Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 118

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:     

      Улсын яллагч                                                    Д.Нямдэлэг

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                        М.Отгонбаяр

      Нарийн бичгийн даргаар                       С.Энхтайван нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Хавиу овогт Доржсэмбийн Мөнхбатад холбогдох 1831000430098 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг,  Баянхаан 2 дугаар хэсгийн 130 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хавиу овогт, Доржсэмбийн Мөнхбат, РД:/ТЛ-65092062/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Мөнхбат нь  2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Олон улсын худалдааны төв”-ийн иргэн Б.Золбоогийн гээгдүүлсэн гар утсыг олж хууль ёсны эзэмшигчид нь буцаан өгөлгүйгээр завшсаны улмаас бусдад 829.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч Д.Мөнхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Тухайн өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би дүү Д.Отгонсүрэнгийн хамт Олон улсын худалдааны төвд байдаг “Капитал банкны салбараас одонгийн мөнгө аваад буцаж гарч яваад машины зогсоолын тэндээс хар өнгийн утасны гадаргуу мэт зүйл байхаар нь өшиглөж үзээд хөлөнд хүнд санагдахаар нь аваад хартал хар өнгийн гар утас байсан. Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буяны ажилд оролцохоор явах ёстой байсан тул эзэнд нь утсыг нь өгөх боломж гараагүй. Тэгээд удалгүй эзэн нь залгахад нь шагналынхаа мөнгийг өгөөд утсаа аваарай гэж хэлсэн гэв.

2.Хохирогч Б.Золбоогийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр.....Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Мобикомын салбар дээр үйлчлүүлж байгаад ажил тарахын өмнө гэрээ хийгээд “Samsung J-7” маркийн гар утсыг лизингээр худалдаж авсан. Ажил тарж байсан учраас гар утасны төлөлтийг 02 дугаар сарын 21-ний өдөр гэж гэрээ байгуулж 2 тал гарын үсгээ зурсан. Би дараа өдөр нь буюу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн, Ерөө сумын нутаг дэвсгэрт байх ажлын байр луу гаа явах гэж байсан учраас өглөө явахаасаа өмнө 11 цаг өнгөрч байхад Олон улсын худалдааны төв орж тамхи аваад тэндээсээ гараад хуучин зах явах санаатай явж байгаад утсаар ярих гээд гар утсаа хармаандаа үзэхэд миний гар утас байхгүй байсан. Би зах руу явж байсан аа замаасаа хазайгаад гэртээ очиж эгчийнхээ гар утсаар өөрийн 99974087 дугаарын утас руу залгахад нэг эмэгтэй хүн утас авахаар нь “ эгчээ би утсаа хаясан байна, шагналыг нь өгөөд утсаа авъя, байгаа газар чинь яваад очъё” гэхэд утасны цаана байсан эгч “би энэ утсыг Олон улсын худалдааны төвийн гаднаас олсон, би завгүй байна шагналаа өгөөд ав” гэж хэлээд яриа тасарсан. Би буцаагаад залгахад миний утас унтарсан байна гэсэн дохио надад өгсөн.Түүнээс хойш миний дугаар холбогдоогүй. Миний гар утсанд цэнэг хангалттай байсан. Цэнэгнээс болон өөр гадны ямар нэгэн нөлөөгүйгээр гар утас унтрах ямар ч боломж байхгүй. Тэр хүн санаатай миний утсыг унтраасан. Би гар утсаа олж авсан тул надад гомдол санал байхгүй. Миний утсыг олсон гэх хүнд хөнгөн ял оногдуулахыг хүсч байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/

3.Гэрч Ж.Буяндэлгэрийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Манай хүүхэд Баяраагийн Золбоо өнөөдөр 10 цаг өнгөрч байхад самсунг жи-7 загварын хар өнгийн гар утсаа алга болгосон гэж надад хэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Мобикомын салбараас 829.000 төгрөгийн үнэтэй гар утсыг лизингээр авсан. Уг гар утас хар өнгийн гадаргуутай, дэлгэц нь шилэн наалт байхгүй гар утас байсан. Ямар нэгэн хэрэглээний сэв байхгүй. Манай хүү өглөө 10 цаг өнгөрч байхад гар утасныхаа дэлгэцэнд шилэн наалт наалгуулах гэж шинэ худалдааны төв руу явсан гэсэн. Тэнд нь гар утасны шилэн наалт байхгүй болохоор Гамбаагийн лангуунаас тамхи аваад шинэ худалдааны төвөөс гараад Гурван мэргэд зах дээр очиж тэндээсээ шууд гэр рүү гээ 11 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн хойноо гар утсаа алга болгосон гэдгээ мэдсэн гэсэн. Тэгээд хүү маань эгчийнхээ 88906776 утаснаас өөрийнхөө уг алга болгосон 99974087 дугаарын  утас руу залгасан чинь нэг эмэгтэй хүүгийн маань алга болгосон гар утсыг аваад “би энэ утсыг шинэ худалдааны төвөөс олсон, шагналаа өгч байж гар утсаа ав” гэж ярьсан гэсэн. Тэгэхээр нь манай хүү “хэдэн төгрөг өгөх вэ би хөдөө ажил руу гаа явж байна” гэсэн чинь нөгөө гар утас олсон эмэгтэй “би завгүй байна Улаанбаатар хот руу явж байна”  гэж хэлээд гар утсыг нь унтраачихсан гэсэн. Манай хүү гар утсаа хулгайд алдаагүй байх харин хаясан байж магадгүй. Надад миний хүүгийн гар утсыг хулгайлсан байж магадгүй гэж сэжиглэж байгаа хүн байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дугаар хуудас/

4. Д.Мөнхбат нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн... Би дүү Отгонсүрэнгийнхээ хамт 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ гараад Сэлэнгэ олон улсын худалдааны төв орж Капитал банкнаас одонгийн мөнгө болох 100.000 төгрөгөө авчхаад буцаад уг худалдааны төвөөс гарч явахдаа үүдэнд нь байдаг такси зогсоолын тэндээс хар өнгөтэй хавтгай дэлгэцтэй нимгэн гар утас олсон. Уг гар утсыг олоход 10 цаг өнгөрч байсан байх би хэдэн цаг хэдэн минутын үед гар утсыг олсон гэдгээ санахгүй байна. Уг гар утсыг намайг олох үед ойр хавьд дүү Отгонсүрэнгээс өөр хүн харагдахгүй болохоор би уг гар утсыг авсан. Тэгээд Сэлэнгэ олон улсын худалдааны төвөөс гараад уг төвийн хажуухан талд нь байдаг дүү Байгалмаагийн гэрт гэрт очсон тэндээсээ би Улаанбаатарт хот руу буяны ажил гараад хүргэн Эрдэнэбилэгийн приүс-10 загварын 89-03 дугаарын машинтай тэр өдрийн 11 цаг өнгөрөөгөөд Сүхбаатар сумаас гарсан. Намайг уг машин дотор явж байхад гар утас дуугараад байсан чинь манай дүү Отгонсүрэн аваад “бид нар буяны ажил гараад Улаанбаатар хот руу явж байна яараад байна” гэж хэлээд уг гар утсыг манай дүү Отгонсүрэн унтраасан. Тэгээд би уг олсон гар утсаа Улаанбаатар хот руу авч яваад Батлан хамгаалахын их сургуулийн холбооны 2 дугаар курсэд сурдаг охин Батжаргалын Уранчимэг өгсөн. Миний олсон гар утас шинэ утас байх шиг байсан. Уг гар утас хар өнгөтэй байсан. Намайг олоход уг гар утас гадна талаараа гэргүй байсан. Одоо уг гар утас миний охин Уранчимэгт байгаа. Миний олсон тэр утас аль зэрэг цэнэгтэй байсан гэдгийг би анзаараагүй. Манай дүү Отгонсүрэн тэр хүнтэй утсаар ярьсны дараа унтраачихсан. Манай дүү уг гар утас дэлгэцэн дээрээ кодтой байна. Гэж надад хэлж байсан. Уг гар утсанд ногоон өнгийн Юнителийн сим карт байхаар нь би уг гар утаснаас аваад цаасанд боогоод цүнхэндээ хийсэн. Гэхдээ одоо уг сим карт хаана байгааг мэдэхгүй байна. Надад болон манай дүү нарт буяны ажил гарчхаад Улаанбаатар хот руу явж байсан болохоор уг гар утсыг эзэнд нь буцааж өгөх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Би уг гар утсыг олчихоод цагдаагийн байгууллагын ажилтанд энэ талаар мэдэгдээгүй....гэх мэдүүлэг /хавтас хэргийн 21-22 дугаар хуудас/

 5.Гэрч Б.Уранчимэгийн 2018 оны 04 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би самсунг жи-7 маркийн гар утсыг өөрийн ээж Д.Мөнхбатаас 2018 оны 02 дугаар сард авсан. Тухайн утсыг манай ээж Олон улсын худалдааны төвийн хажуунаас олсон гэсэн. Уг утас нь зураасан кодтой байсан учраас тухайн утасны кодыг гаргуулахаар Хархорин зах дээр очиж гар утас засварын газраар кодыг нь гаргуулан өөрийн 99978761 гэсэн дугаарыг хийж ашигласан. Би тухайн утсыг хувьдаа завших санаа зорилго байгаагүй. Эзэнд нь буцааж өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/

6.Гэрч Д.Отгонсүрэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эгч Д.Мөнхбатын гэрт Шаамар сумаас ирсэн. Маргааш нь би эгчтэйгээ хамт гэрээс нь 10 цагийн орчим гарч Сэлэнгэ олон улсын худалдааны төв рүү явсан. Эгч тус худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах Капитал банкнаас алдарт эхийн 2 дугаар одонгийн мөнгө болох 100.000 төгрөгөө аваад буцаад тус худалдааны төвөөс гарч явахдаа такси зогсоолын ойролцооноос манай эгч хар хөх өнгийн гар утас олсон. Эгчийг уг гар утсыг олох үед ойр хавьд надаас өөр хүн харагдаагүй. Тэгээд гар утсыг олоод Сэлэнгэ олон улсын худалдааны төвийн урд байдаг эгч Д.Байгалмаагийн гэрт бид хоёр очсон тэдний гэрт 10 минут орчим болоод гэрийнх нь үүднээс шууд Улаанбаатар хот руу нөхөр Эрдэнэбилэг, эгч Д.Байгалмаа, Д.Мөнхбат, охин Э.Эрдэнэсувд нарын хамт явсан. Бид нарыг замд явж байхад Шаамар зургаагаас цаашаагаа 4 зам ороогүй байхад эгчийн олсон уг гар утас руу юнителийн дугаараас залгахаар нь би аваад ярьсан чинь “эгчээ би утсаа алга болгочихсон юм аа хаана очиж авах вэ” гэж надаас асуухаар нь би Улаанбаатар хот руу буяны ажил гараад явж байна буцаж Сэлэнгэ рүү явж чадахгүй гэж хэлсэн чинь уг олсон утасны сүлжээ нь тасарчихсан. Тэгээд гар утас унтарчихсан. Эгч Д.Мөнхбат олсон гар утсаа Улаанбаатар хотод байдаг охин Б.Уранчимэгтээ үлдээгээд Сэлэнгэдээ 2018 оны 02 дугаар сарын 27-ны шөнө ирсэн. Эгчийн олсон гар утас Самсунг жи-7 загварын хар хөх өнгийн шинэвтэр утас байсан. Гадна талдаа утасны гэр байгаагүй. Эгчийн олсон утас хэр зэрэг цэнэгтэй байсныг нь би мэдэхгүй байна. Уг гар утас дэлгэцэн дээрээ кодтой байсан. Мөн уг гар утас юнител, мобикомын 2 ширхэг сим карттай байсан. Би бусдын хаягдал гээгдэл эд зүйлсийг олсны дараа энэ талаар цагдаагийн байгууллагад ханддаг гэдгийг сая л ойлгож мэдлээ ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

7.Гэрч Г.Уртнасангийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би 2018 оны 02 дугаар сарын 17-20 ны хооронд дүүгийн найз Б.Уранчимгээс жи-7 маркийн гар утсыг Iphone-6 маркийн гар утсаар сольж авсан. Тэгээд удалгүй байж байтал 2018 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймгийн цагдаагаас залгаад “наад утас чинь хулгайд болон хаяж гээсэн утас аль болох нь мэдэгдэхгүй байна”. “Кодоор нь шүүлгэсэн чинь таны 80140997 гэсэн дугаар гарч ирж байна”” гэсэн. Тэгэхээр нь Б.Уранчимэг рүү залгаад энэ утас чинь яг ямар учиртай утас юм бэ? над руу Сэлэнгийн цагдаагаас залгаад байна” гэсэн чинь Б.Уранчимэг “наад утсыг манай ээж Олон улсын худалдааны төвөөс олоод надад өгсөн юм гэж” Тэгсэн чинь Б.Уранчимэг та наад утсаа буцаагаад өгчих би өнөө орой наад утсыг чинь аваад Сэлэнгэ явлаа гэхээр нь би Сэлэнгийн цагдаа руу залгаад гар утсыг нь өгөөд явуулчих юм уу гэж асуугаад өгч явуулсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

8.Гэрч А.Эрдэнэтуяагийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн... Би 2007 оноос хойш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг 130б тоотод ирж суурьшин хажуу хөрш айлын Д.Мөнхбат, Б.Уранчимэг нарыг мэдэх болсон. Би Д.Мөнхбат, Б.Уранчимэг нартай ураг төрлийн холбоо байхгүй. Д.Мөнхбат эгч нь хийсэн тодорхой ажилгүй. Гэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй одоо загас утаж зах дээр зарж байгаа. Д.Мөнхбат нь настай хүний хувьд надад маш их зөвлөгөө өгч ингэж болохгүй тэгж болохгүй гэдгийг зааж зааварлаж байдаг. Би сайн ээж сайн хөрш гэж хэлмээр байна. Хүүхдүүдээ ч зөв хүмүүжилтэй өсгөсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

9.Гэрч Б.Урантөгсийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн... Би Б.Уранчимэгтэй 12 жилийн 1 дүгээр сургуульд хамт суралцаж найзалж өссөн. Бид 2 нэг зүгт явдаг байсан болохоор нэг нэгнийгээ маш сайн мэддэг. Манай Б.Уранчимэг ааш зангийн хувьд дөлгөөхөн ааштай бусадтай нийтэч бусдад өөрийгөө ойлгуулж удирдан манлайлах чадвартай. Анги хамт олон дундаа нэр хүнд сайтай. Хичээлээс гадуур зохиосон арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцдог байсан. Би Их засаг их сургуульд сурч байхад Б.Уранчимэг ангийн хүүхдүүдтэйгээ их ойр дотно бусдад их халамж анхаарал хандуулдаг байсан. Найз нөхөддөө их тусч намайг сургуульдаа суралцахгүй орхиж байхад намайг тэгч болохгүй гэж хамгийн их хэлсэн хүн нь манай ангийн Б.Уранчимэг л байсан. Бид нарыг удирдаж зохион байгуулахдаа маш сайн. Ер нь нийгмийн идэвхи сайн гэж хэлэх юм уу даа....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

10. Гэрч Д.Балжмаагийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн... Манай төрсөн дүү нас бараад буяны ажилд оролцохоор 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Байгалмаагийн гэрт очоод байж байхад гаднаас манай том эгч Д.Мөнхбат, бага дүү Д.Отгонсүрэн нар нь орж ирээд удаагүй байхад машин ирээд бид нар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод бид нар ажил явдалд оролцоод Сэлэнгэ аймаг руу явахын урдхан манай том эгч Д.Мөнхбат утас олсон талаар ярьж байсан. Д.Мөнхбат “хэнийх гэдгийг нь мэдэхгүй Олон улсын худалдааны төвийн урд машины зам дээрээс олсон” гэж хэлж байсан. Тухайн үед сонсоод л өнгөрсөн. Тэр гар утсыг яасан талаар мэдээгүй. Сая л нэг хүүхэддээ өгсөн гэдгийг нь мэдлээ тухайн үед манай төрсөн дүү өнгөрөөд сэтгэл санаа хэвийн байгаагүй. Манай эгч олсон гар утсаа эзэнд нь өгчих юмсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

11. Гэрч У.Сайнтуяагийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн... Би зах дээр утсан загас зараад 18 жил болж байна. Д.Мөнхбат эгч нь надаас сүүлд зах дээр утсан загас зарах болсон. Д.Мөнхбат эгч өдрийн бүхий л цагт хамт байж наймаагаа хийдэг. Элдэв муу зуршил байхгүй. Ер нь хүнд их тусч... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

12.Үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 31-32  дугаар  хуудас/

13. Яллагдагч Д.Мөнхбатын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг/ хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/

14. Яллагдагч Б.Уранчимэгийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас

15. Юнител компаниас ирүүлсэн албан тоотын хариу /хавтаст хэргийн 52-57 дугаар хуудас

16.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 63 дугаар  хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Доржсэмбийн Мөнхбатыг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Олон улсын худалдааны төв”-ийн урд талбайгаас иргэн Б.Золбоогийн гээгдүүлсэн гар утсыг олж хууль ёсны эзэмшигчид нь буцаан өгөлгүйгээр завшсаны улмаас бусдад 829.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв. Учир нь:

  Шүүгдэгч Д.Мөнхбат нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Олон улсын худалдааны төв”-ийн урд талбайгаас иргэн Б.Золбоогийн гээгдүүлсэн гар утсыг олж аваад зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр завшсаны улмаас бусдад 829.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. 

     Шүүгдэгч, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын үйлдсэн тогтоол болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

   Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Д.Мөнхбатад  Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж Шүүх үзлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хавиуд овогт Доржсэмбийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Доржсэмбийн Мөнхбатад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

5.Ялтан Д.Мөнхбат нь уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдсугай. 

 6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ