| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0179/Э |
| Дугаар | 193 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Огинууд овогт С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810001360081 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 38 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Огинууд овогт С.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Г нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны 122-236 тоотод хамтран амьдрагч Т.Уыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч С.Г: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Т.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 10-11 цагийн үед гэртээ байхад Г хөдөө явья гэхээр нь би явахгүй гэсэн чинь Г ганцаараа явлаа гэсэн. Тэгэхээр нь би төрөх дөхчихсөн, гадаа цас, бороо ороод байхад намайг орхиж явах гэлээ гээд бид хоёр маргалдсан. Би уурандаа дандаа хүн зовоож байдаг гээд олон тоон дээр хэлсэн чинь Г гэнэт чи хэнийг хэлээд байгаа юм гээд сандал барьж ирээд сандалаар намайг цохиж унагаагаад зөндөө зодсон...” /хх-ийн 20-21, 56/ гэсэн,
Шүүгдэгч С.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Дундговь аймаг руу эхнэр Уын хамт хувийн ажлаар явах болоод 8-9 цагийн үед босоход эхнэр У “тэнгэр муу байна, явахаа болилоо” гэсэн. Тухайн үед эхнэр жирэмсэн төрөх дөхчихсөн байсан учраас “би ганцаараа явчихаад ирье” гэхэд эхнэр “хэн ч явахгүй, чи ч явахгүй” гэсэн. Тэгэхээр нь би явна гээд гадагшаа гарах гэсэн чинь гаргахгүй гээд зууралдаад хоёулаа ноцолдсон. Би гал тогооны ойролцоо байсан сандалыг аваад ширээний тавцан дээр 2-3 удаа цохисон чинь сандалын 3 хөл хугарч, ширээний тавцан сэтэрч унасан. Энэ үед У ширээний тавцангийн хажууд суучихсан байсан бөгөөд хугарсан сандлын хөл, ширээний тавцангийн хугархай хэсэг бутарч зарим хэсэг нь манай эхнэр Уын толгой, гарын зарим хэсгүүд дээр унаж, гэмтэл шарх учруулсан байсан. ...Тухайн өдөр би гарах гэхэд У гаргахгүй гэж араас зууралдан, би түлхэх, унагаах, гарыг тавиулах гэж хүч хэрэглэсэн...” /хх-ийн 57-58, 64-65/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №886 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Т.Уын биед зүүн, баруун чамархайн хуйх зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн гарын алга, баруун шуу, баруун, зүүн өвдөг, бүсэлхийд цус хуралт, баруун, зүүн шуу, бугуй, сарвуу, зүүн өвдөг, баруун, зүүн тавхай, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч С.Г-ын ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 30-32/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Г нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны 122-236 тоотод хамтран амьдрагч Т.Уыг зодож, эрүүл мэндэд нь биед зүүн, баруун чамархайн хуйх зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн гарын алга, баруун шуу, баруун, зүүн өвдөг, бүсэлхийд цус хуралт, баруун, зүүн шуу, бугуй, сарвуу, зүүн өвдөг, баруун, зүүн тавхай, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Уын “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 10-11 цагийн үед гэртээ байхад Г хөдөө явья гэхээр нь би явахгүй гэсэн чинь Г ганцаараа явлаа гэсэн. Тэгэхээр нь би төрөх дөхчихсөн, гадаа цас, бороо ороод байхад намайг орхиж явах гэлээ гээд бид хоёр маргалдсан. Би уурандаа дандаа хүн зовоож байдаг гээд олон тоон дээр хэлсэн чинь Г гэнэт чи хэнийг хэлээд байгаа юм гээд сандал барьж ирээд сандалаар намайг цохиж, зөндөө зодсон...” /хх-ийн 20-21, 56/ гэсэн,
Шүүгдэгч С.Гын “...Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Дундговь аймаг руу эхнэр Уын хамт хувийн ажлаар явах болоод 8-9 цагийн үед босоход эхнэр У “тэнгэр муу байна, явахаа болилоо” гэсэн. Тухайн үед эхнэр жирэмсэн төрөх дөхчихсөн байсан учраас “би ганцаараа явчихаад ирье” гэхэд эхнэр “хэн ч явахгүй, чи ч явахгүй” гэсэн. Тэгэхээр нь би явна гээд гадагшаа гарах гэсэн чинь гаргахгүй гээд зууралдаад хоёулаа ноцолдсон. Би гал тогооны ойролцоо байсан сандалыг аваад ширээний тавцан дээр 2-3 удаа цохисон чинь сандалын гурван хөл хугарч, ширээний тавцан сэтэрч унасан. Энэ үед У ширээний тавцангийн хажууд суучихсан байсан бөгөөд хугарсан сандлын хөл, ширээний тавцангийн хугархай хэсэг бутарч Уын дээрээс унасан. Унасан хэсгүүд нь манай эхнэр Уын толгой, гарын зарим хэсгүүдэд гэмтэл, шарх учруулсан байсан. ...Тухайн өдөр би гарах гэхэд У гаргахгүй гэж араас зууралдан, би түлхэх, унагаах, гарыг тавиулах зэргээр гэж хүч хэрэглэсэн...” /хх-ийн 57-58, 64-65/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №886 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Т.Уын биед зүүн, баруун чамархайн хуйх зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн гарын алга, баруун шуу, баруун, зүүн өвдөг, бүсэлхийд цус хуралт, баруун, зүүн шуу, бугуй, сарвуу, зүүн өвдөг, баруун, зүүн тавхай, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь 2017 оноос хамтран амьдарч байсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй тул шүүгдэгч С.Гыг хамтран амьдрагч Т.Уын биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Уын биед зүүн, баруун чамархайн хуйх зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн гарын алга, баруун шуу, баруун, зүүн өвдөг, бүсэлхийд цус хуралт, баруун, зүүн шуу, бугуй, сарвуу, зүүн өвдөг, баруун, зүүн тавхай, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 56/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.
Шүүхээс С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний ажил хөдөлмөр эрхлэлт, ар гэрийн нөхцөл зэрэг хувийн байдлуудыг харгалзсан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Т.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Огинууд овогт С.Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Г-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810001360081 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.У гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР