| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2026/0003/З |
| Дугаар | 118/ШШ2026/0011 |
| Огноо | 2026-04-30 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 118/ШШ2026/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: гийн
Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нарын хоорондын сумын Хурлын ажлын албаны мэргэжилтний албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю. /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. /цахимаар/, хариуцагч Б. /цахимаар/, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх гэж тодорхойлсон.
2. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэл төлсөн бичилт хийхийг даалгуулах, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажилд эгүүлэн томилохыг Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад даалгах гэж нэмэгдүүлсэн.
3. Хэргийн нөхцөл байдал:
3.1 Нэхэмжлэгч Ю. нь Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай тушаалаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтнээр түр томилогдож, тус иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай тушаалаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтнээр томилогдож, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилласан.
3.2 Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б./-ын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай тушаалаар Ю.ыг Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц орон тоонд өөрчлөлт орж, ажлын албаны мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.
4. Маргаж буй үндэслэл:
4.1 Нэхэмжлэгчээс “...Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тоог 3 хүртэл байхаар тогтоосон бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад орон тооны цомхотгол гэж үндэслэлгүйгээр чөлөөлсөн...” гэж маргасан.
4.2 Хариуцагчаас ”... цалингийн сан хасагдсан тул төсвийн шууд захирагчид Төсвийн тухай хуульд заасны дагуу төсөвтөө багтаан арга хэмжээ авч ажиллах, эс бөгөөс цалингийн сангийн өглөг үүссэн тохиолдолд хариуцлага хүлээх талаар анхааруулсан. Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 47 дугаар тогтоолын дагуу аймгийн хэмжээнд 24 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтнүүдийн орон тоо цомхотголд орж чөлөөлөгдсөн. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны төсөв хасагдсан төсвөөрөө батлагдаж ирсэн. Төсөв батлагдаагүй, цалингийн сан хүрэлцээгүй нөхцөлд ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах, өөр хун авч ажиллуулах нь Төсвийн тухай хууль зөрчих нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгчийн гаргасан “хууль зөрчин ажлаас чөлөөлсөн” гэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд миний бие өөрийн эрх хэмжээний хүрээнд эрх бүхий байгууллагын гаргасан бүтэц, орон тооны өөрчлөлтийг хэрэгжүүлсэн...” гэж тайлбарласан.
5. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаартай тушаалын талаар Засгийн газрын 1111 төвд гомдол гаргаж Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/871 дугаартай албан бичгээр хариу авсан, мөн Төрийн албан зөвлөлд гомдол гаргаж Монгол улсын Төрийн албан зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04/102 дугаартай албан бичгээр хариуг ирүүлсэн тул 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
6. Нэхэмжлэгч Ю. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны мэргэжилтнээр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр анх томилогдсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ажилдаа идэвх санаачилгатай ажиллаж байсан боловч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г., Нарийн бичгийн дарга Б. нар надад 9 дүгээр сарын 25-нд "сонсох ажиллагаа явуулж орон тоо цомхотгосон тул ажлаас чөлөөлөх талаар мэдэгдсэн. Миний бие 2025 оны 10 дугаар сарын 01-28-ны хооронд ээлжийн амралттай байсан, 10 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байсан, тушаалыг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Facebook messenger-ээр хүлээн авсан цомхотголд орж байгаа талаар Засгийн газрын 1111 төвд гомдол гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тоог 3 хүртэл байхаар тогтоосон бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад орон тооны цомхотгол гэж үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Ажлын албаны дарга Б. нь ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа хууль эрх зүйн нөхцөлийг буруу тодорхойлж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тогтоолууд нь гагцхүү төсөвт өөрчлөлт оруулсан байхад орон тоо цомхотгосон байдлаар шийдвэр гаргасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаартай тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тоог 3 хүртэл байхаар тогтоосон бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа. Бүтэц орон тоо байхгүй цалингийн сан хүрэхгүй гэж намайг ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас гаргачихаад олон нийтийн цагдаа гэх албан тушаалд хүн авч ажиллуулсан гэж сонссон. Намайг ажиллуулахад цалингийн сан нь хүрээгүй байж өөр албан тушаалд яагаад хүн авч ажиллуулсанд эргэлзээ төрж байгаа.
Тамгын газарт нийгмийн бодлогын мэргэжилтэн гэсэн сул орон тоо байсан тухайн албан тушаалд би өргөдөл өгсөн. Өөр ажилд байсан хүнийг сэлгэн юм уу? шилжүүлж томилсон. Одоо тухайн орон тоо сул байгаа. Намайг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа. Бүтэц орон тоонд өөрчлөлт орж цомхотгоно гэсэн хэр нь над шиг цомхотголоор ажлаасаа гарсан хүн байхгүй. Засгийн газрын 377 дугаар тогтоол, сумын 2022 онд орон тоо баталсан 76 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байгаа. Иймд өөрийгөө ажилдаа эгүүлэн томилогдох боломжтой гэж харж байгаа. Иймд Алдархаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Б.гийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэр нь миний Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор олгогдсон хөдөлмөрлөх болон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхэд халдаж байх тул Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулж ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсийг гаргуулж мөн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү... гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай тушаалаар ажилд авсан. Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж Засгийн газрын 275, 376 дугаартай тогтоол, 2022 оны 05 сарын 11-ны өдрийн 195 дугаар тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолуудыг үндэслэж ажилд авсан байдаг. Ажилд авсан тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 376 дугаартай тогтоолуудыг үндэслэж байгаа юм. Ажлаас чөлөөлж байгаа тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн заалтыг зөрчиж миний үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тушаал гэж үзэж байгаа юм. Ажлаас чөлөөлж байгаа үндэслэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д заасныг үндэслэж 2025 оны 08 дугаар сарын 47 дугаартай тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолуудыг үндэслэж тушаасан гаргасан байдаг. Энэ тушаал нь төсөвт өөрчлөлт орж байгаа, төсөв байхгүй болсон гэж заасан. Гэхдээ энэ хүнийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хууль, холбогдох ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хууль зэргийг үндэслээгүй байгаа нь хуульд нийцээгүй байх тул энэ тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл нь бүрдсэн байна гэж үзэж байгаа юм. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүтэц орон тоонд өөрчлөлт орсон. Ажлын албаны орон тоо хасагдсан гэдэг. Орон тоо хасагдсаныг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоодоггүй юм. Үүнийг Засгийн газрын 376 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоол байдаг. Энэ тогтоол хавтаст хэргийн 87 дугаар хуудаст байгаа. Энэ тогтоолын хавсралтад заасан байдаг. Аймгийн төвийн болон 6000-аас дээш хүн амтай сумд ажлын албаны орон тоог 4 байхаар тогтоосон. Харин бусад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь 3 байхаар тогтоосон. Ажилд авахдаа Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын тушаалын үндэслэх хэсэг болгосон Засгийн газрын тогтоолыг илтэд зөрчих боломжгүй. Энэ тушаалын үндэслэл нь энэ тогтоолыг зөрчсөн учраас шийдвэр үндэслэл бүхий гараагүй учраас энэ тушаалыг хүчингүй болгох хууль зүйн шаардлагыг хангаж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргана гэж заасан байдаг. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэсэн байдаг. ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь энэ заалтыг зөрччихсөн байна гэж үзэж байна. Энэ тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг тушаалдаа тусгаагүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж заасныг тусгаагүй байна.
2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тушаал хууль зүйн хувьд хууль зөрчсөн байна. Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 47 дугаар тогтоол, Алдархаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн тушаал гаргасан. Тушаалын үндэслэлд дурдагдаад байгаа тогтоолууд нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 61, 62 дугаар зүйлүүдийг зөрчсөн. Төрийн албаны тухай хууль, Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг дурдаж өгөөгүй, хуульд нийцээгүй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт хуульд нийцэж гарах ёстой. Энэ тушаалд ямар ямар хууль үндэслэл болгож тушаал гаргаж байгаагаа тусгаагүй байгаа учраас тушаал хүчингүй болгох үндэслэлтэй. Нэхэмжлэгч ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ыг ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.
8. Хариуцагч Б. шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Ю.ын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. *******ын миний бие нь гийн ыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тушаалаар Алдархаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны мэргэжилтний албан тушаалд түүний гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн ажилд авсан. Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 47 дугаар тогтоолоор сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санд өөрчлөлт оруулж, гүйцэтгэх албан тушаалтны орон тоо болон цалингийн санг хасаж баталсан. Уг тогтоолын дагуу сумдын Иргэдийн Төлөвлөгчдийн Хурлын ажлын албанд ажиллаж байсан мэргэжилтнүүдийн орон тоо цомхотголд орсон болно. Үүнтэй холбогдуулан *******, *******, *******, *******, *******, *******, ******* сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нар 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш., аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С., аймгийн Төсөв, төрийн сангийн газрын дарга н. нартай уулзаж, орон тоо болон төсвийн асуудлаар тодруулга авсан. Уг уулзалтаар Улсын Их Хурлын 2025 оны 48 дугаар тогтоолоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах шийдвэр гарсны дагуу төсвийн зардал танагдсан, мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хэрэгжүүлж ирсэн чиг үүрэгтэй давхардсан албан тушаал гэж үзсэн тул мэргэжилтний орон тоог хассан талаар тайлбар өгсөн. Мөн цалингийн сан хасагдсан тул төсвийн шууд захирагчид Төсвийн тухай хуульд заасны дагуу төсөвтөө багтаан арга хэмжээ авч ажиллах, эс бөгөөс цалингийн сангийн өглөг үүссэн тохиолдолд хариуцлага хүлээх талаар анхааруулсан. Уулзалт зохион байгуулагдсаны дараа он дуустал ажиллах боломжийг судлах зорилгоор нягтлан бодогчоор цалингийн сангийн тооцоолол хийлгэхэд, цалингийн сан хүрэлцээтэй бус байсан бөгөөд цаашид өглөг үүсэх нөхцөл байдал үүсэхээр байсан тул тухайн албан тушаалыг он дуустал үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэх хуудсыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гардуулж, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд сонсох ажиллагаа явуулахаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч Ю. нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ээлжийн амралтаа эдэлсний дараа сонсох ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч нягтлан бодогчоор дахин цалингийн сангийн тооцоолол хийлгэхэд мөн адил цалингийн сангийн хүрэлцээ хангалтгүй, өглөг үүсэх нөхцөл байдал хэвээр байсан. Иймд цалингийн сангийн өглөг үүсэх эрсдэлийг харгалзан сонсох ажиллагааг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15:10 цагт зохион байгуулсан. Улмаар Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 47 дугаар тогтоол, Алдархаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Ю. т ээлжийн амралтыг нь эдлүүлсний дараа 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалаар тэтгэмжийн сангаас 3,630,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн.
Олон нийтийн цагдаа гэх орон тоонд хүн авч ажиллуулсан гэж ярьж байна. Олон нийтийн цагдааг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан. Манай цалингийн санд хамааралгүй. Засаг даргын тамгын газраас цалинжина. Ажлын албаны орон тоонд хүн авах боломжгүй юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг тогтоолыг үндэслэж уг тушаалыг гаргасан. Цаашид уг албан тушаалд хүн авч ажиллуулах боломжгүй. Түүнчлэн Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 47 дугаар тогтоолын дагуу аймгийн хэмжээнд 24 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтнүүдийн орон тоо цомхотголд орж чөлөөлөгдсөн. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны төсөв хасагдсан төсвөөрөө батлагдаж ирсэн. Төсөв батлагдаагүй, цалингийн сан хүрэлцээгүй нөхцөлд ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах, өөр хун авч ажиллуулах нь Төсвийн тухай хууль зөрчих нөхцөл байдал үүснэ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан “хууль зөрчин ажлаас чөлөөлсөн” гэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд миний бие өөрийн эрх хэмжээний хүрээнд эрх бүхий байгууллагын гаргасан бүтэц, орон тооны өөрчлөлтийг хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлсөн бичилт хийхийг даалгуулах, ажилд эгүүлэн томилохыг Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад даалгах шаардлага бүхий Ю.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоосон байх ба аймгийн төвийн болон 6000-аас дээш хүн амтай сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 4 хүртэл, бусад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 3 хүртэл байхаар тогтоосны дагуу Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 3 байхаар тогтож, үүнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 1, нарийн бичгийн дарга 1, ажлын албаны мэргэжилтэн 1 байхаар тус тус баталсан байна. /хавтаст хэргийн 81, 82-р тал/
3. Нэхэмжлэгч Ю. нь төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 онд, тусгай шалгалтыг 2023 онд өгч тэнцсэнээр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай тушаалаар Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтнээр түр томилогдож, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай тушаалаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтнээр томилогдон ажилласан байна. (Хавтаст хэргийн 103, 6 дугаар хуудас)
4. Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ажлын албаны мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хавтаст хэргийн 6-р тал/
5. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” 48 дугаар тогтоолоор төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилган, төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэхээр шийдвэрлэжээ.
6. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар тогтоолоор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулсан байх ба тус тогтоолын хавсралтаар Завхан аймгийн 24 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажиллагсдын тоо 3 байсныг 2 болгож, үүнээс удирдах ажилтан 2 байсныг хэвээр, харин гүйцэтгэх ажилтан 1 байсныг орон тоо, цалингийн санг хасч баталсан болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 42-66-р хуудас/
7. Мөн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар тогтоолоор аймгийн 2026 оны төсвийг батлахдаа Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажиллагсдын тоог 2, үүнээс удирдах ажилтан 2 байхаар тогтоосон байна. /хавтаст хэргийн 76-р тал/
8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9-д зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум ...-ын төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах эрхтэй байх ба 54.2-д зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд Хурал өөрөө тогтоохоор байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолоор ... бусад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 3 хүртэл байхаар тогтоосон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Засгийн газрын тогтоолоор 3 орон тоотой байхаар тогтоосон байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал төсөв батлах нэрийдлээр 1 орон тоог нь хасч баталсан нь хууль бус гэх тайлбар үндэслэлгүй байна.
9. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан, цалингийн сан батлагдаагүй болох нь тогтоогдож буй тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа зөрчигдсөн гэж үзэхгүй тул хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. Тодруулбал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хадгалагдаж үлдээгүй учраас бодит нөхцөл байдалд уг албан тушаалд цаашид түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, дээрх орон тоо хасагдсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
10. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана” гэж, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заажээ.
11. Хариуцагч маргаан бүхий дээрх тушаалд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг заагаагүй хэдий ч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын цалин эрх бүхий байгууллагын шийдвэрээр хасагдсан, төсөв санхүүгийн холбогдох хуулийн зохицуулалтын дагуу тухайн байгууллагын орон тоо, цалингийн сан хасагдсан зэрэг бодит нөхцөл тогтоогдож байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь намайг өөр ажлын байраар хангах боломжтой байсан гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зөвхөн өмнө эрхэлж байсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан “...цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах ...” нэмэгдэл баталгааг нэхэмжлэгч тухайн тохиолдолд эдлэх хууль зүйн боломжгүй байна.
12. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан. Дээрх дурдсанаар хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу “...эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж зааснаар нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэлгийг олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу сонгох боломж, эрхийн хүрээндээ шийдвэрлэсэн үндэслэл бүхий шийдвэр байна гэж үзлээ. /хавтаст хэргийн 40, 41-р тал/
13. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагч байх ба 16.5.3-д зааснаар төсвийн шууд захирагч болох Хурлын нарийн бичгийн дарга нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоохоор заасан байна.
14. Мөн дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д зааснаар төсвийн шууд захирагч нь төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн дагуу төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрхтэй байх бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолоор цалингийн санг тогтоосон байх тул түүнд үндэслэж нэхэмжлэгчийг мэргэжилтний албан тушаалаас чөлөөлснийг шүүх буруутгах боломжгүй. Мөн энэхүү эрхийнхээ хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан албан хаагчдын 2026 оны бүтэц, орон тоо, цалинг батлахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга гэсэн 2 орон тоо байхаар баталжээ. /хавтаст хэргийн 99, 100-р тал/
15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ажлаас чөлөөлсөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг дурдаагүй, дүгнээгүй байгаа нь хууль зөрчсөн гэж маргах хэдий ч тушаалд холбогдох хуулийн заалтыг баримталж зөвтгүүлснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэхгүй, түүнийг ажилд буцаан томилох үндэслэл болохгүй тул энэхүү тайлбараар Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
16. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийг Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14, 16.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн “Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч Ю.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА