Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 123/ШШ2026/0042

 

2026      05         01                                          123/ШШ2026/0042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “О” ХХК

            Хариуцагч: Төв аймгийн С сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Б нар оролцов.

                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “О” ХХК-аас Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан “сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргажээ.

1.2. Нэхэмжлэгч нь С сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дугаар захирамжтай холбогдуулан Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаж, “..захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна...” гэсэн хариуг авчээ.

Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлийн талаар,

2.1. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Р.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..."О" ХХК нь 2007 оноос хойш барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компани С сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/581 дугаартай захирамжаар Төв аймгийн С сумын 1 дүгээр баг, Баян-Уулын баруун талд байрлалтай, үйлдвэрийн зориулалттай 15га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Гэтэл 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 02/362 дугаартай С сумын засаг даргын албан бичгээр тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна. Иймээс тайлбараа 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ирүүлэхийг мэдэгдсэн юм. Бид 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр тайлбараа явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой бүх баримтуудын хамт хүргүүлсээр байхад ямар ч үндэслэлгүйгээр тайлбар, нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр захирамж гаргасан байна. Тухайн газрын эргэлтийн цэгүүдийг тэмдэглэж хашаажуулж байсан боловч хашааны тор хулгайд алдагдаж шонгууд үлдсэн байгаа. Монгол улсад анх удаа 200,000 тн цэвэр ган гаргах үйлдвэр барих зорилготой манай компани төмрийн хүдэр боловсруулах, нефьтийн бүтээгдэхүүн хадгалах агуулах барихаар бүх судалгаа шинжилгээгээ тус газар дээр хийлгэсэн. Эдгээр баримтуудаас ч хүргүүлсэн. Манай компани газраа авсан цагаас хойш ашиглаж байгаа. 2019, 2020, 2021 онуудад ковид цар тахлын нөлөөгөөр бүх аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан ч бид судалгааны ажлуудаа эхлүүлж байсан. Үүнээс хойш газар дээр хийгдэх бүхий шинжилгээ судалгааны ажлуудаа бүрэн хийлгэж дуусгасан...”Ленд тест” ХХК-иар инженер геологийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. “Онж сүвэй” ХХК-иар геодези зураг зүйн ажлыг хийлгэсэн, гангийн үйлдвэрийн зураг, Техник эдийн засгийн үндэслэлийг Бүгд найрамдах Хятад ард улсын компаниар хийлгэсэн,  энэ ажлуудыг хийлгэхдээ төлбөрөө Бүгд найрамдах Хятад ард улс руу шилжүүлж байсан. Баримтуудыг орчуулгатай нь өнөөдөр шүүхэд гаргаж өгч байна. Цаашид хөрөнгө оруулалтын ажлууд эхлэхэд бэлэн болоод байна...2024 онд төмөр замын ажилтай холбоотой ажлаа хийж эхлүүлэхээр ажилдаа орсон. Гэвч Монгол улсын томоохон компани болох “Туушин” ХХК төмөр замыг тавихаар тухайн газар ажил нь явагдаж байгаа. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдсан. Эдгээр компаниудын ажилтай холбоотой манай зарим нэг ажлууд хойшилсон. Жишээ нь төмөр зам барих ажил бол “Туушин” ХХК эхлээд манайх тавина, дараа нь танайх тэндээс салбарла гэсэн нь Байгаль орчны яам, Засгийн газар, Улаанбаатар хотын хэмжээнд яригдаж, манай компанийн удирдлагууд энэ бүхэнд ярилцаад явж байгаа. Гэтэл 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг гаргасан. Захирамжийг гаргахдаа хоёр үндэслэл дурдсан байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-т заасан үндэслэлийг дурдсан байдаг. Мэдэгдэл хүргүүлэхдээ мөн дээрх хуулийн заалтыг дурдсан. Нэгт газрын гэрчилгээ, гэрээний болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн гэсэн байдаг. Гэхдээ сонсох ажиллагааны явцад энэ талаар огт дурдаагүй. Гэрээг ноцтой байдлаар яаж зөрчсөн талаар дурдаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар гэрээнд зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр сонсох ажиллагаа дээр ярилцаж байсан. Гэвч захирамж гаргахдаа 7 жил дараалан газраа ашиглаагүй гэж захирамждаа дурдсан. Газар ашиглах хугацаатай холбоотой биднийг зөрчил гаргасан гэж үзэж захирамж гарч байна гэж үзсэн. Захирамж нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байгаа...Сүүлийн хоёр жилийн хувьд төмөр замын зөвшөөрөл нь гарахгүй явсаар байгаад “Туушин” ХХК төслөө хэрэгжүүлэхгүй бол болохгүй юм байна танайх эхэлж төмөр замаа тат гээд 2025 оны 9 дүгээр сард Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс төмөр зам татах зөвшөөрөл болон техникийн үзүүлэлт нь гарсан. Зургийн ажил нь хийгдэж өнгөрсөн жил хүйтний улирал эхлэх гэж байхад хөрсөө хуулж байхдаа зогссон.  Энэ жил зургийн ажлаа дуусгаж дулааны улиралд хийнэ гээд төлөвлөсөн байгаа. Нотлох баримтаар техникийн үзүүлэлт болон зураг хийх гэрээ зэргийг бүгдийг хавсаргаж өгсөн. Тухайн үед Засаг даргатай уулзаж ийм ажлуудын зөвшөөрөл гарчихлаа гээд танилцуулаад тайлбарын хамт өгсөн байгаа...Зураг төслийн тухайд Монгол улсад туршлага байхгүй учраас гадаад улсад хийлгэж Монгол улсын зургийн компаниар хийлгэж тэрийг авч явах гэхэд журамтай гэсэн, энэ үйлдвэрийн зургийг хийх, үйлдвэрийг барих компани байхгүй. Тусгай зориулалтын барилга учраас нэг барилга бариад сольж байж болохгүй. Хятад улсын мэргэжилтнүүд нь өөрсдөө ирээд барилгаа эхлүүлэхгүй бол бид эхлүүлчих юм бол том хэмжээний суурь болон том чулуу хайлуулах учир хамаагүй дур мэдэж хийж болохгүй. Байгуулсан гэрээ нь дотор операторын гэрээ хүртэл хамт явж байгаа. Бид нар өөрсдөө чадахгүй учраас Хятад ажилчдыг авчирна. Хятад мэргэжлийн хүмүүс 3 жил ажиллаж Монгол улсад зааж өгөөд явна. Бид барих гэрээгээ байгуулсан байгаа...Иймд “О” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж Төв аймгийн С сумын засаг даргын 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн А/79 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “О” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/581 дугаартай захирамжаар Төв аймгийн Ссум, 1 дүгээр баг, Баян-Уулын баруун талд байрлалтай, үйлдвэрийн зориулалттай 15 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Нэхэмжлэгч нь 2019 онд газар эзэмшиж эхэлсэн ба өнөөдрийн хүртэл тус газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар одоогоор хоосон байгаа гэдгийг мөн нэхэмжлэлдээ дурджээ. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/362 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тухайг мэдэгдэж, нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тайлбар, мэдээллийг ирүүлсэн байна. С сумын Засаг дарга 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, тайлбар, хүсэлтийг сонссон. Захиргааны акт гаргахдаа хуулийн дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлтийг үндэслэлгүй гэж үзсэн тул “О” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл ноцтой зөрчсөн гэж үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Захирамж дээр болон гэрээ нь дээр тодорхой зааж өгсөн. Оюут констракшн ХХК газраа зориулалтын дагуу ашиглана. 5 жил тутамдаа улсын хянан баталгаа хийлгэж байна, газар эзэмших гэрээг байгуулж, жил бүр дүгнүүлнэ гэсэн боловч 2021 онд газрын төлбөрийг төлж түүнээс хойш 2026 оны 02 дугаар сар хүртэл газрын төлбөр төлөгдөөгүй мөн улсын хянан баталгаа хийгдээгүй. Гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан гэрээг жил бүр дүгнүүлэх гэх гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзэж байна. нөгөө талаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил болон түүнээс дээш хугацаагаар ашиглаагүй гэх үндэслэл. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээрээ манайх газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Зураг төсөл холбогдох баримтуудыг бүрдүүлэх ажиллаж байна гэж тайлбарлаж ярьсан байна. Өчигдөр мөн шүүхийн үзлэгээр газар дээр очиход газар дээрээ ямар нэгэн хашаа саравч эсвэл ямар нэгэн үйлдвэрлэлийн зориулалтаар барихаар зэхсэн төлөвлөсөн зүйл байхгүй болох нь харагдаж байгаа. Тийм болохоор 2019-2026 оны хооронд бүтэн 7 жилийн турш зөвхөн үйлдвэрийн зураг төсөл хийлгэх гэж явсан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, төлөөлөгчдийн нэхэмжлэл, тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Нэг. Маргаан бүхий захиргааны акт: 

   1.1. Төв аймгийн С сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг үндэслэн “С сумын нутаг дэвсгэрт газрын тухай хууль тогтоомж, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 7 жил ашиглаагүй “О” ХХК-ийн 1 дүгээр баг, Баян-Уулын баруун талд байрлалтай, үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалттай 4109055936 нэгж талбарын дугаартай 15 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/581 тоот захирамжийн хүчингүйд тооцож” шийдвэрлэжээ.

Хоёр. Маргааны үйл баримт, маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Төв аймгийн С сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 216 дугаар захирамжаар “О” ХХК-нд тус сумын 4 дүгээр багийн нутаг Зүрх уулын ард байрлах 40 га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн[1].

2.2. Тус сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/581 дугаар захирамжаар “...О” ХХК-ийн эзэмшлийн 18658285790162 нэгж талбарын дугаартай үйлдвэр үйлчилгээний зориулалттай 40 га газар Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 273 дугаар тогтоолоор “Майдар хот” төсөл хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байгаа тул байршлыг сольж, 15 га газрыг Эрдэнэ уул 4 дүгээр баг Хуучин нисэхийн баруун урд, Оорцог уулын ард талд, 15 га газрыг Бүрд 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг Баян уулын баруун талд, 10 га газрыг Бага баян уулын баруун талд үйлдвэрийн зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж”[2] шийдвэрлэсэн.

2.3. Тус сумын газрын даамал нь нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 15 га газрын мэдээллийг газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4109055936 дугаарт бүртгэн, нэхэмжлэгчтэй 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмшүүлэх №04167-2021/00063 дугаартай гэрээ[3]  байгуулан, газар эзэмших эрхийн 0000223000 дугаартай гэрчилгээ[4] олгожээ.

2.4. Хариуцагч С сумын Засаг дарга нь 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/362 дугаартай “Танд сумын Засаг даргын 2019 оны А/581 дүгээр захирамжаар үйлдвэрийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, тус тус заасны дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан  Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу тайлбар санал нотлох баримтуудыг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор Төв аймгийн С сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг мэдэгдье...” гэсэн мэдэгдлийг нэхэмжлэгч “О” ХХК-д хүргүүлсэн.

2.5. Нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 25/108 дугаартай албан бичгээр тайлбараа хариуцагчид хүргүүлсэн.

2.6. Хариуцагч нь 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн 15 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон түүнд газар эзэмшүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/581 тоот захирамжийг тус тус хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.

2.7. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “манай компани, Монгол улсад анх удаа 200,000 тн цэвэр ган гаргах үйлдвэр барих зорилготой төмрийн хүдэр боловсруулах, нефьтийн бүтээгдэхүүн хадгалах агуулах барихаар бүх судалгаа шинжилгээгээ газар дээр хийлгэсэн, хөрөнгө оруулалтын ажлууд эхлэхэд бэлэн болоод байна...2024 онд төмөр замын ажилтай холбоотой ажлаа хийж эхлүүлэхээр ажилдаа орсон ч “Туушин” ХХК-ийн төмөр замыг тавихаар тухайн газар ажил нь явагдаж байгаа. Мөн “Т” ХХК-ийн түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдсан. Эдгээр компаниудын ажилтай холбоотой манай зарим нэг ажлууд хойшилсон, төмөр зам барих ажилд “Туушин” ХХК эхлээд манайх тавина, дараа нь танайх тэндээс салбарла гэсэн нь Байгаль орчны яам, Засгийн газар, Улаанбаатар хотын хэмжээнд яригдаж, манай компанийн удирдлагууд энэ бүхэнд ярилцаад явж байгаа. Л ХХК-иар инженер геологийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. О ХХК-иар геодези зураг зүйн ажлыг хийлгэсэн, гангийн үйлдвэрийн зураг, Техник эдийн засгийн үндэслэлийг Бүгд найрамдах Хятад ард улсын компаниар хийлгэсэн, энэ ажлуудыг хийлгэхдээ төлбөрөө Бүгд найрамдах Хятад ард улс руу шилжүүлж байсан...” гэж тайлбарласан.

2.8. Нэхэмжлэгч нь дараах баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн:

- БНХАУ-ын Ляонин муж, Аншан хотын Иньи худалдааны пүүс ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Захиалгаар зураг төсөл боловсруулах гэрээ” “80,000 тоннын гангын үйлдвэрийн төсөл Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/[5], гэрээнд 2023 онд нэмэлт оруулсан хэлэлцээр, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлбөрийг 2018-2019 онуудад шилжүүлсэн баримт,

- “Сондор гранд” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд Бетонон хашаа бариулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан,

-“Онч сөрвэй” ХХК-иар ерөнхий төлөвлөгөөний байр зүйн зургийг 2020 оны 12 дугаар сард хийлгэсэн,

-Байгаль, орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13/2733 дугаартай “Ерөнхий үнэлгээний дүгнэлт”-ийг О” ХХК-д хүргүүлж, “...байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж 2020 оны 4-р улиралд багтаан ирүүлэх”-ийг мэдэгдсэн. Нэхэмжлэгчээс эдгээр баримтыг тус яаманд хүргүүлсэн талаарх баримт тайлбарыг шүүхэд болон хариуцагчид гаргаж ирүүлээгүй, тухайн Ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй, учир нь уг дүгнэлтийн 9-т “заавал хэрэгжүүлэх шаардлагатай дээр дурдсан арга хэмжээг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгоно” гэж заасан[6],

- “Л” ХХК-ийн “Ган барих үйлдвэрийн барилгын талбайн инженер-геологийн судалгааны 2021 онд гаргасан дүгнэлт зэргийг ирүүлсэн байх боловч, газар дээр хашаа, үйлдвэр барилга эхлүүлээгүй болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

2.9. Нэхэмжлэгч нь “Гангийн үйлдвэрийн төсөл”-ийг хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн боловч уг төслийг хэзээ эхлэх, хэзээ ашиглалтад оруулах талаар хугацаа заагаагүй бөгөөд уг төслийн 3.7-т “зураг төсөл, ТЭЗҮ-ийг хийлгэн хүлээн авлаа. БНХАУлс Аншан хот, Зураг төслийн товчоо” гэж бичсэн[7], үүнээс үзвэл “Гангийн үйлдвэрийн төсөл”-ийг эхэлж хийлгэсэн, эсхүл “тухайн үйлдвэрийн ТЭЗҮ-г эхэлж хийлгэсэн болох, эдгээрийг хэзээ хийлгэсэн нь тодорхойгүй тул эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

2.10. Дээр дурдсанаар, нэхэмжлэгч нь “Гангийн үйлдвэрийн төсөл”, тухайн төслийн “Техник эдийн засгийн үндэслэл”-ийг БНХАУ-д хийлгэсэн гэх боловч эдгээр зураг төсөл, ТЭЗҮ-г Монгол улсын эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар батлуулаагүй тул нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2.11. С сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/581 дугаар захирамжаар, нэхэмжлэгчид 15 га газрыг “үйлдвэр үйлчилгээний зориулалт”-аар эзэмшүүлсэн, харин төмөр зам тавих зориулалтаар эзэмшүүлээгүй. Мөн, нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн “Гангийн үйлдвэрийн төсөл”-д төмөр зам тавих тухай бичигдээгүй байна. Иймд, нэхэмжлэгчээс “М” ХХК-тай байгуулсан 2025 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн “Төмөр замын ажлын зураг төсөл гүйцэтгэх гэрээ”-г нотлох баримтаар үнэлэх боломжгүй, тодруулбал уг гэрээг маргаж буй 15 га газарт хамааралгүй гэж шүүх дүгнэлээ.

2.12. Дээрх нөхцөл байдлуудаар, нэхэмжлэгч нь С сумын Засаг даргын 2019 оны А/581 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 15 га газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар 2020 онд “Ерөнхий үнэлгээний дүгнэлт” гаргуулсан, мөн 2021 онд “Л” ХХК-иар “Ган барих үйлдвэрийн барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулснаас өөрөөр 2022-2025 онуудад мэргэжлийн байгууллагаар зураг төсөл батлуулаагүй, дүгнэлт гаргуулаагүй, газар дээр хашаа, үйлдвэрийн барилга зэрэг ямар нэг үл хөдлөх бариагүй, үйл ажиллагаа явуулаагүй нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2.13. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заажээ.

2.14. Иймд, С сумын Засаг дарга 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дугаар захирамжаа “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг үндэслэн “О” ХХК-ийн 1 дүгээр баг, Баян-Уулын баруун талд байрлалтай, үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалттай 4109055936 нэгж талбарын дугаартай 15 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/581 тоот захирамжийн хүчингүйд тооцож“ шийдвэрлэсэн нь  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.16-д заасанд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан тус тус нийцсэн байна.

2.15. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан.

            Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлаж, уг тогтоолын 1.9-т ”Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "… удаа дараа …" гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино.” гэж тайлбарласан.

            2.16. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь, нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг зөрчсөн, газрыг зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөр төлөх үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж тайлбарласан.

2.17. “О” ХХК нь 2021 оны төлбөр газрын төлбөр төлсөн, 2022-2026 онуудад газрын төлбөр төлөөгүй тухай лавлагаа, баримтыг шүүхэд ирүүлсэн.

2.17. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, мөн гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн гэх байдлыг нотлох баримт гаргаж ирүүлээгүй, мөн захирамждаа “газрын төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэл заагаагүй байна. Иймээс, нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан зөрчлийг гаргасан гэж буруутгах үндэслэлгүй байна.

            2.18. Дээр тогтоогдсон үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн “Төв аймгийн С сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.ОДСҮРЭН

 

[1]  Хавтаст хэрэг-1, 243 дах тал,

[2] Хавтаст хэрэг-2, 7 дах тал,

[3] Хавтаст хэрэг-1, 11-12 дах тал,

[4] Хавтаст хэрэг-1, 10 дах тал,

[5] Хавтаст хэрэг-2, 52-102 дахь талд,

[6] Хавтаст хэрэг-1, 31-34 дэх талд,

[7] Хавтаст хэрэг-1, 60 дахь талд,