| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00793/И |
| Дугаар | 103/ШШ2025/00746 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2025/00746
2025 09 15 103/ШШ2025/00746
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Хилчингийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.337.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие *******г 1 жилийн өмнөөс таньдаг болсон. 2025 оны 03 сарын 25-ны өдөр ******* дэлгүүрт маань ирээд өөрийн I phone 14 pro утсаа барьцаанд тавиад надаас 1.500.000 төгрөг зээлэх талаар ярьсан. Ингэхдээ зээлэх мөнгөнөөсөө урьдчилгаа өгөөд I phone 11 pro утас авмаар байна. Үлдэгдэл төлбөрийг ноолуураа самнаад 2 хуваагаад өгье гэсэн. Ингээд бид аман хэлцэл хийж тохиролцож, түүний I phone 14 pro утсыг би барьцаанд аваад 1.500.000 төгрөг түүнд зээлсэн. ******* тэр мөнгөнөөсөө 250.000 төгрөгийг урьдчилгаанд бодож суутган, I phone 11 pro утсыг аваад 50.000 төгрөгийг эд зүйл аваад би түүнд 1.200.000 төгрөгийг түүний Хаан банкны 5726018383 дансруу шилжүүлсэн. Мөн ингэхдээ *******гийн I phone 14 pro утас нь ID кодтой байсан. Удахгүй ирээп авчих учир кодоо гаргахгүй өгье гэхээр нь би итгээд авсан. Гэвч өнөөдрийг хүртэл ******* нь дээрх мөнгийг огт өгөхгүй байсаар 2025 оны 08 сарын 05-ны өдөр хэл ам болж, гуйн барин 250.000 төгрөг надруу шилжүүлсэн. Бусдаар бол гар утсаа авдаггүй, өнөө маргааш гэж худлаа хэлсээр өнөөдрийг хүрсэн. Тиймээс би I phone 11 pro гар утсын үлдэгдэл төлбөр 500.000 төгрөг, зээлсэн 1.500.000 төгрөг, түүний хүү 337.500 төгрөг, нийт 2.337.500 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие Оюун-Эрдэнээс 2.337.500 төгрөгний зээлийг авсан. Иймд 2.337.500 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.337.500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ы *******д холбогдох 2.337.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.350 төгрөгөөс 26.175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 26.175 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******гаас 26.175 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО