнхөө аав ээжийн гэрт очихоор явж байтал М.М- араас гарч ирээд боож унагаагаад цохиод байсан. Тэгээд гэрт ороод гэрэл унтраах хооронд гуя руу заазуураар зүссэн. Бид хоёр буцаад хамт амьдарч байгаа. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Эрүүгийн 1810007920290 дугаартай хавтаст хэргээс:

 

          Хохирогч Л.Б- мөрдөн байцаалтанд 2018.04.13-ны өдөр мэдүүлэхдээ: Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны орой 22 цагт ажлаасаа тараад ажлынхантайгаа хоолонд орцгоосон. 2018 оны 03 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-65 тоотод гэртээ ирээд гэр рүүгээ орох гээд цонхоороо түлхүүрээ авах гэтэл нөхөр М- миний нүүр рүү түлхүүр шидсэн. Би түлхүүрийг нь газар орхичихоод өөрийн эцэг, эхийн гэр рүү явж байхад М- гарч ирээд “намайг түлхэж унагаад, багалзуурдаад нүүр рүү гараараа хоёр удаа цохихоор нь би эсэргүүцэхэд хоёулаа газар өнхрөлдөөд ноцолдсон. Тэгээд М- “хоёулаа гэр рүүгээ орьё” гээд хамт гэртээ орсон. Гэрт ороод М- “чи хаагуур явж байгаад ирсэн. Ажлын хүмүүстэйгээ яваагүй, өөр хүмүүстэй янхандаж яваад ирлээ” гэхэд “би үнэнгээ хэлж байхад яах гэж чи дандаа ингэж байдаг юм” гээд маргасан. Тэр үед М- уурлаад “чамайг алчихна шүү” гээд ширээн дээр байсан заазуур аваад гэрэл унтраасан. Би унтах гэж байгаа юм байна гэж бодоод орон дээр суусан чинь М- миний зүүн талын гуяны гадна ар хэсэгт заазуураар нэг удаа зүсчихээд заазуураа орны араар шидчихсэн. Би “хүн зүсчихлээ ш дээ” гэхэд “худлаа яриад” гэхээр нь “нээрээ” гэхэд М- очиж гэрлээ асаасан. Би шархаа харсан чинь цус их гарч байхаар нь “түргэн дууд” гээд орилоход хажуугийн өрөөний эгч орж ирээд түргэн тусламж дуудсан. Хажуу өрөөний эгч миний цус гарч байгаа хэсгийн дээгүүр уяагаар боож өгөхөд цус нь түр тогтсон. ... Миний зүүн нүд хөхөрч, хацар, хүзүү улайсан байсан. Мөн миний зүүн гуяны гадна ар хэсэгт 8 см  зүсэгдсэн байсан бөгөөд түүнд гэмтэл оёдол тавьсан. Миний шарх эдгэж байгаа боловч шатаар дээш доошоо явахад хөндүүр зовиуртай байна. Өөр гэмтэл шарх байгаагүй. М- эмчилгээний зардалд 600.000 төгрөг төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

Гэрч Х.А- мөрдөн байцаалтанд 2018.03.28-ны өдөр мэдүүлэхдээ: ... Тухайн орой 01 цаг 50 минутын орчим манай хажуу айлын эхнэр, нөхөр маргалдаж, муудалцаж байгаа юм шиг чимээ гараад байсан. Эмэгтэй нь “чи намайг аллаа шүү дээ. 103 дуудаад өгөөч” гэхээр гэрт нь ортол нөхөр нь эхнэрийнхээ зүүн хөлний гуя хэсгийг заазуураар зүсэж гэмтээсэн байсан. Өөрсдөө 103-т дуудлага өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Гэрч Л.Б- мөрдөн байцаалтанд 2018.04.14-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед Б- над руу залгаад “би Гэмтлийн эмнэлэг рүү яаралтай түргэн тусламжийн машинаар хүргүүлж байна, намайг заавал гэрээсээ хүн дууд гээд байна, би хүнд заазуурдуулчихсан” гэж хэлэхээр нь би дүү Чинцогтын хамт Гэмтлийн эмнэлэгт очиход Б- зүүн гуяныхаа гадна хэсэгт нилээн урт оёдол тавиулчихсан, зүүн нүд нь хавдаад, хүзүүний зүүн хэсэг нь маажсан юм шиг шархтай болчихсон босч чадахгүй хэвтэж байсан. Би Б-гаас юу болсон талаар асуухад “хүнтэй маргалдаад, хутгалуулчихлаа” гэж хэлж байсан. Б- сүүлийн 2 жилийн хугацаанд М-тэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Сааралын 7 дугаар байрны 65 тоотод амьдарч байсан юм билээ. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр М- нь Б-г “ажлаасаа орой ирлээ” гэж уурлаад, түүнтэй маргалдаж байгаад зүүн гуяыг нь заазуурдсан байсан. М- нь Б-г бусадтай хардаж, үе үе гар хүрч зоддог байсан гэж сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №4231 дугаартай дүгнэлтэнд:

1. Б-гийн биед зүүн гуянд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 21-р хуудас/,

Шүүгдэгч М.М- мөрдөн байцаалтанд 2018.05.08-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 3 хороо Сааралын ....... айлын хажуу өрөөг Б-тай хамт түрээслэн амьдардаг  байсан. ... Л.Б- 20 цагт ажлаа тараад буух байтал 21 цагийн үед над руу залгаад “ажлынхаа хүмүүстэй караокед сууж байна. Нэг цагийн дараа очлоо” гэж ярьсан. ... Шөнийн 01 цаг өнгөрч байхад Б- гэрийн гадна ирээд над руу залгаад “гэрийн түлхүүр өг” гэхээр нь би цонхоор гэрийн түлхүүрээ шидэхэд Л.Б- барьж авч чадалгүй алдчихсан. Л.Б- газраас түлхүүр аваад над руу буцааж шидчихээд эргээд явахаар нь би гарч түлхүүрээ аваад Б- дээр очоод “хаачих гэж байгаа юм, орж амраач” гэхэд “би гэр рүүгээ явж амарлаа” гэхээр нь “явуулахгүй” гээд гэртээ авч орох гээд маргалдаад зууралдаж байгаад газар унаж ноцолдсон. Ноцолдож байхдаа би Б-гийн нүүр рүү нэг удаа цохисон. ... Би Б-д “явах юм бол өглөө бол, Одоо орж амар, больё” гээд гэр рүүгээ Л.Б-г дагуулж орсон. Гэртээ ороод би Б-г “хоолоо ид” гэхэд хоол идэхгүй уурлаад хувцсаа тайлахгүй орон дээр бүхлээрээ гараад хэвтчихсэн. Би “хувцсаа тайлаад амар” гэхэд хувцсаа тайлахгүй өмнөөс согтуурхаж маргалдаад байхаар нь би гэрлээ унтраагаад унтах гэхэд Б- “гэрэл унтраахгүй” гээд босоод гэрэл асаасан. Би босоод гэрэл унтраах гэсэн чинь Л.Б- надтай зууралдаад нүүр маажих гээд байхаар нь би ширээн дээр байсан хар иштэй заазуурыг аваад айлгах гээд биед нь хүргэсэн чинь Б-гийн зүүн гуя өмдтэй нь давхар зүсэгдсэн. Би түргэн тусламж дуудаад шархыг нь боож байтал хажуу айлын эмэгтэй орж ирээд харсан. Удалгүй түргэн тусламж ирээд, цагдаа дуудсан. Цагдаа ирж үзлэг хийгээд намайг цагдаагийн хэлтэст авчирсан. Би урьд нь Л.Б-г зодож цохиж байгаагүй, харин маргаж муудалцах тохиолдол байсан. Сүүлийн маргаан дээр Л.Б- оройтоод согтуу ирэхээр нь би хардаж маргалдахад намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд, надтай ноцолдох гэж дайраад байхаар нь айлгах гээд заазуур авсан чинь Л.Б-гийн зүүн гуянд дүрчихсэн. Б-гийн эмчилгээний зардалд нийт 2.500.000 төгрөг нэхэхээр нь өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 10-р хуудас/,

 Хохирол төлсөн баримт /хх-ийн 14-р хуудас/,

 Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 41-49-р хуудас/,

 Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 50-р хуудас/,

 Шүүгдэгч М.М-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 27-р хуудас/,

- эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 28-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29-р хуудас/,

          - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.М-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.М- нь 2018 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах ...... тоотод хамтран амьдрагч хохирогч Л.Б-г хардалтын улмаас зодож, зүүн хөлөнд заазуураар зүсэж биед нь “зүүн гуянд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Б-гийн ... Шөнө 01 цагийн үед гэртээ орох гээд цонхоороо түлхүүрээ авах гэтэл М- миний нүүр рүү түлхүүр шидсэн. Би түлхүүрийг нь газар орхичихоод өөрийн эцэг, эхийн гэр рүү явж байхад М- гарч ирээд “намайг түлхэж унагаад, багалзуурдаад нүүр рүү гараараа хоёр удаа цохихоор нь би эсэргүүцэхэд хоёулаа газар өнхрөлдөөд ноцолдсон. ... Гэрт ороод М- “чи хаагуур явж байгаад ирсэн. Ажлын хүмүүстэйгээ яваагүй, өөр хүмүүстэй янхандаж яваад ирлээ” гэхэд “би үнэнгээ хэлж байхад яах гэж чи дандаа ингэж байдаг юм” гээд маргасан. Тэр үед М- уурлаад “чамайг алчихна шүү” гээд ширээн дээр байсан заазуур аваад гэрэл унтраасан. ... Орон дээр суусан чинь М- миний зүүн талын гуяны гадна ар хэсэгт заазуураар нэг удаа зүсчихээд заазуураа орны араар шидчихсэн. Би “хүн зүсчихлээ ш дээ” гэхэд “худлаа яриад” гэхээр нь “нээрээ” гэхэд М- очиж гэрлээ асаасан. Би шархаа харсан чинь цус их гарч байхаар нь “түргэн дууд” гээд орилоход хажуугийн өрөөний эгч орж ирээд түргэн тусламж дуудсан. Хажуу өрөөний эгч миний цус гарч байгаа хэсгийн дээгүүр уяагаар боож өгөхөд цус нь түр тогтсон. ... Миний зүүн нүд хөхөрч, хацар, хүзүү улайсан байсан. Мөн миний зүүн гуяны гадна ар хэсэгт 8 см зүсэгдсэн байсан бөгөөд түүнд гэмтэл оёдол тавьсан...гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.А-ы ... Тухайн оройн 01 цаг 50 минутын орчим манай хажуу айлын эхнэр, нөхөр маргалдаж, муудалцаж байгаа юм шиг чимээ гараад байсан. Эмэгтэй нь “чи намайг аллаа шүү дээ. 103 дуудаад өгөөч” гэхээр гэрт нь ортол нөхөр нь эхнэрийнхээ зүүн хөлний гуя хэсгийг заазуураар зүсэж гэмтээсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

 

Гэрч Л.Б-гийн ... Шөнө 02 цагийн үед Б- над руу залгаад “би Гэмтлийн эмнэлэг рүү яаралтай түргэн тусламжийн машинаар хүргүүлж байна, намайг заавал гэрээсээ хүн дууд гээд байна, би хүнд заазуурдуулчихсан” гэж хэлэхээр нь би дүү Чинцогтын хамт Гэмтлийн эмнэлэгт очиход Б- зүүн гуяныхаа гадна хэсэгт нилээн урт оёдол тавиулчихсан, зүүн нүд нь хавдаад, хүзүүний зүүн хэсэг нь маажсан юм шиг шархтай болчихсон босч чадахгүй хэвтэж байсан. Би Б-гаас юу болсон талаар асуухад “хүнтэй маргалдаад, хутгалуулчихлаа” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №4231 дугаартай дүгнэлтэнд:

1. Б-гийн биед зүүн гуянд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 21-р хуудас/ нотлогдож байна.

 

        Хохирогч Л.Б-гийн биед учирсан “зүүн гуянд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт” бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч М.М- гараар цохих, заазуураар зүсэж учруулсан ба шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагаварын хооронд шалтгаант холбоотой.

 

        Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “… хамтран амьдарч байсан, гэр бүлийн харилцаатай этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж хуульчилсан ба шүүгдэгч М.М-, хохирогч Л.Б- нар нь хамтран амьдарч байсан болох нь тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж заасан байна.

 

            Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй шүүгдэгч М.М-гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

            Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж шүүгдэгч М.М-д ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан шүүгдэгч М.М-д 1000 нэгжээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч М.М- нь “Атар Өргөө” ХК-нд технологийн ажилтнаар ажилладаг, сарын 600.000 төгрөгийн цалинтай болох нь ажил олгогчоос ирүүлсэн албан бичгээр нотлогдож байх тул шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоов.

 

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Л.Б- “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч М.М-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч М.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

Хохирогч Л.Б- орны даавууг буцааж авахгүй гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуур, орны даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.