Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар  2024/ДШМ/1135

 

 

 

     2024           10            10                                     2024/ДШМ/1135

 

                                                Д.***ад холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Д.***, түүний өмгөөлөгч Ч.Булган,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/929 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булганы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.***ад холбогдох эрүүгийн 2408 00000 0549 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

*** *** овгийн ***ийн ***, *** оны 8 дугаар сарын 02-ны өдөр *** аймагт төрсөн, ***настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, *** дүүргийн 11 дүгээр хороо, ***дугаар гудамжны, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ***/;

 

Шүүгдэгч Д.*** нь *** оны 09 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн 9 дүгээр хороо, ***ны 1 дүгээр гудамжны 37 тоот хашаанд иргэн Ч.***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу газрын асуудлаас үүдэн маргалдаж, улмаар гарыг нь тус газар хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь "зүүн гарын алганд зүсэгдсэн шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

*** дүүргийн прокурорын газар: Д.***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: *** *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д. ***ад есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.***ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, эрүүгийн 2408000000549 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.*** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.*** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх “Хохирогч Ч.***эс "...тухайн үед хойш унахдаа гараа хаданд зүссэн гэж бодож байна", гэрч Ц.***ийн "...***ыг хутгатай байна гэж ***д хэлэхэд гараараа хаахад бид хоёр хойш унасан. Тэгэхдээ гараа зүссэн болов уу..." гэсэн мэдүүлгийг өгсөн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.***ын "...*** нь нэг улаан бор өнгийн хутга гаргаж ирээд далайгаад хутгалах гэж байхад *** гараараа тухайн хутгыг хаасан. Тэр үед *** зүүн гарынх нь алга зүсэгдээд цус гараад байсан", гэрч Б.***гийн "...*** нь куртикнийхээ ханцуйнаас нэг бор өнгийн иштэй хутга гаргаж ирээд *** араас хутгалах гэж байхад нь *** эгч хажуугаас нь орилсон чинь *** эргэж хараад тэр хутгыг нь шууд гараараа хамгаалаад гараа тэр хутганд зүсчихсэн" гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдсэн” гэж дүгнэжээ. Гэтэл хэрүүл маргаан болж байх үед цагдаагийн эргүүлийн алба хаагч А.***, О.*** нарыг очиход ямар ч хүн хутгалуулсан талаар хэн ч хэлээгүй байдаг. Хутгалуулсан бол тэр дороо цагдаагийн алба хаагчдыг очиход нь хэлэх байсан. Хутгалсан бол хутган дээр цусан толбо тогтох байсан. Шүүгдэгч Д.*** нь хутга барьж очсон, хутгалах үйлдэл огт хийгээгүй гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Хохирогч Ч.*** хувьд газрын маргаантай асуудлаа өөрт ашигтай байдлаар шийдүүлэх санаа зорилгоор хутга барьж очсон байдлыг нь далимдуулж маргаан болсны дараа “Гараа хутгалуулсан” гэж зохиомол хэрэгт Д.***ыг гүтгэсэн байх магадлалтай. Ингэхдээ өөрийн эхнэр ***, хөлсөөр ажил хийлгэж байсан Ж.***, Б.*** нартай үгээ нийлүүлж, санаатайгаар худал мэдүүлэг өгсөн байхаар байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.*** болон гэрч Ц.*** нар хутгалсан гэдгийг үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн нь бодит байдалтай нийцэж байхад бу*** нотлох баримттай харьцуулан дүгнэлт хийж чадсангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Мөн хуулийн 1.15-р зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан Д.***ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.*** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед маргалдах үндэслэл бий болсон бөгөөд би хутга бариад очиход миний гар дахь хутгыг Ч.*** цохиод унагасан. Манай хүү ирээд “Цагдаад өргөдлөө өгсөн” гэсэн тул би маргаан хийгээгүй.  Тэр  үед хохирогчийн эхнэр зайтай байсан бөгөөд хэзээ хойно цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргасан байсан. Хэрэг болсон үед Ч.*** унаж, тохойгоо шалбалсан. *** ирмэгтэй чулуу ихтэй бөгөөд унаснаас үүссэн гэдгийг Ч.*** өөрөө ч мэдүүлдэг. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж шийдвэрээ гаргасан. Гэрч ***, *** нар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ өөрчилж “Унахдаа гэмтэл авсан байж болзошгүй” гэсэн мэдүүлэг өгсөн ч мөрдөн байцаалт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад гэмтлийг шүүгдэгч учруулсан болохыг шууд заан мэдүүлж байсан. Гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан гэрч Б.***, Ж.*** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, тохойд учирсан гэмтэл унах явцад үүссэн, чигчий хурууны зүсэгдсэн шархыг өөрөө өөртөө учруулах боломжгүй, хоёрдогч хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байна гэсэн нотлох баримтуудыг үнэлж шүүх шийдвэрээ гаргасан. Цагдаагийн алба хаагч нар дуудлагаар очихдоо гэмт хэрэг үйлдэгдсэн бол саатуулах ажиллагаа хийх байсан гэсэн зүйл шүүх хуралдааны явцад ч яригдсан. Гэтэл шүүх хуралдаанд оролцсон цагдаагийн алба хаагч А.***ийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдсэний дараа буюу маргалдаад байсан учраас салгаад цааш авч явсан гэдэг. О.***, А.*** нар гэмт хэрэг үйлдэгдэх үед байгаагүй, болсон асуудлын талаар сүүлд мэдүүлэг өгсөн тул тэдгээрийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй. Мөн хутгалсан бол хутганд цусны толбо үүссэн байх боломжтой гэж өмгөөлөгч ярьж байна. Гэтэл тухайн үед шүүгдэгчийн хүү “Манай аавыг явуулчих, би аавыг аваад явлаа” гээд хүүхэд нь авч явсан болох талаар гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн цагдаагийн алба хаагч нар хашааны цаана байсан болох нь гэрч Ц.***ийн гар утсаараа бэхжүүлэн авч, хэрэгт тусгуулсан гэрэл зургуудаар нотлогддог. “Хад асгатай газар байсан тул унахдаа гэмтэл авсан” гэж маргадаг ч хад асгагүй газар болох нь гэрэл зурагт тодорхой тусгагдсан байдаг. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай бүрэн нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хуулийн шаардлагыг бүрэн хангаж гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***ын өмгөөлөгч Ч.Булганы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч Д.*** нь *** оны 9 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн 9 дүгээр хороо, ***ны 1 дүгээр гудамжны 37 тоот хашаанд иргэн Ч.***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу газрын асуудлаас үүдэн маргалдаж, улмаар гарыг нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь "зүүн гарын алганд зүсэгдсэн шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Ч.***: “...Д.*** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд намайг “Ална, чи үхдэл болно” гэх мэтээр хэл амаар доромжлоод намайг хутгалах гэж дайрахаар нь би гараараа хаасан чинь зүүн гар хэсэгт хутгаар зүссэн.../хх 6-7/,...би тухайн үед хойшоо унаад би зүүн гарын тохойгоо гэмтээсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”/хх 9/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд,

гэрч Г.***ын: “...Би "***” *** ХХК-нд ажилладаг бөгөөд манай байгууллагын баруун талд хуучин ашигладаггүй нурсан байшингийн газрыг нь эзэн нь тухайн байшингаа засвар үйлчилгээ хийх зорилгоор газраа *** оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тэгшилж эхэлсэн. Тухайн үед нь би байшингийн болон газрын эзэнд нь манай байгууллагын хананд тулгаж газар тэгшлэхгүй шүү гэж хэлсэн юм. Тэгсэн өнөөдөр буюу *** оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ ирээд байгууллагын байраа тойрч харсан чинь баруун талын хэсэг газрыг байшингийн суурь хундааманд тулган газар ухсан байхаар нь хажуу талын газрын хүнд хэлсэн чинь янзлаад өгнө өө гэж хэлсэн.../хх 11/,… Тэр үед буюу *** оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд буюу аав ***, *** нар нь хоорондоо маргалдахаас 3-4 хоногийн өмнө надад *** болон *** нар нь надад хандаж “*** ***” худалдааны төвийнхөө караокены хэсгийн үүдний амбаараа авчих, машин орж гарах орц гарц хийх гэсэн юм гэж хэлэхээр нь ээжээсээ асууя гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь дахиад ***, *** нар нь дахиж залгаад үүдний амбаараа яахаар болсон бэ?, машин орж гаргах гэсэн юм гэхээр нь би мэдэхгүй, та аавыг хөдөөнөөс ирэхээр нь би ярьж байгаад бол, би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгсэн 1-2 хоногийн дараа ***, *** нар нь манай караокены үүдний амбаарыг экскаватор оруулаад нураачихсан байсан. *** оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 15-16 цагийн үед би “*** ***” ХХК-д ажлаа хийж байхад Цэцэгээ эгч “аав чинь хүнтэй муудалцаад байна” гэхээр нь очтол аав ***, *** нар хоорондоо маргалдсан байдалтай, цагдаа нар болиулах гээд байсан. Би аавыг аваад явах гэж байтал нэг цагдаа надад хандаж аавын хутга гээд хүрэн өнгийн иштэй хутга өгөхөөр нь би тухайн хутгыг аваад Дашням ахад өгсөн. Тэр хутга манай аавын хутга мөн. Хүний биед халдсан талаар мэдэхгүй. ...” /хх 15/,

гэрч Ц.***ийн: “...*** оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тухайн газартаа цэвэрлэгээ хийж байтал *** цаанаас орилж хашхираад хүрээд ирсэн. *** согтуу байхад нь манай нөхөр “Согтуу байна, маргааш ирж уулз” гэхэд *** нь ***д хандан “Чи үхсэн, би чамайг үхдэл болгоно” гээд *** цаашаагаа явсан. Тэгсэн удалгүй *** гартаа юм барьчихсан хүрч ирээд *** рүү далайсан чинь *** гараараа тухайн хутгыг хаасан чинь *** зүүн гарын алга зүсэгдсэн. Манай ажилтан Анхаа тухайн хутгыг *** дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хашаа руу шидсэн чинь цагдаа тухайн хутгыг хүү ***аад өгсөн. Тэр үед Анхаа, Доржоо, цагдаа, ***тай хамт явж байсан хөл муутай настай эмэгтэй зэрэг хүмүүс байсан. ...” /хх 20-22/,

гэрч Ж.***ын: “...Д.*** гэх хүн согтуу орж ирээд *** рүү дайраад агсраад “Чамайг ална, би чамайг хутгалж ална, нэг бол буудаж ална” гээд байхаар нь би гуйсаар байгаад явуулсан. Тэгсэн удалгүй дахин орж ирээд миний хажуугаар гүйж гараад *** нь ханцуйнаасаа улаан бор өнгийн хутга гаргаж ирээд *** рүү шууд далайгаад хутгалах гэж байхад нь *** зүүн гараараа хутгыг хаасан. *** зүүн гарынх нь алга зүсэгдээд цус гарсан. *** бид 2 арай гэж ***аас бор өнгийг хутгыг салгаад байж байтал цагдаагийн хэлтсээс 2-3 цагдаа гараад ирсэн. Хутгыг цагдаад өгсөн. Цагдаа ***ын хүү болох ***аад хутгыг өгсөн. ...” /хх 25-27/,

гэрч А.***ийн: “...Хашааны хойно 6-7 хүн маргалдаад, тарган намхан согтуу хүн эрэгтэй, эмэгтэй 2 хүн рүү дайраад зодох гээд байхаар нь согтуу тарган намхан хүнийг холдуулахад би ална зодно гэж дайраад байсан. Эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд манай нөхрийн гарыг зүссэн гэж хэлсэн. ...” /хх 34-36/,

гэрч О.***ын: “...*** хашаа давж ороод тэр хүмүүсийг салгасан. Маргалдаж байсан хүмүүсийн нэг эрэгтэй хүн надад бор өнгийн бариултай хутга хашаа давуулаад өгснийг агсам согтуу тавиад байсан 50-60 орчим насны хүний хүүхэд гэх 30 орчим насны эрэгтэй хүн хүрч ирээд “Наад хутгаа нааш нь өгчих, аавыгаа аваад явлаа” гэхээр өгсөн. Сүүлд буюу хэлтэс рүү орж ирсний дараа тухайн үед нэг хүн нь гараа зүсүүлсэн талаар мэдсэн. ...” /хх 39-41/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *** оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11850 дугаартай дүгнэлт: “...Ч.*** биед зүүн гарын алганд зүсэгдсэн шарх, тохойд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс шарх нь ир ирмэг бүхий зүйлийн, цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт, зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хх 46-47/,

шүүгдэгч Д.***ын яллагдагчаар өгсөн: “...Тэр хутгыг би таксинаас буухдаа гартаа бариад буусан ба би хутгаа бариад *** рүү явж байхад нэг хүн миний гар руу цохиод хутгыг унагаасан. Тэр үед би *** дээр уурлаад гомдоод очсон ба Сэлэнгийг айлгая гээд очсон юм....” /хх 71-72/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бу*** нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булганаас “...хохирогчийн биед гэмтэл учруулаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэсэн давж заалдах гомдол, шүүгдэгч Д.***аас “...хохирогчийн биед гэмтэл учруулаагүй, тухайн газар хадтай газар байсан. Өөрөө унахдаа гараа зүссэн...” гэсэн тайлбар тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.***ыг “хутгаар хохирогч Ч.*** зүүн гарын алганд зүсэгдсэн шарх, гэмтэл...”-ийг учруулсан талаар гэрч, хохирогч нар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлгийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжтойгоос гадна тэрээр өөр бу*** хүнд зодуулсан, эсхүл өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлсон.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.

Прокуророос шүүгдэгч Д.***ыг хохирогч Ч.*** эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа талаар дурдсан байх тул шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.***ыг тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Д.***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдал зэрэгт тус тус тохирчээ.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/929 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.***ын өмгөөлөгч Ч.Булганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/929 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.***ын өмгөөлөгч Ч.Булганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ