Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 457

 

 

 

 

-

                                 

 

 

2018           06           04                                      457

-

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр,

шүүгдэгч Т.Э-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Э- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808011340441 дүгээр хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э овогт Тн Э

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Т.Э-нь Ц.Б-той 2017 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан тэмээтийн өвөр гэх газраас Д.Ж-ы тракторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Э-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Уучлаарай” гэв.

Эрүүгийн 1808011340441 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Ж-ы: “2017 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 361-ийн гарамын хажууханд байдаг манай хашааны хажуу айлын хүн залгаад “танай хашаанд байдаг трактор алга болсон байна” гэж хэлсэн. 2013 оны 5 дугаар сард Хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн хөдөө аж ахуйн газар хамтран нийлүүлсэн бага оврын тракторыг гэрээ байгуулан 5.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. 2012 онд үйлдвэрлэгдсэн шинэ трактор байсан. ...Тракторыг очиж олж аваад хүлээн авсан, эд зүйл бүрэн бүтэн, ямар нэгэн эд зүйл алдагдсан зүйл байгаагүй. Харин Төв аймгийн Жаргалант сум руу явсан, мөн трактороо ачиж авчрах унаа хөлсөлж явсан зардлаа төлүүлмээр байна. 350.000 төгрөг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулбал гомдол гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-18-21/,

Гэрч Л.Г-ийн: “2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн үед миний танил Энхболд залгаад ...“361-ийн гарам орчмоос хэдэн мал ачих хэрэг байна, та унаа олоод өгөөч” гэхээр нь би “унаа олдохгүй байх” гэхэд гуйгаад байхаар нь “өөрийн найз Баттулгаас асуугаад үзье” гэж хэлсэн. 18 цагийн үед Баттулгын гэрт нь очоод Э- яриулсан. Утсаар ярьж тохироод явахаар болоод Баттулга бид хоёр 21 цаг өнгөрөөгөөд 361 гарам уруу явсан. ...Энхболдоос “ачих мал хаана байх” гэхэд “мал ачихгүй ээ, жижиг трактор ачина, би энэ Зоригоо гэх залуугаас өрөндөө авч байгаа юм” гэж хэлсэн. Намайг “гэрийнхээ гадна буулгачих, газар тариаланд ашиглана” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Гэрч Х.Б-ын: “...Миний найз Г- ирээд “нэг хүн 361 гарамаас мал ачаад өгөөч гэж байна, үнэ мөнгийг нь тохироё гэж байна” гэхээр нь би тэр хүнтэй нь утсаар яриад “180.000 төгрөгөөр явъя” гэхэд нөгөө залуу “бэлэн 100.000 төгрөг байна, нэг ямаа өгье” гэж тохирсон. Тэгээд Г- бид хоёр хамт 361 гарам явсан. ...Малаа ачих гэтэл “мал ачихаа болилоо, трактор ачина” гээд хашаан дотроос жижиг трактор чирж гаргаж ирээд ачсан. Энхболд гэх залуу Зоригоо гэх залуугаас “өрөндөө авч байгаа” гэж байсан. ...Харин дараа нь Г- надтай уулзаад “нөгөө ачсан трактор чинь хулгайн трактор юм байна, өрөндөө авсан гэсэн Энхболд надад хэллээ” гэж хэлсэн...”  гэх мэдүүлэг /хх-24-25/,

Шүүгдэгч Т.Э- яллагдагчаар өгсөн: “...2017 оны 4 дүгээр сард намайг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан тэмээтийн өвөр гэх газарт хаваржиж байгаад Б- гэх залуутай танилцсан. Тэрээр “тэднийхээс холгүй байдаг айлын хашаанд манай дүүгийн трактор байдаг тэрнийг авч хүнд түрээсэлж ногоо тарина” гэж ярьдаг байсан. Нэг өдөр Б- “унаа машин олоод өгөөч трактор ачих гэсэн юм” гэхээр нь би өөрийн танил Г-тэй ярьж байгаад  нэг машин олоод Б-той яриулахад тэд өөрсдөө яриад тохирсон. Тэгээд Б-ийнд байхад Г- жолооч гэх нэг хүнтэй хамт машинтай ирэхэд нь Б- нөгөөх трактораа явуулсан. Тэгэхдээ буулгах газраа олохгүй намайг буулгах газар олоод өгөөч гэхээр нь би Г-т хэлж байгаад Г-ийн гэрийн гадаа буулгуулахаар болоод явуулсан. Гэтэл хэд хоногийн дараа тракторын эзэн гэх хүн цагдаатай хамт ирээд асууж сураглаад явахад нь би тэр үедээ хэлж чадахгүй өнгөрөөд дараа нь тракторын эзнийд очиж өөрөө хэлсэн. Г-, Баттулга гэх жолооч нарт хөлсийг нь өгнө гэж ярьж тохироод трактор ачсан болохоор хулгайн трактор гэдгийг хэлээгүй болохоор мэдэхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би тракторыг буцааж ачиж явуулахад зардал мөнгийг хуваалцаж төлсөн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохиролгүй болохоор хэргийг хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-131-134/,

өргөдөл /хх-5/, хураан авах тухай тогтоол /хх-11/, хураан авсан тухай тэмдэглэл /хх-12-13/, тракторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-16/, эд зүйл хүлээлгэн өгөн тухай тэмдэглэл /хх-17/, яллагдагч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-36-37/, эд зүйлийн үнэлгээ /хх-42/, бага оворын тракторыг худалдан борлуулах, санхүүгийн түрээсийн гэрээ /хх-44-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-86/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-104/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-138-145/, зан байдлын тодорхойлолт /хх-146/, хохирогчийн хүсэлт /хх-158/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Э-нь Ц.Б-той бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан тэмээтийн өвөр гэх газраас иргэн Д.Ж-ы тракторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5.000.000 /таван сая/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Э- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ж-д 5.350.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд 5 сая төгрөгийн үнэлгээ бүхий тракторыг биет байдлаар буцаан өгсөн /хх-17/, “...хохирлыг барагдуулсан тул гомдолгүй болно” гэх тэмдэглэл /хх-104/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Учруулсан хохирлыг төлсөн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх учруулсан хохирлоо төлсөн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсаныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Э-2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 6 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 28 /хорин найм/ хоног урьдчилан хоригдсон болохыг дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Э-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э овогт Т ын Э- хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э- 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Э-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Э-28 хоног урьдчилан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР