Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 874

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 2 дугаар хороо Г******* цогцолбор барилга 1402 тоотод оршин суух “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын ******* X тоот, ******* X тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүйд тооцуулах, “Н*******” ХХК-ийн ******* X тоот, ******* X тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг сэргээлгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Н*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр ******* X тоот, ******* X тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшдэг ба 2015 оны 9 дүгээр сарыг хүртэл төлбөрийг хуулийн дагуу бүрэн төлж ирсэн. 2015 оны 8 дугаар сарын байдлаар “Н*******” ХХК-ийн эзэмшлийн ******* X тоот тусгай зөвшөөрөл дээр 6,770,728.00 төгрөгийн, ******* X тоот тусгай зөвшөөрөл дээр 1,744,770.00 төгрөгийн тусгай зөвшөөрлийн төлбөрийн төлөлт илүү байсан ба энэхүү илүү төлөлтийг 2016 оны төлбөрт зориулан хадгалж байсан болно. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газрын нэг цэгийн үйлчилгээний төвд хандан дээрх 2 тусгай зөвшөөрлийн илүү төлөлтийн тооцоог нийлж, үлдэгдэл төлбөрийг гүйцээн 2016 оны төлбөрийг төлөхөөр нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтнээс тодруулахад манай компанийн эзэмшдэг ******* Х тоот, ******* Х тоот тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан байна гэдэг хариуг өгсөн. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас ******* X тоот, ******* X тоот тусгай зөвшөөрлүүдийг 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр олгосон ба тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө төлдөг хуулиар зохицуулсан журамтай. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэхэд манай эзэмшдэг дээрх 2 тусгай зөвшөөрлийг цуцалсан, түүнчлэн тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг манайд хүргүүлээгүй болно. Мөн үүссэн асуудлыг шийдвэрлүүлэхээр Ашигт малтмалын газарт удаа дараа биечлэн хандаж Ашигт малтмалын газрын Эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүдтэй санал солилцож асуудлыг хуулийн дагуу шийднэ гэж итгэж хүлээсэн боловч үр дүн гараагүй болно. Биечлэн уулзаж санал солилцоод, тодорхой шийдтэй хариу өгөлгүй багагүй хугацаа өнгөрсөн тул 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр асуудлыг шийдвэрлэх албан хүсэлтийг гаргасан боловч хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй болно. Иймд Ашигт малтмалын газрын дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоож манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. 

Жич: Өнөөдрийг хүртэл Ашигт малтмалын газраас ******* X тоот, ******* X тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан тухай мэдэгдлийг манайд хүргүүлээгүй, цуцалсан тухай шийдвэрийг бид хараагүй байгаа болно.” гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...“Н*******” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүйд тооцуулах, *******Х, *******Х тоот тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг сэргээхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “Н*******” ХХК нь Б аймгийн с сумын нутагт ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрөл, Д******* аймгийн Х******* сумын нутагт ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрөл 2007 оноос эхлэн эзэмшиж байсан байна. “Н*******” ХХК нь Б аймгийн С сумын нутагт ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрөл, Д******* аймгийн Х******* сумын нутагт ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын газрын геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 736 дугаар шийдвэрийн дагуу 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс тооцож, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна. Мөн Б аймгийн С сумын нутагт ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрөл сунгасан мэдэгдлийг 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6-6439 тоот албан бичиг, Д******* аймгийн Х******* сумын нутагт ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрөл сунгасан мэдэгдлийг 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6-6440 тоот албан бичгээр “Н*******” ХХК-нд тус тус хүргүүлсэн байна. “Н*******” ХХК-ний эзэмшиж байсан Б аймгийн С сумын нутагт ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрөл, Д******* аймгийн Х******* сумын нутагт ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болж Ашигт малтмалын тухай хуулийн Наймдугаар зүйлийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт “... Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан...” гэж хуульчлан заасны дагуу тус газрын “Тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох дотоод хяналтын хуудас”-аар 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Уул уурхайн кадастрын компьютержсэн систем”-д бүртгэж ашигт малтмалын хайгуулын *******Х, *******Х тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон байна. “Н*******” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт амаар хариу өгсөн бөгөөд тус хариунд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө...” гэж заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариу өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэг цэгийн үйлчилгээний газар очиход танай зөвшөөрлийг цуцалсан байна гэсэн асуудлыг тавьсан. Хугацаа сунгах материалыг бүрдүүлэх ямар ч боломжгүй болсон ба хугацаа нь болоогүй байсан. Миний зүгээс гол баримталж буй зүйл нь Ашигт малтмалын газраас 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрийн өдрөөр хугацаа тооцоод байна. Хуульд заасан журам нь өөр байна. Анх олгосон хугацаанаас нэг сарын өмнө энэхүү сунгах өргөдлийг өгнө гэж маш тодорхой заасан байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа анх олгосон хугацааг нь хуулиар болон бусад журмуудаар зохицуулагдсан байна. Анх олгосон огноо нь 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр юм. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа анх олгосон хугацааг барина. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, мөн хуулийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг өгнө” гэж тодорхой заасан байна. Зөвхөн хугацаатай холбоотой асуудал яригдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж тодорхой заасан байна. Тусгай зөвшөөрлийн өргөдлийг сунгах хамгийн сүүлийн хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр юм. Манай зүгээс гаргасан тайлбар нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь хуульд заасан журмыг зөрчсөн. 

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Тухайн үед албан бичгүүдийг өгч байсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны илт хууль бус акт дээр хөөн хэлэлцэх хугацаа тооцогдохгүй.

Зөвхөн төлбөр тооцоо биш холбогдох баримтыг бүрдүүлж өгөх ёстой гэж үзэж байна. “Н*******” ХХК-аас холбогдох бүх баримтыг өгөх гэсэн боловч хугацаа болоогүй байхад дуусгавар болсон гэсэн асуудлыг тавьсан учраас энэхүү баримтуудыг өгөх боломжгүй болсон. Энэ тухайгаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Ашигт малтмалын газраас хугацаа сунгах өргөдлийг өгөх болоогүй байхад “Н*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудлыг тавиагүй байсан бол холбогдох материалыг өгч, хуулийн дагуу төлбөрийг төлөх боломжтой байсан. Илүү төлөлт нь санхүүгийн баримтаар харагддаг. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 22.1, 34.1, 56.8-д заасан журмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хугацааны хувьд дуусгавар болгосон гэж үзээд ашигт малтмалын лицензийг буцааж сэргээх асуудлыг даалгах шаардлагыг гаргаж байна. Мэдэгдэл хүргүүлсэн гэсэн асуудлыг мөн ярьсан байдаг хэдий ч мэдэгдлийг бол хүргүүлээгүй. Шүүх хуралдаан хянан хэлэлцэх явцад мэдэгдэл хүргүүлсэн эсэх талаар хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн талаар ямар нэгэн баримт байхгүй. Мөн шуудангаар илгээсэн нотолгоо баримт байхгүй байна. Хугацаа дуусах гэж байгаа талаар мэдэгдээгүй нь хуульд заасан тодорхой журмуудыг бүгдийг зөрчсөн гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болгоно. Энэ талаар мэдэгдэх ямар нэгэн үүрэг хүлээх талаар хуульд тусгагдаагүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, хүчинтэй байдлыг хадгалах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг юм. Хуульд заасан нөхцөлийг хангаж, хайгуулын талбай дээр хайгуулаа хийгээд нөөц илэрсэн тохиолдолд тодорхой хэмжээний нөөцийг батлуулж, улсын нөөцөд бүртгүүлээд ашиглалтын лиценз авдаг. Тусгай зөвшөөрлийг сунгах хүсэл зориг нь нэхэмжлэгч компанид байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй учраас заалтын дагуу хугацаа нь дуусгавар болсон. Төрийн захиргааны байгууллага шууд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэдэг асуудал байдаггүй. Уг нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас нэг сарын өмнө өргөдлөө гаргаад хуулийн шаардлага хангавал сунгана. Шаардлага хангаагүй тохиолдолд цуцална. Нэг сарын өмнө гэдэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид боломж олгож буй үйлдэл юм. 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гарсан өдрөөс хойш 56.8-д заасны дагуу шүүхэд маргаантай байсан хугацааг хасаж тооцон, үүн дээр нэмээд 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэр гарсан өдөр, дээр нь нэмж 3 жилээр сунгасан Ашигт малтмалын газрын Кадастрын албаны даргын шийдвэр гарсан байна. Ашигт малтмалын газрын даргын шийдвэр гарч, мэдэгдэл хүргүүлснийг шийдвэрийнхээ дагуу хавсралтад тэмдэглэгээ хийлгэдэг. Жил бүрийн 7 дугаар сарын 23-ны өдөр хайгуулын төлбөрөө төлөх, жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хайгуулын ажлын төлөвлөгөө өгөх, жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасны дагуу тайлан төлөвлөгөөг ирүүлж, баталгаажуулна. Үүнийг сайтар ухамсарлаж ойлгож байсны үндсэнд 2013, 2014 онд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж байсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ үүргийг мэдэж байсан. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг 2015 онд багтааж гаргаагүй. Өргөдөл гаргахдаа нэг цэгийн үйлчилгээнд хугацаандаа гаргасан байвал уг маягтыг бөглөж хүлээн авдаг. Дараагаар нь дотоод хяналтын хуудас нээж системд бүртгэн, хяналт, шалгалт хийгээд явдаг. Төлбөрөө төлсөн эсэх, хайгуулын ажлын төлөвлөгөө тайланг 2015 онд ирүүлж баталгаажуулсан эсэхийг шалгаад хуулийн шаардлага хангаагүй байсан учраас кадастрын системд дуусгавар болгосноор бүртгэсэн. Хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шүүхэд хандан “...ашигт малтмалын хайгуулын ******* X болон ******* X тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүйд тооцуулах, “Н*******” ХХК-ийн ******* X тоот, ******* X тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг сэргээлгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэсэн утга бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ нь анх 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б аймгийн С сумын нутагт орших Н нэртэй газарт 5403 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын *******Х тоот, Д******* аймгийн Х******* сумын нутагт орших Бүргэд толгой нэртэй газарт 1391 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус 3 жилийн хугацаатай “Н*******” ХХК-д олгожээ.

“Н*******” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын *******Х болон 

*******Х тоот тусгай зөвшөөрлийн эзэмших хугацаа 2010 оны 9, 10 дугаар саруудад дуусгавар болсныг “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд “хүндэтгэн үзэх” шалтгааны улмаас сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаж чадаагүй байна” хэмээн үзэж 102 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлүүдийг сунгахыг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна. 

Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 736 дугаар шийдвэрээр “Н*******” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын *******Х болон *******Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс тооцож, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, энэ тухайгаа “Н*******” ХХК-нд 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 6-6439, 6-6440 тоот албан бичгээр мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийжээ.

2. Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө төлдөг журамтай. Гэтэл бид 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн төвд очиход манай эзэмшдэг ******* X болон ******* X тоот тусгай тусгай зөвшөөрлийг цуцалсан байсан. Ингэхдээ тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг манайд хүргүүлээгүй, өнөөдрийг хүртэл Ашигт малтмалын газраас ******* X болон ******* X тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан тухай шийдвэрийг бид хараагүй байгаа болно гэж маргажээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, лавлагаа зэрэг баримтаас үзэхэд, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ******* X болон ******* X тоот тусгай зөвшөөрлийг ямар нэгэн байдлаар цуцалсан шийдвэр гаргаагүй, харин Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан нөхцөл болох тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсоныг дотоод хяналтын хуудсаар бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасанчлан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах эсэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн хүсэл зоригоос хамаарсан, бүрэн эрхийн асуудал бөгөөд уг хугацаа дуусгавар болж байгаа талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргийг хуулиар Ашигт малтмал, газрын тосны газарт оногдуулаагүй байхад “мэдэгдэл хүргүүлээгүй” гэх үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрхтэй бөгөөд үүний тулд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн тухай, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн тухай зэрэг баримтуудын хамтаар төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой байжээ. 

Шүүхээс, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэл зориг бодитой байсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаж чадаагүй эсэх нөхцөл байдлыг тодруулах үүднээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан, “******* X болон ******* X тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах зорилгоор бүрдүүлж байсан баримтуудыг шүүхэд гаргаж өгөх боломжийг хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг ханган 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд гаргаж өгсөн “Б аймгийн С сумын нутагт орших Н нэртэй XV-******* хайгуулын талбайд гүйцэтгэх хээрийн ажлын үеийн байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө” болон “Д******* аймгийн Х******* сумын нутагт орших Бүргэд толгой XV-*******Х тоот хайгуулын талбайд гүйцэтгэх хээрийн ажлын үеийн байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө” гэсэн нийт 28 хуудас материал нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “сум, дүүргийн засаг даргаар батлагдсан” байх шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2015 оны 8 дугаар сард тусгай зөвшөөрлөө сунгуулахаар холбогдох баримтыг цуглуулж байсан болохоо нотолсон “үйлчилгээний хөлс төлсөн”, “хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тайлан” болон уг тайланг хуульд заасан журмын дагуу Ашигт малтмалын газрын холбогдох хэлтсээр баталгаажуулж байсан эсэх талаарх ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй болно.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “Н*******” ХХК нь 2015 оны 8 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахаар холбогдох баримтыг бүрдүүлж байсан, тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байсан бол өргөдлөө холбогдох баримтын хамтаар Ашигт малтмалын газарт гаргаж өгөх байсан” гэх тайлбар нотлогдохгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.

3. Нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “ашигт малтмалын хайгуулын ******* X болон ******* X тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг сэргээлгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлагын тухайд, 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ... үүрэгтэй.“ гэж заасан бөгөөд шүүхийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлээр нэгэнт дуусгавар болсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шүүхийн журмаар сэргээхээс аргагүй “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан эсэхийг тогтоох зорилгоор холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8. “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.” гэж заасан.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “...Ашигт малтмалын ******* X тоот, ******* X тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүйд тооцуулах, “Н*******” ХХК-ийн ******* X тоот, ******* X тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг сэргээлгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.МӨНХТУЛГА