Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/056

 

 

*******т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2414002140231  дугаар хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ын *******, /РД:*******/,

Шүүгдэгч ******* нь Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 0224459 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 03- ний өдөр 1.62 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багаас 6 дугаар багийн нутаг дэвсгэр хүртэл ........ улсын дугаартай, ...... загварын тээврийн хэрэгслийг жолоодсон  гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,щ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Миний хувьд өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч өөрийн гэм буруугаа хүлээн, ойлгож ухамсарлаж байгаа болно.

Би 54 настай эхнэр, гурван хүүхэдтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг дунд охин *******гийн хүү тархины хүнд өвчтэй Улаанбаатар хотод  эмчийн хяналтад байдаг сар бүр явж эмчид үзүүлэн хянуулж эмээ авдаг зээ хүүгийн аав нь салаад явсан учир би зээ хүүгээ асарч ээж нь ажил хийдэг сар бүр хүүгээ хот руу эмчилгээнд авч явдаг тул надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ын  давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь  Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 0224459 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан   үедээ 2024 оны 04 дүгээр сарын 03-ны  өдрийн 18 цаг 05 минутын  орчим саатуулагдаж,1.62 хувийн согтолттойгоор, ........ улсын дугаартай, ............. загварын тээврийн хэрэгслийг Баянхонгор сумын 3 дугаар багаас 6 дугаар багийн нутаг дэвсгэр хүртэл жолоодсон гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна. 

Дээрх үйл баримт нь:

Хавтаст хэргийн 27-28 дугаар талд авагдсан “... 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ...18 цагийн үед Баянхонгор аймгийн 6 дугаар багт байрлах Тумбааш дэлгүүрийн арын зам дээр хяналт шалгалт хийж байх хугацаанд Баянхонгор аймгийн 3 дугаар баг чиглэлээс цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл ирж явахаар нь ...би очоод шалгасан. Машин дотроос нь архи согтууруулах ундааны зүйл илт үнэртсэн, тэгэхээр нь драйгер багаж үлээлгэж үзэхэд 1.62 хувьтай гарсан. Тухайн үед машин дотор нь Хараа гэсэн архины шил дотор архи байсан. ******* гэх хүнээс хаана уусан талаар асуухад “би энэ архийг ганцаараа уусан” гэж хэлж байсан...”  гэх замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч ажилтай  *******ын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан “...2024 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 05 минутын орчимд ******* нь согтуугаар портер маркийн 1601 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон мэдээллийг 2024 оны 8 дугаар сарын 03-ны  өдрийн 18 цаг 05 минутад хүлээн авч  тэмдэглэл үйлдсэн ...” талаарх Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн тэмдэглэл,

Хавтаст хэргийн 8-9 дүгээр талд авагдсан”... портер маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон 6 дугаар замд замын хөдөлгөөнд оролцсон *******ыг... Драгер багаж ашиглан шалгахад 1,62 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоов...” гэх согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт,

Хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан “2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0224459 дугаар шийтгэлийн хуудас”  болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу  шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан  ялын төрөл хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна.

Шүүгдэгч  ******* нь  2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр портер маркийн 1601 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ  нэг жилийн хугацаагаар хасуулж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж захиргааны хариуцлага хүлээсэн   болох нь   0224459 дугаар шийтгэлийн  хуудсаар тогтоогдсон, харин  тэрээр   2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цаг 05 минутад   портер маркийн 1601 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг  1,62 хувийн согтуурлын  байдалтайгаар   саатуулагджээ./ хавтаст хэргийн 6-12 дугаар тал/

Шүүгдэгч *******ын өмнө нь үйлдсэн зөрчлийн хугацаа дууссан эсэхийг  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн  1-7-д заасны дагуу шалгахад  хугацааг жилээр тоолоход хугацаа нь дараа оны тухайн сарын тухайн өдөр дуусах ба хугацааг нь хоног болон цагаар тооцоход сүүлийн хоногийн 24 цагт дуусах буюу 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 24 цагт дуусах байжээ.

Харин шүүгдэгч ******* нь   дээрх байдалтайгаар   2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цаг 05 цагт саатуулагдсан   нь Монгол Улсын Их Хурлын  2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял  оногдуулахаар  заасантай нийцсэн байна.

Шүүхээс  хуульд заасан  ял оногдуулахдаа хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлэн  гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохируулан тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод  нийцүүлдэг   болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин “...Би 54 настай эхнэр, гурван хүүхэдтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг дунд охин *******гийн хүү тархины хүнд өвчтэй Улаанбаатар хотод  эмчийн хяналтад байдаг сар бүр явж эмчид үзүүлэн хянуулж эмээ авдаг зээ хүүгийн аав нь салаад явсан учир би зээ хүүгээ асарч ээж нь ажил хийдэг сар бүр хүүгээ хот руу эмчилгээнд авч явдаг тул надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчлүүлэх”-ийг хүссэн шүүгдэгч *******ын гомдлыг хянахад  тухайн зүйл ангиар  торгох шийтгэл  оногдуулж болох хэдий ч  хэрэгт  гомдолд бичигдсэн хувийн байдлыг нь нотлох, нотлох баримт авагдаагүй, мөн түүнчлэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан  гомдлыг  хүлээн авах боломжгүй  буюу хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд  хяналт тавьж буй  Шийдвэр гүйцэтгэх байгууллагад  хүсэлтээ гарган шийдвэрлүүлж,  зохих зөвшөөрлийн дагуу бусад бүсчлэлд тогтоосон маршрутын дагуу зорчих эрх  нь нээлттэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                              Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

                                         Т.ГАНЧИМЭГ