Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01433

 

Н.Бадамхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04746 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1707 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Бадамхандын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-д холбогдох,

12 647 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тайгам-Алтай” ХХК нь иргэн Н.Бадамхандад Алтай хотхоны 139 айлын 12 дугаар байрны 6 давхрын 45 тоот 1 өрөө 47,2 метр квадрат бүхий байрыг худалдахаар 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээг зөрчиж, иргэн Б.Энхцацралтай 2012 оны 01 дүгээр сард хууль бусаар гэрээ байгуулснаар дээрх байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн эрх Б.Энхцацралд шилжиж улсын бүртгэлд бүртгүүлэн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлээс Ү-2205042692 дугаарын гэрчилгээг авсан байсан.Тус компани анх надтай байгуулсан гэрээний заалтаа өөрсдөө бүхэлдээ зөрчсөн. Иймд Н.Бадамханд би дээрх байрыг худалдан авахаар бэлнээр төлсөн 26 910 000 төгрөгөөс аваагүй байгаа үлдэгдэл 12 647 000 төгрөгийг “Тайгам-Алтай” ХХК-иас гаргуулж авах шаардлагатай байна. Н.Бадамханд би Алтай хотхоны 6 давхрын 45 тоот 1 өрөө 47,2 м.кв бүхий байрыг 44 910 000 төгрөгөөр хүүдээ худалдан авч өгөхөөр “Тайгам-Алтай” ХХК-тай гэрээ байгуулж, 2010 оны 10 сард байраа хүлээн авч орсон юм. Манай хүү амьдарч байх хугацаандаа тус байрны болконд бүтэн вакуум хаалт, шил хийж, шалыг нь паркетлэж мөн байраа тохижуулж тасалгаа хийхэд нилээдгүй мөнгө зарцуулсан. Амьдрах хугацаандаа тус байрны далд шугам долоон удаа хагарч, ус алдаж тус компанийн слесарь ирж ханыг нь цоолж засаж байлаа. Энэ асуудлаар бид санал гомдол бичиж байгаагүй.Би тус компанид нийт 26 910 000 төгрөгийг бэлнээр тушааж үлдэгдэл төлбөрийг ярилцан, тохиролцож тодорхой хугацаанд цувуулж төлөхөөр тохиролцсон байсан. 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Тайгам-Алтай” ХХК-ийн нягтлан бодогч Урнаа нь над руу утасдаж гэрээгээ аваад хүрээд ир гэсэн. Тэгээд очтол Урнаа анхны гэрээг шууд аваад 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсанаар үг үсэг найруулгыг хувирган өөрчилж улмаар мөнгөн дүнг шууд 10 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, тэр өөрчилсөн гэрээгээ надад өгсөн. Иймээс анх байгуулсан гэрээг хураан авсан тул канондсан хувийг, мөн нягтлан бодогч н.Урнаагаас нэхэж байж авсан уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний канондсан хувийг баталгаажуулан хавсаргаж байна. Мөн анхны байгуулсан гэрээг өөрчилсөн хоёр дахь хувилбарыг баталгаажуулан хавсаргаж байна. “Тайгам-Алтай” ХХК нь надтай нэг өөр ярьж, давхар хүнтэй бас гэрээ хийж, уг байрны гэрчилгээг Б.Энхцацрал гэдэг хүний гэр дээр гаргуулж худалдсан байсан. Ингээд Б.Энхцацрал нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийгөө улсын бүртгэлтэй үл хөдлөх өмчлөлийн V2205042692 дугаарын бүртгэлтэй, дээрх байрыг худалдан авсан тул иргэн Н.Бадамхандын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгөхийг хүсч нэхэмжилсэн. Түүний нэхэмжлэлийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 21-ний 13 цагт шүүх хурлыг зарлан хуралдуулсан. Шүүх хуралдаанаас хавтаст хэрэгт авагдсан нотлох бичиг баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад Б.Энхцацралын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.Гэтэл “Тайгам-Алтай” ХХК-ийн зүгээс болон хуулийн зөвлөх Б.Эрдэнэмөнх нь аргаа өөрчилж, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дээрх нэхэмжлэлийн санаагаа өөрчлөн намайг төлбөрөө барагдуулаагүй гэж алданги 9 250 000 төгрөгийг нэмж, бүгд 27 750 000 төгрөгийг барагдуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргаж, дахин шүүхэд хандсанаар, улмаар Шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжиж уг байрыг бид суллаж, “Тайгам-Алтай” ХХК-д хүлээлгэж өгсөн. Харин бид авч чадахгүй байгаа 12 647 000 төгрөгийг “Тайгам-Алтай” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ компани нь надтай байгуулсан гэрээгээ өөрсдөө эхэлж зөрчсөн учир миний мөнгөнөөс ямар нэгэн алданги суутгах, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай тус компани гэрээ байгуулан өгөхөөр тохиролцсон, урамшууллын мөнгийг миний мөнгөнөөс суутган тооцох ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2010 онд Н.Бадамхандтай орон сууц захиалгаар бариулах гэрээ хийсэн. Үүнээс хойш үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гээд шалтгаанаа хэлэхэд нь 3-4 удаа төлбөр төлөх хугацааг нь хойшлуулж байсан. Ямар нэг төсөл батлуулах гэж байгаа гэхээр нь ойлгож хугацаа өгч байсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээнд зааснаар байр худалдан авсан этгээд байрныхаа үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол өөр этгээдэд зарж борлуулахаар заасан байгаа. Хэрэв мөнгөө Н.Бадамханд буцааж авахаар болвол 5-6 жил энэ байранд үнэ төлбөргүй амьдарчихаад мөнгөө авсан шударга бус нөхцөл байдал үүссэн. Тийм учраас бид 9 250 000 төгрөгийн алданги тооцож, Н.Бадамхандтай гэрээ байгуулсан. Энэ 9 250 000 төгрөг нь хэдэн жил амьдарсны хөлс болно гэж тохироод 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Н.Бадамхандын хүсэлтийн дагуу мөнгө төлөх хугацааг нь олгож, энэ хугацаандаа төлж чадахгүй бол байрыг нь хурааж авна гэж тусгасан. Ингээд хүлээсэн боловч Н.Бадамханд цаг хугацаандаа төлөөгүй. Гэтэл эвлэрлийн гэрээнд мөнгөө хугацаандаа төлөхгүй бол байрыг нь хураана гэж заасан болохоос биш үлдэгдэл мөнгө зөрүүлж өгнө гэсэн заалт байхгүй. Талуудын тохиролцоонд тийм зүйл байхгүй.Гэвч манай компанийн зүгээс түүнийг харж үзээд тооцоо нийлсэн акт дээр 3 000 000 төгрөг олгосон. Хүүхдүүдэд нь уг актыг үзүүлэх гэж дүр үзүүлсэн гэж бичээгүй байгаа. Мөн 2010 онд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 12 647 000 төгрөгийг 2016 онд нэхэмжилж байгаа нь гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар дууссан байна. Эвлэрлийн гэрээнд үлдэгдэл мөнгө буцааж өгнө гэсэн тохиролцоо байхгүй байна. Шүүх эвлэрлийн гэрээг баталсан байна. 14 263 000 төгрөг Н.Бадамхандад буцаан олгосон тооцоо нийлсэн акт байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04746 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас 8 610 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бадамхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 036 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бадамхандаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 698 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас 152 718 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1707 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас 12 647 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бадамхандад олгосугай”, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “152 718 төгрөг гэснийг “217 302 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 718 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Бадамхандын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 534 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Н.Бадамхандаас байраа албадан чөлөөлүүлж аваад манайд төлсөн байсан 26 910 000 төгрөгийн төлбөрөөс 14 263 000 төгрөгийг буцаан олгож зөрүү 12 647 000 төгрөгийг Н.Бадамханд авахгүй байхаар талууд харилцан тохиролцож тооцоо дууссан баримт хавтаст хэргийн 43-р хуудсанд байхад анхан шатны шүүх тус баримтыг огт үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй....Манай компанийн зүгээс Н.Бадамхандад буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж маргаагүй. Харин нэхэмжлэгч “Н.Бадамханд нь нэхэмжилж байгаа 12 647 000 төгрөгийг өөрөө буцааж авахгүй гэж тооцоо нийлсэн баримт үйлдэн гарын үүсгээ зурсан атлаа үүнийгээ зөрчиж шүүхэд нэхэмжлээд байна” гэж маргаж байгаа юм. Гэтэл шүүхээс маргаагүй зүйлд дүгнэлт өгч хариуцагч “Тайгам Алтай” ХХК-ийг хохироход хүргэж байна. Талуудын хооронд гэрээнээс татгалзсан асуудал болоогүй байхад шүүхээс 12 647 000 төгрөгийг гэрээнээс татгалзсантай холбоотой харилцан буцааж өгөх үүрэг гэж ойлгосон нь буруу юм. Талууд эвлэрлийн гэрээ байгуулахдаа гэрээнээс татгалзах талаар эвлэрээгүй харин гэрээг үргэлжлүүлэн төлбөр төлж дуусгах график гарган тохирсон байдаг. Улмаар хугацаандаа төлөхгүй тохиолдолд орон сууц албадан чөлөөлүүлэхээр тохирч, хугацаанд төлөөгүй учраас байраа чөлөөлүүлж авсан үйл явдал болсон юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар албадан чөлөөлүүлж авсан асуудлыг гэрээнээс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн хэргийн 43-р талд байгаа тооцоо нийлсэн баримтыг “суутгах үнийн дүнтэй холбоотой баримт байна” гэж шүүх дүгнэсэн. Гэтэл суутгах үнийн дүнгээс гадна анх төлсөн 26 910 000 төгрөгөөс 60 хувийг нь “Тайгам Алтай” ХХК буцаан төлнө, тэрхүү буцаан төлөх дүнгээс суутгах үнийн дүнг тооцоод зөрүүг нь 2016 оны 3 дугаар сарын 11-нд, 3 дугаар сарын 29-нд тус тус төлж тооцоо дууссан тухай бичилт байгааг шүүх үзээгүй байна. Мөн ийнхүү тооцоо дуусгасныг Н.Бадамханд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа талаар шүүх үнэлээгүй байна. “Тайгам Алтай” ХХК болон Н.Бадамханд нарын хооронд үүссэн маргаан бол хамгийн анх Н.Бадамханд нь орон сууц захиалан авсан үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байснаас үүссэн маргаан юм. Харин энэхүү хэргийн тухайд бол Н.Бадамханд нь “манай компанид төлсөн мөнгийг манай компани өгөөгүй” гэж нэхэмжилснээс үүссэн маргаан байна. Орон сууцыг Б.Энхцацралын өмчлөлд шилжсэнтэй холбоотой асуудлыг нэхэмжлэгч дурддаг болохоос ямар нэгэн маргаан үүсээгүй. Дээрх ерөнхий хоёр нөхцөл байдлаас үзвэл анхан болон давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг буруу үнэлэхийн зэрэгцээ маргааныг зөв тодорхойлж чадаагүйгээс ач холбогдолгүй дүгнэлтүүдийг хийж улмаар шийдвэр магадлал бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй болоход хүрсэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаврын талаар гарсан эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын явуулжээ.

Зохигчдын хооронд “орон сууц захиалгын” нэртэй худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн төлбөр, хариуцагч гэрээнээс татгалзаж, орон сууцыг өөр хүнд худалдсан, нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг хариуцагчаас буцаан төлсөн зэрэг маргааны үйл баримтын талаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Үүнээс гадна тухайн хэрэгт хамааралтай эрх зүйн асуудлаар шүүх зөв дүгнэлт хийжээ. Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журам зэрэг Иргэний хуульд заасан зохицуулалтыг шүүх маргааны үйл баримтад зөв хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Н.Бадамхандын төлсөн 26 910 000 төгрөгөөс хариуцагч “Тайгам Алтай” ХХК 14 263 000 төгрөгийг буцаан төлсөн боловч үлдэх 12 647 000 төгрөгийг төлөөгүй тул уг 12 647 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1707 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН