Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 117

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх  хуралдаанд:

Улсын яллагч:                                 Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч:              Г.Амартүвшин

Хохирогч:                                          Ү.Янжиндулам

Шинжээч:                                          Б.Хос-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга                  Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ой хээрийн түймэр тавих” гэмт хэрэг тус үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн Туваан овгийн Батцэнгэлийн Бат-Эрдэнэд холбогдох 201718000139 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.                                        

                                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Цөх гэх газар оршин суух,  урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Туваан овогт Батцэнгэлийн Бат-Эрдэнэ, МЮ:94030911

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь  2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Бөхлөө гэх газарт Сайга МК маркийн буугаар, галтай сумаар буудан ой хээрийн түймэр гарган байгаль экологид 204.276.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

                                                                                                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

  1. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  “....Би 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн оройн 17 цагийн үед гөрөөс буудах гэж буудлага хийсэн. Буудах үед бууны хошуунаас оч манарсан. Намайг буудсанаас болоод ой хээрийн түймэр гараагүй гэж бодож байна.....” гэх мэдүүлэг

2. Хохирогч Ү.Янжиндуламын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт байсан. Тэгээд өглөөний 07-08 цагийн хооронд гал гарсан тухай сонссон. Мөн над руу онцгой байдлын газраас ярьсан. Ингээд уг галыг унтраахын тулд 150 хүнийг  хөлсөлж ажиллуулсан. 1 хүнийг өдрийн 30.000 төгрөгөөр цалинжуулсан. 150 хүнийг 3 өдөр ажиллуулахын тулд

 13.500.000 төгрөг зарцуулсан. Тээвэр шатахууны зардалд 3.838.150 төгрөг, хоол хүнсэнд 1.987.560 төгрөг, байгаль орчны хохирол 204.276.250 төгрөг болсон. Тэгэхээр дээрх гарсан хохирол төлбөрийг барагдуулж өгөхийг хүсч байна. Гэмт хэргийн талаар сайн мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

  1. Хохирогч Г.Мартын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бөхлөө хангай гэх газах ой хээрийн түймэр гарч хохирол учирсан байгаа. Гарсан хохирлыг бодитой тогтоолгож, хохирлыг нэхэмжлэх болно. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...”гэх мэдүүдэг

4. Гэрч П.Оюун-Эрдэнийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би энэ талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгнөө 2017 оны 04 дүгээр сарын 08-ний орой “Миний төрсөн ах Нэргүйгийн унагалах гэж байсан бор гүү адуунаас алга болчихлоо, чи яваад хайгаад өг” гэж ах надад хэлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гарч яваад шууд “Бөхлөө” гэдэг газар орой 18 цагийн үед очоод өөрийн таньдаг Баагийгийн / Бат-Эрдэнэ / гэрт очоод цуг гэрт нь мал ахуйд нь туслаад ойр зуурын юм ярьж хоноод 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө мал ахуйг нь цуг Баагийтай / Бат-Эрдэнэ/ янзалчихаад, чи надаа ахын бор гүүг хайлцаад өгөөч гэж гуйсан чинь тэгье гэж зөвшөөрөөд бид хоёр Бөхлөөд байдаг гэрээс нь орой 17 цагийн үед гараад Баагий Саарал зүсмийн морь унаад Саега -МК маркийн буу үүрээд бид хоёр хоёр мортой тэдний гэрээс зүүн зүг рүү цагаан даваа гэх газрын зүг рүү явж байхад уулын бэлд нэг гөрөөс тааралдсан чинь Баагий / Бат-Эрдэнэ/ буудна гээд мориноосоо буугаад өөрийн авч явсан буугаар гөрөөс рүү чиглээд буудах бууны сумнаас нь гал гарсан “...аа, аа галтай сум байна” гэж хэлээд гөрөөсөө оноогүй, буудсан сум нь гал гараад дээшээ ойгоод явах шиг болсон бид хоёр мориндоо мордоод гэр лүүгээ явсан. Ингээд Баагий гэртээ үлдсэн харин би морьтойгоо шууд Хонд амралтын газрын зүг морьтойгоо гэр лүүгээ харьсан. Тэгээд 2017 оны 04 дүгээр саран 12-ний өглөө боссон чинь Бөхлөөд утаа гарч байсан гэхдээ хаана гараад байгааг нь харахад бид хоёрын явж байсан цагаан давааны доор гарч харагдсан би тухайн үед баагийгийн буудсан сумнаас гал гарчихлаа гэж дотроо бодсон. Ингээд хэсэг хугацааны дараа маргааш нь цагдаагийн хүмүүс ирээд асуухаар нь Баагийг галтай сумаар буудсан талаар үнэн зөвөөр хэлсэн байгаа......” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

5. Гэрч З.Амарсайханы 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө Хилийн цэргийн  5 дугаар заставын  жижүүр миний утас руу залгаад “Бөхлөө уулын ард ой хээрийн түймэр гарч байна” гэж мэдэгдсэн. Би байгаль орчины улсын байцаагч Мөнхзулд энэ талаар хэлээд бид 2 Алтанбулаг сумын Бөхлөө гэдэг газар руу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө явж очих үед уулын зүүн талд буюу Цагаан давааны баруун талд түймэр гарч байсан. Тухайн үед ой хээрийн түймрийн тархац бага байсан. Тэгээд салхи гарч түймэр улам ихсэж ассан байгаа. Бид нар нэн даруй арга хэмжээ авч 3-4 хоног 30 гаран хүний хүчээр түймрийг унтрааж ажилласан....”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

6. Гэрч Д.Гантогтох 2017 оны  05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 11-ний орой гэртээ байж байгаад амарсан. Ингээд унтаж байхад шөнө 01 цагийн үед Байгаль орчины улсын байцаагч Мөнхзул манай гэрийн утас руу залгаад “Бөхлөөд түймрийн утаа гараад байна, та гараад хар даа” гэхээр нь гарж харсан чинь харанхуй байсан учир юу ч харагдаагүй. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 06 цөгийн үед босоод харсан чинь манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн талд барагцаагаар 8 км зайтай их ойрхон түймрийн утаа гарч байсан. Энэ талаар Мөнхзулд утсаар холбогдож хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгээд удаагүй сумын төвөөс Онцгой байдлын баахан хүмүүс ирээд түймэр унтраах гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3331 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Б.Бат-Эрдэнээс хураан авч шинжилгээнд хүргүүлж буй гэх “Сайга-МК” загварын сангийн анги 14135088 дугаартай, замаг 088 дугаартай буу, малгайн хэсэгтээ “88 539” гэсэн тэмдэглэгээтэй 5 ширхэг сум, малгайн хэсэгтээ “Б/73 7,62 х 39 ” гэсэн тэмдэглэгээтэй 2 ширхэг сум, 7,62 х 39 мм калибрийн, малгайн хэсэгтээ “711 81 "гэсэн тэмдэглэгээтэй хошууны үзүүр хэсгийг ногоон өнгийн будгаар будаж ялгах тэмдэглэгээ хийсэн 1 ширхэг сум, малгайн хэсэгтээ “711 77” гэсэн тэмдэглэгээтэй, хошууны үзүүр хэсгийг ногоон өнгийн будгаар будаж ялгах тэмдэглэгээ хийсэн 1 ширхэг сум, нийт 9 сум ширхэг сум нь шинжилгээнд тэнцэнэ.

2.  Шинжилгээнд 2014 ОХУ-ын ИЖМАШ үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, хагас автомат ажиллагаатай, “САЙГА-МК” загварын карабин буу ирүүлсэн байна. Уг буунд эвдрэл гэмтэл байхгүй бөгөөд буудлага үйлдэж болно.

3.Шинжилгээнд

-7,62 х 39 мм калибрийн, малгайн хэсэгтээ “539 88” гэсэн тэмдэглэгээтэй, 1988 онд тэр үеийн ЗХУ-д Фрунзийн сумны үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, ган зүрхэвчтэй сум- 5 ширхэг,

- 7,62 х 39 мм калибрийн, малгайн хэсэгтээ “БПЗ 7,62 х 39” гэсэн тэмдэглэгээтэй, Бранаулын сумны үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, сум - 2 ширхэг,

-7,62 х 39 мм калибрийн, малгайн хэсэгтээ “711 81 ” гэсэн тэмдэглэгээтэй, 1981 онд Климовскийн сумны үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, хошууны үзүүр хэсгийг нь ногоон өнгийн будгаар будаж ялгах тэмдэглэгээ хийсэн,Т-45 загварын гэрэлт сум -1 ширхэг,

-7,62 х 39 мм калибрийн, малгайн хэсэгтээ “711 77 "гэсэн тэмдэглэгээтэй, 1977 онд Климовскийн сумны үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, хошууны үзүүр хэсгийг нь ногоон өнгийн будгаар будаж ялгах тэмдэглэгээ хийсэн,Т-45 загварын гэрэлт сум -1 ширхэг ирүүлсэн байлаа. Эдгээр сумнуудаар буудлага үйлдэж болно.

4. Шинжилгээнд:

-7,62 х 39 мм калибрийн, малгайн хэсэгтээ “711 81” гэсэн тэмдэглэгээтэй, 1981 онд Климовскийн сумны үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, хошууны үзүүр хэсгийг нь ногоон өнгийн будгаар будаж ялгах тэмдэглэгээ хийсэн,Т-45 загварын гэрэлт сум -1 ширхэг,

-7,62 х 39 мм калибрийн, малгайн хэсэгтээ “711 77” гэсэн тэмдэглэгээтэй, 1977 онд Климовскийн сумны үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, хошууны үзүүр хэсгийг нь ногоон өнгийн будгаар будаж ялгах тэмдэглэгээ хийсэн,Т-45 загварын гэрэлт сум -1 ширхэг ирүүлсэн байлаа.

5. Шинжилгээнд ирүүлсэн Т-45 загварын гэрэлт сум нь эсрэх талын амьд хүчийг устгах, бай заах, буудлагын гал чиглүүлэх зориулалттай бөгөөд түүнд байрлуулсан пиротехникийн бүрэлдэхүүн нь буудлагын үед дарин цэнэгийн шаталтаас асаж хурц улаан өнгийн гэрэл гаргах ба хэрэв энэ хошуу хялбар шатах материалд туссан тохиолдолд гал гаргах аюултай.

6. Уг буу нь ШШҮХ-ийн галт зэвсгийн нэгдсэн санд буртгэгдээгүй байна.

7. ШШҮХ-нд хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэрэгт шалгагдаж байгаа хонгио, хошуутай тохирохгүй байна”...гэх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/

  8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3332 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Хэргийн    газраас хураан авсан гэх 60.82 дугаартай сумны хонгио болон 2014 онд ОХУ-ын ИЖМАШ зэвсгийн үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сангийн анги 14135088 дугаартай, замаг 088 дугаартай “Сайга-МК” маркийн буу, 1985 онд тэр үеийн ЗХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сангийн анги У-275, замаг 275 тус бүр дугаартай “Барс” загварын буу нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Хэргийн газраас хураан авсан гэх малгайн хэсэгтээ “60 82” гэсэн тэмдэглэгээтэй, 7,62 х 54 мм К калибрийн буудлаганд хэрэглэгдсэн сумны хонгио нь мөн шинжилгээнд ирүүлсэн “Сайга-МК”, “Барс” загварын буунд зориулагдаагүй бөгөөд гол төмрийн сумны байрны хэмжээтэй тохирохгүй байна.

3. Хэргийн газраас хураан авсан гэх малгайн хэсэгтээ “60 82” гэсэн тэмдэглэгээтэй хонгио нь 1982 онд тэр үеийн ЗХУ-ын Фрунзе хотын сумны үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн сумны буудлаганд хэрэглэгдсэн хонгио байна.

4. Хэргийн газраас хураан авсан гэх малгайн хэсэгтээ “60 82” гэсэн тэмдэглэгээтэй хонгио бүхий сум нь буудлаганд хэрэглэгдсэн тул түүний хошуу /ган зүрхэвчтэй, хуяг нэвтлэгч, шатаагч, гэрэлт г.м / ямар зориулалттай байсныг тогтоох боломжгүй байна.

5. Дээрх         сумны хонгио нь хэзээ буудлаганд хэрэглэгдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна.

6. Уг    хонгиог шинжилгээнд ирүүлсэн байдлаар нь буудлаганд хэрэглэх боломжгүй

зэрэг болно...гэх дүгнэлт /хх-ийн 73 дугаар хуудас/

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3332 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

 1.Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги У-275 дугаартай, замаг 275 дугаартай, “Барс-1” загварын галт зэвсгээр буудлага үйлдэж болно.

2.Дээрхи буу нь 1985 онд тэр үеийн ЗХУ-ын Ижевскийн машин үйлдвэрлэх заводад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн байна.

3.Уг буу нь галт зэвсгийн “Арсенал” системийн мэдээллийн санд одоогоор бүртгэгдээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги У-275 дугаартай, замаг 275 дугаартай, “Барс-1” загварын галт зэвсгээр буудлага үйлдэж авсан хонгио хошуу нь ШШҮХ-нд хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэрэгт шалгагдаж байгаа хонгио, хошуутай тохирохгүй байна....” гэх дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/

    Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гэм буруугийн талаар Шүүхээс өгсөн дүгнэлт:

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Туваан овогтой Батцэнгэлийн Бат-Эрдэнийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Бөхлөө” гэдэг газарт “Сайга МК” маркийн буугаар, галтай сумаар буудан ой хээрийн түймэр тавьж, байгаль экологид 204.276.250 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гал болон түргэн шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцасны улмаас ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр харъяалах шүүхэд шилжүүлснийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан журмын дагуу хянан хэлэлцэв.

    Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт учир дутагдалтай байна гэж шүүх дүгнэв. Учир нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж үзэхэд:

Хавтаст хэргийн 65-69, 73-74, 78-79 дүгээр хуудаснуудад авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3331, 3332, 3333 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, мөн 2 дугаар хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан 2205 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр ойн түймэр тавьсан байж болзошгүй “Сайга-МК” болон “Барс” маркийн 2 янзын буу, хонгио, сумнуудад шинжилгээ явуулж дүгнэлт гаргасан бөгөөд эдгээр буугаар буудлага үйлдэснээс ой-хээрийн түймэр гарсан эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэжээ. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ өөрийгөө “Сайга-МК” маркийн буугаар галт сумаар буудсанаас уг түймэр гарсан байж болзошгүй гэсэн таамаглалаар түүнийг ой-хээрийн түймэр тавьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх хангалттай нотлох баримт хэрэгт алга байна. Анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 347 дугаартай шүүгчийн захирамжаар уг хэргийг “Гал гарсан нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай байна” гэсэн үндэслэлээр Прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэх зорилгоор буцаажээ. Давж заалдах шатны шүүх ч мөн ингэж үзсэн байна. Шүүхийн урьдчилсан хэлэцүүлгээр хэрэг буцсан хэдий ч урьдах нөхцөл байдлыг арилгаагүй эргэлзээтэй хэвээр байна. Шүүгдэгч Б.Бат-Эрдэний хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд өгсөн анхны мэдүүлэгтээ “...уулын бэл хэсэгт нэг гөрөөс харагдсан, би мориноосоо буугаад Оюун-Эрдэнэ ахад морио бариулаад гөрөөс рүү чиглүүлээд нэг удаа буудсан чинь оноогүй, харин миний буудсан сум галт сум байсан учраас гал дээшээ үсрээд гэрэлтээд унтарсан, би Оюун-Эрдэнэ ахад галтай сум байсан байна гэж хэлчихээд бид хоёр мориндоо мордоод буцаад харихаар гэр лүүгээ явсан...” гэж мэдүүлсэн байна. Гэрч П.Оюун-Эрдэнийн хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд өгсөн: “...4 дүгээр сарын 11-ний орой 17 цагийн үед Бат-Эрдэнэ бид хоёр миний бор зүсмийн гүүг хайхаар морьтой тэдний гэрээс нь гарч явсан. Бат-Эрдэнэ уулын бэлд байсан гөрөөс хараад унаж явсан морио надад бариулчихаад үүрч явсан “Сайга-МК” буугаараа гөрөөс рүү буудсан чинь бууных нь сумнаас гал гараад дээшээ үсэрсэн, гөрөөс оногдоогүй зугтаагаад явсан, Бат-Эрдэнэ надад “галтай сум байсан байна” гэж хэлсэн” гэжээ. Эдгээр мэдүүлгээс харахад бууны сум галтай сум байсан, тэр нь буудахад доошоо биш дээшээ хөөрөөд замхарсан юм шиг байдалтай, дээшээ хөөрөөд замхарсан галтай сумнаас түймэр үүссэн гэхэд эргэлзээтэй байхаас гадна түймэр идэхвжиж ассан цаг хугацааны хувьд илт зөрүүтэй,  буудлага хийсэн галт сумны хонгио хэргийн газраас олдохгүй байгаа, түймэр хаанаас эхэлж гарсныг тогтоогоогүй зэрэг нь хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрхэгдүүлсэн, бодит байдалтай нийцэхгүй байдлууд үүсгэж байна. Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3-т заасан хуулийн шаардлагууд хангагдахгүй байна гэж шүүх дүгнэв.   

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаана” гэж заажээ. Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр яллагдагч Батцэнгэлийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн талаар үйлдсэн 101 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.

2 дугаар хавтаст хэргийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр 10.289 га талбай түймэрт өртсөн, үүнээс ойн сангийн ойгоор бүрхэгдсэн нийт талбайн 15 хувь нь шатаж, ургах чадваргүй болсныг тооцож гаргаад экологи эдийн засгийн үнэлгээг 204.276.250 төгрөгөөр тогтоож, түймэр унтраахад гарсан шатахууны зардал 3.838.150 төгрөг, ажиллагсадын хоол, хүнсэнд хэрэглэсэн зардалд 1.487.560 төгрөг зэрэг бодит хохиролд нийт 5.825.710 төгрөг, экологи эдийн засгийн үнэлгээгээр хохиролд тооцсон 204.276.250 төгрөгөө нэмээд нийт хохиролын хэмжээг 210.101.960 төгрөгөөр тогтоосон байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй тул гэм буруутай этгээдийн үйлдэл холбогдол нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул дээрхи хохирол, төлбөрийг түүнд хариуцуулах боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ЦЕГ-054010 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг, “Сайга-МК” маркийн хар өнгийн заамаг нь 088 дугаартай ангийн буу 1 ширхэг, 539х88 дугаартай сум 5 ширхэг, ногоон өнгийн хошуутай,  7711х81 дугаартай сум 1 ширхэг зэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлд буцаан олгох нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр яллагдагч Батцэнгэлийн Бат-Эрдэнэд холбогдох 201718000139 дугаартай эрүүгийн хэргийн талаар үйлдсэн 101 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж харъяалах шүүхэд шилжүүлсэн Батцэнгэлийн Бат-Эрдэнэд холбогдох 201718000139 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  ЦЕГ-054010 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг, “Сайга-МК” маркийн хар өнгийн замаг нь 088 дугаартай ангийн буу 1 ширхэг, 539х88 дугаартай сум 5 ширхэг, ногоон өнгийн хошуутай,  7711х81 дугаартай сум 1 ширхэг зэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлд буцаан олгох, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

5.Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

    

             

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Б.НАЦАГДОРЖ