Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00447

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/00098 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.М-ын хариуцагч Б.М-од холбогдуулан гаргасан доголдлыг арилгахад гарах зардалд 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Доголдлыг арилгахад гарах зардалд 1,500,000 төгрөг гаргуулах.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С.М- нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Б.М-той зарын дагуу холбогдож түүнээс 2011 онд үйлдвэрлэсэн 14-06 УАН улсын дугаартай “Тоёота приус” альпа маркийн автомашиныг 22,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 11,000,000 төгрөгийг бэлнээр, 11,000,000 төгрөгийг “БСБ финанс ББСБ” ХХК-ийн зээлийн санхүүжилтээр төлсөн. Машинаа унаад 22 хонож байхад буюу 09 дүгээр сарын 12-ны өдөр машины анхааруулах гэрэл ассан тул 3 дугаар хороололд байрлах приус засварт очиж компьютер оношилгоонд ортол цахилгаан хөдөлгүүрийн батерейг нь сольсон хуучин нуралттай батерей байна. 2011 оны машины батерей олон зэрэгцээ байдгаас зарим хэсэг нь нэг хоёроороо л нурдаг болохоос ингэж бүгд нурдаггүй гэж хэлсэн. Тэгээд хариуцагч Б.М-той утсаар ярьж доголдлыг арилгаад өгөөч гэж хэлэхэд зүй бус үгээр доромжилсон. Цахилгаан хөдөлгүүр нь асахгүй тохиолдолд машиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй тул батерейг солиход гарсан зардал 1,500,000 төгрөгийг төлүүлэхээр шаардаж байна гэжээ.

 

2.Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М-оос 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

3.Хариуцагч давж заалдах гомдолдоо: Миний бие 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Э.Адъяа гэх хүнтэй зарын дагуу холбогдож өөрийн автомашиныг түүний 14-06 УАН дугаартай автомашинтай зөрүү мөнгө өгч солилцохоор тохирч, автомашинуудаа солилцон нэрээ шилжүүлэн авсан. Маргааш өдөр нь буюу 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би уг автомашин болох 14-06 УАН улсын дугаартай автомашиныг зарахаар зар тавин, улмаар нэхэмжлэгч С.М-тай холбогдсон бөгөөд С.М- нь машиныг сонирхож 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр надтай зарын дагуу холбогдон уг машиныг унаж шалгасан, Банк бус санхүүгийн байгууллагад худалдаж авахын тулд зээл хөөцөлдөж байна гэж нилээн унаж явсан бөгөөд хотын төвөөс 22-ын товчоо руу явж үзсэн, тухайн үед автомашины эд анги, төхөөрөмжид доголдол байгаагүй, хэвийн явж байсан. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн хүлээн авсан. Энэ хугацаанд машинд ямар нэгэн доголдол илрээгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү автомашин нь миний эзэмшил, өмчлөлд 24 цаг буюу 1 хоногийн хугацаанд л байсан. Автомашиныг С.М-ад хүлээлгэж өгснөөс хойш 37 хоногийн дараа над руу батерей ажиллахгүй байна гэж холбогдохоор нь би нэг ч өдөр унаагүй, машины доголдлын талаар найзтайгаа ярь” гэж хэлсэн. Мөн энэхүү маргаан бүхий 14-06 УАН автомашиныг надад зарсан хүн болох Э.Адъяа болон надаас машин шилжүүлж авсан нэхэмжлэгч С.М- нарыг хоорондоо холбоотой, найз нөхөд гэдгийг нь мэдсэн. Эдгээр хүмүүс нь нийлж намайг залилсан байж болзошгүй. Тодруулбал 14-06 УАН дугаартай автомашины дэлгэрэнгүй лавлагааг харвал найз гэх Э.Адъяагаас нэхэмжлэгч С.М- нь өөрийн нэр шилжүүлэн авчихаад намайг хууран надад машиныг шилжүүлэн, миний нэр дээр шилжүүлсэн. Энэ нь тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаанаас харагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие хууль эрх зүйн мэдлэггүйгээс зөвлөгөө авч, шаардлагатай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байсан учраас ийнхүү хохирч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Учир нь С.М- бид хоёр худалдах худалдан авах гэрээг албан ёсоор бичгээр байгуулаагүй бөгөөд гэрээ байгуулаагүй учир эд хөрөнгийн чанар, доголдлын талаар шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан. Харин шүүх хэт нэг талын буюу нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Учир нь автомашины батерей нь 32 ширхэгээс бүрдэж нэг ком батерей бүрддэг. Шүүх шийдвэр гаргахдаа тухайн 1 ком батерей буюу 32 ширхэг батерей бүгд ажиллаж байгаа эсэх, хэд нь ажиллаад хэд нь ажиллахгүй байгаа эсэх дээр дүгнэлт өгч, нягтлан шалгаж үзэлгүйгээр 1 ком бүтэн батерейны үнийг надаас гаргуулан шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчиж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар шинжээч томилуулан тогтоолгох боломжтой. Мөн хавтаст хэрэгт авагдсан Доктор авто засварын төвийн оношлогооны хуудсанд тусгагдсан 1,500,000 төгрөг нь зах зээлийн үнэлгээнээс өндөр байгаа ба яг одоогийн үнэлгээ 1,200,000 төгрөг байгаа болно. Энэ бүх байдлыг шүүх тал бүрээс нь нягтлан үзэлгүйгээр хэт нэг талын тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь маргааны зүйл болсон автомашиныг 1 өдөр эзэмшиж, ашигласан гэдэг нь үндэслэлгүй юм. Учир нь Б.М- нь өөрийн машинаа иргэн Э.Адъяагийн приус машинаар сольж арилжаа хийсэн ба эзэмших эрхээ шилжүүлээгүй ашиглаж байгаад нэхэмжлэгч С.М-ад худалдсан. Зээлээр авсан учир заавал Б.М-оос С.М-руу шилжих болсон. Мөн Б.М- гомдолдоо ч 2021 оны 08 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд ашиглаж байсан талаар бичсэн байна. Харин С.М- нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б.М-оос 14-06 УАН улсын дугаартай “тоёота приус” альфа маркийн машиныг “БСБ финанс ББСБ” ХХК-ийн зээлээр худалдан авсан болно. Анхан шатны шүүхээс хариуцагчид эрхээ хамгаалах, эрх зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргах эрхийг хангалттай олгож, шүүх хуралдаан  хойшилж байсан. Шүүх харилцан мэтгэлцэх эрхийг олгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр  үндэслэлтэй тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

            2.Нэхэмжлэгч С.М- нь хариуцагч Б.М-од холбогдуулан доголдлыг арилгахад гарах зардалд 1,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

 

            3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “Доктор авто сүлжээ” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн оношилгооны хуудас, “Сутай” төвийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэх зэргийг шууд үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ. /хх-ийн 8, 10-р тал/ 

 

            Учир нь дээрх нотлох баримтууд нь маргааны зүйл болж буй автомашины батерей бүхэлдээ доголдолтой байсан эсэхийг эргэлзээгүй нотолсон баримтууд биш байна. Тодруулбал, оношилгооны хуудаст батерей задлан үзэх, солих гэснээс үзэхэд гэрээний зүйл болох автомашин нь нийт хэдэн ширхэг батерейнаас бүрдэж, түүнээс хэд нь ажиллаж, хэд нь ажиллахгүй байсан эсэх үйл баримт тодорхой бус байх бөгөөд хариуцагчийн энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй. /хх-ийн 8-р тал/

 

            4.Хэдийгээр хариуцагч Б.М- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хариу тайлбар гаргаагүй байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотлох учиртай. 

 

            5.Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/00098 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.М-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                               

                                     ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ                                                                                               

                                                                                      Г.ДАВААДОРЖ