Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар  2024/ДШМ/1094

 

 

                                 Б.***, Ч.*** нарт холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэнжаргал,

шүүгдэгч Б.***,

шүүгдэгч Ч.***,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/879 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.***гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.***, Ч.*** нарт холбогдох эрүүгийн 2408 00000 0766 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

*** овогт ***гийн ***, ***оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ***дүүргийн *** дугаар хороо, ***тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхний лавлагаагаар ***дүүргийн 40 дүгээр хороо, ***тоотод оршин суух бүртгэлтэй, 

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн /хуучнаар/ 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял ялаар шийтгүүлсэн, /РД: ***/,

*** овогт ***ийн ***, *** оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ***дүүргийн ***тоотод оршин суудаг,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД: ***/

Шүүгдэгч Б.*** нь Ч.***тай бүлэглэн, шунахайн сэдлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ***дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Б.***ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний "Хаан" банкны виза картыг авч ***дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан" банкны "АТМ-745"-ээс бэлнээр 1,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

мөн тэрээр шунахайн сэдлээр, ганцаараа хохирогч Б. ***ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний "Хаан” банкны виза картыг авч ***дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан" банкны "АТМ-444"-ээс бэлнээр 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 1,900,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан авсан,

Шүүгдэгч Ч.*** нь Б.***тэй бүлэглэн, шунахайн сэдлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ***дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Б.***ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний "Хаан” банкны виза картыг авч ***дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан" банкны "АТМ-745"-ээс бэлнээр 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

***дүүргийн прокурорын газар: Ч.***, Б.***тэй нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *** овогт ***гийн ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч *** овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.***д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн ***дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, тус нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг, шүүгдэгч Ч.***д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг мөн үндэслэлээр Нийслэлийн ***дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, тус нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.***, Ч *** нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдээд, энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэднээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учруулсан 1,900,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч Б.***, Ч *** нар нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг "Си Ди" /CD/-ийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.*** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч *** овогтой *** би 2023 оны 10 дугаар сард тархины харвалт оноштойгоор 3 дугаар эмнэлэгт тархины хагалгаанд ороод 2023 оны 12 дугаар сард тархиныхаа нөгөө талд дахин харвалт өгч 2 удаа хагалгаанд орж, 50 хувийн группт тогтоосон тул 3 дугаар эмнэлгийн байнгын хяналтад байдаг ба 7 хоног бүр үзүүлж, шаардлагатай үед ***дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлдэг юм.

Иймд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулан ***дүүргийн *** дугаар хорооноос 1 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ч.*** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ***дүүргийн 30 дугаар хороо 1 дугаар гудамж 04 тоотод бүртгэлтэй боловч ***дүүргийн 7 дугаар хороо 1 дугаар гудамж 03 тоотод түр оршин сууж байгаа. Гэтэл анхан анхан шүүхээс намайг ***дүүргийн 30 дугаар хорооны нутгаас 1 жилийн хугацаанд гарч болохгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Мөн миний гэр бүлийн хүн болох ***нь харааны бэрхшээлтэй нэг нүд нь сохор нөгөө нүдэндээ нөлөөлж байгаа тул байнгын асаргаа шаарддаг юм. Мөн би хувиараа бизнес эрхэлдэг ба Нарантуул захаас бараа бөөндөж аваад хөдөө орон нутаг болон гадуур гар дээрээс худалдан борлуулж амьдрал ахуйгаа залгуулдаг. Иймд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон миний хувийн байдлыг харгалзан үзэж шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөн торгох эсвэл нийтэд тустай ялаар сольж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг солих боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.***, Ч.*** нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.*** нь Ч.***тай бүлэглэн, шунахайн сэдлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ***дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Б.***ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний "Хаан" банкны виза картыг авч ***дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан" банкны "АТМ-745"-ээс бэлнээр 1,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

мөн тэрээр шунахайн сэдлээр, ганцаараа хохирогч Б. ***ын "Хаан” банкны виза картыг авч ***дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан" банкны "АТМ-444"-ээс бэлнээр 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, нийт 1,900,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан авсан,

Шүүгдэгч Ч.*** нь Б.***тэй бүлэглэн, шунахайн сэдлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ***дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Б.***ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний "Хаан” банкны виза картыг авч ***дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан" банкны "АТМ-745"-ээс бэлнээр 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-хохирогч Б.***ын: “...Би тухайн үед биеэ үнэлэгч авахаар болоод үл таних 2-3 эмэгтэй хүнтэй уулзчихаад халмиган богино үстэй нэг эмэгтэйг дагуулаад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 00:30 цагийн үед Саппорогийн баруун талын "АТМ"-ээс өөрийн "Хаан" банкны *** тоот данснаас 1,000,000 төгрөгийг бэлнээр гарган авсан ба ойролцоох дэлгүүрээс 0.70 литрийн "Эдэн" нэртэй архи, хэдэн лааз пиво аваад "***" нэртэй зочид буудалд орсон. ...Тухайн үед би холоос ирсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас амархан согтоод унтчихсан байсан ба 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 09 цагийн үед сэрээд утсаа үзтэл 1,500,000 төгрөгөөр, 400,000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээ хийгдэж, нийт 1,900,000 төгрөгийн зарлага гарчихсан байсан. Урьд өмнө нь тухайн хүмүүстэй огт уулзаж байгаагүй.

...Надад нийт 1,900,000 төгрөгийн хохирол учирсан. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна..." /хх 7/,

-гэрч Б.***гийн: “...Тухайн эрэгтэй хүн тасраад унтсан ба *** эгч тэр эрэгтэй хүний виза картыг нь гар утасны араас нь хулгайлан аваад ***, *** нар буудлаас гарсан. Тэр хооронд надтай үлдсэн хохирогч ахын гар утсанд хэсэг хугацааны дараа 1,500,000 төгрөгийн зарлага гарсан мессеж ирсэн. Тэгтэл удалгүй ***, *** нар эргээд орж ирээд архи, пиво ууж байгаад би гараад явчихсан. ***, *** нар нь ***ын виза картын нууц үгийг мэдэж байсан. Тэр өдөр хохирогч ***, *** нар хамт явж виза картаас 1,000,000 төгрөг бэлнээр авсан юм. Тэгээд *** эгч нууц кодыг нь харсан байх. Намайг буудлаас гарахад ***, *** нар үргэлжлүүлэн архи уугаад сууж байсан ба хохирогч ах унтаж байсан. Би тухайн үед болсон асуудлыг тод санаж байна. Би хоёр лааз пиво л уусан. Тэрнээс хойш би ***, *** нартай уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх 9-10/,

хохирогч Б.***ыг оролцуулан гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-15/, ***ын ***ын "Хаан” банкинд эзэмшдэг *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 17-18/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 21-25/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Б.***, Ч.*** нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.***, Ч.*** нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.***, Ч.*** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ маргаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.***, Ч.*** нарыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Б.***д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн ***дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Ч.***д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Нийслэлийн ***дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоосон нь үндэслэлтэй зөв болжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Учир нь Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох эсхүл тодорхой газар очихыг хориглох эсхүл шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүний эрхийг дээдлэх зарчимд тулгуурлан зүй зохистой байдлыг бүрдүүлэх үүднээс хамт олон, гэр бүлийнхээ орчинд хүмүүжих, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хөдөлмөрлөх эрхийг нь хангахаас гадна суралцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг эдлүүлж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлах боломжийг олгоход чиглэсэн байдаг.

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж буй этгээдийн байнга болон түр оршин суух хаягийг зөв тодорхойлсноор эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөл бүрдэх юм.  

Шүүгдэгч Б.***, Ч.*** нарын хувьд хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн боловч шүүгдэгч Б.*** нь хоёр удаа гэмт хэрэг үйлдэж, шүүгдэгч Ч.*** нь урьд дөрвөн удаа хулгайлах гэмт хэрэгт шүүхээс ял шийтгүүлж байсан боловч тэд энэхүү үйлдлүүддээ дүгнэлт хийлгүйгээр дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Иймд, шүүгдэгч Б.***гийн “Зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх, шүүгдэгч Ч.***гийн “Ялыг өөрчлөн торгох эсвэл нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, ***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/879 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. ***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/879 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.***, Ч.*** нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

 

 

 

 

 

 

 

.