Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/057

 

 

 

*******ид

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1945 тоот “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр,

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, хянан шийдвэрлэсэн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/201 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Аймгийн ерөнхий прокурор *******гийн бичсэн эсэргүүцлийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус  хүлээн авч *******ид холбогдох эрүүгийн 2414000000216 дугаар хэргийг  ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ......... багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******, /РД:*******/ ,

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-нд  шилжих шөнө 23-24 цагийн үед  .......... тоотод байрлах өөрийн гэртэй, хойт эцэг *******ыг үл ялих зүйлээр шалтаглаж буюу “ээжийгээ зовоогоод архи, дарс уулаа” гэж хэлэн алгадуулсны улмаас өширхөж түүний зүүн гарыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь зүүн бугалгын гадна дунд гадаргууд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг  хоёр  / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх заазуурыг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоолыг хүчингүй болгож уг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж ...шийдвэрлэжээ.

Аймгийн ерөнхий  прокурор ******* тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

...Тус шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хүрээ, хязгаарыг “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төв зэргээр” шүүхийн шийдвэр ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй байх зарчмыг зөрчин тогтоосон байх ба шүүхийн шийдвэрт чиглэлийг тогтоогоогүй байна.

Шийтгэх тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Хэдийгээр шүүгдэгч *******ид оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Учир нь шүүх шүүгдэгчид оногдуулсан ялын зорчих чиглэлийг тогтоогоогүй, зорчих хүрээ хязгаарыг “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төв зэргээр” гэж тогтоосон нь ойлгомжгүй, тус сумын төвийн хамрах хүрээ нь хаана хязгаарлагдах нь тодорхойгүй, түүнчлэн шүүхээс тогтоосон хүрээн дотор зорчих чиглэлийг тогтоон, үүргийг хүлээлгээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үндэслэл журмын дагуу..” эрүүгийн хариуцлага оногдуулаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина...” гэж заасантай зөрчилдөж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан" Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд" оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчих, шүүхээс тогтоосон чиглэлээр бусад газраар хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаар, зорчих чиглэл тодорхойгүй, уг ялыг биелүүлж, биелэлтэд хэрхэн хяналт тавихыг тусгаагүй нь шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тавих хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтад "Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчих үргийг хүлээлгэж, техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай" гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. гэжээ.

Прокурор Б.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/201 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурор *******гийн бичсэн эсэргүүцэлд заасан  үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Нэг:   Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1945 тоот “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн албан бичгийн тухайд;

1.1. Баянхонгор аймгийн Прокурорын газар нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1945 тоот “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн албан бичгийг  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн  632 тоот “ Прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзах тухай” захирамжийн хамт тус шүүхэд 2024 оны  10 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлснийг  тус шүүх 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч улмаар  энэ хэрэгтэй нь хамт хянан шийдвэрлэв.

1.2 Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1945 тоот албан бичигт:   “анхан шатны шүүх нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй  гэж үзэж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-т заасныг баримтлан  дээд шатны прокурорын эсэргүүцлийг  шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь  мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7-д заасан Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг эдэлсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус аймгийн Эрүү, иргэний хэргийг Давж заалдах шатны шүүхэд хэлэлцүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

1.3 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн  632 тоот “ Прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзах тухай” захирамжийг хянахад;

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.8 дугаар зүйлд заасан  нөхцөл байдлуудыг зөрчөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй харин  прокурор нь ялын санал дүгнэлт гаргахдаа зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрхэн эдлүүлэх, шүүгдэгчийн оршин сууж байгаа газраас  хаана  хүртэл зорчих болон  очихыг хориглох зэрэг чиглэл тогтоосон саналыг гаргах,энэ талаарх тодорхой мэдээлэл бүхий нотлох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил  тогтоогдоогүй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-т заасныг баримтлан дээд шатны Прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь  Монгол Улсын Үндсэн хуулийн  50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан  “ давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх” шүүхийн хамгаалалтыг зөрчжээ.

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д “энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно”, мөн хуулийн  39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдлыг гагцхүү Давж заалдах шатны шүүх тогтоох бөгөөд ингэхдээ хамтын зарчмаар шүүх хуралдаанаар  шийдвэрлэх тул  анхан шатны шүүхийн  шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн  632 тоот “ Прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзах тухай” захирамжийг  хүчингүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгчийн захирамжид “прокурор нь ялын санал дүгнэлт гаргахдаа зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрхэн эдлүүлэх, шүүгдэгчийн оршин сууж байгаа газраас  хаана  хүртэл зорчих болон  очихыг хориглох зэрэг чиглэл тогтоосон саналыг гаргах,энэ талаарх тодорхой мэдээлэл бүхий нотлох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй” гэж дүгнэснийг анхаарах шаардлагатайг дурдав.

Хоёр: Шүүгдэгч ******* нь согтуугаар,  2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнийн  23-24 цагийн үед  ......... тоотод байрлах өөрийн гэртэй хойт эцэг *******ыг үл ялих зүйлээр шалтаглаж буюу “ээжийгээ зовоогоод архи, дарс уулаа” гэж хэлэн алгадахад нь өширхөж түүний зүүн гарыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь зүүн бугалгын гадна дунд гадаргууд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна. 

Дээрх үйл баримт нь:

Хавтаст хэргийн 22-23, 25 дугаар талд тус тус  авагдсан  “...гэрт орсон чинь манай эхнэр болон ******* 2 гэртээ байсан тэгээд би *******ид хандаж чи яагаад ээжийгээ зовоогоод архи дарс уугаад байна гэж хэлээд баруун гараараа *******ийн зүүн талын хацар луу нэг удаа алгадсан чинь над руу уурлаад чамайг ална гээд тогооны авдар дотроосоо заазуур хутга 2-ын аль байсан гэдгийн сайн хараагүй ямартай ч нэг мэс гаргаад ирэхээр нь би айгаад *******оос зугтаагаад гэрийн баруун талаар тойроод гарах гэтэл миний зүүн талын булчингийн ар хэсэгт барьж байсан мэсээрээ зүсэж гэмтээсэн..., ... цагдаа дуудаарай гээд орилсон тэгтэл ******* гэр дотроос намайг ална гээд байсан...,... ******* гэрийн тооноор дамжиж гарч ирээд намайг барьж аваад миний цээж рүү өшиглөж мөн нүүрний хэсэг рүү цохиод байсан...,.... цагдаа нар *******ийг олж аваад цагдаагийн газар луу явсан...,... эмнэлэг дээр ирээд зүүн гарын булчин хэсэгт гартаа 8 оёо тавиулсан ...******* бид 2-ын харилцааны хувьд сүүлийн 1 жилийн хугацаанд таарамжгүй болж эхэлсэн....,..... Өөрийн эрүүл мэнд учирсан эмчилгээний зардлыг гаргуулмаар байна. ******* одоо мэс барьж над руу дайрч байгаа болохоор дахин ийм үйлдэл гаргах вий гэхээс айж байна...” , “... Эмчилгээний зардалд 50.000 төгрөг гарсан тус төлбөрийг ******* бэлэн мөнгөөр надад өгсөн надад хохиролтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан “ .... *******а нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 121.856 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....” гэх Баянхонгор аймгийн  Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч ын  иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн мэдүүлэг

Хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан “...Манай хашаанд Нарантунгалаг эгчийн хүү болох ******* нь гэр бариад ганцаараа амьдардаг юм. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн үед ...,...******* нь хойд аав болох *******атай зодолдоод байсан ба *******а нь ******* намайг хутгалчихлаа гээд надад зүүн талын гараа харуулсан чинь зүүн талын гар хэсгийн булчин хэсэгт зүссэн гэмээр шарх үүсэж арьс нь унжиж байсан тэгээд удалгүй цагдаагаас болон эмнэлгээс хүмүүс ирээд *******ыг аваад  явсан. *******а, ******* нараас 2-лангаас нь үнэртэж байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 43-44 дүгээр талд авагдсан “...******* нь манай хашаанд гэртээ ганцаараа байдаг. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн  үед...,...******* манай гэрт орж ирсэн ....,...согтуу байдалтай..., ******* нь хойд аав болох *******атай маргалдсан байдалтай ..... ...******* нь баруун гартаа хар иштэй заазуур барьсан байдалтай зогсож байсан .... би давхар хаалгыг нь дарсан чинь хүчтэй түлхээд...,... ******* нь гэрийн тооноор гарч ирээд хойд аав болох *******а руугаа дайраад ална гээд ..., гэр дээрээс бууж ирээд *******атай барьцалдаж аваад байсан. ...” гэх гэрч Д.Солонгын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 48-49 дүгээр талд авагдсан “*******ын биед зүүн бугалгын гадна дунд гадаргууд шарх ,зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, амь насанд аюулгүй, ир үзүүртэй  хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн  шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 323 дугаар дүгнэлт, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч *******ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг  хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2.1. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд шүүгдэгч *******ийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн  хүсэлт, Прокурорын саналын дагуу  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч  Б. *******ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан   ялын төрөл хэмжээний хүрээнд нь хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулсан нь  хэргийн бодит байдалтай нийцжээ.

2.3. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан   ялын төрөл хэмжээний хүрээнд  хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ  шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж” шийдвэрлэжээ.

Энэ нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг  зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т ” шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж  тус тус заасан шаардлагыг тус тус    хангаагүй  нь  анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасныг  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Мөн түүнчлэн анхан шатны шүүх  шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж” шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага  хүлээлгэсэн гэж үзэх боломжгүй болжээ.

2.4.  Анхан шатны  шүүхийн шийдвэрт дээрх байдлаар бичиж, шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  154 дүгээр зүйлийн 154.1.9, 167 дугаар зүйлийн 167.3, 168 дугаар зүйлийн  168.1.1,168.1.3, 170 дугаар зүйлийн 170.1.1, 170 дугаар зүйлийн 170.2.1, 173  дугаар зүйлийн 173.1.2, 173.1.5 дугаар зүйлд заасны дагуу  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь техникийн хяналт тавих боломжгүй  нөхцөл байдал үүссэн  улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д " Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын  зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод  нийцээгүй  байна.

2.5.Шүүгдэгч  *******ийн биеийн байцаалтад  “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг, 12 дугаар гудамж, 1279 тоотод оршин суух хаягтай гэх боловч Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай”  гэж  бичигдсэн байх ба гэрч , гэрч Д.Солонго нар “... шүүгдэгч ******* нь Баянхонгор сумын 4 дүгээр баг, 12 дугаар гудамж, 1279 тоот дахь гэртээ ганцаараа амьдардаг...” талаар мэдүүлсэн байх тул  түүний оршин суух газрыг Баянхонгор сумын 4 дүгээр баг, 12 дугаар гудамж, 1279 тоотоор тогтоож, түүнийг оршин суугаа газраасаа  Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, харьяалах өрхийн эмнэлэг,  төвийн эмийн сангууд, хүнсний зах зэрэг чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, техникийн хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өөрчлөлт оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  1-т заасантай нийцнэ.

 Гурав; Иймд  давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хүрээ,  хязгаарыг тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүйгээс эрүүгийн хариуцлага оногдуулаагүй ...,...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина...” гэж заасантай зөрчилдсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т  заасан зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцээгүй, шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчих, шүүхээс тогтоосон чиглэлээр бусад газраар хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаар, зорчих чиглэл тодорхойгүй, уг ялыг биелүүлж, биелэлтэд хэрхэн хяналт тавихыг тусгаагүй нь шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тавих хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн  тул шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулах”-ыг хүссэн  Аймгийн ерөнхий прокурор буюу дээд шатны прокурорын эсэргүүцлийг  хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт  дээрх байдлаар өөрчлөлт оруулж , шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн  632 тоот “ Прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

2.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  1-т  зааснаар шүүгдэгч *******ийг   оршин суугаа Баянхонгор сумын 4 дүгээр баг, 12 дугаар гудамж, 1279 тоотоос  Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, харьяалах өрхийн эмнэлэг,  төвийн эмийн сангууд, хүнсний зах зэрэг чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг  Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай”  гэж  өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

4. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 643 дугаар захирамжийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                              Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

                                         Т.ГАНЧИМЭГ