| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0341/Э |
| Дугаар | 343 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 343
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамий овгийн Дамдинбаатарын Болд-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1808 0104 90310 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Д.Б-нь Монгол Улсын иргэн, 19000 оны 000 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа _____ үйлчилгээ эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, _____ дүүргийн _____дүгээр хороо, ________ гудамжны ________ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:0000000000000).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө ________ 7 дугаар хороо, ______________ тоот хашааны гадаа таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар Б.Д-тэй маргалдан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1800000000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Б.Д-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай найз Б- ирж намайг авсан бөгөөд Б-ийн гэр болох ____ дүүргийн _______ “________” хотхонд очиж бид хоёр архи уусан. Тэндээсээ шөнө 02 цагийн үед гараад Сансарын тунель орж, хадам аавынхаа гэрт орсон чинь эхнэр уурлаад маргалдсан. Тэндээсээ гараад Б-т такси барьж суулгаж өгчихөөд, өөрөө такси бариад Б____ байх ээж, аавынхаа гэр рүү явсан. Аавынхаа гэрийн гадаа ирсэн чинь жолооч намайг “чи баахан гудамжаар явж төөрүүллээ” гэж уурлаад байсан. Тэгэхээр нь би “аавынхаасаа ороод мөнгө авчихъя” гэж хэлтэл “зугтаах гээд байна. Чи мөнгөө одоо өг” гэж нэхсэн. Тэгээд маргалдаад намайг машинаас буулгаад хавсарч газар унагасан. Тэр залуу машиндаа суугаад зугтаах гэж байхад нь би “чиний машины номерыг харсан чамайг цагдаад өгнө” гэж хэлтэл тэр залуу машинаасаа бууж ирээд “чи намайг яасан гэж цагдаад өгдөг юм бэ, тэгвэл би одоо тэр цагдааг чинь дуудна” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирсний дараа намайг аавын гэр лүү оруулсан. Цагдаа нартай хамт Б-ны цагдаагийн хэлтэст ирж гомдол гаргасан. Би таксины жолоочийг танихгүй, өмнө нь харж байгаагүй. Таксины жолооч намайг газар хэд хэдэн удаа хавсарч унагасан. Газар унагаад миний нүүр лүү хөлөөрөө өшиглөж зодсон. Би тэр таксины жолоочид гар хүрч чадаагүй, би согтолттой байсан. Болсон асуудлыг бол санаж байна. Би тэр хүний машинд огт хүрээгүй. Намайг машинаас нилээн хол унагаад байсан. Миний хамар мурийсан, нүүр, нүд хөхөрсөн, хүзүү улайсан, тохой халцарсан, хавдсан, хөл, гар хэсэг хэсэг газар хөхөрсөн байсан. Би хамартаа хоёр удаа шарлага хийлгэсэн, барагшуун, эм гэх мэт зүйлс авч хэрэглэсэн. Эмчилгээ хийлгэсэн баримтуудаа гээсэн. Одоо үзүүлэх баримт алга. Өдрийн 50.000 мянган төгрөгний цалинтай. 13 хоног ажилдаа явж чадаагүй. Мөн тухайн өдөр миний цаг алга болсон. Тэр цагийг манай эхнэр надад бэлэглэж байсан, дээрх зүйлсээ төлүүлж авмаар байна. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг [1],
-Хохирогч Б.Д-гийн хэрэг бүртгэлтэд дахин 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Би Болд-Эрдэнээс эмчилгээний зардал 230,000 төгрөг авсан. Би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг [2],
2.Гэрч О.Б- ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 1 дүгээр сарын 11-нд билүү, 12-нд билүү гэртээ унтаж байсан чинь манай хүүхэд Б.Д- нь гаднаас шөнө 03 цагийн орчим хүнд зодуулчихсан байдалтай нүүр амнаас нь цус гарчихсан, хамар нь хавдсан, хувцас нь цус болсон орж ирээд намайг гараад ирээч, таксигаар хүргэж өгсөн жолооч намайг зодчихлоо, гадаа цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байна гэж хэлсэн. Би гэрээсээ гараад ирсэн чинь манай гэрийн гадна цагдаа нар ирчихсэн, таксины жолооч залуу нь “________” маркийн машин унасан залуу зогсож байсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирээд маргааш нь өргөдөл өгсөн. Манай хүү Б.Д- надад хэлэхдээ “_______ таксинд суугаад гэртээ ирэхдээ хуучин хаяг болох ________ тоотод андуурч оччихоод, тэндээсээ гэр лүү ирсэн чинь жолооч залуу нь уурлаад маргалдаад мөнгө нэхэхээр нь дагаж ороод мөнгөө авчих гэж хэлсэн чинь чи худлаа баахан тойруулж явж байгаад намайг мурих гээд байна, гэрээс чинь хэдэн ч хүн гарч ирээд намайг яачих ч юм билээ” гэж уурлаж маргалдаад манай хүү бага зэрэг архи уучихсан согтуу байсан учир урдаас нь дуугай байгаагүй маргалдаад манай хүүг зодсон байсан. Манай хүү Б.Д- нь хамар нь хавдсан, биед нь хөхөрсөн гэмтлүүд байсан Тухайн үедээ манай хүү Б.Д- эмчилгээ хийлгэсэн баримтаа өгсөн байгаа...” гэх мэдүүлэг [3],
3.Д.-ний мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...Би хааяа ............... үйлчилгээнд явдаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө таксинд явж байсан. _____________ автобусны буудлын дэлгүүрээс тамхи авах гээд зогссон чинь миний машины арын суудалд нэг залуу суухаар нь хаа хүрэх вэ гэж асуусан чинь __________ явна гэж хэлсэн. Би “мөнгө байгаа юм байгаа биз дээ” гэж асуусан чинь “мөнгөгүй хүн такси барьдаг юм уу, мөнгөгүй юм шиг харагдаад байна уу, пизда минь” гэхээр нь би ямар нэгэн юм хэлэлгүй хөдлөөд явсан. Зуун айлынхаа замаараа яваад телевизээр өгсөөд Б- руу орж ирсэн. Баруун салаа, зүүн салааны уулзвар дээр ирээд хаашаа эргэх вэ гэж асуусан чинь баруун салаа руу гэсэн. Би баруун салаа руу нь эргээд төв замаар 200 орчим метр газар яваад гудамж руу эргэж орсон. Гудамжаар нилээн удаан явсан. Тэгээд зогс гэхээр нь зогсоод, би “10 километр болсон байна” гэж хэлсэн. Нөгөө залуу машинаасаа буусан. Тэгэхээр нь араас дагаж буугаад мөнгө нэхсэн чинь тэр залуу түрийвчээ гаргаж ирснээ надад харуулсан. Надад үзүүлсэн түрийвчинд нь мөнгө байхгүй байсан. Би тэр залууд чи юу яариад байгаа юм хол, газар явчихаад гэж хэлсэн чинь тэр залуу чи одоо яах гээд байгаан гээд над руу дайрсан. Тэр залууд “чамтай муудалцмааргүй байна, чи гэр орноосоо мөнгө гаргаж өг” гэж хэлсэн чинь “за тэгвэл машиндаа суучих, манайд очьё” гэж хэлсэн. Тэгээд гудамжаар явсаар байгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны байрны эсрэг талаас төв зам руугаа гарч ирсэн. Тэгсэнээ 7 дугаар хорооны байрны хажуугаар дээшээ өгс гэж хэлсэн. Гурван гудамж өнгөрөөд Б-ны 8 дугаар гудамж руу оруулсан. Цэнхэр хаалгатай хашааны урд зогсоочихоод машин дотор суугаад байсан, за яасан бэ, гэрээсээ хүн дуудаад мөнгө өгөөд гэртээ орооч гэж хэлтэл тэр залуу миний утас хаана байна гэж асуусан. Би утсыг чинь яаж мэддэг юм бэ, наад хавиараа үзээч, наагуур чинь уначихсан байж магадгүй гэж хэлсэн. Би машинаас буугаад тамхи татаад зогсож байтал нөгөө залуу бууж ирсэн. Миний ууж байсан ундааг барьчихсан байхаар нь “чи одоо болиоч наадах чинь миний ууж байсан ундаа тавиач пизда минь” гэж хэлсэн чинь тэр залуу “энэ чиний ундаа юм уу” гэхээр нь “тийм” гэж хэлтэл тэр залуу миний нүүр лүү гараараа цохиод авсан. Би тэр залууг бариад авсан чинь миний хүрэмнээс зуураад доошоо дарчихаад хувцасны захаар намайг боогоод авсан. Би гарыг нь тавиулах гэж суга руу нь гараараа хоёр удаа цохисон. Тэр залуу Б-ны гудамжид намайг цохидог чи хэн бэ гэж хэлээд нэг хашаа руу оруулах гээд чирэхээр нь орохгүй гээд маргалдаад зууралдаж байгаад би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд тэр залуугийн аав ээжийг нь дуудаж гаргаж ирсэн. Би тэр залууг танихгүй. Цагдаа нар ирэхэд нь О- гэж нэрийг нь мэдсэн. Тэр залуу эхлээд машинд суухдаа согтуу байсан. Тэр залуугийн гарыг тавиулахын тулд хоёр удаа суга руу нь цохисон. Бид хоёр толгойгоор мөргөлдсөн, бас цээж рүү нь нэг удаа өвдгөөрөө цохисон, өөр цохиж зодоогүй. Цагдаад дуудлага өгөхөөс өмнө нь би тэр залууг газар унагаад дээр нь дараад суусан. Тэр залуу эхлээд намайг гараараа нүүр лүү нэг удаа цохисон, миний зүүн гуя руу хоёр удаа өшиглөсөн, уруул руу нэг удаа мөргөсөн. Уруул дотор талдаа язарсан, миний цээжийг самардсан, хүзүү улайсан, толгойны ард бага зэрэг хавдсан байсан өөр зүйл байгаагүй. Би их хүнд гэмтчихээгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. ...” гэх мэдүүлэг [4],
3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1718 тоот дүгнэлтийн:
Болсон хэргийн товч: 2018 оны 01 дүгээр сарын 19-ниы шөнө үл таних таксины жолоочид зодуулж гэмтсэн гэх.
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд, доод зовхины гадна хэсэгт 5,5х4,5см, баруун тохойнд 7,0х5,0см хөхөлбөр өнгийн цус хуралттай, орчны эд хавдартай. Хамрын нуруунд 1,0х0,5см, баруун ташаанд 12х7см, хүзүүний баруун доод хэсэгт 0,6х0,5см, 0,5х0,5см, бүсэлхийн баруун доод хэсэгт 5,0хЗ,5см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, баруун шанаанд 5,0х4,0см талбайд, баруун шанаанд 4,0x1,2см, зүүн хацарт 1,0х0,7см улаан хүрэн өнгийн зулгаралттай, орчны эд овойж хавдсан. Дагзны баруун дээд хэсгийн хуйханд 3,5х3,5см талбайд бага зэргийн хавдартай, тэмтрэлтээр бага зэрэг эмзэглэлтэй.
Баруун чихний ар дээд хэсэгт 2,0х2,0см хүрэн ягаан өнгийн зулгаралттай. Эмнэлгийн байгууллагад хандахаар явсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав.
Дүгнэлт:
1.Б.Д-гийн биед зүүн зовхи, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,
хамрын нуруу, баруун ташаа, хүзүү, бүсэлхийд цус хуралт, баруун шанаа, зүүн
хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал,
баруун чихний ар хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг
хугацаанд үүсэх боломжтой.
3.Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Г.Ханхүү/ гэсэн дүгнэлт [5],
4.Хохирогч Б.Д-гийн хохирол нэхэмжилсэн баримт [6], 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн талуудын эвлэрлийн гэрээ [7],
5.Шүүгдэгч Д.Б- иргэний үнэмлэхийн лавлагаа [8], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [9], банкуудын лавлагаа [10], Д.Б- нэр дээр өмчлөлтэй хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа [11], Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Д.Б- эзэмшилд __________ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа [12], хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлүүлэх тухай Д.Б-, хохирогч Б.Д- нарын хүсэлт [13] зэрэг нотлох баримтуудыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Д.Б- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа буюу 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагчид 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Болд-Эрдэний холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Б-ны 8-52 тоот хашааны гадаа “такси үйлчилгээгээр гэртээ хүргүүлчихээд үйлчилгээний хөлсөө төлсөнгүй” гэх шалтгаанаар өөрийн автомашинд суусан иргэн Б.Д-тэй маргалдан, түүнийг газар хавсарч унаган, хөлөөрөө нүүр лүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн зовхи, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун ташаа, хүзүү, бүсэлхийд цус хуралт, баруун шанаа, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
-Хохирогч Б.Д-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ...такси бариад Б-нд байх ээж, аавынхаа гэр лүү явсан. ...гэрийн гадаа ирээд жолооч нь намайг “чи баахан гудамжаар явж төөрүүллээ” гээд уурлаад байсан. ...би “аавынхаасаа ороод мөнгө авчихъя” гэж хэлтэл “зугтаах гээд байна, чи мөнгөө одоо өг” гээд маргалдаад, намайг машинаас буулгаад хавсарч газар унагасан. ...Таксины жолооч намайг газар хэд хэдэн удаа хавсарч унагасан, газар унагаад миний нүүр лүү хөлөөрөө өшиглөж зодсон. Миний хамар мурийсан, нүүр, нүд хөхөрсөн, хүзүү улайсан, тохой халцарсан, хавдсан, хөл, гар хэсэг хэсэг газар хөхөрсөн. ...” гэх мэдүүлэг [14]
-Гэрч О.Б- хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...гэртээ унтаж байсан чинь манай хүүхэд Б.Д- нь гаднаас шөнө 03 цагийн орчим хүнд зодуулчихсан байдалтай нүүр амнаас нь цус гарсан, хамар нь хавдсан, хувцас цус болсон орж ирээд намайг гараад ирээч таксигаар хүргэж өгсөн жолооч намайг зодчихлоо, гадаа цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байна гэж хэлсэн. ...таксины жолооч залуу нь Приус-20 маркийн машин уначихсан залуу зогсож байсан. ...Манай хүү Б.Д- надаа хэлэхдээ ...жолооч залуу нь уурлаад маргалдаад, мөнгө нэхэхээр нь дагаж ороод мөнгөө авчих гэж хэлсэн чинь чи удлаа баахан тойруулж явж байгаад намайг мурих гээд байна, гээд ...зодчихсон байсан. О-гийн хамар нь хавдсан, биед нь хөхөрсөн гэмтлүүд байсан. ...”гэх мэдүүлэг [15],
-Д.Б- мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө би таксинд явж байгаад ...машины арын суудалд нэг залуу суусан. ...зуун айлынхаа замаараа яваад телевизээр өгсөөд Б- руу орж ирсэн ...нилээн удаан явсан, тэгээд зогс гэхээр нь зогсоод би 10 километр болсон байна гэж хэлсэн чинь нөгөө залуу машинаасаа буусан. ...чи гэр орноосоо мөнгө гаргаж өг гэж хэлсэн чинь за тэгвэл машиндаа суучих манайд очъё гэж хэлсэн. ...гурван гудамж өнгөрөөд Б-ны 8 дугаар гудамж руу оруулсан. ...цэнхэр хаалгатай хашааны урд очиж зогсоосон. ...тэр залуу миний нүүр лүү гараараа цохиод авсан. …би гарыг нь тавиулах гэж суга руу нь гараараа хоёр удаа цохисон, ...бас бие биенийхнээ толгойгоор мөргөлдсөн, бас цээж рүү нь нэг удаа өвдгөөрөө цохисон. ...тэр залууг газар унагаад дээр нь дараад суусан. ...” гэх мэдүүлэг [16]
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1718 тоот дүгнэлт [17] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Б.Д- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ такси үйлчилгээгээр үйлчлүүлсэн атлаа жолооч Б.Б-д үйлчилгээний хөлсийг төлөөгүйн улмаас хэрүүл маргааныг үүсгэсэн байх бөгөөд хохирогчийн дээрх зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан байна.
Нөгөө талаар шүүгдэгч Д.Б- нь хувийн такси үйлчилгээ үзүүлэн явж байхдаа үйлчлүүлэгчийг хүндлэх, түүнтэй зөв боловсон харьцах зэрэг ёс суртахууны дутагдлын улмаас таксигаар үйлчлүүлэгч Б.Д-гийн бие махбодид халдсан байна.
Иймд хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч Д.Б- үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Хохирогч Б.Д-гийн бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогчоос эмчилгээний зардлын талаарх 230,000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлж, уг мөнгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Б- нь түүнд 230,000 төгрөг төлж, талууд эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь шүүгдэгч Д.Б- мэдүүлэг, хэрэгт ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байх ба тус гэрээнд хохирогч нь нэхэмжлэхгүй зүйл гэсэн байх тул шүүгдэгч Д.Б- нь хохирогч Б.Д-д төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Б- нь торуулын ялын талаар маргаагүй.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч Д.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй зэргийг, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч Д.Б-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Б- иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4.Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Д-д төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] хавтаст хэргийн 18-20 дугаар тал.
[2] хавтаст хэргийн 21-22 дугаар тал.
[3] хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.
[4] хавтас хэргийн 56-59 дүгээр тал.
[5] хавтаст хэргийн 29 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 33 дугаар тал.
[7] хавтаст хэргийн 32 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 35 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 36 дугаар тал.
[10] хавтаст хэргийн 49-52 дугаар тал.
[11] хавтаст хэргийн 44 дүгээр тал.
[12] хавтаст хэргийн 46-47 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 63, 65 дугаар тал.
[14] хавтаст хэргийн 18-20 дугаар тал.
[15] хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.
[16] хавтас хэргийн 56-59 дүгээр тал.
[17] хавтаст хэргийн 29 дүгээр тал.