| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2310 03130 0702 |
| Дугаар | 2024/ДШМ/1093 |
| Огноо | 2024-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/1093
Э.***д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1381 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор З.Бат-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Э.***д холбогдох эрүүгийн 2310 03130 0702 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овогт ***ын ***, 1997 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ******аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежмент мэргэжилтэй, “***” ХХК-ийн ерөнхий менежир ажилтай, ам бүл 1, ***дүүргийн 3 дугаар хороо ***тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:***/,
Яллагдагч Э.*** нь: 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ***дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч О.***ы биед "Тооцоогоо хийхгүй байна" гэх шалтгаанаар халдаж биед нь биед баруун завжинд цус хуралт, няцарсан шарх, хүзүүний баруун урд хэсэг, зүүн далны хэсэг, хэвлийн урд зүүн дээд хэсэг, зүүн бугалгын гадна дунд хэсэг, баруун бугалгын урд дээд хэсэгт цус хуралт, зүүн тохой, баруун гарын эрхий хурууны 2 дугаар үенд зулгаралт, баруун чихний ар хэсэг, хамрын хоёр хажуу, эрүүний баруун хэсэг, цээжний баруун хажуу доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
***дүүргийн прокурорын газар: Э.***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Э.***д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх дараах нөхцөл байдал байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор заажээ. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны А\268, А1275 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтаар "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам", "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ийг тус тус баталж, уг тушаал 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа билээ. Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүд мэндийн сайдын хамтарсан дээрх тушаалын 2.1-д нэрлэн заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйл, 27.10 дугаар зүйл, 17.12 дугаар зүйл, 17.3 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, тухайн дүгнэлтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр, мен журмын 2.3-т "...хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... хохирогчид танилцуулан баталгаажуулж хавтаст хэргийн материалд хавсаргах"-аар тус тус журамласан. Хавтаст хэргийн 37-39, 40-42 дахь талд хохирогчоор О.***ыг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, 23-24 дэх талд авагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10468 дугаартай дүгнэлтээр О.***ы биед баруун завжинд цус хуралт, няцарсан шарх, хүзүүний баруун урд хэсэг, зүүн далны хэсэг, хэвлийн урд зүүн дээд хэсэг, зүүн бугалгын гадна дунд хэсэг, баруун бугалгын урд хэсэгт цус хуралт, зүүн тохой, баруун гарын эрхий хурууны 2-р үенд зулгаралт, баруун чихний ар хэсэг, хамрын хоёр хажуу, эрүүний баруун хэсэг, цээжний баруун хажуу доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон талаарх баримтууд авагдсан байна. Яллагдагч Э.***д холбогдох хэргийн хувьд хохирогч О.***, өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж ирүүлээгүй боловч, "Би гомдолтой, эрүүл мэндээрээ хохирсон..." /хавтаст хэргийн 39, 42, 77 дахь тал/ гэж мэдүүлэг гаргаж, хэргийн материал танилцсан баримтад бичигдсэн байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.***ы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг журамд заасны дагуу тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хийлгүй орхигдуулсан, улмаар дээрх ажиллагааг зөвхөн мөрдөгч явуулахаар байх тул мөрдөгч хууль, журамд заасны дагуу дээрх ажиллагааг хийх шаардлагатай, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох нь түүний зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдолтой гэж шүүх дүгнэн хэргийг ***дүүргийн прокурорын газарт буцаасантай холбогдуулан яллагдагч Э.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор З.Бат-Амгалан тус шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тус хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтын шатанд хохирогч О.***аас сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоолгох талаар хүсэлт огт гаргаагүй. Шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ"-ний талаар зохицуулсан байх бөгөөд Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ыг баталсан байна.
1. Прокурорын зүгээс Анхан шатны шүүхээс тус журам, аргачлалыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох зорилгоор 60 хүртэл хоногоор хойшлуулах, эсхүл хохирол, хор уршигтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг, нээлттэй үлдээж шийдвэрлэх буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.
Энэ талаарх саналыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед прокурорын зүгээс гаргасан боловч анхан шатны шүүхээс уг саналыг хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэв үндэслэлгүй гэж дүгнэж байгаа бол энэ талаараа захирамждаа тодорхой дурдаж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шүүхэд шилжүүлж, шаардлагатай ажиллагааг хийлгүүлэн, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгчийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн нь тэдгээрийг хүчингүй болгох үндэслэл болсон байна.
Иймд ***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/Ш3/1381 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг ***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Э.***д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь зөв байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд хохирогч О.***ы сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоолгох шаардлагатай гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс “…нотолбол зохих байдал нотлогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтоох үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэсэн өөрчлөлт орж, энэ хуулийн заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж байна.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.”-аар, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагын талаар хуульчилжээ.
Мөн дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан бөгөөд энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад:
“1.3. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.”,
“2.2. ...бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” гэж тус, тус заажээ.
Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, хүснэгт”-ийг тус тус баталжээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Гуравдугаар зүйлийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөхийг зохицуулсан дээрх хууль, журам, аргачлалаас үзэхэд, хохирогчийн сэтгэцэд гэм хор учирсан болохыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэж заасны дагуу хуулийн шаардлага хангасан сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар тогтоохоор байна.
Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудаас харахад яллагдагчийн үйлдлийн улмаас хохирогчид “сэтгэцийн эмгэг” үүссэн гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид “сэтгэцийн эмгэг” үүссэн, яллагдагч нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хор уршгийг арилгах үндэслэл болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг гэдэг нь мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 2-5 дахь хэсэгт заасны дагуу бичигдсэн яллах дүгнэлтэд дүгнэгдсэн хэргийн үйл баримт, яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт зэрэгт үндэслэн зүйлчлэгдсэн Эрүүгийн хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг ойлгохоор заасан болно.
Хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг “2024 онд” гэж гэмт хэрэг гарсан хугацааг зөв бичээгүй байгааг засах нь зүйтэй байгааг дурдаж байна.
Иймд, прокурор З.Бат-Амгалангийн “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэх”-ээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, ***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1381 дугаар захирамжийг хэвээр үлдээв.
Хэргийг ийнхүү прокурорт буцааж шийдвэрлэсэн тул яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.ОЧ