Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00446

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.А-ын нэхэмжлэлтэй  иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/00052 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.А-ын хариуцагч Д.Э-од холбогдуулан гаргасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваарилуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Мөн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваарилуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг эцэг Д.Э- болон өөрийн өмчлөлд хуваарилуулах тухай гуравдагч этгээд Э.Н-ийн бие даасан шаардлагатай,   

Нэхэмжлэгч Ч.А-, хариуцагч Д.Э- нараас 72,300,000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд Ш.Д-гийн бие даасан шаардлагатай, иргэний хэргийг хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А-, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч болон гуравдагч этгээд Э.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд, гуравдагч этгээд Ш.Д-, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг охин Э.Б-, Э.О-болон өөрийн өмчлөлд авах.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Д.Э- бид хоёр 2007 онд танилцаж, 2009 оноос хамтран амьдарч, 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Э.Б-, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр охин Э.О-нар төрсөн. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхээр миний нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-од холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай маргааны шүүх хурал болж бидний гэрлэлтийг цуцалж, охин Э.Б-, Э.О нарыг миний асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн. Хоёр охин маань миний асрамжид үлдсэн, эцэг эх нь хүүхдийнхээ тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд, гэр бүл салсан хэдий ч эцэг болох Д.Э-од 2 хүүхдээ асран тэтгэх үүрэг хэвээр байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 50-р байр, 43 тоот хоёр өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хувааж, орон сууцыг миний болоод 2 охины өмчлөлд үлдээж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцыг Ч.А-ын өмчлөлд үлдээхийг зөвшөөрөхгүй. Тус орон сууц миний хөрөнгө учраас миний дараа 2 охинд минь үлдэх, охид минь буцааж ирэх газартай байг гэж бодсондоо өмчлөх эрхийг би өөрөөсөө салгахгүй гэсэн байр суурьтай байна. Шүүхийн шийдвэрээр 2 охин миний асрамжид үлдсэн юм чинь чи байраа өгөхгүй гээд яадаг юм гэсэн шаардлагыг нэхэмжлэгч гаргадаг. Намайг уучлалт гуйгаад гэртээ очиход Ч.А- нь байнга хөөдөг, тэгээд Ч.А-ыг намайг зодож байхад охин маань бичлэг хийсэн чинь утсыг нь булааж аваад шидэж байсан. Анх орон сууц авахаас өмнө намайг хадмындаа амьдардаг байхад хадам ээж хүртэл намайг байр ав гэж дандаа загнадаг байсан энэ асуудлаас болоод хадмынхаасаа хүртэл хөөгдөж ээж, аавынхаа гэрт очиж байсан. Өөрийн гэсэн байртай болонгуут надаас байрыг минь авч үлдэх гээд байна. Би гэр бүлээ бүтэн авч үлдэх гэж маш их хичээсэн гэжээ.

3.1.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг охин Э.Н- болон өөрийн өмчлөлд авах.

3.2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Маргаан бүхий 2 өрөө орон сууцыг аав маань банкнаас 70,000,000 төгрөг зээлж надад авч өгсөн. Тавилгыг би авсан, буйдан зурагт хоёрыг Ч.А-ын аав, ээж хоёр нь авч өгсөн. Би Ч.А-тай танилцахаас өмнө нэг хүнтэй хамтран амьдарч байсан. Тухайн хамтын амьдралаас төрсөн охин Э.Н- маань энэ жил 18 настай, оюутан. Нэхэмжлэгч Ч.А- болон охин Э.Б-, Э.О-нарт ногдох хувийг Ч.А-ын өөрийн гаргасан үнэлгээний дагуу төлөх болно. Маргаан бүхий орон сууцыг үнэлсэн 96,000,000 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүнд хувааж, орон сууцыг охин Э.Н- болон өөрийн өмчлөлд авах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Э.Н- нь Д.Э-ын өмнөх эхнэрийн хүүхэд бөгөөд 17 настай, 12 дугаар ангид сурдаг. Д.Э- охиноо 1 настай байхад орхиж яваад, 16 жилийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 22-ны үеэр анх уулзсан. Охин нь өөрөө аавыг хайж олсон юм. Би Э.Н-ийг бидэнтэй хамт амьдрахыг хүлээн зөвшөөрөөд бид 1 сар хамт амьдарсны дараа Д.Э- бид хоёрын дунд үүссэн маргаанаас болоод Д.Э- нь охиноо дагуулаад гэрээсээ явсан байдаг. Бусад хугацаанд Э.Н- манай гэрт амьдраагүй. Миний хувьд Н.Нандинцэцэгийг нэг ч удаа нүд үзүүрлэж, хөөж тууж байгаагүй, үүнийг Д.Э- мэднэ. Д.Э- бид хоёр Э.Н- охинтой ямар нэгэн байдлаар холбоогүй байх үед буюу 2015 онд маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан. Э.Н- нь 2020 оны 03 дугаар сард ааваараа овоглосон байдаг. Шүүхэд маргаан үүссэнээс хойш Э.Н- гэж овоглож байгаа бөгөөд түүнийг хариуцагч Д.Э-ын төрсөн хүүхэд гэдэг дээр би маргахгүй. Э.Н- охин манай гэр бүлийн дундын хөрөнгөөс хувь авахыг хүсэж байгаа бол аавынхаа авсан хувиас өөртөө хувь авч болно гэж үзэж байна. Э.Н- манай гэр бүлийн үндсэн гишүүн байгаагүй, бидэнтэй байнга хамт амьдраагүй учир маргаан бүхий дундын эд хөрөнгийн гэр бүлийн үндсэн 4 хүнд хувааж өгнө үү гэжээ.

            5.1.Гуравдагч этгээд Ш.Д-гийн бие даасан шаардлага: Нэхэмжлэгч Ч.А-, хариуцагч Д.Э- нараас 72,300,000 төгрөг гаргуулах.

5.2.Гуравдагч этгээд Ш.Дорсүрэнгийн бие даасан шаардлагын үндэслэл: “Приус-20” 47-42 УБВ улсын дугаартай суудлын автомашиныг авахын тулд би өөрийнхөө “ланд-100” маркийн 50-54 УБВ улсын дугаартай суудлын автомашиныг барьцаанд тавьж 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 12,500,000 төгрөгийг би өөрийнхөө нэрээр авч байсан. Би Ч.А-, Д.Э- нарыг орон сууц авахад олон жил хадгалж, хуримтлуулсан хадгаламжид байсан 65,000,000 төгрөгийг авч өгсөн. Ч.А-, Д.Э- нар нэгэнт салсан тул би хэн нэгнээс нь бус аль алинаас нь өгсөн мөнгөө тэгш хувааж гаргуулах тухай шаардлага гаргасан. Би тооцоо хийж үзсэний эцэст бие даасан шаардлага болох 77,500,000 төгрөгийн 5,200,000 төгрөгөөс татгалзаж 72,300,000 төгрөг болгон шаардлагаа багасгасан. Тооцооллын хувьд би өөрийнхөө хадгаламжаас шилжүүлсэн 59,800,000 төгрөг, худалдан авч өгсөн автомашины үнэ болох 12,500,000 төгрөг, нийт 72,300,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Би 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 10 дугаар хорооллын Сүмбэр цамхаг тооцооны кассаас 59,800,000 төгрөгийг шилжүүлсэн бол 12,500,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Тоёота приус” маркийн автомашиныг авах гэж байхад өгсөн. Автомашины мөнгийг өгөхдөө би өөрийн автомашиныг барьцаанд тавьж зээл аваад бэлнээр өгсөн. Иймд миний нэхэмжилсэн мөнгийг надад гаргуулж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгч Ч.А- бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Хадам аавын зүгээс Д.Э- бид хоёрт мөнгө зээлсэн гэдгийг би өнөөдөр л сонсож байна. Маргаан бүхий орон сууцыг анх авах үед хадам аав болон хариуцагчтай аман тохироог тухайн үед ярилцсан. Нөхрийн талаас орон сууцыг авсан учир чи байр авснаас хойшх бүх зардал буюу байрны мөнгө, хоол ундны зардлыг төлнө шүү гэж ярилцан зөвшөөрөөд 2015 оноос хойшх бүх зардлыг би төлсөөр ирсэн. Тийм учраас надаас нэг ч төгрөг гараагүй гэдгийг би зөвшөөрөхгүй байна. Өнгөрсөн хугацаанд байрны төлбөр, хоол ундны зардал гээд 50-60 сая төгрөгтэй дүйцэхүйц зардал гарсан. Мөн өнгөрсөн хугацаанд би ар гэрийнхээ бүх ажлыг авч явж байсан тулдаа Д.Э- нь санаа амар хөдөө урт хугацаагаар ажилладаг байсан. Тухайн байранд би ганцаараа биш, 2 ач охин нь  амьдарна гэжээ.

 

7.Хариуцагч Д.Э- бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Ч.А- бид хоёрын дунд байнгын орон байр аваагүй гэх маргаан гарч, түүний улмаас хадам ээж маань намайг гэрээсээ хөөж явуулсны улмаас аав, ээждээ хандаад мөнгө авч байр авсан юм. Тэр үед манай төрсөн ах бидэнд хандан наад байрыг чинь “Минторес” ХХК-ийн нэр дээр худалдаж авъя, та хоёр байрандаа амьдарч болно, компани маань ямар нэгэн эрсдэлд бэлэн байх үүднээс танай байрыг өөрийн компанийн үл хөдлөх эд хөрөнгө болгоё гээд маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан юм. Тэр үед аав Ш.Д- “Минторес” ХХК-ийн захирал байсан бөгөөд аавд мөнгөний хэрэг болох үед аав манай байрыг барьцаанд тавьж байсан. Бид хоёрыг байраа авчихаад, гэрчилгээг нь “Минторес” ХХК-ийн нэр дээр гаргах гэж байхад Ч.А- нь над руу уурлаж, хоёулаа яахаараа хүний байранд амьдрах ёстой юм, би чамаас сална гэж хэлэхээр нь “Минторес” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргуулалгүй, миний нэр дээр гэрчилгээ гаргуулахаар болсон. Тэгээд миний нэр дээр гаргуулах болоход Ч.А- нь дахиад уурлаж, би хамтран эзэмшигчээр орно, тэгэхгүй бол би чамаас сална гэхээр нь би Ч.А-ын нэрийг орон сууцны гэрчилгээ дээр оруулсан. Аав Ш.Д-гийн зүгээс өгсөн мөнгөө буцааж нэхэмжлэх нь зүйн хэрэг. Манай аав 6 хүүхэдтэй, хүүхдүүддээ хэн нэгэнд орон сууц авч өгч байгаагүй. Тийм учир Ч.А- бид хоёр аав Ш.Д-гийн нэхэмжилсэн мөнгийг хамт л төлөх ёстой. 2015 онд Ч.А- бид хоёрт ипотекийн зээл авах урьдчилгааны мөнгө нэг ч төгрөг байгаагүй. Бидэнд унах унаа ч байгаагүй. Байр авах ямар ч боломжгүй, хуримтлал гэж нэг ч төгрөг байгаагүй. Мөн Ч.А- нь орон сууц авснаас хойш байрны бүх мөнгийг төлж байсан гэх худал тайлбар гаргаж байна. Ч.А- нь надаас сард хэдэн төгрөг авдаг байснаа мэдэж байж би бүх мөнгийг гаргаж байсан гэж хэлж болохгүй. Би Ч.А- руу байнга мөнгө шилжүүлдэг байсан бол Ч.А- нь над руу нэг ч удаа мөнгө шилжүүлж байгаагүй. Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

8.1.Гуравдагч этгээд Э.Н-ийн бие даасан шаардлага: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцыг эцэг Д.Э- болон өөрийн өмчлөлд авах.   

            8.2.Гуравдагч этгээд Э.Н-ийн бие даасан шаардлагын үндэслэл: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Ганзам апартмент 50 дугаар байрны 43 тоот орон сууцыг 2016 онд өвөө Ш.Д- худалдаж авч байсан. Энэ байрандаа амьдарч байхад Ч.А- эгч аав бид 2 руу 2 дүүг минь турхирч аавд минь гар хүрч, доромжилж, хоолонд хүртэл янз бүрийн юм хийж өгч байсан. Би одоо өвөө, эмээгийндээ амьдарч байгаа. Хичээл сургуульдаа байнга хоцордог. Миний хичээл 7 цаг 40 минутад ордог автобус 6 цаг 40 минутаас явдаг. Хичээл ном суралцах нөхцөл бага тул уг орон сууцыг аав бид 2-ын өмчлөлд үлдээж өгнө үү гэжээ.

 

            9.Шүүх: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16050/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Ганзам апартмент 50 дугаар байрны 43 тоот хаягт байршилтай 52 м.кв талбайтай 2 өрөө, үл хөдлөх хөрөнгийн Ү-2205064138 дугаартай орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.А-, Э.Б-, Э.О-нарын өмчлөлд үлдээж, тус орон сууцнаас ногдох хэсэгт нэхэмжлэгч Ч.А-аас 24,134,500 төгрөгийг гаргуулан, хариуцагч Д.Э-од олгож, нэхэмжлэгч Ч.А-д холбогдох өөрийн болон дагавар охин Н.Нандинцэцэгийн өмчлөлд үлдээлгэх тухай хариуцагч Д.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Э.Н-ийн нэхэмжлэгч Ч.А-д холбогдох  орон сууцыг өмчлөлд үлдээлгэх тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ш.Д-гийн нэхэмжлэгч Ч.А-, хариуцагч Д.Э- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 72,300,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 597,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-оос 597,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.А-д олгож, хариуцагч Д.Э-оос нэмж 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Д.Э- /Минторесс ХХК/-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөг, гуравдагч этгээд Э.Н-ээс төлсөн 253,950 төгрөг, гуравдагч этгээд Ш.Д-гээс төлсөн 545,450 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            10.Хариуцагч Д.Э- болон гуравдагч этгээд Э.Н- нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

10.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гардаж авсан бөгөөд шийдвэрийн зарим зүйл нь ойлгомжгүй, давж заалдах гомдол бичихэд төвөгтэй байна. Жишээ нь: шүүхийн шийдвэрийн 7-р талын сүүлийн догол мөр нь “... Түүнчлэн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Д- бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар зохигч талуудаас 77,500,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гарган оролцох тухай хүсэлтийг шүүх ханган шийдвэрлэсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд бие даасан шаардлагын хэмжээг багасган 72,300,000 төгрөг болгон ...” гэж төгссөн боловч 8-р талын эхний догол мөр нь Д.Э- мөн болохыг тогтоож шийдвэрлэсний дагуу одоо Д.Э-оор овоглон улсын бүртгэл 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс шинэчлэгдсэн болох нь тогтоогддог, 8-р талын сүүлийн догол мөр нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ... тогтоогдохгүй байна ...” гэж өгүүлбэр төгсөж байгаа мөртлөө 9-р талын эхний догол мөр нь “... бариулж байсан, 2016 оноос хойш зохигч талуудын зөвшөөрлөөр ... талаар маргаагүй ...” гэж өгүүлбэр нь төгсөөгүй, үргэлжилж байгаагаар эхэлсэн, 8 болон 10 дугаар талууд нь яг ижилхэн гэх мэт анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгчийн дотоод итгэл үнэмшлийг тайлбарлаж, дүгнэн бичдэг хамгийн чухал хэсэг болох “үндэслэх” нь хэсэг нь ойлгомжгүй, логикгүй, шүүгч юуг хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй нь давж заалдах гомдол гаргахад хэцүү нөхцөл байдлыг төрүүлж байна. Үүнийг бага зэргийн техникийн алдаа гэж үзэх боломжгүй, утга агуулгын маш том алдаа бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

10.2.Нэхэмжлэгч Ч.А- нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Ганзам апартмент 50 дугаар байрны 43 тоот хаягт байршилтай 52 м.кв талбайтай 2 өрөө, үл хөдлөх хөрөнгийн Ү-2205064138 дугаартай орон сууцнаас ногдох хэсгээ гаргуулах” гэж тодорхойлсон бөгөөд энэ шаардлагаа бичгээр өөрчилж, тодруулж байсан зүйл огт байдаггүй, анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнөх бүхий л өөрөөр бичиж, өмчлөлд нь үлдээж шийдвэрлэсэн. “Ногдох хэсгээ гаргуулах”, “өмчлөлд үлдээх” гэдэг нь хууль зүйн хувьд өөр өөр ойлголтууд ба нэхэмжлэгч тал нь ийнхүү нэхэмжлэлийн шаардлага өөрчилж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бичгээр гаргаж, хариуцагч надад бичгээр гардуулж, хариу тайлбар өгөх хугацаа өгөх ёстой байсан.

10.3.Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Э.Н-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн аасан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлэх”-ээр заасан, шүүх зохигч талуудын тайлбараас үзвэл 2019 оны 11 сараас хойш дагавар охин зохигч талууд болон хүүхдүүдтэй хамт амьдарсан, энэ үеэс гэрлэгчид зан харилцааны хувьд таарамжгүй байдал үүсэж, улмаар гэрлэлтээ цуцлуулсан болох нь тогтоогддог. Дархан уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1226 дугаартай шийдвэрээр Алтан тэвш овогт Наранбайгалын Нандинцэцэгийн биологийн эцэг нь Амбгай овогт Доржсүрэнгийн Энхболд мөн болохыг тогтоож шийдвэрлэсний дагуу одоо Д.Э-оор овоглон улсын бүртгэл 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс шинэчлэгдсэн болох нь тогтоогддог. Иймээс Э.Н-ийг Д.Э-, Ч.А- нарын хамтын амьдрал бүхий дагавар охин гэж үзэх үндэслэлгүй тул тэдний гэр бүлийн гишүүн гэж үзэх боломжгүй учраас Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан түүнд маргаж буй хөрөнгийг түүний өмчлөлд үлдээх болон уг хөрөнгөөс ногдох хэсэг тодорхойлох боломжгүй юм” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл Э.Н-ийн хариуцагч Д.Э-ын охин гэдэг нь нотлогдож байхад зохигчдын дагавар охин буюу гэр бүлийн гишүүн гэж үзэхгүй гэдэг агуулга бүхий дүгнэлт хийжээ. Гэтэл Э.Н- нь 2019 оны 10 сараас хойш буюу зохигч талуудын хооронд маргаан үүсэхээс өмнө зохигч талууд болон хүүхдүүдтэй хамт амьдарч байсан болох нь тогтоогддог, үүнийг нэхэмжлэгч Ч.А- ч гэсэн хүлээн зөвшөөрч шүүхэд 2019 он хүртэл Д.Э- нь охиноо хаана амьдардаг талаар мэдэхгүй, сурагладаггүй байж байгаад 2019 онд охин Э.Н- өөрөө аавыгаа олоод тус оныхоо 10 дугаар сарын 01-нд манайд анх удаа амьдрах гээд ирсэн. Гэвч би Э.Н-ийг бидэнтэй хамт амьдрахыг хүлээн зөвшөөрөөд бид 1 сар хамт амьдарсны дараа /Шүүхийн шийдвэрийн 4-р тал сүүлийн догол мөр/ гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Гэр бүлийн гишүүн гэж” гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлэхээр заасан байдаг талаар шүүх дурдсан боловч Э.Н-ийг гэр бүлийн гишүүн биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүнд хэнээр овоглож байгаа, хэзээ овоглож эхэлсэн, хамт амьдарсан хугацаа зэргээс хамаарахгүй хамт амьдарч байгаа гэрлэгч, түүний төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, төрөл, садангийн хүнийг ойлгохоор заасан байхад анхан шатны шүүх хуульд заагаагүй буюу гэр бүлийн гишүүнд тавигдах шаардлагыг тавиагүй байхад гэрлэгчид маргаантай байх үед ирж хэдэн сар амьдарсан байсан учир гэр бүлийн гишүүн биш гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.А-д Э.Н- нарын хооронд эх, хүүхдийн эрх, үүрэг үүссэн гэж үзнэ. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно” гэж заажээ. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хуулийн дээрх заалтыг зөрчиж миний охин Э.Н-ийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироосон шийдвэр боллоо гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

11.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Д- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

11.1.Ч.А-, миний хүү Д.Э- нар 2009 оны 12 дугаар сард гэр бүл болж гэрлэлтээ батлуулж, манай гэрт бидэнтэй хамт амьдарч байсан. Энэ хугацаанд би “приус 20” маркын автамашиныг авахын тулд өөрийн “ланд-100” маркын автомашиныг банкны барьцаанд тавьж 12,500,000 төгрөгөөр би өөрийнхээ нэрээр зээл авч машиныг авч өгсөн. Мөн гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг 2015 оны 08 дугаар сарын 24-нд өөрийн хадгаламжийн данснаас 59,800,000 төгрөг авч, 5,200,000 төгрөгийг бэлнээр өгч нийтдээ 65,000,000 төгрөгөөр дээрх орон сууцыг худалдаж авсан. Би Ц.Алтанзул, Д.Э- нарыг байр авмаар байна гэхээр нь миний олон жилийн хөдөлмөрийн үр дүнд хадгалж хуримтлуулсан мөнгө болох хадгаламжийн дансанд байсан мөнгөөрөө байрыг худалдаж авсан. Ц.Алтанзул, Д.Э- нар гэрлэлтээ цуцлуулсан тул би Д.Э-ын төрсөн эцэг нь бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн бусад гишүүний хувьд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгоход өөрийн хадгаламж хуримтлалаас оруулсан нийт 77,500,000 төгрөгийг Ц.Алтанзул, Д.Э- нараас тэнцүү хуваан гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан.

11.2.Бие даасан шаардлагын үндэслэл нь би мөнгө зээлдүүлсэн хөндлөнгийн хүн биш, Д.Э- нь миний хүү, би төрсөн эцэг нь бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн бусад гишүүний хувьд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгоход өөрийн хадгаламж хуримтлалаас оруулсан нийт 77,500,000 төгрөгийг гэрлэгсэд болох Ц.Алтанзулаас 38,750,000, Д.Э-оос 38,750,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний нэхэмжилж байгаа мөнгө бол Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө болно.

11.3.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д “Гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал шинээр бий болсон хөрөнгө, мөн хуулийн 126.2.2-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахыг хуульчлан заасан байна. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Д- миний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь зээлсэн мөнгөө эргүүлэн төлүүлж авах тухай асуудал огт биш бөгөөд шүүх хуралдаанд би болон манай өмгөөлөгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж хууль зүйн үндэслэлийн талаар маш тодорхой тайлбарлаж мэдүүлсэн боловч шүүх зээлсэн мөнгөө авахаар нэхэмжилсэн гэх үндэсгүй шалтгаанаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, миний нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

11.4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Д- 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр орон сууцыг өөрийн хамаарал бүхий компани “Минторес” ХХК-ийн хөрөнгөөр дамжуулан авсан, уг мөнгийг өөрийн хүү болон түүний гэр бүлийн гишүүдийн амьдран суух орон байр, унах унааны хэрэгцээнд зориулан өгсөн гэсэн утгатай үндэслэл заасан байна. Зохигч талууд орон сууц болон машин худалдан авахад аав Ш.Д- бүх мөнгийг гаргаж төлж худалдан авсан Ц.Алтанзул, Д.Э- нараас ямар ч мөнгө гаргаагүй гэж хүлээн зөвшөөрдөг, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно. Гэтэл шүүх миний бие даасан шаардлагад байхгүй шалтгаан зааж, хэт нэг талыг барьж, зориуд зээлийн гэрээний нөхцөлд хамааруулан үзэж, хэргийн оролцогчдын маргаагүй зүйлийн талаар үндэслэлгүй шалтгаан зааж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

11.5.Ш.Д- би шүүх хуралдаанд анх нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс нотлох баримтаар баталж чадаагүй тул 5,200,000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Харин нэхэмжлэгч Ц.Алтанзул нь шүүх хуралдааны үед анх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилж тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор мэдүүлсэн. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн тохиолдолд талуудад гардуулж өгч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргах боломжийг олгохгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.

11.6.Анхан шатны шүүхийн шийдвэр нь бичвэрийн алдаатай, шийдвэрийн 8, 10 дугаар талууд нь давхардсан, хуудас дутуу, ойлгомжгүй, бүрэн биш шийдвэрийг хариуцагч Д.Э- болон гуравдагч этгээд Ш.Д- нарт шүүхээс гардуулсан. Энэ шийдвэрийг шүүгч нь гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулан албан ёсоор хүлээлгэн өгсөн тул бичвэрийн алдаа гэж үзэхгүй байна. Шүүх талуудад тэгш бусаар хандаж нэхэмжлэгчийн талд илтэд ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж гардаж авсан шийдвэрийн хувийг давж заалдах гомдолд хавсаргаж хүргүүллээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

12.Нэхэмжлэгч өмгөөлөгчийн хамт давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Э.Н- нь хариуцагч Д.Э-ын хүүхэд болохыг тогтоолгосон байна. Гэхдээ Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүл бүхий этгээдүүдтэй хамтран амьдарч буй этгээдүүд орно. 2019 оны 11 дүгээр сараас хойш талууд тусдаа амьдарч байгаа талаар хэн аль нь маргадаггүй. Энэ хугацаанд Э.Н- нь Д.Э-, Ч.А- нарын дундаас төрсөн 2 хүүхэдтэй хамтран амьдарч, тухайн орон сууцыг эзэмших, эрхээ хэрэгжүүлж байсан зүйл байхгүй. Шүүх гуравдагч этгээд Ш.Д-гээс тодруулахад зээлийн төлбөрөө эргэн шаардаж байна гэж тайлбарласан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүхэд бодит байдалд нийцсэн үнэн зөв тайлбар, мэдүүлэг гаргах үүргээ биелүүлнэ үү. Гуравдагч этгээдийн шаардлагын дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх асуудлаар шүүх дүгнэлт өгсөн нь хууль бус болоогүй. Ш.Д- үл хөдлөх эд хөрөнгийг Д.Э-, Ч.А-, Э.Б-, Э.О-нарын гэр бүлийн хэрэгцээнд зориулж шилжүүлж өгсөн хөрөнгө юм. Энэ агуулгаар Ш.Д-гийн буцаан шаардаж буй хууль зүйн үндэслэл тодорхойгүй. Шүүхийн шийдвэр алдаатай, дутуу гарсан гэж гомдол гаргаж байна, бидэнд тийм шийдвэр ирээгүй. Хариуцагч, гуравдагч этгээд нарт гардуулсан шүүхийн шийдвэрийн аль хэсэг зөрүүтэй байгаа, ямар агуулгаар эрх ашгийг хөндөж байгаагаа тайлбарлах ёстой. Хариуцагч болон гуравдагч этгээд нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2.Нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч Д.Э-од холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг охин Э.Б-, Э.О-болон өөрийн өмчлөлд авах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг охин Э.Н- болон өөрийн өмчлөлд авахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2а.Түүнчлэн, гуравдагч этгээд Ш.Д- нь нэхэмжлэгч Ч.А-, хариуцагч Д.Э- нараас 72,300,000 төгрөг гаргуулах,

2б.Гуравдагч этгээд Э.Н- нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг эцэг Д.Э- болон өөрийн өмчлөлд авах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргасан байна.

3.Хариуцагч Д.Э-, гуравдагч этгээд Ш.Д-, Э.Н- нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт заасанд хугацаанд давж заалдах гомдол  гаргажээ.

3а.Тэрээр давж заалдах гомдолдоо “... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/00052 дугаар шийдвэрийн 8, 10 дугаар тал давхардсан, шийдвэрийн “үндэслэх” хэсэг ойлгомжгүй, логикгүй, утга агуулгын алдаатай шийдвэрийг хариуцагч болон гуравдагч этгээд нарт гардуулан өгсөн, бидэнд гардуулан өгсөн шийдвэр нь хэрэгт авагдсан шийдвэрээс эрс зөрүүтэй” гэсэн үндэслэлийг заасан байна.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь цаг хугацааны хувьд үргэлжилсэн ажиллагаа бөгөөд хэргийн оролцогч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш гомдол гаргахад бий болсон үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч болон гуравдагч этгээд нь “гардан авсан шүүхийн шийдвэр хэрэгт буй шийдвэрээс эрс зөрүүтэй” гэх агуулгаар гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд уг гомдлоо дэмжиж оролцсон.

4а.Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч талуудад гардуулан өгсөн шүүхийн шийдвэрийг хэрэгт авагдсан шийдвэртэй харьцуулан үзэхэд зөрүүтэй буюу шийдвэрийн үндэслэх хэсэг өөр, өөрөөр тусгагдсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

4б.Хэдийгээр гомдол гаргагч нар нь шүүхээс гардан авсан шийдвэрийг давж заалдах гомдолд хавсаргаагүй байх боловч анхан шатны шүүхийн шийдвэр бүтцийн хувьд алдаатай гарсан гэх гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, хариу өгөх учиртай. Ингэхдээ талуудын хэн алины тайлбар, хэрэгт авагдсан болон талуудад гардуулан өгсөн шийдвэрүүдийг харьцуулан үзэх байдлаар дээрх нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхэд гаргаагүй шинэ нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа биш юм.    

4в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан. Хэрэгт авагдсан болон талуудад гардуулагдсан шийдвэрийн хувиуд нь адил хүчинтэй байх учиртай бөгөөд үндэслэх хэсгийн агуулга өөр байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д нэрлэн заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэлд хамаарахгүй боловч шийдвэрийн үндэслэх хэсэг нь өөр өөр байдлаар бичигдсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулах, хууль ёсны гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/00052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Э-оос төлсөн 597,950 төгрөг, гуравдагч этгээд Э.Н-ээс төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд Ш.Д-гээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                            А.МӨНХЗУЛ

                                                                        Г.ДАВААДОРЖ