| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2021/02341/И |
| Дугаар | 210/МА2022/00479 |
| Огноо | 2022-03-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2022/00479
С.О-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02676 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О-ын хариуцагч “Г-” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 22,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 22,080,000 төгрөг гаргуулах.
1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С.О- нь “Г-” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Машин механизм түрээсийн гэрээ байгуулж, 3 техникийг нийт 47,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, ажлын талбайд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр техникүүдээ гаргасан. 3 дахь сарын түрээсийн төлбөр болох 32,633,333 төгрөгийн нэхэмжлэхийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр явуулсан боловч хариуцагч тал шилжүүлээгүй. Нэхэмжлэгч техник хэрэгслүүдээ бүрэн шилжүүлсэн байхад хариуцагч тал түрээсийн төлбөрийг бүрэн төлөөгүй. 2019 онд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдах үед НӨАТ ороогүй ба, энэ талаар талууд гэрээндээ тусгасан, маргаан ч гараагүй, гэтэл 2021 оны түрээсийн үлдэгдэл төлбөр нэхэх үед 2019-2021 оны түрээсийн нийт төлбөрөөс тооцож, Хувь хүний орлогын албан татвар төлөх ёстой гэж тайлбарлаж, түрээсийн үлдэгдэл төлбөр төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.2.1-т зааснаар 2019 онд тайлан гаргаж дууссан. 2019 оны /е-баримт/-ыг нөхөн бичилт хийж болох юм уу, үүнтэй холбоотой Татварын албанд зөрчил үүссэн гэж тайлагнасан зүйл байгаа эсэх, С.О- тухайн /е-баримт/-ыг өгөөгүйгээс тус компанид ямар хохирол учирсан талаар баримт байхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 10,553,333 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 22,080,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани иргэн С.О-тай 2019-2021 онд машин механизм түрээсийн гэрээ байгуулан ажилласан ба дээрх тушаалын дагуу түрээсийн үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн дүнгээр хийсэн болно. С.О- нь үзүүлсэн үйлчилгээний төлбөрт авсан 220,799,987.28 төгрөгийн баримтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 6.1, 6.2-т заасны дагуу төлбөрийн баримт заавал бичиж өгөх, манай компани тус журмын 6.3-т заасны дагуу худалдан авсан үйлчилгээндээ төлбөрийн баримт заавал бичүүлж авах үүрэгтэй болно. Хуулийн дагуу С.О-аас төлбөрийн баримт авах шаардлагатай байгаа. Төлбөрийн баримтыг С.О- бичиж өгснөөр бидний хооронд байгуулсан гэрээний дагуу 20,072,726.12 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байгаа болно. Гэтэл С.О- 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй байсан гэдэг бөгеөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасны дагуу иргэний үзүүлсэн үйлчилгээний орлогын дүн 10,000,000 төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж хуульд заасан тул С.О- зөвхөн манайд үзүүлсэн ажил үйлчилгээнд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 27,000,000 төгрөг өөрийн дансанд шилжүүлж авсан нь хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох болзол хангасан. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 27,000,000 төгрөгийг авснаар мөн хуулийн 8.1.2 дахь хэсэгт зааснаар 8 дугаар сараас эхлэн татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 3 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ өгч, бүртгүүлсэн байх ёстой ...” гэж заасан. Хэрэв татвар төлөгчөөр бүртгүүлээгүй байгаа тохиолдолд энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээх ёстой. Манай компанийн зүгээс С.О-аас худалдан авсан үйлчилгээний төлбөрт 220,799,987.28 төгрөг авсан гэдгээ /е-баримт/-д бүртгүүл, хэрэв үүнийг бүртгүүлэхгүй бол “Г-” ХХК нь тухайн үнийн дүнгийн 10 хувиар торгуулах хуулийн шаардлага гараад байна гэж хэлсэн. Иймд манай зүгээс Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр 22,080,000 төгрөгийг шилжүүлж өгье, эсхүл /е-баримт/ өг гэх шаардлагыг удаа дараа тавьж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г-” ХХК-аас 22,080,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О-т олгож, Улсын тэмдэггийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 268,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.О-т олгуулахаар шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэр хууль хэрэглээний алдаатай гарсан тухайд хариуцагч нь иргэн С.О-тай нийт 3 удаа 2019 он, 2020 он, 2021 онуудад тус тус түрээсийн гэрээ байгуулан, ажилласан бөгөөд нийт байгуулагдсан 3 гэрээг 2021 онд ажил бүрэн дууссанаар эцэслэн дүгнэж санхүүгийн зохих баримтыг холбогдох эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх бодит шаардлага үүссэн. Гэтэл Иргэн С.О- нь 2019 оны 220,799,987.28 төгрөгийн е-баримтыг өгнө гэж дараа дараагийн санхүүжилтийг авсаар байгаад 2021 он хүрсэн бөгөөд одоо энэ нэхэмжилж байгаа үнийн дүн нь 2021 оны гэрээний үнийн дүнг дутуу шилжүүлсэн мэтээр гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчтай 2019 оны 7 дугаар сард түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд 2019 оны гэрээнд е-баримт өгөх талаар ямар нэг заалт тусгагдаагүй. Сангийн сайдын тушаал 2019 онд гарсны дараа 2020, 2021 оны гэрээнүүдэд е-баримт олгох талаар дурьдсан гэжээ. Энэ тайлбараас харахад үлдэгдэл санхүүжилтийг 2019 оны гэрээний үлдэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл гэж үзэж болохоор байна. Гэтэл шүүх нэхэмжлэгч хуулийн ямар зохицуулалтын дагуу огт баримт бүрдүүлэхгүйгээр төлбөр тооцоог дуусгаж мөнгө авна гээд байгаа нь ойлгомжгүй үйдлийг хуулийн ямар заалтыг баримталж үүнийг зөвтгөж байгаа нь тодорхойгүй байна. Шүүх зөвхөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэсэн иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тэнцвэртэй хэрэгжүүлэх зарчмыг зөрчиж байна. Иргэн С.О- Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дах хэсэгт заасны дагуу борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн систэмээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг/е-баримт/ хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тул суутгагч төлбөр төлөгч компани дээрх хуулийн 28.7 дах хэсэгт заасны дагуу төлбөрийн дүнгээс 10 хувиар ХАОАТ-г суутгах, 29.1.3-д заасны дагуу татварын албанд тайлагнах үүрэгтэй болж байна. Гэтэл нэхэмжлэгчийн албан татвар зөвтгөөд зогсохгүй, НӨАТ, ХОАТ-ын тухай хуулийг огт харгалзахгүй, татвар төлөхгүй үйл ажиллагаа явуулж болох мэтээр ойлголт төрүүлж байна. Шүүхийн шийдвэрийн улмаас хариуцагч нь иргэн С.О-ын е-баримт бичиж өгөөгүйгээс түүний хуулийн дагуу хариуцан төлөх Хүн амын орлогын албан татвар 22,080,000 төгрөгийг хүү, алдангийн 50 хувийн хамт 33,160,000 төгрөг төлөх нөхцөл байдлыг үүсгэлээ. Хариуцагч нь иргэн С.О-т зөвхөн өгсөн мөнгөндөө /220,799,987.28 төгрөг/ тохирсон е-баримтыг гаргаж өгөөд 22,080,000 төгрөгийг ав гэдэг болохоос биш огт өгөхгүй өгөх ёсгүй гэж маргадаггүйг анхаарах хэрэгтэй. Шүүх татварын харилцааны талаар ойлголт муу, ойлгомжгүй зүйл байгаа бол мэргэжлийн байгууллагад хандах, ойлголтын зөрүүг арилгах боломж байсан боловч үүнийг ашиглаагүй, зөвхөн гэрээ байгуулагдсан гэрээний үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэл хангагдах ёстой гэдэгт анхаарал хандуулсан нь татварын хууль тогтоомжуудыг огт хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч “Г-” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 32,633,333 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг багасган 22,080,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч “Г-” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын түрээсийн төлбөр болох 32,633,333 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,553,330 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 22,080,000 төгрөгийг гаргуулна” гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч С.О- нь 2019 онд НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүйн улмаас манай компани 220,799,987 төгрөгийн орлогод ногдох 22,079,998 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх болсон тул уг мөнгийг суутгана” гэх агуулгатай тайлбар гарган нэхэмжлэлээс татгалзсан байна.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.Зохигчид 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Машин механизм түрээсийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч С.О- нь 68-88 УБ улсын дугаартай экскаваторыг нэг сарын 15,000,000 төгрөгөөр, 22-48 УАБ улсын дугаартай, усны машиныг 8,000,000 төгрөгөөр, 57-77 УР улсын дугаартай, грейдерийг 24,000,000 төгрөгөөр тус тус түрээслүүлэх, хариуцагч “Г-” ХХК нь ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, машин механизм түрээсийн гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 5-7-р тал/
5.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж зөв дүгнэсэн байна. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч С.О- нь техникийн түрээсийн төлбөрийг хариуцагч “Г-” ХХК-аас шаардах эрхтэй.
6.Зохигчид 2019 оноос хойш түрээсийн гэрээ байгуулан, хамтран ажилласан үйл баримт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч С.О-ын хувьд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн машин механизм түрээсийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан. Хариуцагч “Г-” ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 22,080,000 төгрөг байгаа үйл баримтад маргаагүй, харин 2019 онд байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлсөн төлбөрт түрээслүүлэгч НӨАТ-ын баримт олгоогүй гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан.
7.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Машин механизм түрээсийн гэрээ”-нд түрээслүүлэгч НӨАТ-ын баримт олгоогүйтэй холбоотойгоор төлбөр суутган авах агуулга тусгагдаагүй байна. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 22,080,000 төгрөгөөс хариуцагч “Г-” ХХК-ийг чөлөөлөх үндэслэлгүй.
7а.Нөгөө талаар хариуцагч “Г-” ХХК нь 2019 онд нэхэмжлэгч С.О-т 220,799,987 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл 220,799,987 төгрөгийн 10 хувь болох 22,079,998 төгрөгийг суутгах үндэслэл бүрдсэн гэх нөхцөл байдлыг шүүхэд баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
8.Иймд хариуцагч “Г-” ХХК-аас 22,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-т олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.
9.Харин хариуцагч “Г-” ХХК нь түрээслүүлэгчийг татварын хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Г.ДАВААДОРЖ