Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2026/0400

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* овогт Х*******ийн А*******, РД:АЙ*******, өмгөөлөгч Э.Т*******,

Хариуцагч: Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******,

Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******аа нарын хоорондын  “Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай” 05/20654 тоот албан бичиг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т*******, хариуцагч Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******, хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******аа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Авлигатай тэмцэх газраас 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/20654 тоот албан бичгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хандан “... хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй дээрх албан тушаалтанд Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн хариуцлага тооцох, ингэхдээ Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргаж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх хариуг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор тус газарт ирүүлнэ үү” гэсэн.

1.2. Улмаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар Х.А*******г нийтийн албанаас халах хариуцлага тооцжээ.

1.3. Нэхэмжлэгчээс дээрх албан бичиг болон тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай” 05/20654 тоот албан бичиг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Х.А******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Х*******ийн А******* миний бие нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар 2023 оноос хойш томилогдсон бөгөөд улсад 19 жил, үүнээс төрийн захиргааны алба буюу нийгмийн хамгааллын салбарт 18 жил ажилласан. ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байгаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б/160 дугаартай тушаалаар нийтийн албанаас халагдсан.

Нийтийн албанаас халах болсон үндэслэл нь Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай” 05/20654 тоот албан бичигт өөрийн төрсөн дүү болох Х.А*******ыг жолоочийн ажилд томилж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.

******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд жолоочийн орон тоо байсан боловч жолоочоор ажиллаж байсан Д.Ц нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг хугацаанаас хойш жолоочгүй, байгууллагын авто машиныг жолоодох хүнгүй байсан. Ийнхүү жолоочийн орон тоо сул байсан тул уг орон тоонд иргэдээс сонгон шалгаруулж авч ажиллуулахаар фэйсбүүк олон нийтийн сүлжээн дэх “******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” гэх цахим хуудсаар дамжуулан 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Жолоочийн сул орон тоонд сонгон шалгаруулж ажилд авах” зарыг байршуулсан.

Уг зарыг байршуулсны дагуу Х.А*******, Д.М нарын 2 иргэнээс ажилд ажилд орох хүсэлт болон холбогдох материалаа ирүүлснийг үндэслэн хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хүлээн авч улмаар надад танилцуулсан. Дээрх хүсэлтээ ирүүлсэн 2 иргэнээс Х.А******* нь миний төрсөн дүү байсан тул миний бие 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байгууллагын хуралд Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сонгон шалгаруулах шийдвэр гаргах ажиллагаанд оролцох боломжгүй талаараа мэдэгдэж улмаар Захиргаа хяналтын хэлтсийн дарга Д.Мт шалгаруулалтыг зохион байгуулахыг ажлыг шилжүүлсэн. Ийнхүү хурлаар хэлэлцэж Х.А*******ыг жолоочоор буюу төрийн үйлчилгээний албан тушаалд томилуулахаар санал ирүүлснийг байгууллагын даргын хувьд албажуулж 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/22 дугаартай тушаал гаргасан.

Х.А******* нь тус байгууллагад жолоочоор ажиллаж байгаад 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр орон тооны цомхотголоор Б/56 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Жолоочоор Х.А*******ыг ажилд авах сонгон шалгаруулалтыг миний оролцоогүйгээр болсон бөгөөд зөвхөн ажилд томилох тушаал гаргаж албажуулсан болно. Тус газрын жолооч 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд тухайн байгууллагын машин нь хуучирч муудсан жолоочоор ажиллах хүн олдохгүй, мэргэжилтэн ажилтнаар жолоочоо хийгээд явж байсан тул авто машины засвар үйлчилгээ хийгдэхгүй ажил үйлчилгээ явуулахад хүндрэл учирч байсан.

2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар өөрийн төрсөн дүү болох Х.А*******ыг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт жолоочоор томилсон боловч сонгон шалгаруулах ажиллагаанд оролцоогүй, Х.А******* нь ШУТИС-ийг инженерээр төгссөн авто талдаа сайн өөрийн нөөц боломжоороо засвар үйлчилгээг тухай бүр хийдэг байсан. Жолооч нь тухайн байгууллагын бодлогын баримт бичиг, хяналт шалгалт, санхүү нягтлан нярав.... гэх мэт шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдоггүй. Хүний амь нас эрүүл мэнд юунаас ч чухал гэж харсан (байгууллагын унаа баталгаагүй) учраас зарим үед хувийн унаагаар нь төрийн ажлыг залгуулах тохиолдол ч байсан.

Нөгөө талаас намайг буруутгаж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд миний бие Х.А*******ыг ажилд томилох тушаал гаргасан нь захиргааны шийдвэрт хамаарахгүй талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад сонсох ажиллагааны тайлбарт тодорхой бичиж өгсөн. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай” 05/20654 тоот албан бичигт Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан Албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолт, хязгаарлалт буюу 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж зөрчсөн гэж дурдсан боловч энэхүү дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд тус хуулийн 11.1 дэх хэсэгт Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:

11.1.1.захиргааны акт,

11.1.2.захиргааны гэрээ,

11.1.3.захиргааны хэм хэмжээний акт гэжээ.

Дээрхээс үзвэл төрийн үйлчилгээний албан тушаалтныг томилох чөлөөлөхтэй холбоотой гарч буй аливаа тушаал шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль буюу хувийн эрх зүйн хэм хэмжээнд үндэслэгддэг тул тухайн тушаал шийдвэрүүд нь захиргааны актад хамаардаггүй. Харин төрийн жинхэнэ албан тушаалтан буюу төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийг ажилд томилох, чөлөөлөх тушаал шийдвэр нь захиргааны актад хамаардаг.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу Х.А*******ыг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт жолоочийн ажилд томилсон 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаал нь захиргааны акт буюу захиргааны шийдвэр биш тул Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан Албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолт, хязгаарлалт буюу 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай” 05/20654 тоот албан бичиг нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлсэн захиргааны акт гэж үзэж байна.

Дээрх хуульд нийцээгүй захиргааны актад үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б/160 дугаартай тушаал гаргаж нийтийн албанаас халах хариуцлага тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б/160 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн шийдвэр болсон. Түүнчлэн сонсох ажиллагааны явцад хуулийн зөрчил үүссэн гэж үзэхгүй тухай үндэслэл бүхий тайлбараа гаргасан боловч шийдвэр гаргах ажиллагаанд харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Нийтийн албанаас халах хариуцлага тооцсонтой холбоотой гомдлыг Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөл шийдвэрлэхээр холбогдох хууль, журамд заагаагүй Авлигатай тэмцэх газрын дээд шатны захиргааны байгууллага байхгүй, нийтийн албанаас буюу төрийн албанаас халах арга хэмжээтэй холбоотой шүүхэд хандахаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасан тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Х.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагад жолоочийн орон тоо байхад миний дүү өөрөө уг албан тушаалд орохоор хүсэлтээ өгсөн. Иймд миний бие албан тушаалтныг сонгон шалгаруулах ажлын хэсэгт орохоос татгалзаж, зохион байгуулахад оролцоогүй.

Захиргаа хяналтын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалт хийсэн. Сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулсан ба нэг хүн давхар өрсөлдөж байсан. Жолоочийн ажилд манай байгууллагын старекс маркийн  Солонгос Улсын автомашин 14 гаруй жил явсан, ингээд хугацаа нь дуусчихсан, явах боломжгүй машинтай байсан. Миний дүү их сургууль төгссөн инженер, техникийн талаар туршлагатай. Мэдээж жолоочийн албан тушаал нь шийдвэр гаргах түвшний ажил биш гэж харж байсан. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ажил чухал юм. Манай байгууллагад төсөл хөтөлбөр, хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн эрүүл ахуй улсын байцаагч нар ажилладаг, хоёр байцаагчтай. Хяналт шалгалтаар болон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн дагуу хөдөө орон нутагт явах шаардлагууд их байдаг учраас жолоочийн хомсдолын асуудлыг шийдвэрлэсэн гэж харж байна. Ийнхүү Х.А******* 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл жолоочоор ажилласан. 09 дүгээр сараас улс даяар 9 хувийн цомхотголын асуудал яригдаж байсан. ******* аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар өмнө нь 51 орон тоотой байсан ба 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 46 орон тоотой болж багассан. Миний бие өөрийн төрсөн дүүдээ давуу байдал олгож, ажлын байрыг нь хадгалж үлдээгүй. 09 дүгээр сарын 30-ны өдрөөс орон тооны 9 хувийн цомхотгохлоор манай байгууллагаас таван хүнийг ажлаас нь чөлөөлөх ёстой байсан учраас хамгийн түрүүнд дүүгээ чөлөөлж, жолоочийн орон тоог хассан.

Хөдөө орон нутагт хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаггүй нь харагдаж байсан. Ажлын байрны тодорхойлолтын дагуу эрх зүйн хэм хэмжээндээ захирагддаггүй, шалгуур шаардлагыг хангадаггүй хүмүүсийг ажиллуулдаг. Тухайн ажлын байрны нэршил өөрчлөгдсөнтэй холбоотой 2 хүнийг чөлөөлснөөр надад холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгасан. Энэ хүмүүс надад холбогдуулан Авлигатай тэмцэх газарт жолоочийн орон тооны асуудлаар болон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны асуудлуудаар гомдол гаргасан. Би хүндэтгэлтэй хандсан, шаардлагатай баримтуудыг Авлигатай тэмцэх газарт цаг тухай бүрд өгч байсан. 11 дүгээр сард Авлигатай тэмцэх газрын шалгалт хийгдсэн. Дээрх 2 иргэн нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, давж заалдах шатны шүүх хүртэл хэлэлцээд Х.А******* намайг хуулийн дагуу шийдвэр гаргасан гэдгийг тогтоосон. Ийнхүү 12 дугаар сард Авлигатай тэмцэх газрын шийдвэрийг үндэслээд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга шийдвэр гаргасан. Жолооч ямар нэгэн шийдвэр гаргах түвшний ажил биш, түргэн шуурхай очиж төрийн үйлчилгээг гүйцэтгэх зохион байгуулалтыг хангах үүрэгтэй. Миний хувьд нягтлан гэх мэт албан тушаалд аваагүй гэдгийг сонсох ажиллагааны үеэр тайлбарлаж байсан. Хүн алдаа гаргах тохиолдол байдаг. Тийм учраас уг шийдвэрийг дахин дүгнүүлэхийг хүсэж байна. Улмаар би халагдах ёстой юм байна гээд 12 дугаар сарын 25-ны өдрөөр ажлаа өгсөн. Захиргааны хэргийн шүүхэд би өмнө нь хандаж байсан учраас эргэлзээ байгаагүй, ямар ч байсан байгууллагуудын шийдвэр үнэн эсхүл алдаатай шийдвэрүүд эсэхийг хянуулж, шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Миний энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Маргаан бүхий үйл баримтын хувьд Х.А******* болон Х.А******* нар хоорондоо хамаарал бүхий этгээд гэдэг талаар маргахгүй байгаа. Хариуцагчаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан зохицуулалтыг хангаж ажиллаагүй, хэрэгжүүлээгүй гэдэг агуулгаар буруутгаж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг зөрчсөн эсэх талаарх хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Гол зүйл нь Авлигатай тэмцэх газрын албан бичиг болон маргаан бүхий тушаал гаргаж  Х.А*******ыг ажилд авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн гэж буруутгах гол үндэслэл болж байна. Хуулийн нэр томьёо, агуулгыг хуульд заасны дагуу тайлбарлаж хэрэглэх ёстой. Хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахыг хориглоно гэж заасан байдаг.. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу захиргааны шийдвэр гэдэгт захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт хамаардаг. Х.А*******ыг ажилд томилсон тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан захиргааны шийдвэрийн хэлбэрт хамаарах эсэхийг шүүх анхаарах ёстой. Захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд тодорхойлсон  ба захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахад нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн үр дагавар бий болгосон, амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр, үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Онолын хувьд захиргааны захиргааны байгууллагаас гарсан байх, тодорхой нэг тохиолдолд хамаарах, эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх, захирамжилсан байх, гадагш чиглэсэн байх, нийтийн эрх зүйн хүрээнд байх гэсэн 6 шинжийг агуулсан байх ёстой. Төрийн үйлчилгээний албан тушаалтны эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Төрийн үйлчилгээний албан тушаалтныг томилох, чөлөөлөх процесс нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Төрийн албаны тухай хуулиар зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулдаг. Харин төрийн үйлчилгээний албан тушаалтны эрх зүйн байдал, томилох, чөлөөлөх процессыг Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмаар зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хууль нь эрх зүйн хувьд хувийн эрх зүйн хэм хэмжээнд хамаардаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтийн эрх зүйн хүрээнд байх гэдэг шинж нь Х.А*******ыг ажилд томилсон шийдвэрийн хувьд үгүйсгэгдэж байна. Тийм учраас Х.А*******ыг томилсон шийдвэр нь захиргааны шийдвэрт хамаарахгүй нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан шийдвэр биш юм. Хариуцагчаас гол буруутгаж байгаа үндэслэлээ 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б-22 дугаартай тушаалаар Х.А*******ыг ажилд томилсон шийдвэр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-ийг зөрчсөн байна гэдэг агуулгаар ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын дүгнэлт, үүнийг үндэслэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын тушаал гарсан гэж тайлбарлаж байна. Сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагаанд Х.А******* өөрөө оролцоогүй, татгалзсан тухай 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлд тодорхой байна. Өргөдөл өгсөн 2 хүний нэг нь Х.А*******гийн төрсөн дүү байгаа учраас сонгон шалгаруулалтад оролцохгүй гэдгээ илэрхийлж татгалзсан байна. Энэ үйлдлээрээ тус хуулийг тодорхой хэмжээнд хэрэгжүүлсэн байна.

Нэг талаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасны дагуу мэдэгдэл бөглөх ёстой байсан бөгөөд мэдэгдлээ бөглөөгүй алдаа гаргасан. Гэхдээ уг алдаа нь нийтийн албанаас халах эрх зүйн үр дагаварт хүргэх ёсгүй. Зөвхөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу 3 сар хүртэлх хугацаагаар албан тушаалын цалингийн хэмжээг 30 хувиар бууруулах хэмжээний арга хэмжээнд хүрэх эрх зүйн үр дагавартай байсан. Хэрвээ Х.А******* мэдэгдлээ бөглөж, дээд шатны удирдах албан тушаалтан нь зөвшөөрсөн тохиолдолд шийдвэр гаргасан бол процессын хувьд зөв байх байсан бөгөөд ямар нэгэн хуулийн зөрчил үүсэхгүй байсан.

Хурлаас татгалзсан, журмын дагуу мэдэгдлээ бөглөөгүй гэдэг алдааны эрх зүйн үр дагавар нь дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу 3 сарын цалинг 30 хувиар бууруулах хэмжээнд хүрэх үр дагавартай байх ёстой. Татгалзсан үйлдлээрээ хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Алдаа байгаа боловч эрх зүйн үр дагавар нь нийтийн албанаас халах хэмжээний шийдвэрт хүргэх ёсгүй. Нэхэмжлэгч Х.А******* нь тухайн албан тушаалд томилогдохтой холбоотой сонгон шалгаруулалт хууль бус болсон гэдэг агуулгаар 2-3 удаагийн шүүх хурлаар орж, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн албан тушаалд томилогдсон. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа үндэслэлүүдийг харгалзаж үзэх шаардлагатай. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4-т заасныг хэрэглэхгүйгээр мөн хуулийн 29.2.2-т заасан арга хэмжээ авах хуулийн үндэслэл байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  “Авлигатай тэмцэх газарт нэр нууцалсан иргэнээс ирүүлсэн “... ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Х.А******* нь өөрийн төрсөн дүү Х.А*******ыг жолоочоор томилсон. Х.А******* нь Улаанбаатар хотод оршин суудаг, ажилдаа огт ирдэггүй боловч түүнд сар бүр цалин олгосон” гэх гомдлыг Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Хяналт шалгалтаар ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Х.А******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар өөрийн төрсөн дүү Х.А*******ыг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Жолоочоор томилсон нь баримтаар болон түүний тус газарт ирүүлсэн тайлбараар тус тус тогтоогдсон.

Нийтийн албан тушаалтан Х.А******* нь өөрийн хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахын өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйл. “Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах”, 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн, тэрээр Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 1.3-д “Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг Авлигатай тэмцэх газраас хөтлөх Мэдүүлгийн (https://meduuleg.iaac.mn/)-ээр гаргах бөгөөд мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргасан тухай бүрдүүлэлтийн цахим систем баталгааны маягтыг хэвлэмэл байдлаар тухайн байгууллагын ЭБАТ-д хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу мэдэгдэл, тайлбараа холбогдох эрх бүхий албан тушаалтанд дээрх журмын дагуу хүргүүлээгүй нь Авлигатай тэмцэх газрын iad.iaac.mn цахим хуудаст хийсэн үзлэг, шалгалтаар тогтоогдсон.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд нийтийн албан тушаалтан нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг хэрэгжүүлэн ажиллах үүрэг хүлээнэ.

Х.А******* нь дээрх хуульд заасан хориглолтыг зөрчсөн байх тул түүнд Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулж, тайлбарыг авахад "...жолоочийн ажлын байрыг байгууллагын пэйж хуудаст зарыг нээлттэй байршуулсан. Миний төрсөн дүү хүсэлт гаргасан учраас шийдвэрт оролцохоос миний бие татгалзсан. ЗХХ-ийн даргаар ахлуулан сонгон шалгаруулалтыг явуулсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг мөрдөн ажиллах болно” гэж тайлбарласан.

Авлигатай тэмцэх газар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйл. “Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих этгээд”, 28.1.2-т “энэ хуулийн 28.1.1-д зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар” гэж заасан бүрэн эрхийн дагуу мөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд хяналт шалгалтаар тогтоогдсон Х.А*******гийн хууль зөрчсөн нөхцөл байдлыг түүнийг томилох, чөлөөлөх, хариуцлага ногдуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/20654 дугаартай албан бичгээр хүргүүлсэн болно. Иймд Х.А*******гийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу нийтийн албан тушаалтны ашиг сонирхол болон гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нийтлэг үндэслэлд нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж, төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах зорилгоор энэхүү хуулийг боловсруулсан байна. хариуцагч Авлигатай тэмцэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хариу тайлбарыг дэлгэрэнгүйгээр хүргүүлсэн байгаа. Нийтийн албан тушаалт гэдэг нэр томьёог Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд тодорхойлсон байдаг. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус хуулийн үйлчлэх хүрээ болон хамаарах этгээдийг тодорхойлсон байна. Тус хуулийн үйлчлэл нь ******* аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Х.А*******д шууд хамаарч байна. Нэхэмжлэгч Х.А*******тай холбогдуулан ******* аймгийн нэрээ нууцалсан иргэдээс авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжийг мэдээлсэн олон гомдол, мэдээлэл ирүүлсэн. Тус гомдол, мэдээлэлтэй холбогдуулан хийгдсэн хяналт шалгалтын явцад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 3 дугаар 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн дүү Х.А*******ыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б22 дугаартай тушаалаар жолоочийн албан тушаалд томилсон нь тогтоогдсон. Уг тушаалыг гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 8 дугаар 8.1, 8.2-т заасан мэдэгдэл гаргах үүргийг биелүүлж ажиллаагүй байна. Үүнтэй зэрэгцэн тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу албан тушаалтан албан үүрэг гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамааралтай этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, хэлэлцээр хийх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн тул Х.А*******д Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн холбогдох зүйл, заалтаар хариуцлага хүлээлгэхээр албан бичиг хүргүүлсэн болно. Гол үндэслэлийн тухайд албан тушаалтны гомдолд захиргааны акт, ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэж дурдагдсан боловч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д тодорхой заасан, албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон хориглолтын заалтад заасны дагуу нийтийн албан тушаалтан албан үүрэг гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамааралтай этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахыг хориглосон байна. Шийдвэр гаргах гэдэгт Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт, гэрээ байгуулах, захиргааны хэм хэмжээний акт гаргах зэрэг бүхий л захиргааны шинжтэй үйл ажиллагаа хамаарах бөгөөд зөвхөн шийдвэр гаргахаас гадна удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ хэлэлцээр бэлтгэх зэрэг үйл ажиллагааг мөн хориглосон байна. Нийтийн албан тушаалтан Х.А*******гийн хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан нөхцөл байдлыг зөрчсөн тул Авлигатай тэмцэх газраас хариуцлага хүлээлгэх актыг гарган эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хуулийн үйлчлэлд хамааран төрсөн дүү хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэр гаргах үйл ажиллагаанаас татгалзаж, захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ахлуулсан сонгон шалгаруулалтын комисс байгуулан ажиллуулсан гэдэг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн дагуу нийтийн албан тушаалтан хамаарал бүхий этгээдийн талаар шийдвэр гаргах буюу шийдвэр гаргахаас татгалзах тохиолдолд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасны дагуу мэдэгдэл гаргах үүрэгтэй байна. Авлигатай тэмцэх газарт мэдэгдэл, тайлбарыг тус газрын цахим хуудас руу явуулдаг бөгөөд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тайлан, мэдээлэл гаргах зориулалттай цахим системд Х.А******* бүртгүүлээгүй нь тогтоогдсон. Иймд тухайн албан тушаалтан хамаарал бүхий этгээдийн талаар шийдвэр гаргахдаа эрх бүхий байгууллага болон удирдлагадаа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, тухайн шийдвэрийг өөрөө бие даан гаргаснаар хувийн ашиг сонирхол бий болгосон гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна” гэв.

3.3. Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******аа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Авлигатай тэмцэх газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/20654 тоот Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай албан бичигт дурдсан ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Х.А******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар өөрийн төрсөн дүү Х.А*******ыг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт жолоочоор томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн тул холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож хариуг ирүүлэхээр заасан.

Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Захиргааны ерөнхий хуулийн 22.1.Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ., 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж заасны дагуу 2025.12.09-ны 01/2064 дугаартай Сонсох ажиллагааны мэдэгдлийг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Х.А*******д хүргүүлсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025.12.25-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Х.А*******г нийтийн албанаас халах хариуцлага тооцсон болно” гэжээ.

3.4. Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******аа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Авлигатай тэмцэх газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/20-654 дугаартай хуулийн хэрэгжилтийг хангаж хариуцлага тооцуулах тухай албан бичгийг манай байгууллагад ирүүлсэн. ******* аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Х.А******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар өөрийн төрсөн дүү болох Х.А*******ыг тус газарт жолоочоор томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн тул холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, хариу ирүүлэхийг тус албан бичигт дурдсан байсан. Үүний дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2064 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг ******* аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Х.А*******д хүргүүлсэн. Ингээд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаартай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Х.А*******г нийтийн албанаас халах хариуцлага тооцсон. Тус тушаал нь Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.1. Нэхэмжлэгч Х.А*******гаас Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад тус тус холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай” 05/20654 тоот албан бичиг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... жолооч сонгон шалгаруулах үйл ажиллагааг хүний нөөцийн алба зохион байгуулсан, би оролцоогүй, жолоочийн албан тушаал нь нягтлан нярав зэрэг шийдвэр гаргах албан тушаал биш бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамаарах тул хуульд заасан хязгаарлалтад хамаарахгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

3. Маргааны үйл баримтын тухайд,

3.1. ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар Х.А*******ыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус газрын жолоочоор томилсон.

3.2. Мөн даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар “... 2025 оны төсвийн тодотголоор орон тооны хязгаарт төрийн албан хаагчийн орон тоог 9.0 хувиар бууруулж баталсантай холбогдуулан газрын бүтэц, орон тоо хасагдан батлагдсан тул Х*******ийн А*******ыг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.

3.3. Авлигатай тэмцэх газраас 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/20654 тоот албан бичгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хандан “... хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй дээрх албан тушаалтанд Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн хариуцлага тооцох, ингэхдээ Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргаж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх хариуг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор тус газарт ирүүлнэ үү” гэсэн.

3.4. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 4.2.2-т заасныг тус тус үндэслэн Х.А*******г нийтийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэж шийдвэрлэжээ.

 

4. ******* аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын жолоочоор ажиллаж байсан Х.А******* нь нэхэмжлэгч Х.А*******гийн төрсөн дүү мөн бөгөөд нэхэмжлэгч нь түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус байгууллагад жолоочоор ажиллуулсан тухайдаа маргаагүй.

5. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ:”, 29.2.4т “энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж заасан нь албан тушаалтнаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хориглолт гэж үзэхээр байна.

6. Өөрөөр хэлбэл, нийтийн алба нь “... нийтийн удирдлага, нийтэд үзүүлэх үйлчилгээ”-г хэрэгжүүлэх үйл ажиллагаа бөгөөд уг хуулийн зорилт нь “... нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах”-д чиглэж байх тул хуулийн дээрх хориглолт нь аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын даргын албан тушаалын хувьд тухайн албан тушаалын “... нийгмийн халамжийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын биелэлтэд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийн хүрээнд газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг агентлагийн дарга, аймгийн засаг даргын өмнө хариуцан тайлагнах зорилго”-ыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаагаар хязгаарлагдана.

7. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж заасны дагуу аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны удирдах албан тушаалд , 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал;” гэж зааснаар төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах  тухайн байгууллагын жолоочийн албан тушаал нь төрийн үйлчилгээний туслах албан тушаалд тус тус хамаарах тул хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д “хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан хаагчтай хамаарал бүхий этгээд нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол” гэж заасан хориглолтод хамаарахгүй.

8. Энэ тохиолдолд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/20654 тоот албан бичгээр “... 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, … гэрээ байгуулах, … зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.

9. Өөрөөр хэлбэл, аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын дарга нь нийтийн албан тушаалтан болохынхоо хувьд тухайн албан тушаалын зорилго, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тухайн тохиолдолд нийгмийн халамжийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын биелэлтэд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийн хэрэгжүүлэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулсныг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан хориглолтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

10. Харин төрийн тодорхой байгууллагын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэхэд явцад гаргасан төрийн үйлчилгээний албан тушаалд томилох тухай шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасан хориглолтод багтахгүй байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дээрх зохицуулалтын хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, ... гэрээ байгуулсан гэсэн хориглолтод хамаарахааргүй гэж үзнэ.

11. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/2064 тоот албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

12. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг ашиг сонирхлын зөрчил гэж ойлгохоор, 3.1.11-т “тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулах”-ыг “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж ойлгохоор, 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх”-ээр, 8.6-д “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх” гэж мэдэгдэл хүргүүлэх үүргийг нийтийн албан тушаалтан ялгаатай байдлаар хэрэгжүүлэхээр тус тус заажээ.

13. Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 2.1.12-т зааснаар нийтийн албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй талаар “... түүнийг томилох эрх бүхий албан тушаалтан”-д мэдэгдэл гаргахаар заасан боловч тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийтийн албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл тайлбар”-ын “Дөрөв” хэсэгт “...олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц нөхцөл байдал бий болсон гэж үзэж Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлаж, тухайн чиг үүргийг гүйцэтгэхээс татгалзаж” мэдэгдэхээр, “Тав” хэсэгт томилох эрх бүхий албан тушаалтан баталгаажуулахаар зохицуулжээ.

14. Нэхэмжлэгч Х.А*******гаас ******* аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын жолоочийн сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзаж байгаагаа илэрхийлсэн боловч, өөрийн дүүг жолоочоор ажиллуулах тухай тушаал гаргахдаа дээрх 12 дугаар хэсэгт дурьдсан зохицуулалтуудын дагуу мэдэгдэл гаргаагүй тухайдаа маргаагүй.

15. Энэ тохиолдолд аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын даргыг томилох эрх бүхий албан тушаалтнаас Төрийн албаны тухай хуулиар тогтоосон хориглолтод хамаарахгүй албан тушаалд өөрийн дүүг томилж ажиллуулсан шийдвэрийг ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл шиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн аль нь болохыг томилох эрх бүхий албан тушаалтнаас дүгнэж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр байна.

 

16. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэх эсэх нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарахаар байна.

17. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасныг тус тус баримтлан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/2064 тоот албан бичгийг хүчингүй болгож, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт тодруулбал зохих нөхцөл байдлуудыг шалгасны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ