Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1095

 

 

                                                            О.***д холбогдох

                                                         эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Г.***, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав /цахимаар/

шүүгдэгч О.***, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/806 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.***д холбогдох эрүүгийн 2303 00299 0277 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

*** овогт ***ын ***, *** оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбоо мэдээллийн инженер мэргэжилтэй, ***ажилладаг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт, *** дүүргийн *** дүгээр хороо ***тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ***/

 

Шүүгдэгч О.*** нь: 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 13:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сансарын колонкийн уулзварын урд замд “Тоёота приус” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах: ***.14-т "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчсөний улмаас “Тоёота приус” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: О.***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *** овогт ***ын ***г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*** нь 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын *** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, мөн *** дүүргийн нутаг дэвсгэрээс өөрийн ажиллаж байгаа газарт зорчих үүргийг хүлээлгэж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргээ биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдээд, ялтан О.***д хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б. Насантунгалаг, шүүгдэгч О.*** нараас 2,474,292 төгрөг гаргуулж хохирогч Г.***т олгох, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***гаас 1,141,330 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.***гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ж.Тэгшмандал би О.***г гэрээгээр өмгөөлж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.17-ны өдрийн 2024/ШЦТ/806 дугаартай Шийтгэх тогтоолыг 2024.08.01-нд О.***гийн гардан авснаар хугацааг тоолон доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын 19 дэх хуудаст Шүүгдэгчийн өмгөөлөгч намайг "Хохирлын хэмжээн дээр маргаж байгаа учраас хэлэх тайлбар байхгүй" гэх дүгнэлтийг гаргасан гэжээ. Өмгөөлөгч миний бие О.***гийн үйлдэл түүний улмаас Г.***т хүндэвтэр хохирол үүссэн эсэх түүнд шалтгаант холбоо байгаа эсэх дээр маргасан тэр ч утгаараа гэм буруутайд тооцсоны дараа гэм буруу дээр маргаж байгаа тул хариуцлагын асуудлаар санал хэлэхгүй гэсэн үүнийг зориудаар орхигдуулж тогтоолд дурдсаныг зөвшөөрөхгүй байна. Нэгэнт гэм буруугийн асуудлаар маргаж байгаа нөхцөлд хохирлын хэмжээг хэлэлцэх нь агуулга, хэлбэрийн зөрчилтэй байдлыг үүсгэх ба миний өмгөөлөгчийн хувиар хэлсэн үг, саналыг мушгисан байдлаар шийтгэх тогтоолд бичигджээ.

2. О.***гийн өмгөөлөгчийн хувьд шинжээч эмч Н.Туяагийн 2023.05.05-ны өдрийн 5831 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үүнийгээ бүх шатны Прокурорын байгууллагад хандсан гомдолдоо дурдсан. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа гэмтлийг тодорхойлсон шинжилгээний хариунуудыг бүрэн үзэж танилцаагүй, гэмтлийг 2023.03.18-аас өмнө эсхүл хойш авсан байж болох эсэх талаар дүгнээгүй, 2023.05.02-нд дүгнэлт гаргах үед тухайн гэмтэлтэй байсан эсэх, 2023.03.18-05.02 хүртэл ямар нэгэн эмчилгээ шаардагдахгүйгээр явах боломжтой эсэх зэрэг олон асуултуудад хариулт өгөөгүй дүгнэлт эргэлзээтэй байгаа учир дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан ба О.***г оролцуулан хэргийн газрыг дахин заалгаж, нөхөн үзлэг, осол хэрэг гарсан газар дээр хэмжилт бүдүүвч зураг үйлдэж Зам тээврийн ослын болон  Гэмтлийн зэргийг тогтоох хамтарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтийг гаргасан байдаг. Гэтэл Шүүх эмнэлгийн шинжээч эмч, Техникийн шинжээч нарыг тус тусад нь Шинжээчээр томилсноос хэргийн талаар эргэлзээ үүсгэсэн нөхцөл байдлыг арилгах гэсэн миний хүсэлт биелэгдээгүй. Тээврийн хэрэгслүүд ар араасаа цувран зогсож байгаад баруун хажуу талаар гарсан зайгаар хажуу эгнээ рүү орох гэж 5 орчим километр цагийн хурдтайгаар зөрөх үедээ 2 тээврийн хэрэгсэл хажуу талаараа шүргэлцэхэд ямар нөхцөл байдал бий болох талаар болон тээврийн хэрэгслүүдийн масс, моторын багтаамж, хурд, осол гарахаас өмнөх болон дараагийн байрлал, хүчний үйлчлэл зэргийг харьцуулж коэффициент, баланс тэгшитгэл, физик, химийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэх, хүчний үйлчлэл, механизмын хувьд хүндэвтэр зэргийн гэмтэл учирч болох эсэхийг тогтоолгох хамтарсан Шинжээч нараар тусгай мэдлэгийн хүрээнд дүгнүүлэх хүсэлт Прокурорын байгууллагад гаргасныг үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн энэ нь ЭХХШТХ-д заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан асуудал тул гомдолтой байна. О.***гийн хувьд ослын улмаас Хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан гэдэгтэй маргадаг ба хэрэг зөрчил гарсан байдал, тээврийн хэрэгслүүд шүргэлцсэн ул мөр, нотлох баримтууд хохирогчийн удаа дараагийн эргэлзээ бүхий нөхцөл байдлуудаас Шинжилгээг шинжээчдийн Хамтарсан багаар ЭХХШТХ-н 27.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хийлгэснээр хэд хэдэн салбарын тусгай мэдлэг бүхий Шинжээчдийн баг таван километр цагийн хурдтайгаар тээврийн хэрэгслүүд хажуугаараа шүргэлцэхэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирч болох эсэхэд бодитойгоор дүгнэлт өгч чадах юм. Энэ талаар Анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэх үед Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсны дагуу шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024.03.05-ны өдөр 2024/Ш3/606 дугаартай Шүүгчийн захирамж гарган 3-н асуудлаар нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж үздэг. НЭХДЗШ-ны шүүх 2024.04.23-ны өдөр 2024/ДШМ/469 дугаартай магадлал гарган Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн Өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосны дараагаар хэргийг дахин шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгч өмнөх байр сууринаасаа илтэд өөр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. О.***гийн гэм буруугийн шүүх хуралдааны эцэст Өмгөөлөгчийн ЭХХШТХ-н 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоног хүртэл хоногоор хойшлуулах хүсэлтийг мөн адил үндэслэлгүйгээр хүлээж аваагүйд гомдолтой. Хэргийг бүхэлд нь үнэлж дүгнэсэн бол Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчин гомдол гаргасан байх хугацаанд нэмэлт мөрдөн байцаалтаар нэг талын эрх ашигт нийцүүлэн хохирогч шинжээч нараас 2023.10.27-нд мэдүүлэг гаргуулан авч, түүнийгээ гомдол шийдвэрлэх үндэслэл болгосон ЭХХШТХ-н ноцтой зөрчлийг арилгахаар шийдвэрлэх байсан. Зам тээврийн ослын талаар дүгнэлт гаргасан шинжээч нь хүний биед учирсан гэмтлийн талаар нарийн мэдлэггүй, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээч эмч нар нь физикийн хууль, тоо тооцоолол, хүчний харьцааг тооцож мэдэхгүй өөр өөрсдийн нэг талын мэдлэгээр дүгнэлт хийгээд хэргийн бодит нөхцөл байдлыг бүхэл дүр зураглалаар харж чадахгүй байгаа учраас хамтарсан шинжээчийн дүгнэлтийг /багаар/ бүрэлдэхүүнтэй гаргаж байж хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлт шийдвэрлэгдэж маргаан эцэглэгдэх ба хамтарсан Шинжээч нарын дүгнэлт нь өмнө нь гаргаж байсан одоо ч хэрэглэх боломжтой/ хууль хэрэглэхэд зарчмын хувьд ач холбогдолтой зүйлээр практик тогтоох ач  холбогдолтой гэж үзэж байна. Иймд О.***д холбогдох Эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 17- ны өдрийн 2024/ШЦТ/806 дугаартай Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Шинжилгээг Шинжээчдийн багаар гаргуулж гэм буруу хор хохирол түүнд Шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоож хэргийн бодит нөхцөл байдалд шударга дүгнэлт хийлгүүлэх боломж олгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.*** давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг би хүлээн зөвшөөрч байгаа ч жолоочид хүндэвтэр хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 120.000 төгрөг гэж гарсан ба ийм бага хохирол учирсан байхад уг тээврийн хэрэгсэл дотор сууж явсан жолоочид хүндэвтэр гэмтэл учрах ёсгүй гэж үзээд зөвшөөрөхгүй байна...” гэв.

Хохирогч Г.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би О.***д маш их гомдолтой байна. Хэрэг гарсны маргааш хүртэл дээрэлхэж, “Чамайг шүүхийн хаалгаар уйлаад гарахыг харна” гэж хэлж байсан...” гэв.

Хохирогч Г.***ийн өмгөөлөгч Ж.Баасанжав  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Осол 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр болсон бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолоороо шүүгдэгчийн гэм буруутай асуудлыг хангалттай тогтоосон гэж үзэж байна. Шүүх хохирогчид 2.474.292 төгрөгийг О.*** болон иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл хохирол, хор уршгийн асуудал барагдаагүй. Хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл Монгол Улсад эмчлэгдэхээргүй, гам барьж, гадаадад эмчлүүлэх шаардлагатай талаар эмч нар хэлсэн. Хохирогч нь бага насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эх юм. Шүүх цаашид гарах хор уршгаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог байхад хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй, хохирол төлбөр барагдаагүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн боловч шүүх тус хэргийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн учир гаргах хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбарыг хийсэн. Давж заалдах шатны шүүх хохирогчид учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэж, анхаарч үзнэ үү ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.***гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч О.*** нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 13:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сансарын түгээгүүрийн уулзварын урд замд “Тоёота приус” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ***.14-т "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчсөний улмаас “Тоёота приус” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Г.***: “...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчим Сансарын колонкын гэрлэн дохиотой уулзварын урд замд ертөнцийн зүгээр урдаасаа, хойшоо чиглэлд гэрлэн дохио хүлээгээд зогсож байтал автомашины араас баруун хойд талын буланг автомашин мөргөсөн. Би аваарын гэрлээ татаад буугаад очтол мөргөсөн жолооч залуу намайг загнаад эхэлсэн. Би 102-т дуудлага өгсөн чинь мөргөсөн жолооч машины бичиг баримт, жолооны үнэмлэхээ надад өгөөд “Маргааш, нөгөөдрөөс учраа олъё” гэхээр тэр залуугийн бичиг баримтыг өөр дээрээ аваад тэгээд ослын газраас хөдөлсөн. Тэгээд тэр өдрийн орой нь миний хүзүү, толгой хөшөөд байхаар өвчин намдаах эм уугаад унтсан. Өглөө босох гэтэл цээжээ даагдахаа байсан. Мөргөсөн жолооч руу залгаад бие өвдөөд байгаа талаараа хэлтэл “Чи чадахгүй, ослын газраас хөдөлсөн” гээд намайг загнаад байсан. Гэмтлийн эмнэлэг ороод зураг авхуулахад “Хүзүүний 5-6-р нугалмуудын хоорондын жийргэвч арагш цүлхийлттэй, нугасны сувгийн өмнөд зай нарийссан” гэсэн онош гарсан. Амбулаториор үзүүлсэн чинь эмч нь үзээд MRI авхуулахад “C5-C6-p нугалмуудын их биеийн арын ирмэгт остеофит ургалттай, мөгөөрсөн цагираr ар хэсэгтээ урагдалтай” гэсэн онош гарсан. 3 сар уухаар эм бичиж өгсөн. Орой болгон толгой хөшөөд байдаг болсон. Би жолоочийг хохирол мөнгийг гаргаад өгчих байх гэж бодсоор байгаад өдий хүртэл харсан. Мөргөсөн жолооч автомашины хохирол, эмчилгээний зардал мөнгийг төлөөгүй тул би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би машинтайгаа зогсож байтал тухайн автомашины жолооч нь араас ирж мөргөснөөс болж осол болсон. Автомашин мөргөснөөс болж хүзүү хүчтэй савалт өгөөд хүзүүнд гэмтэл учирсан гэж бодож байна.../1хх 33-34/ ...Миний хүзүүнд учирсан гэмтэл зам тээврийн ослын үед учирсан. Тэрнээс өмнө миний хүзүү, толгой зөв зүгээр байсан. Тэгээд тэр осол болсны оройноос эхлээд мөрөн дээр юм дарчихсан юм шиг хөшөөд өвдөөд байсан. Тэгээд маргааш нь өглөө цээжээ дааж чадахгүй өвдөөд эхэлсэн. Ийм учраас эмнэлэгт хандсан. Яг тэр ослын үед би суудлын бүсээ зүүгээд жолооны хүрдээ бариад тоормос гишгэчихсэн зогсож байсан. Мөргөх үед л хүзүү толгойгоо эвгүй савсан байх гэж бодож байна. Ямар нэгэн юм бол толгойгоороо мөргөөгүй, би бүстэй байсан.../1хх 37-38/ ...Би өмнө нь ямар ч гэмтэл авч байгаагүй. Тэр мөргөх үед руль дээрээсээ хоёр гараараа барьсан тоормос дээр хөлөө тавиад зогсож байсан. Хүчтэй саваад л гэмтсэн байх. Гэмтлийн эмч хамгийн сүүлд надад хэлэхдээ шаврын эмчилгээнд яв, наад хүзүүний хагалгаа чинь Монголд хийгддэггүй, гадаадад л хийгдэнэ, ирээдүйдээ та суумгай болно гэж надад хэлсэн.../1хх 198-200/ ...Сэтгэл санааны хохирлыг гуравдугаар зэргээр тогтоолгоход татгалзах зүйл байхгүй учраас шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй.../1хх 202, 2хх 47-48/,

- Иргэний хариуцагч Б.Насантунгалагийн: “...Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй боловч гэр бүлийн дундын хэрэглээнийх болохоор манай нөхөр ихэнх тохиолдолд жолооддог. Миний тээврийн хэрэгсэлд зам тээврийн осолд орсон гэхээр ил харагдах гэмтэл үүсээгүй байсан ба манай нөхөр зогсож байсан машины хажуугаар гарахдаа шүргэсэн гэж хэлсэн. Түүнээс хүн гэмтэхээр осол гэхээр юм болоогүй гэсэн. Миний хувьд гэм хорыг хариуцахгүй..." /1хх 39-42/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 5831 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Г.***ийн биед хүзүүний 5-6-р нугалмын жийргэвчийн цүлхийлт, мөгөөрсөн цагаригийн урагдал гэмтэл тогтоогдлоо. нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна…” /1хх 49-50/,

- Г.***ийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /1хх 64-65/,

- “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “...Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Нэгдүгээр тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, марк, хээ нь ижил, хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс ижил марк, хээ нь өөр өөр байна. Авто тээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн STENHOJ T-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд: хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: урд талын хоёр оврын гэрэл зөвшөөрөгдөөгүй өнгийн гэрэлтэй (цэнхэр), урд салхины шил зүүн гар талдаа бяцарч, цуурсан, урд гуфер зүүн гар талдаа будаг нь халцарсан, улсын дугаарын хоёр гэрэл асахгүй, хойд гуфер зүүн гар талдаа будаг нь халцарсан зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байв. Зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, урд талын хоёр оврын гэрэл зөвшөөрөгдөөгүй өнгийн гэрэлтэй (цэнхэр), урд салхины шил зүүн гар талдаа бяцарч, цуурсан, урд гуфер зүүн гар талдаа будаг нь халцарсан, улсын дугаарын хоёр гэрэл асахгүй, хойд гуфер зүүн гар талдаа будаг нь халцарсан зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байв. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, ABS систем хэвийн ажиллагаатай байна. Урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, ABS систем хэвийн ажиллагаатай байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2022 оны 05 дугаарын 04-ний өдөр ТХҮзэгт хамрагдаж тэнцсэн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ТХҮзлэгийн хугацаа дуусаж 2023 онд ТХҮзлэгт хамрагдаагүй байна…” /1хх 76-82/,

- мөрдөгчийн магадалгаа 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 9/5-13 /1хх 83-84/,

- гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /1хх 88-91/,

- гэрч С.Нямбаярын: “...Нугалам хоорондын жийргэвчний мөгөөрсний урагдал гэмтэл нь аяндаа архгаар үүсэж болно. Мөн хүнд осол гэмтлийн үед ч үүсэх боломжтой байдаг...” /1хх 196/

- Монгол Улсын Их сургуулийн нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2023.06.029-ний өдрийн 1/233 дугаар албан бичиг /1хх 212-213/,

- техникийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 06/09 дугаар дүгнэлт: “... ***улсын дугаартай "Тоёота Пруис" загварын автомашиныг жолоодож явсан жолооч О.*** нь МУ-ын ЗХД-ийн ***.14-р заалт буюу "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ******улсын дугаартай “Тоёота Приус" загварын автомашиныг жолоодож явсан жолооч Г.*** нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. Зам тээврийн осол гарахад, замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. ***улсын дугаартай "Тоёота Пруис" загварын автомашиныг жолоодож явсан жолооч О.*** нь МУ-ын ЗХД-ийн ***.14-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн ***улсын дугаартай "Тоёота Приус" загварын автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. Зогсож байгаа автомашины жолоочийн тухайн үед хийсэн үйлдлээс хамаарах асуултууд байгаа тул О.***гийн асуултуудад техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй байна...” /1хх 222-223/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 840 дугаар шинжээчийн “...Г.***ийн биед хүзүүний 5-6-р нугалмын жийргэвчийн цүлхийлт, мөгөөрсөн цагаригийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2023.03.18-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, тухайлбал цохих, цохигдох, зам тээврийн ослын улмаас хүзүү савагдах үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.*** нь 2023.03.15-16-ны өдрүүдэд уг гэмтлийг авсан гэх шинж байдал, эмнэлгийн бичиг баримт тогтоогдсонгүй. Г.***ийн биед хүзүүний 5,6-р нугалмын их биед яс ургалт өөрчлөлт тогтоогдсон ба дээрх хүзүүний 5-6-р нугалмын жийргэвчийн цүлхийлт, мөгөөрсөн цагаригийн урагдал гэмтэлтэй шалтгаант холбоогүй архаг өөрчлөлт байна. Урьд гаргасан шинжээчийн 2023.05.05-ны 5831 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Г.***ийн биед учирсан "хүзүүний 5-6-р нугалмын мөгөөрсөн цагаригийн урагдал" гэмтэл нь цаг хугацааны явцад өөрөө үүсэх боломжгүй...” дүгнэлт /1хх 228-232/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1хх 242/,

- шинжээч эмч Б.Сэргэлэнгийн: “... Г.*** хэрэв 2023.3.15-16-ны өдрүүдэд дээрх гэмтлүүдийг авсан тохиолдолд хүзүүгээр хүчтэй өвдөх, хөдөлгөж чадахгүй болох зэрэг зовууриуд гэмтэл авсан даруйгаас үүсэж эхэлнэ. Г.*** нь 2023.3.18-ны өдөр осолд орж дээрх зовууриуд илэрч 2023.3.19-ний өдөр эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэхэд жийргэвч мөгөөрсний урагдал, цүлхийлт оношлогдсон нь 2023.3.18-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл гэдгийг илтгэж байгаа..." /2хх 50/,

- шинжээч эмч С. Чулуунсүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: :...Г.*** нь 2023 оны 3 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд дээрх гэмтлийг авсан тохиолдолд гэмтсэн даруй өвдөлт, зовуурь илэрч эмнэлгийн байгууллагад хандах байсан. Харин 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэмтэлтэй холбоотой 3 дугаар сарын 19-ний өдөр хүзүүний КГТ шинжилгээ хийлгэхэд хүзүүний 5, 6 дугаар нугалмын жийргэвч цүлхийлт мөгөөрсөн цагаригийн урагдал гэмтэл тогтоогдсон байна. Иймд дээрх гэмтлийг 2023.3.15-16-ны өдрүүдэд үүсээгүй 2023.3.18-ны өдөр үүссэн гэмтэл гэж үзнэ..." /2 хх 52/,

- шинжээч эмч О. Нансалмаагийн: “...2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн "Г.***ийн биед учирсан дээрх гэмтэл нь учирсан даруй эмнэл зүйн зовуурь, шаналгаа өгнө. 2023.3.15-16-ны өдрүүдэд тухайн хүний зовуурь өгч эмнэлгийн байгууллагад хандсан эмнэлгийн бичиг, баримт байхгүй байна. Тиймээс дээрх 2023.3.15-16-ны өдрүүдэд үүсээгүй байна..." /2хх 54/,

- Насанд хүрээгүй гэрч С.Хүсэлбаярын өгсөн: “...маргааш өглөө нь ээж босож чадахгүй, эгч бид хоёр босгож өгсөн. Тэгээд эгч ирээд ээжийн машиныг бариад ээжийг эмнэлэгт хүргэж өгсөн. Ээж хоёр дахь удаагаа мөргүүлээд тэгээд гэрт унтаад маргааш өглөө нь босож чадахгүй байсан юм..." /2хх 71/,

 - дүрс оношилгооны /MRI/ шинжилгээний хариу /1хх 53-55, 61, 65/, Гэмтэл согог судлалын төвд үзлэг хийлгэсэн талаарх баримт /1хх 56-60/, Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /1хх 88-91/, Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-н Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /1хх 76-80/,

- Г.*** нь эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ үйлчилгээ авч байсан талаарх баримтууд /1хх 93-121/,

- Хөрөнгийн үнэлгээний "Кости-Эстимэйт ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тоёота приус маркийн ***... үнэлгээгээр тогтоогдсон дүн: “100,000 төгрөг." гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 70/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тухайлбал, хохирогчийн биед учирсан гэмтэлтэй холбоотой удаа дараагийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мэдүүлгээр хохирогч Г.***ийн биед учирсан “Хүзүүний 5-6-р нугалмын мөгөөрсөн цагиргийн урагдал” гэмтэл нь цаг хугацааны явцад өөрөө үүсэх боломжгүй, шүүгдэгч О.***гийн 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гаргасан зам тээврийн ослын улмаас учирсан болох нь тогтоогдсон.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, “шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэх хуулийн шаардлагыг хангажээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.***г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд зааснаар “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй” гэж үзвэл нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэхээр заасан бөгөөд хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 5831 дугаар, 9 сарын 15-ны өдрийн 840 дугаартай дүгнэлтүүдийг гаргахдаа хийсэн үзлэг, шинжилгээ, хэргийн бусад баримтыг шинжлэн судлахад энэхүү дүгнэлтийг нотлох баримтаар тооцох, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход үндэслэл бүхий эргэлзээтэй байдал гараагүй, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтийг хууль бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар мэргэшсэн этгээдийг шинжээчээр томилдог бөгөөд тухайн хэрэгт шинжилгээг нэг (1хх 49-50) болон гурван шинжээчийн (1хх 228-232) бүрэлдэхүүнтэйгээр тус тус хийсэн, хохирогч Г.***ийн авсан гэмтэл зэргийн талаар нэгдмэл агуулгатай дүгнэлт хийсэн байгааг шүүгдэгчийн гэм бурууг тогтоохдоо харгалзан шийдвэр гаргасан байна.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасанчлан шүүгдэгч О.***гийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд УИХ-аас 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр өөрчлөлт оруулж оногдуулах ялын хэмжээг хүндрүүлсэн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байгаа нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч О.***гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 806 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 806 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ