| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2302 00069 0171 |
| Дугаар | 2024/ДШМ/1133 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 20.7.2., 20.7.3.3., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1133
Ш.***д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Ш.*** /цахимаар/, түүний өмгөөлөгч Х.Гантулга,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч М.Түмэннаст, шүүгч М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/8*** дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.***, түүний өмгөөлөгч Х.Гантулгын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ш.***д холбогдох эрүүгийн 2302 00069 0171 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овгийн ***гийн ***, *** оны *** дугаар сарын 01-ний өдөр *** аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, бараа судлал мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт ***дүүргийн *** дугаар хороо, ***ийн ***тоотод оршин суух, /РД:***/, ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Ш.*** нь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Турк улсаас илгээмжээр нэвтэрсэн 7200, 7201 гэсэн дугаартай ачаанд багтсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын агууламжтай "шавар" мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 23.672 грамм, “метамфетамин"-ын агууламжтай "мөс" мэт зүйлүүдийн цэвэр жин нь 121.6204 грамм бүхий бодисуудыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" ХХК-ийн шуудан илгээмжийн газраас хүлээн авч, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн,
- мөн худалдаалах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" ХХК-иас илгээмж авах нэрийдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан бодисуудыг хууль бусаар олж авч,
улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 02-ны өдрийн хооронд өөрийн оршин суух хаяг болох ***дүүргийн *** дугааp хороо, ***ийн ***тоотод цэвэр жин 1,9331, 0,9493, 0,9373 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын агууламжтай "шавар" мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 0,6330 грамм бүхий "метамфетамин"-ын агууламжтай "мөс" мэт зүйлүүдийг хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ***дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын гүүрэн гарцын хажууд байх дулааны шугамын дээд талын зүүн талын буланд 0,4589 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын агууламжтай "шавар" мэт зүйл хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ***дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн урд талын автобусны буудлын хажууд байх "Анар авто сервис" гэх самбарын арын хэсгээс 19,3934 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетагидроканнабинол"-ын агууламжтай "шавар" мэт зүйл хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Миний зах" сүлжээ дэлгүүрийн урд байх "Амтлаг хуушуур” гэсэн хаяг бүхий ТҮЦ-ны баруун хойд булангаас 7,3***8, 41,7713 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "метамфетамин"-ын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний ***т хүрээлэнгийн хойд талын манаачийн байрны урд булангийн хэсгийн тоосгон доороос 0,7748 грамм, баруун урд хэсгээс 28,9853, 36,1452 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "метамфетамин"-ын агууламжтай "мөс" мэт зүйлүүдийг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Ш.***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: *** овогт ***гийн ***г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар Ш.***д 3 жил хорих ял, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 5 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Ш.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*** дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ш.***гийн урьд цагдан хоригдсон нийт 30 /гуч/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа "№1 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 3 ширхэг шавар мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №2 гэж дугаарласан Хужирт гэх бичиглэлтэй хуванцар савтай, бор өнгийн ургамал мэт зүйл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 251.5 грамм каннабис, №1 гэж дугаарласан зиплок ууттай R гэсэн бичиглэлтэй дугуй хуванцар савтай, бор өнгийн наалдамхай дээжийн савны хамт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 3.2121 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай 30 ширхэг "Тебантин" гэх бичиглэлтэй, капсултай эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, 4 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, ногоон өнгийн Philips гэсэн бичигтэй, цаасан хайрцагтай талх шарагчийг шүүгдэгчид буцаан олгохоор зааж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ш.*** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.***г цагдан хорьж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.*** давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*** овогтой *** миний бие 2024 оны 8 дугаар сарын 01-ний 8*** дүгээр шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2023 оны 4 дүгээр сарын 30-ны оройн 21 цагт хүүгийнхээ явуулсан дугаарын дагуу залгаж яриад Хан-Уул дүүргийн “Дээж” гэр каргоноос 7200, 7201 гэх дугаартай 2 тээшийг тосож аваад гэртээ ирэхэд оройн 23 цаг болсон байсан учир унтаж амраад өглөө сэрэхэд хүүхэд зурвас бичсэн байсан. Уг зурвастаа ус халаагчин дотор 6 ширхэг боодолтой юм байгаа, битгий задлаарай гээд хаягууд бичсэн байсан. Би хүүдээ хүмүүсийн юмыг хээр тавьж байхаар ээж нь хүргээд өгчих үү? гэсэн, хэрэггүй хүмүүс нь өөрсдөө авна гэж хэлсэн. Би өдөр 11 цагийн үед гэрээсээ гарч заасан хаягууд дээр 5 боодол зүйлийг тавиад эргэж гэртээ иртэл нэг боодол нь өмдний халаасанд үлдсэн байсан. Намайг гэрийн гадаа ирэхэд байцаагч нар ирж, та хар тамхины ачааг тосож авсан байна гэж хэлсэн. Тэр үед би маш их айж сандарсан, шууд буруу юм хийснээ ойлгож, уг зүйлсийг байцаагч нар мэдээгүй байхад би өөрөө дагуулж яваад тавьсан газраасаа авч өгсөн. Энэ үед миний унаж явсан машинд нэгжлэг хийх үед саван дотор сүү өргөж байсан амны том халбага байсан. Үүнийг байцаагч хурааж аваад шинжилгээнд өгсөн, гэтэл бодис илэрсэн гэж гарсан. Би маш их гайхаж байна. Хар тамхийг халбагаар хутгаж зарсан гэсэн үг үү. Мөн шинээр авсан жин байсан. Тэрнээс илэрсэн гэж хэлсэн. Энэ хоёр зүйлээс үндэслэж надад ЭХТА-ийн 20.7 дугаар зүйлийн 3.3 гэх зүйл ангиар ял сонсгосонд би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ шүүхийн шинжилгээний хариу гарах үед өмгөөлөгч Гансүх хариу өргөдөл гомдол гаргаагүй, надад тайлбарлаж өгөөгүйд өмгөөлөгч Гансүхэд маш их гомдолтой байдаг. Миний хувьд хар тамхи гэж юу байдаг гэдгийг мэдэхгүй хараа ч үгүй байсан болохоор учраа олохгүй явсаар ял хүлээсэн. Би одоо 62 настай, 8 жилийн ял эдлэхэд 70 настай гарч ирнэ гэхэд үнэндээ итгэлгүй байна. Би элгэндээ 2 том ургацагтай, 2 бөөр үрэвсэлтэй, чулуутай, нойр булчирхай архаг үрэвсэлтэй, зүрх байнга хэм алддаг, пүүлс унадаг. Ийм учир 8 жилийн ял эдэлж барна гэхэд итгэж чадахгүй байгаа. Би 2022-2023 онуудад гадаадын ямар ч улс руу зорчоогүй, мөнгөн гуйвуулга хийгээгүй гэдгийг мөрдлөгийн үед данс шалгаж тогтоосон. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ял оноосныг зөвшөөрч чадахгүй байна. Иймд энэ зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлд намайг олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэж заасан, энд хар тамхи байсан гэдгийг би мэдээгүй, сүүлд байцаагч нараас мэдсэн. Өмгөөлөгчөөсөө асууж мэдээд өөрийн үйлдсэн тосож авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байгаа...” гэв.
Шүүгдэгч Ш.***гийн өмгөөлөгч Х.Гантулга давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/8*** дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй" гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.***д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан" гэмт хэргийг "улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт авагдсан хөдөлбөргүй нотлох баримтад тулгуурлаж хянан шийдвэрлэсэнгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид холбогдох эрүүгийн 230 200 069 0171 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас түүнийг "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн" гэх идэвхтэй үйлдэл хийсэн болох нь хангалттай баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн "гэм буруугийн дүгнэлт" хэсэгт шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд буюу "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан" гэмт хэргийн нотолгооны баримтуудыг дурдаж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Өөрөөр хэлбэл, тэдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь шүүгдэгчийн "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн" гэмт хэргийг нотлох нотолгоо биш юм. "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан" гэмт хэргийг "улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн" гэсэн хэм хэмжээний диспозицийг Монгол Улсын шүүхийн практикт Улсын Дээд шүүхийн тайлбарын дагуу Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчиж, Монгол Улсын хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл хэмээн ойлгодог. Гэтэл шүүгдэгч нь Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн үйлдэл хийгээгүй, хавтаст хэрэгт дээрх үйлдлийг хийсэн гэснийг тогтоосон нотлох баримт байхгүй. Хэргийн бодит байдалд шүүгдэгч нь Хилийн тухай дүрэм, журмыг зөрчөөгүй, хилээр оруулж, гаргаагүй байхад шүүх үүнийг анхаарч үзсэнгүй. Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх нөхцөл нь бараа материалд холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдэх эсхүл хориглосон барааг бие болон бусад эд зүйлд нууж хилээр орох болон гарах үйлдлээр илэрдэг. Гэтэл шүүгдэгч нь эдгээрийн аль ч үйлдлийг хийгээгүй байна. Иймд түүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж болон объектив шинжүүд хангагдахгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан ... гэмт хэргийг ...улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн..." гэх гэмт хэрэг яригдаж байгаа тохиолдолд улс хоорондын шуудан, илгээмжийн талаарх хууль, журмыг баримтлах учиртай. Монгол Улсын Шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "шуудангийн илгээмж гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн баримт зүйлийг ойлгоно..." гэж, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 17.2.1-д "... үйлчлүүлэгч нь илгээж байгаа зүйлийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй..." гэж тус тус заасан. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 269/264 дугаар тушаалаар батлагдсан "Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 3.9-д "... Дэлхийн шуудан холбооны конвенци, түүний хавсралтууд, Шуудангийн тухай хуулийн 24.1-д заасан болон бусад хууль тогтоомжоор хориглосон барааг илгээмжээр гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Мөн журмын 4.1-д "Илгээмжийг илгээгч, хүлээн авагч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны талаар гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд илгээмжээр илгээхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараанд холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байна", мөн журмын 5.1-д "Шуудангийн байгууллага дараах тохиолдолд илгээмжийг илгээгчид буцаана", 5.1.1-д "... гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй..." гэж тус тус заасан байдаг.
Гэтэл Бүгд Найрамдах Турк улсаас илгээмж ирсэн гэх боловч илгээгч тал тухайн шуудангийн талаар юу гэж мэдүүлсэн болох, гаалийн байгууллагад хэн, хэрхэн мэдүүлсэн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Илгээмж явуулсан гэх этгээдийн нэр, хаягийн талаар ажиллагаа хийгээгүй. Тухайн ачааг иргэн Г.*** Бүгд Найрамдах Турк улсаас илгээсэн гэх боловч тэр талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаар гагцхүү шүүгдэгчийн мэдүүлэг л хэрэгт авагдсан байдаг. Гэтэл сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг бусуад нотлох баримтаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар үнэлэгддэг. Харин уг ачаанд байх талх шарагч болон бойлуур дотор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа болохыг шүүгдэгч мэдээгүй гэж удаа дараа мэдүүлдэг. Энэ талаараа ч мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлж, өөрийнх нь энэ үйлдэл гэмт хэрэг болж байгаа гэдэг ойлголтыг өмгөөлөгчөөсөө анх олж мэдээд, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн байдаг. Түүнчлэн, шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус гэдгийг мэдээд уг үйлдэлдээ маш их гэмшиж, мөрдөх албаны алба хаагчдын олж илрүүлээгүй, мэдээлэлгүй байсан байршлууд дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа олж өгч, хураалгасан байдаг бөгөөд урьд өмнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар ойлголт мэдлэггүйгээсээ болоод энэ гэмт хэрэгт холбогдсон байдаг. Мөрдөх байгууллагаас түүний, мөн гэр бүлийнх нь гишүүдийн эд хөрөнгө болон арилжааны банкнууд дахь дансанд нь үзлэг хийж, хил гаалиар нэвтэрсэн талаарх мэдээллүүдийг шалгаж тогтоосон ба тэрээр энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэх замаар хууль бус ашиг, орлого олдог байсан гэх нөхцөл байдал байхгүй болохыг тогтоосон байдаг. Шүүгдэгч нь одоо өндөр настай /62 настай/, эмэгтэй, эрүүл мэндийн хувьд элэг болон бөөрөндөө том хэмжээний уйланхайтай, зүүн бөөрөндөө шохойжилттой, байнга ядарч сульддаг, артерийн даралт ихсэж, байнга өндөр байдаг зэрэг өвчний оноштой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжиглэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ..." гэж заасныг баримтлан шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан... гэмт хэргийг ... улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн..." гэмт хэргийг "гэмт хэргийн шинжгүй" буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", мөн хэсгийн 1.2-т зааснаар бусдад төлөх хохирол, төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр өндөр настай, эрүүл мэндийн хувьд элэг болон бөөрөндөө том хэмжээний уйланхайтай, зүүн бөөрөндөө шохойжилттой, байнга ядарч сульддаг, артерийн даралт ихсэх өвчинтэй зэрэг эрүүл мэндийн байдал болон хувийн байдлыг нь тус тус харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж, энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү...” гэв.
Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар Ш.***гийн хувьд дээрх үйлдэл нь идэвхтэй үйлдлээр илэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн төрсөн хүүгийн мессеж, чатаар харилцсан байдал, мансууруулах бодисыг хаанаас, яаж очиж авах чиглэл, хаана байршуулахыг тодорхой заасан бичвэр, мөн энэ нөхцөл байдлыг шүүгдэгч мэдэж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогддог тул давж заалдах гомдлууд үндэслэлгүй. Харин шүүгчийн захирамжтай холбогдуулан хэлэх тайлбаргүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хуулийн бүх шаардлагад нийцсэн, хуульд үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үздэг тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хуульчлагдсан журмын дагуу явагдах учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр...хянан шийдвэрлэнэ...”, 3.3 дугаар зүйлийн 6-д “...энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно...” гэж хуульчилсан байна.
Хуульчлагдсан энэхүү үүргийн хүрээнд анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар 2024 оны 7 дугаар сарын 17-нд хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж, даргалагч шүүгчээр А.Батмандах, бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч М.Түмэннаст нарыг /3хх 224/ томилсныг албажуулсан байх бөгөөд шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилсон баримтгүй байхад 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч М.Түмэннаст, шүүгч М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.
Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчимтай учир шүүгч шүүн таслах ажиллагаа явуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлаас ямагт урьдчилан сэргийлж, шүүгчийн ёс зүйг чанд сахин ажиллах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч нар ч энэхүү үүргээ хэрэгжүүлэхийг шүүхээс шаардах эрхтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтуудыг “Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж заасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Ш.***, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Ш.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.ОЧ