Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2026/0346

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: ХХК.

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам.

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/2592 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэгж талбарын дугаартай, 3 га газрыг ойн болон усан сан бүхий газартай давхцалгүй байдлаар солбицол өөрчлөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Манай компани нь ******* аймгийн *******-******* сумын нутаг, ******* үзүүр нэртэй газарт 3 га газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны ******* дугаар тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар гэрээ, гэрчилгээний үндсэн дээр ашиглах эрхтэй болсон.

1.2.Газраа зориулалтын дагуу ашиглахаар ажиллаж байх явцад 2017 оны дундаас эхлэн хамгаалалтын захиргаа танай газар нь нуурын хамгаалалтын зурвастай давхцалтай, усны сан бүхий газартай давхцалтай, ойн сан бүхий газартай давхцалтай, эсхүл огт давхцалгүй гэх шалтгаануудыг дурдаж, солбицол өөрчилж өгнө, өгөхгүй гэх зөрүүтэй байр суурь, шаардлага хэлсээр биднийг газраа зориулалтын дагуу ашиглах боломж олголгүй 2018 оны дунд хүргэсэн.

1.3.Энэ хугацаанд бид солбицлын асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлтүүдийг өгч, холбогдох хариуцсан мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж асуудлыг нэг талд нь гаргаж өгөхийг шаардаж байсан боловч шийдвэрлээгүй бөгөөд нэмж газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд нь гаргасан ч мөн л шийдвэрлээгүй цар тахлын хөл хориотой цаг үетэй тулгарсан.

1.4.Улмаар цар тахлын хөл хорио бүрэн тавигдсан үеэр газар ашиглах эрхийн хугацаа сонгуулах болон солбицлыг өөрчлүүлэх хүсэлтүүдийг мөн л бид дахин гаргасан боловч шийдвэрлэхгүй байсан тул манай гомдол, хүсэлтийн дагуу 2022 оны сүүлээр Хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагаа явуулсан.

1.5.Бид уг ажиллагаанд оролцож бүх бодит нөхцөл байдлаа танилцуулж, өөрт байгаа нотлох баримтуудаа өгснөөр тус газраас бодит байдлыг мэддэг, ойлголттой байсны хувьд манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах, солбицол өөрчлөх саналаа яаманд илгээсний дагуу манай компани Тусгай хамгаалалттай газрын гэрчилгээ сунгуулах хүсэлтийг цахимаар илгээсэн, газрын төлбөрөө 2015-2025 он хүртэл төлж ирсэн.

1.6.Яам манай хүсэлтийг сонгууль, төрийн үйлчилгээ цахим, яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх шалтгаан нөхцөлүүдийн улмаас шийдэлгүй явсаар татгалзаж шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 06/2592 дугаар албан бичигт тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийг заасан нь үндэслэлгүй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандсан боловч газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй гэх хариу өгсөн.

1.7.Газраа зориулалтын дагуу ашиглах нөхцөл, бололцоог хангаагүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэж үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй, илтэд үндэслэлгүй.

1.8.Иймд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 05 дугар сарын 22-ны өдрийн 06/2592 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгаж өгнө үү гэжээ.

Хоёр.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

2.1.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны ******* дугаар тушаалаар *******ийн байгалийн цогцолборт газрын ******* үзүүр гэдэг газар 3 га газар ашиглах эрхийг ХХК-д олгосон.

2.2.Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 11 дүгээр хуралдаанаар тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар ашиглах эрхийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн.

2.3.Дээрх шийдвэрийн дагуу ХХК-ийн хүсэлтийн хариуг 2025 оны 06/2592 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад гаргасан гомдлын хариуг 2025 оны 06/3819 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.

2.4.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-ийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгох, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтад ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах-ыг хориглосон зохицуулалттай тул газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан шийдвэр болон дээрх хүсэлт, гомдлын хариу өгсөн албан бичиг хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гурав.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлээ:

3.1.Хариуцагч 2020 оноос хойш гаргасан хүсэлтүүдийг журмыг дагуу огт шийдвэрлэж байгаагүй, бидний үйл ажиллагааг хэрэгжүүлэх, газраа зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй.

3.2. ХХК 2015 оноос эхлэн байгаль орчны үнэлгээ, ******* аймгийн ******* өндөр сумын ******* үзүүрт байрлах аялал жуулчлалын газрын төсөл, 2024 онд ******* аймгийн ******* өндөр сумын байгалийн цогцолбор газарт хэрэгжүүлэх аялал жуулчлалын бааз төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ мөн онд Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг тус тус гаргуулан ажиллаж байсан.

3.3.Гэвч Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 11 хурлаар газар ашиглах эрхийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэхдээ төлөвлөгөөнд нь манай компанид холбогдох 28 дахь хэсэгт цохон тэмдэглэсэн солбицол өөрчлөх хүсэлт байгааг хэлэлцэлгүйгээр зөвхөн хугацаа сунгах асуудлыг л хурлаараа хэлэлцсэн.

3.4.Захиргааны байгууллага өөрийн үйл ажиллагаандаа хуульд заасан зарчим болон өөрийн үүргийг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас манай компанид анхнаасаа зориулалтын дагуу ашиглах боломжгүй газар эрх олгож, өнөөдрийн хүртэл хугацаанд манай компанийн эдийн засгийн болон цаг хугацаа хүч хөдөлмөрийн багагүй алдагдалд оруулж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

3.5.Иймд нэгж талбарын дугаартай, 3 га газрыг ойн болон усан сан бүхий газартай давхцалгүй байдлаар солбицол өөрчлөх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Дөрөв.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбар, түүний үндэслэлийн агуулга;

4.1. ХХК нь 2017 онд давхцалтай талаар мэдсэн нь өөрсдийн гаргасан тайлбараар нотлогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байна.

4.2.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3 дахь заалтын дагуу нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэл үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/2592 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэгж талбарын дугаартай, 3 га газрыг ойн болон усан сан бүхий газартай давхцалгүй байдлаар солбицол өөрчлөх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай гэж нэмэгдүүлсэн.

3.Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ гаргасан хүсэлтэд бодит дүгнэлт хийгээгүй, зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, ойн сан бүхий газартай давхцалтай гэж ойлгомжгүй, тодорхойгүй үндэслэлээр тайлбарлаж газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус гэж, хариуцагчаас газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, ойн сан бүхий газартай давхцалтай тул газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан шийдвэр болон маргаан бүхий албан бичиг хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

4.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 хэсгийн 1-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болгохоор заасан.

5.*******ийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар албан бичгээр ******* аймгийн *******-******* сумын нутаг дэвсгэрт *******ийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс нутагт байрлах ******* үзүүрт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах хүсэлт ирүүлсэн 3 га газрыг бусдын ашиглалтын газартай давхардалгүй, Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй байрлалтай болохыг тодорхойлж, ******* ХХК-д газар ашиглах хүсэлтийг дэмжсэн санал-ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.

6.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалын холбогдох хэсгээр ХХК-д ******* аймгийн *******-******* сум, *******ийн байгалийн цогцолборт газрын ******* үзүүр нэртэй, аялал жуулчлалын зориулалтаар, 3 га талбай бүхий газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/55 дугаар гэрчилгээ тус тус олгосон.

7.Улмаар 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн *******-******* сумын Засаг дарга, *******ийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга, ХХК-ийн захирал нар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 15/015 дугаар гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулжээ.

8. ХХК нь 2015 онд ******* аймгийн *******-******* сумын ******* үзүүрт аялал жуулчлалын газрын төсөл хэрэгжүүлэхдээ байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гаргуулсан бөгөөд 2024 онд мөн сумын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын бааз байгуулах төслийн хүрээнд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг тус тус гаргуулсан нь хэрэгт авагдсан баримтууд, *******ийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон.

9.Тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд зөвшөөрөл авсан этгээд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3/-д зааснаар аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих эрхтэй бөгөөд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох-оор заасан.

10.*******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ...******* аймгийн прокурорын газрын Сургалт, амралтын цогцолбор барихаар төлөвлөснийг хамгаалалтын захиргаанаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаар албан бичгээр дэмжсэн газар нь ХХК-ийн газартай давхцал үүссэн тул давхцалыг арилган хүргүүлсэн Санал шинэчлэн хүргүүлэх тухай 149 дүгээр албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлжээ.

11.Мөн хамгаалалтын захиргаа 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 281 дүгээр албан бичгээр ... ХХК ашиглаж буй газрын эрхийг сунгуулах хүсэлтээ дахин 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан, уг хүсэлтээ газар ашиглах эрхийн хугацаа 2020 онд дуусгавар болоход эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 20, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд хамгаалалтын захиргаанд ирүүлсэн гэх боловч хамгаалалтын захиргааны архивд уг албан бичгүүдийн эх хувь хадгалагдаагүй, тус компанийн солбицол бүхий газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон газартай давхцалгүй, ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах, солбицол өөрчлөх санал-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжилсан байна.

12.Үүнээс үзвэл *******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй талбайд давхцуулан бусад этгээдэд газар ашиглах эрх олгохоор санал хүргүүлсэн энэ тохиолдолд нэхэмжлэгч тухайн газраа ашиглах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

13.Үүнээс гадна газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан, дээрх байдлаар газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

14.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан.

15.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа тухайн ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, цугларсан баримтуудыг үнэн зөв, хамааралтай эсэх зэргийг үнэлж, дүгнэсний эцэст шийдвэр гаргах учиртай.

16.Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан газар ашиглах эрхийг сунгуулах, солбицлыг өөрчлүүлэх удаа дараагийн хүсэлтэд бичиг баримтууд хувийн хэрэгт хавсаргагдаагүй үрэгдсэн, цар тахал болсон, төрийн үйлчилгээ цахимжсан, яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх зэрэг шалтгаан нөхцөлүүдээр аль ч хүсэлтүүдийг шийдвэрлээгүй хэрнэ маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан дээрх ажиллагааг хийгээгүй нь тогтоогдож байна.

17.Нөгөөтээгүүр, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлээс үзвэл тус зөвлөлийн 2025 оны 2 дугаар хурлын төлөвлөгөөний жагсаалтад ХХК-ийн 2020 онд өгсөн хүсэлт алга болсон талаар хамгаалалтын захиргааны саналд дурдагдсан, Солбицол өөрчлөх, хугацаа сунгах. Зөвхөн хугацаа сунгах-аар тусгасан асуудал бүрийг тухайлан хэлэлцээгүй, хариуцагч энэ нөхцөл байдлыг анхааралгүй нэхэмжлэгчийн хүсэлтээс татгалзсан маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

18.Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт болон хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

19.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

20.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид нэмж төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/2592 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэгж талбарын дугаартай, 3 га газрыг ойн болон усан сан бүхий газартай давхцалгүй байдлаар солбицол өөрчлөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргах-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгөөс 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг нэхэмжлэгч ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР