Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00444

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02757 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ж-” ХХК-ийн хариуцагч “И-” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 29,042,374 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 29,042,374 төгрөг гаргуулах.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани нь харилцагч байгууллага болох “И-” ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулан, Юна ресторанд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл 4,595,982 төгрөгийн, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэл 10,936,541 төгрөгийн, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл 3,829,060 төгрөг нийт 19,361,583 төгрөгийн мах худалдсан боловч хариуцагч нь төлбөрийг төлөөгүй байна. Ковидын нөхцөл байдлын үед харилцан ойлголцож, хамтарч ажиллаж байсан “И-” ХХК нь нийт 19,361,583 төгрөгийн борлуулалтын үлдэгдэл өртэй бөгөөд гэрээний 5.3, 5.5, 8.2-т заасны дагуу нийт алданги 9,680,791 төгрөг нийт 29,042,374.50 төгрөгийг хариуцагч “И-” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И-” ХХК нь “Ж-” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулан хамтран ажиллаж байсан. Гэрээний дагуу нийт 19,361,583 төгрөгийн мах худалдан авсан үйл баримтад маргахгүй. Харин Ковидын улмаас Улсын онцгой комиссоос рестораны үйл ажиллагааг хязгаарлаж, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хөл хорионд орж, түүнчлэн халдвар тархах эрсдэлтэй аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудыг ажиллуулаагүй хугацааг тооцон маш урт хугацаанд ажиллаагүй ба ажилласан хугацаанд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үйлчлүүлэгчид нийтийн хоол, тэр тусмаа Солонгос хоолны ресторанаар үйлчлүүлэхээс татгалзаж, үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхгүй өдөр тутмын орлого, татвар, түрээс, банкны зээл, ажилчдын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэгт төлж асар хүнд байдалд байсаар “Ж-” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Иймээс үндсэн төлбөр 19,361,583 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин давагдашгүй нөхцөл байдлын улмаас үүргээ биелүүлж чадахгүй байсан тул алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “И-” ХХК-аас 24,201,979 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,840,396 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 278,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон хугацаанд үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үниин дүнгээс 50 хувиар анз төлөх үүрэг гэрээгээр хариуцагчид үүссэн ...” гэжээ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх тухай заасан бөгөөд 222.2 дах хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан бөгөөд хариуцагч “И-” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь хариуцагчийн буруугаас болсон гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор коронавирус цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосноор иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон ба 4 удаагийн хөл хорио, халдвар тархах эрсдэлтэй үйлчилгээний газруудыг ажиллуулаагүй, ресторан, хоолны газрын үйлчилгээ хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалтад багтаагүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “... нийтэд илэрхий үйл баримт ...” байна. Өөрөөр хэлбэл, нийтэд илэрхий байгаа давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл нь хариуцагч “И-” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадалгүй хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн байтал шүүхээс хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан мах бэлтгэн нийлүүлэх гэрээнд худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн 0,5 хувиар алданги төлнө гэж харилцан тохиролцсон боловч бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь Иргэний хуулийн 222.2 дах хэсэгт зааснаар хариуцагчийн буруугаас болоогүй, хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хуульд заасан үндэслэл байхгүй тул алданги тооцох үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч “И-” ХХК-аас алдангийн төлбөрт 4,840,396 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч “Ж-” ХХК нь хариуцагч “И-” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 29,042,374 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр 19,361,583 төгрөг, алданги 9,680,791 төгрөг, нийт 29,042,374 төгрөгийг гаргуулна” гэсэн бол хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч “ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор үйлчилгээний газруудын үйл ажиллагаа доголдсон тул алдангийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байна. /хх-ийн 33-34-р тал/

 

3.Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Ж-” ХХК нь чанарын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, хариуцагч “И-” ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, гэрээнд заасан нөхцөлийн дагуу үнийг төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч “Ж-” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч “И-” ХХК-аас нийт 19,361,583 төгрөгийн авлагатай болох нь талуудын тайлбар, Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 7-9-р тал/

 

4.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэсэн байна.

 

4а.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч “Ж-” ХХК нь борлуулсан бүтээгдэхүүний үнийг шаардах эрхтэй.    

 

            4б.Талуудын байгуулсан гэрээний 5.3-д “Бараа бүтээгдэхүүний төлбөрийг бараа авсан тухайн сарын нийт дүнг дараа сарын 15-ны дотор багтаж бэлнээр болон дансаар хийнэ” гэж, 5.5-т “Худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөрийг 5.3-т заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн 0,5 хувиар алданги төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасанд нийцсэн байна. 

 

            4в.Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэгч “Ж-” ХХК нь гэрээний 5.5-т заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангид 9,680,791 төгрөг нэхэмжилсэн нь анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ. Иймд алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. 

 

            5.Анхан шатны шүүх Улсын онцгой комиссоос “ковид – 19” цар тахал гарсантай холбоотойгоор хоол, рестораны үйл ажиллагааг тодорхой хугацаанд зогсоосон нөхцөл байдлыг харгалзан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангийг 50 хувиар багасгаж, хариуцагч “И-” ХХК-аас алданги 4,840,396 төгрөг, үндсэн төлбөрт 19,361,583 төгрөг, нийт 24,201,979 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.  

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг хэрэглэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

                                                                                        

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

           

                                     ШҮҮГЧИД                              А.МӨНХЗУЛ                                                                           

                                                                                    Г.ДАВААДОРЖ