Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00496

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02751 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б-гийн хариуцагч М.А-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4,222,656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,222,656 төгрөг гаргуулах.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз н.Л- болон эхнэрийн хамтаар БНХАУ-ын Эрээн хот руу явсан. Эрээн хотод найз н.Л- нь намайг М.А-тай танилцуулж, тэрээр “... Эрээн хотод ирээд удсан, энд монголчуудад ажил олж өгч хувь авдаг” гэж байсан. Тухайн үед М.А- нь сарын хугацаатай 6,000,000 гаруй төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэх санал тавьсныг би хүлээн зөвшөөрч, 16,298 юанийг бэлнээр өгсөн. Түүнд итгэж бичгээр гэрээ хэлцэл байгуулаагүй. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн мөнгөө буцаан өгөхөө илэрхийлж баримт үйлдэж М.А- нь өөрийнхөө хурууны хээг дарж өгсөн. Иймд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зээлдүүлсэн 16,298 юанийг тус өдрийн Монголбанкны ханшаар тооцож, 6,401,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс хариуцагчийн төлсөн 2,178,444 төгрөгийг хасаж хариуцагч М.А-аас үлдэх 4,222,656.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2019 оны 03 дугаар сард БНХАУ-д ажиллаж, амьдарч байх хугацаандаа иргэн Ж.Б-, Г.Б- нартай хүмүүсийг ажилд авч, ашиг олох зорилготой хамтарч ажиллахаар болсон. Г.Б- бид 2 ажил хийж гүйцэтгэх хүмүүсийг Эрээн хотоос авч явах гэтэл тэдгээр иргэд паспортаа барьцаанд тавьсан байсан учир тухайн хүмүүсийн паспортуудыг нь чөлөөлж, ажилд авч явах шаардлага гарсан. Ингээд Ж.Б- өөрөө мөнгө гаргаж паспортуудыг нь авч өгөөд, эргүүлээд тухайн хүмүүсээс нь мөнгөө авахаар болсон. Гэтэл ажил олгогч компаниасаа шалтгаалаад ажил хийгдээгүй тул Ж.Б- Монгол Улс руу буцахаар болсон. Г.Б- бид хоёр замын зардал, хоолны мөнгө, ажилчдын байрлаж байсан буудлын мөнгө зэргийг өөрсдөө гаргаж, мөнгө хүрэлцэхгүй болсон тул тухай хүмүүсээс Ж.Б-гийн мөнгийг гаргуулж өгөхөөр тохиролцож, бүх хүмүүсээр гарын үсгийг нь зуруулан авч Ж.Б-д өгсөн. Гэвч энэхүү бичгийг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Би Ж.Б-д 2019 онд бэлнээр 5,000 юань, н.Л-аар дамжуулан 2,500 юань, мөн өөрийн биеэр н.Саруул гэдэг хүнээс 3,000 юань бэлнээр өгч монгол мөнгө болгон Ж.Б-гийн данс руу шилжүүлж нийт 10,500 юань өгсөн байдаг. 2020 оны хавар Ж.Б-тэй утсаар ярьж би өөрөөсөө хангалттай төллөө, цаашид төлж чадахгүй юм байна, паспортоо авахуулсан хүмүүсээс мөнгөө төлүүлж ав би тусалъя гэж хэлсэн. Түүнчлэн Ж.Б- нь Г.Б-гаас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгө гаргуулахаар болчихоод дахин надаас мөнгө нэхэмжилж байна. Ж.Б-, Г.Б- бид гурав ажилд хамтарсан тул гарсан зардлыг хувааж төлөх ёстой байтал 10 хувийн хүүтэй гэж нэхэмжлэлдээ дурдсан нь зүйд нийцэхгүй байна. Учир нь Ж.Б-гээс хүүтэй мөнгө зээлж аваагүй, харин ажил хамтарч хийсэн. Иймд паспортоо барьцаанаас суллуулсан хүмүүсийн гарын үсэгтэй бичгийг Ж.Б-гээс гаргуулж, тухайн хүмүүсийн нэр дээр нэхэмжлэл гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.А-аас 4,222,656.52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч давж заалдах гомдолдоо: Миний бие 2019 оны хавар Ж.Б-гээс 16,298 юань авсан нь үнэн. Гэхдээ Г.Б-, Ж.Б- бид 3 хамтран ажиллаж, ашиг олох гэж тохиролцсон. Тухайн үед ажил хийлгэх хүмүүсийн паспорт барьцаанд байсан тул барьцаанаас суллуулсан /н.Мөнх-Эрдэнэ, н.Наранбаатар, н.Аюуш гэх мэт/ хүмүүс тухайн мөнгөө эргүүлэн төлөхөөр Г.Б-, Ж.Б- бид гуравтай амаар тохирсон. Миний бие өөрөө хэрэглэсэн болон Ж.Б-гээс авсан мөнгөнөөс бэлнээр 5,000 юань өгсөн гэдэг нотлох баримтыг гомдолдоо хавсралтаар оруулж өгөв. Энэ нь миний Ж.Б-д бэлнээр 5,000 юань өгөөд үлдсэн мөнгийг бичиж гарын үсэг зурсан баримт юм. Тиймээс Ж.Б- нь 16,298 юань гэж нэхэмжилж байгаа нь буруу буюу зөрүүтэй байна.  Ж.Б- нь надаас 1,000,000 төгрөг мөн 3,000 юань авсан, өөр мөнгө аваагүй гэж байгаа боловч бэлнээр авсан 5,000 юанийг үгүйсгэж байгаа нь худал бөгөөд бичгээр үйлдсэн баримтуудаар нотлогдож байна. Тухайн хавсралтад байгаа нотлох баримт иргэн Ж.Б-д байсан бөгөөд анхан шатны шүүх хурлын дараа эхнэр Ц.Төгсөөгийнхөө фэйсбүүк хаягнаас над руу явуулсан. Г.Б- бид хоёр тухайн үед хоолны мөнгө, замын зардал, буудлын мөнгийг өөрсдөөсөө гаргаж төлсөн. Тухайн үед иргэн Ж.Б-гээс мөнгө гараагүй, ажил амжилттай болсон бол ашгаа хувааж авна гэж тохирчихоод ашиггүй болохоор зөвхөн Ж.Б- хохирсон юм шиг мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Миний бие 10,500 юанийг Ж.Б-д өгсөн үлдэх мөнгийг бусад хүмүүс буюу паспортоо барьцаанаас суллуулсан хүмүүсээс авах нь зөв юм. Миний бие хүмүүсийн хэрэглэсэн мөнгийг өмнөөс нь төлж чадахгүй. Иймд хүн тус бүр дээр нэхэмжлэлийг гаргуулж өгнө үү. Ж.Б- нь тухайн мөнгийг 10 хувийн хүүтэй зээлсэн гэдэг нь худал юм. Бид хамтарч ажиллаад олсон ашгаас Ж.Б- 30 хувийг, Г.Б- бид хоёр 35, 35 хувийг авахаар тохиролцсон. Миний бие шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн дүнгээс 1,965,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 5,000 юаныг бэлнээр өгсөн, энэ мөнгийг хасаж тооцохгүй байна, зөрүүтэй байна гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Энэ мөнгө нь хариуцагч нэхэмжлэгчид 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 16,000 юаныг өгөх мөнгө байгаа гэх бичиг хийснээс өмнө 5,000 юаныг нэхэмжлэгчид өгсөн юм байна лээ. 5,000 юань нь одоо нэхэмжилж байгаа үнийн дүнд ороогүй, үүнээс өмнө нь өөрт нь өгсөн мөнгө учраас энэ нь тусдаа мөнгө. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид өгөх мөнгө байгаа гэж бичиг хийж өгсөн. Тэр мөнгөнөөс сүүлд 900,000 төгрөгийг дансаар, 3,000 юаныг цувуулж өгсөн асуудлыг бид анхан шатны шүүхэд ярьж байгаад хасаж тооцсон. Бусад хүмүүс нэхэмжлэгчид мөнгө төлөх ёстой гэж давж заалдах гомдолдоо дурдсан байгаа нь үндэслэлгүй. Энэ хавсаргаж өгсөн баримтыг нь бид ямар учиртай баримт гэдгийг мэдэхгүй байна. Ажиллуулж байсан хүмүүсийнхээ хурууны хээг дараад авсан гэх тайлбар өгсөн байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай анх мөнгө зээлсэн харилцаанд орсон болохоос биш хариуцагчийн ярьж байгаа шиг өөр хүмүүст мөнгө зээлсэн, өөр олон хүмүүс байгаа гэх үйл баримт байхгүй учраас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч М.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,401,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг багасган 4,222,656 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

2а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч М.А- нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр надаас 16,298 юань буюу 6,401,100 төгрөгийг зээлсэн бөгөөд уг мөнгийг төлөхөө илэрхийлж баримт үйлдсэн, дээрх мөнгөнөөс 2,178,444 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 4,222,656 төгрөгийг гаргуулна” гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч “Эрээн хотод Ж.Б-, Г.Б- бид хамтран ажиллахаар тохиролцож, Ж.Б-гээс мөнгө зээлэн ажиллуулах хүмүүсийн паспортыг чөлөөлсөн, Ж.Б- нь тухайн хүмүүсээс мөнгөө шаардах ёстой” гэх агуулгатай тайлбар гарган нэхэмжлэлээс татгалзсан байна. 

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

 

4.Хариуцагч М.А- нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн бичгийн баримтдаа “Мягмар овогтой Амгаланбаатар миний бие нь Ж.Б-д өгөх мөнгө 16,298 юань” гэжээ. /хх-ийн 4-р тал/. Уг бичгийн баримтыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасан байх ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг амаар байгуулж болох бөгөөд хариуцагч М.А- нь 16,298 юанийг нэхэмжлэгч Ж.Б-д төлөхөө илэрхийлж бичгийн баримт үйлдэж өгсөн. Иймд нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч М.А-аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч М.А- нь “бид хамтран ажиллаж ашгаа хуваахаар тохиролцсон, Ж.Б-гээс мөнгө авч ажил хийлгэх хүмүүсийн паспортыг чөлөөлсөн, тухайн хүмүүсээс мөнгөө шаардах ёстой” гэх тайлбараа хуульд зааснаар баримтаар нотлоогүй, мөн хэргийн 4 дүгээр талд авагдсан бичгээр гаргасан өрийг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг баримтаар үгүйсгээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.  

 

6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч М.А-аас 4,222,656.52 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

7.Түүнчлэн, хариуцагч давж заалдах гомдолдоо “Мөнх-Эрдэнэ 3311, Наранбаатар 3569, ... Дөлгөөн 4670” гэж бичиж хурууны хээ дарсан хуулбар баримтыг хавсаргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй тул давж заалдах шатны шүүх тус баримтыг маргааны үндэслэл болгоогүй болно.  

 

Иймд хариуацагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02751 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЗОЛЗАЯА

              

                                      ШҮҮГЧИД                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                        

                                                                                    Г.ДАВААДОРЖ